Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2017/02857/И |
Дугаар | 101/ШШ2017/02410 |
Огноо | 2017-07-24 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2017/02410
2017 оны 07 сарын 24 өдөр | Дугаар101/ШШ2017/02410 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Бххххххххххххххххх тоотод оршин суух, эрэгтэй, Ч.Оийн /РД: хххххххххххххххххххххххххххх/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ххххххххххххдөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт /РД: ххххххххххххххххххххх/ холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Хариуцагч Б дүүргийн нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Э.Хатанбаатар,
Гэрч Л.Өсөхгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандшир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.О нь тус байгууллагад ачигчаар ажилладаг. Энэ салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч байсан ба бага зэрэг хэл ярианы бэрхшээлтэй, бусдад өөрийгөө илэрхийлэхдээ муу. Ажил дээрээ бусад руу дайрч доромжлох үйлдэл гаргаж байгаагүй ба хэл ярианы бэрхшээлээс болоод хүмүүс буруугаар ойлгохыг үгүйсгэхгүй.
Ч.О нь ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан. Зөрчил гаргасан гээд байгаа 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улиастайд хог ачиж явахад нэг айл хашааныхаа гадаа хогоо гаргаагүй байсан ба хогоо гаргаагүй талаар хэлэхэд чи надад хог гаргаж тавь гэж хэлдэг хэн бэ гээд тухайн хүн өөрийнхөө түрж явсан усны тэргээр Ч.О-г түлхсэн асуудал болсон. Үүнд нь Ч.О ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Үүнээс болоод Ч.О-г зүй бусаар бусадтай харьцсан үндэслэлээр 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлаас нь халсан.
Ч.О бусадтай зүй бус харьцсан, бусдад гэмтэл учруулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тогтоогдохгүй байгаа. Иймд Ч.О-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж өгнө үү. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-нний өдрийг хүртэл 80 хоногийн цалин нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Б дүүргийн нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Э.Хатанбаатар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ байгууллагын даргаар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр томилогдсон. Тус байгууллагад ачигчаар ажиллаж байсан Ч.От иргэдтэй зүй бус харьцсан үндэслэлээр байгууллагын өмнөх даргын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ж.Энх-Амгалангийн гаргасан гомдол түүнийг ажлаас халах үндэслэл болсон. Ч.О нь иргэн Ж.Энх-Амгалангийн биед гэмтэл учруулж, хэл амаар доромжилсон бөгөөд тэрээр харилцааны доголдолтой, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, манай удирдлагууд түүнд амаар байнга сануулга өгч байсан байдаг ба цаашид ажилд нь эргүүлэн авах боломжгүй. Яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж ийм хандлага гаргаж байна, зүгээр сууж байгаад цалин авах гээд өөрсдийнхөө бурууг ухамсарлахгүй байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б дүүргийн нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б дүүргийн нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/61 тоот Ч.О-г ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6.7 дахь хэсгийн /Е/ заалт, 7 дугаар зүйлийн 7.7, 7.10, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэхь хэсгийн /Е/ заалт, иргэний гаргасан өргөдлийг үндэслэн ачигч Ч.О-г мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
/ХХ-ийн 3, 17 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.
Ч.О түүнийг ажлаас нь чөлөөлсөн дээрх тушаалыг гардан авч 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажилтан нь үнэнчээо хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй
38 дугаар зүйлийн 38.12-т Ажил олгогч санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах,
131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийн хэлбэрийн талаар заасан ба 131.1.3-т ажлаас халах гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд ажилтны хариуцлага, хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл, ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцох талаар заасан ба 6.1.е-д удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, ажлын чанарын гологдол удаа дараа гаргасан /2 ба түүнээс дээш/, хариуцан ажиллаж байгаа ажил үүргийн талаар харилцагч байгууллага, хувь хүмүүсээс гомдол удаа дараа гарсан бол ноцтой зөрчил гэж үзнэ,
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлд албан хаагчийг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг заасан ба 5.6.7.е-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, дотоод журмын зохих заалт зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халах,
7 дугаар зүйлд албан хаагчийн эрх, үүргийг тодорхойлсон ба 7.7-д Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй зөв боловсон харьцаж, тэдэнд аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нарийн тайлбарлаж ойлгуулахын зэрэгцээ иргэд, байгууллагаас тавьсан санал хүсэлтийг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй шийдвэрлэн хариу мэдэгдэж, хамт олон, удирдах албан тушаалтныг хүндэтгэн төрийн албаны нэр хүндийг хамгаалж, нийтийг хамарсан арга хэмжээнд тогтмол оролцож, бусдад өөрийн биеэр үлгэрлэн ажиллана,
7.10-т Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ бүдүүлэг зан авир гаргах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэх, ажил хэрэгт хайнга, ёс төдий хандах-ыг хориглоно гэжээ.
/ХХ-ийн 19-20, 23-38 дугаар тал/
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.
Ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.
Б дүүргийн нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Ч.О-г иргэдтэй ёс бус харьцан хэл амаар доромжилсон үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба нэхэмжлэгч нь дээрхи тушаалд гомдол гаргаагүй ажээ.
/ХХ-ийн 18 дугаар тал/
Ажилтан зөрчил гаргасан, зөрчлийг давтан гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох ёстой бөгөөд нэхэмжлэгч Ч.О-г иргэдийг хэл амаар доромжлон, биед нь гэмтэл учруулсан зөрчил гаргасан, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх боловч энэ нь тогтоогдохгүй байна.
Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох ба гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заадаг болно.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэх боловч уг зүйлд заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ч.О-г Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын авто хэсгийн ачигчын ажилд эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ч.О нь 2017 оны 2 дугаар сард 1.184.000 төгрөг, 3 дугаар сард 716.205 төгрөг, 4 дүгээр сард 719.000 төгрөг, нийт 2.619.205 төгрөгийн цалин авсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
/2.619.205төгрөг/3 сар=873.069 төгрөг /1сарын цалин/
873.069 төгрөг/21,5 хоног=40.608 төгрөг /1 өдрийн цалин/
40.608 төгрөг*46 хоног=1.867.968 төгрөг
/ХХ-ийн 4-9 дүгээр тал/
Нэхэмжлэгч Ч.О нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд 1.867.968 төгрөгийн цалин авах байсан байна.
Иймд хариуцагч Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Ч.Оийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.867.968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Ч.От ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.867.968 төгрөг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгах үндэслэлтэй.
Гэрч Л.Өсөхгэрэл нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул тэдний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Чулуунбаатарын О-г Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын авто хэсгийн ачигчын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ч.Оийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.867.968 төгрөгийг хариуцагч Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Оийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 44.837 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Хариуцагч Б дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсуг
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН