Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01162

 

 

 

 

 

 

 

2022 06 17 210/МА2022/01162

 

 

Х.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01581 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Бийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 292 дугаар захирамжаар Х.Бээс 24,489,239 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Миний бие нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол шуудангийн Баянзүрх дүүргийн Жуков салбарын шуудан хүргэгч гэх хүн авчирч өгсөн бөгөөд уг дугтуйд үнэлгээний мэдэгдэл, үнэлгээний тайлан, 2021 оны 03 дугаар сарын 25-ны №4-161/5420 мэдэгдэл хүргүүлэх тухай, 2021 оын 03 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай гэсэн албан бичгийг хүлээн авлаа. НШШГГ нь орон сууцыг үнэлэх болсон талаар мэдэгдээгүй бөгөөд хаана хэн үнэлж байгаа талаарч хэлэлгүй, мөн үнэлгээг надад танилцуулаагүй зэрэг нь төлбөр төлөгч миний эрхийг зөрчиж байна. Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон юм бол шинжээчээр томилсон тогтоолыг танилцуулаагүй. Файн эстимэйт ХХК-ийн улсын бүртгэлий гэрчилгээ байхгүй бөгөөд үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан гэх баримтын ар талд 0254 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл байх бөгөөд Ч.Отгончимэг гэгч нь Файн эстимэйт ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Н.Цолмонгэрэл гэх шинжээчийг хэн ч томилоогүй түүнд шинжилгээ хийх тогтоол байхгүй байхад хэн нэгний итгэмжлэлээр шинжилгээ хийх хуулийн ямар ч зохицуулалт байхгүй байх тул уг үнэлгээ хийсэн нь Иргэний хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Х.Бийн байрыг 78,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн гэж үзэж байна. Иймд Файн эстимэйт ХХК-ийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан буюу үнэлгээг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00292 дугаар захирамжаар Х.Бээс 24,699,637 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20260845 дугаартай тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Х.Б /РД:ЧО73120301/-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204030542 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20260845/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20260845/02 дугаартай тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 18-ны едрийн 3/27 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Файн Эстимэйт ХХК-ийг томилоход 78,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4-161/3268 дугаар албан бичгээр мэдэгсэн. Төлбөр төлөгч Х.Б тус газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнээс өндөр үнээр бие даан худалдан борлуулах тухай санал бичгээр гаргасныг хүлээн зөвшөөрч 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоосон. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хөрөнгийг худалдан борлуулах санал гаргасан, дуудлага худалдаа 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр явагдсан. Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 78,400,000 төгрөгийн 70 хувь буюу 54,880,000 төгрөгөөр доод үнийг тогтоож тус газраас зохион байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад иргэн Ц.Насанбуян 56,900,000 төгрөгөөр худалдан авч дуудлага худалдааны ялагч болсон. Хөндлөнгийн шинжээчээр Файн эстимэйт ХХК-ийн шинжээч Н.Цолмонгэрэлийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3/27 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор томилсон. Х.Б нь үнэлгээнээс илүү үнээр бие даан худалдан борлуулах хугацаа авсан, тэрээр мөн үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул Х.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00292 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204030542 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 байр, 68 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн Эстимэйт ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2021/22000 дугаартай захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр байхаар шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 4. Х.Б нь 2022 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Х.Бийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2204030542 дугаарт бүртгэлтэй орон сууцыг дуудлага худалдаанд оруулж худалдсан болохыг мэдсэн байдаг. Мөн үнэлгээ хийх өжюж шинжээч томилсон тогтолыг танилцуулаагүй. 4.2. Н.Цолмонгэрэл нь шинжээчийн дүгнлэт гаргуулахаар шинжээчээр томилсон тогтоол хэргийн материалд байхгүй бөгөөд Файн эстимейт ХХК-ыг л томилсон тогтоол байгаа. 4.3. Хэргийн мтаериал болон үнэлгээний тайланд Файн эстимейт ХХК-ны Улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй байдаг тул Ч.Отгончимэг нь тус компаныг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байхад шүүхээс үнэлгээ нь хууль ёсын гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4.4. Гурван өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт догуур үнэлсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00292 дугаар захирамжаар Х.Бээс 24,489,239.34 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгож, гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 53-54/

Х.Б нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр НШШГГ төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 68 тоот хаягт байршилтай 57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг тус тус явуулжээ.

4. Шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 78,400,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үнэлгээ хийхдээ төлбөр төлөгчид мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, шинжээчээр томилогдоогүй этгээд дүгнэлт гаргасан, орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.а. Хариуцагч НШШГГ нь Х.Бт 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 4-161/3649, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-161/3070 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичгүүдийг шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй.

4.б. Дээрх албан бичгүүдэд тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд ... шинжээч томилон үнэлгээ тогтоолгох талаар дурдсан байх тул нэхэмжлэгчийг үнэлгээ хийх талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй.

4.в. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Файн Эстимэйт ХХК-ийн шинжээч Н.Цолмонгэрэлийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй.

НШШГГ шинжээчээр Файн Эстимэйт ХХК-ийг томилж, уг компаний үнэлгээчин Н.Цолмонгэрэл хөрөнгийн үнэлгээ хийсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгохоор заасан ба уг этгээдэд хувь хүн, хуулийн этгээдийн аль аль нь хамаарна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгохоор заасан ба хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Н.Цолмонгэрэл хөрөнгийн үнэлгээ хийсэнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагч нь шинжээчээр томилогдсон Файн Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлд эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцжээ.

4.г. Нэхэмжлэгч Х.Б нь Файн Эстимэйт ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайланг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр танилцаж гарын үсгээ зурсан. /хх 93/ Мөн нэхэмжлэгч Х.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс багагүй үнээр өөрийн байрыг худалдах хүсэлт гаргасан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлан, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №4-161/5420 дугаартай мэдэгдэл зэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус өдөр үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдсаныг мэдсэн гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

4.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээ бодит бус, зах зээлийн үнэд нийцээгүй, хэт багаар үнэлсэн гэх боловч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч Х.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Х.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсан нь үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт төлбөр төлөгч нь тайлан мэдэгдлийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан, мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасан зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Х.Б нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/19258 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн бөгөөд уг нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүх хүлээн авсан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Х.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний мэдэгдлийг хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Иймд шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01581 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.