Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/01581

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        04          07                                     101/ШШ2022/01581          

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ю.С-ийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 292 дугаар захирамжаар Х.Б-ээс 24,489,239 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 78,400,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна.

Миний бие нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол шуудангийн Баянзүрх дүүргийн Жуков салбарын шуудан хүргэгч гэх хүн авчирч өгсөн бөгөөд уг дугтуйд үнэлгээний мэдэгдэл, үнэлгээний тайлан, 2021.03.25-ны №4-161/5420 мэдэгдэл хүргүүлэх тухай, 2021.03.05-ны өдрийн дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай гэсэн албан бичгийг хүлээн авлаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай байранд үнэлгээ хийлгэхдээ надад мэдэгдээгүй надаас үнийн санал аваагүй, ямар учраас үнэлэх үнэлгээ хийлгэх болсныг танилцуулаагүй.

“Файн эстимэйт” ХХК нь манай орон сууцыг үнэлсэн байх бөгөөд зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн болохыг мэдлээ.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь орон сууцыг үнэлэх болсон талаар мэдэгдээгүй бөгөөд хаана хэн үнэлж байгаа талаарч хэлэлгүй, мөн үнэлгээг надад танилцуулаагүй зэрэг нь төлбөр төлөгч миний эрхийг зөрчиж байна.

Үл хөдлөх хөрөнгийг 2020.11 сард битүүмжилсэн, гэтэл эд хөрөнгө хураах  тогтоолыг 2021.03.03-ны өдөр гаргасан. Хөрөнгийг үнэлэхдээ нэхэмжлэгчээс үнийн санал аваагүй, зөвхөн төлбөр авагч “Х” ХХК-иас санал авсан байсан.

“Файн эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон юм бол шинжээчээр томилсон тогтоолыг танилцуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид шинжээчийн дүгнэлтийг 3 хоногийн дотор танилцуулж, тэмдэглэл хөтлөгдөөгүй төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Худалдан борлуулах хугацаа авсан гэх боловч энэ үед нь хөл хорио тогтоочихсон байсан. Хатуу хөл хорио тогтоосноос болоод байраа зарах боломжгүй болсон талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж байсан эсэхээ сайн санахгүй байна. Сарын дараа шийдвэр гүйцэтгэгч н.Б-д хэлж байсан шиг санаж байна.

Нэхэмжлэлийг буцаасан 2021.11.09-ний өдрөөс өмнө үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид хэлж байсан шиг санаж байна, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж байгаагүй.

“Файн эстимэйт” ХХК-ийн улсын бүртгэлий гэрчилгээ байхгүй бөгөөд үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан гэх баримтын ар талд 0254 бүртгэлийн дугаартай “Итгэмжлэл” байх бөгөөд Ч.О гэгч нь “Файн эстимэйт” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д ... хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх гэж байх тул уг итгэмжлэл нь эргэлзээтэй байх бөгөөд Ц гэх этгээдийг “Файн эстимэйт” ХХК нь шууд томилж болох байсан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ гэжээ.

Гэтэл Н.Ц гэх шинжээчийг хэн ч томилоогүй түүнд шинжилгээ хийх тогтоол байхгүй байхад хэн нэгний итгэмжлэлээр шинжилгээ хийх хуулийн ямар ч зохицуулалт байхгүй байх тул уг үнэлгээ хийсэн нь Иргэний хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Х.Б-ийн байр 57 м.кв, 3 өрөө бөгөөд өнөөгийн зах зээлд 1 өрөө байр 13 дугаар хороололд 95,000,000 төгрөг, 2 өрөө байр 120,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулагдсан талаар орон зуучлалын байгууллагын нээлттэй сайтад тавигдсан байна. үүнээс үзэхэд байрыг 78,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн гэж үзэж байна.

Иймд “Файн эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан буюу үнэлгээг хүчингүй болгож орон сууцыг дахин үнэлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00292 дугаар захирамжаар Х.Б-ээс 24,699,637 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20260845 дугаартай тогтоолоор үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Х.Б-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20260845/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20260845/02 дугаартай тогтоолоор хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 18-ны едрийн 3/27 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Файн Эстимэйт” ХХК-ийг томилоход 78,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээг талуудад 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4-161/3268 дугаар албан бичгээр мэдэгсэн. Төлбөр төлөгч Х.Б тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйл 62.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнээс өндөр үнээр бие даан худалдан борлуулах тухай санал бичгээр гаргасныг хүлээн зөвшөөрч 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоосон.

Нэхэмжлэгч нь 2021.03.24-ний өдөр хөрөнгийг худалдан борлуулах санал гаргасан, дуудлага худалдаа 2021.05.24-ний өдөр явагдсан. Тухайн 1 сарын хугацаанд хөл хорио тогтоогдоогүй байсан бөгөөд үүний улмаас уг хугацааг хэтрүүлсэн талаар манайд мэдэгдэж байгаагүй, хэрэв тухайн үед энэ хугацаа таараад, бидэнд энэ талаар мэдэгдсэн бол төлбөр төлөгчийн саналыг харгалзаж үзэж, ажиллагааг хойшлуулж байсан.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтыг тус тус үндэслэн шинжээчийн тогтоосон үнэ болох 78,400,000 төгрөгийн 70 хувь буюу 54,880,000 төгрөгөөр доод үнийг тогтоож тус газраас зохион байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад иргэн Ц.Н 56,900,000 төгрөгөөр худалдан авч дуудлага худалдааны ялагч болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Файн эстимэйт” ХХК-ийн шинжээч Н.Ц-ийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3/27 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу Х.Б нь үнэлгээнээс илүү үнээр бие даан худалдан борлуулах хугацаа авсан, тэрээр мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор  шүүхэд гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/19258 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамж, Х.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Б-т хүргүүлсэн 2021.03.25-ны өдрийн 4-161/5420 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай болон 2021.03.24-ний өдрийн 4-161/3208 дугаартай үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, “Файн Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Б-т хүргүүлсэн 2021.05.05-ны өдрийн 4-161/7572 дугаартай дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай албан бичиг, 2021.05.05-ны өдрийн 5/21 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, дугтуй, өмгөөлөгч Ю.С-н хүсэлт болон шүүх хуралдааны зар, орон сууцны үнийн талаарх мэдээлэл /хх-ийн 3-37, 147-149/ зэрэг баримтуудыг, 

Хариуцагчаас хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 101/ГХ2020/00894 дугаартай гүйцэтгэх хуудас болон 2020.01.16-ны өдрийн 101/ШШ2020/00292 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж, 2020.09.01-ний өдрийн 20260845 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Х ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2020.09.15-ны өдрийн 20260845/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020.09.15-ны өдрийн 20260845/02 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 2020.09.15-ны өдөр болон 2020.11.06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.01.16-ны өдөр, 2020.11.06-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл болон зарлан дуудах мэдэгдэл, 2020.11.11-ний өдрийн 20260845/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2020.11.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.03.03-ны өдрийн 20260845/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.03.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Б-т хүргүүлсэн 2021.03.09-ний өдрийн 4-161/3070 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг болон 2021.03.09-ний өдрийн 4-161/3076 дугаартай, 2021.03.12-ны өдрийн 4-161/3649 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ий Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2021.03.18-ны өдрийн хүсэлт, 2021.03.18-ны өдрийн 3/27 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2021.03.20-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021.03.20-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2021.03.24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, “Файн Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Б-т хүргүүлсэн 2021.03.24-ний өдийн 4-161/3268 дугаартай үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Х.Б-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021.03.24-ний өдөр гаргасан хүсэлт, 2021.03.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Б-т хүргүүлсэн 2021.03.25-ны өдрийн 4-161/5420 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021.05.05-ны өдрийн 5/21 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Б-т хүргүүлсэн 2021.05.05-ны өдрийн 4-161/7572 дугаартай дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай албан бичиг, 2021.05.06-ны өдрийн “Өнөөдөр” сонингийн хуулбар, 2021.05.21-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Б-т хүргүүлсэн 2021.05.25-ны өдрийн 4/9154 дугаартай болон 2021.06.07-ны өдрийн 4-161/10214 дугаартай мэдэгдэл, 2021.06.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021.04.29-ний өдрийн 3/385 дугаартай тушаал /хх-ийн 50-105, 135-136, 150-151/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх  дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн ”Файн Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, үнэлгээний талаарх саналаа ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн, үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00292 дугаартай захирамжаар :

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Б-т холбогдох 24,489,239.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 24,489,239.34 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид төлөх, хариуцагч гэрээний үүргээ сайн дураараар биелүүлээгүй бол Y-0 дугаартай Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 тоот, 57 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 53-54/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Х.Б-ийг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “Х” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 101/ГХ2020/00894 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 52-53, 55/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Х.Б-ээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авчээ.

 

Уг ажиллагааны талаар нэхэмжлэгч гомдол гаргасантай холбоотой баримт ирүүлээгүй байх тул дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 62-67/

 

Төлбөр төлөгч Х.Б-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураасан үл хөдлөх хөрөнгийн талаарх үнэлгээний санал өгөхийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдэгдсэн, тэрээр тогтоосон хугацаанд үнийн санал өгөөгүй,

Мөн төлбөр авагч “Х” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн, тэрээр төлбөр төлөгч мэдэгдэлд заасан хугацаанд үнэлгээний санал ирүүлээгүй тул шинжээч томилон зах зээлийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан үзэхэд талууд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх-ийн 68-71/

 

Нэгэнт талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №3/27 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Файн Эстимэйт” ХХК, түүний шинжээч Н.Ц-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 72-73/

 

“Файн Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлангаар Х.Б-ийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 78,400,000 төгрөг гэж үнэлжээ. /хх-ийн 76-92/

 

Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Файн Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг мөн өдөр хүлээн авч, үнэлгээг мөн өдөр төлбөр төлөгч Х.Б-т мэдэгдэж, танилцуулсан, тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д: “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасантай нийцсэн. /хх-ийн 75, 93-95/

 

Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлттэй танилцсаны үндсэн дээр өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах саналыг 2021.03.24-ний өдөр гаргасан, хариуцагч нь 2021.03.25-ны өдрийн 4-161/5420 дугаартай мэдэгдлээр орон сууцыг 2021.04.24-ний өдрийг хүртэлх хугацаанд бие даан худалдан борлуулах хугацааг мэдэгдсэн болох нь түүний хүсэлт, дээр дурдсан мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 94, 96/

 

Дээрх хугацаанд хөрөнгийг бие даан худалдан борлуулах боломжгүй байсныг тэрээр Монгол Улсын Засгийн газраас тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой гэж тайлбарласан.

 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 91 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх хугацаанд үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үйл ажиллагаа явагдаагүй байх ба хариуцагч нь анхны албадан дуудлага худалдааг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр явуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 97/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д: “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаас үзэхэд талууд уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш үнэлгээтэй холбогдсон гомдлыг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор шүүхэд гаргахаар байна.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/19258 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамжийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн байх ба тэрээр үүнээс өмнө шүүхэд хандаж байсан эсэх талаар мэдэхгүй гэж тайлбарласан болно.

 

Тус шүүх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай, Х.Б-ийн нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр буцаасан болох нь тус шүүхийн Иргэн 2014 программд бүртгэгдсэн байна.

 

Үүнээс үзэхэд тэрээр үнэлгээний талаарх гомдлоо 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр анх шүүхэд гаргасан нь тогтоогдож байх ба тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаагүй, тэрээр хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т: “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т: “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, үнийн санал аваагүй, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, хураасан ажиллагаатай холбоотой гомдлыг дээрх хуульд заасны дагуу шийдвэрлүүлсэнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг уг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд үүнээс үзэхэд хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00292 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх  дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24ий өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00292 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24ий өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2021/22000 дугаартай захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ