Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/02460

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/02460

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чхххххххххххххх тоотод оршин суух, О.Сын /РД: ./ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххххххххххххххххххххх, Г Х ХХК-д /РД: ......../ холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.С миний бие Г Х ХХК-д 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс уурхайн нярваар ажилд орсон ба 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд төвд нь ажиллан нийт цалингийн 70 хувиар цалинжин 227.500 төгрөгийн цалин авсан.

2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс Заамарт уурхайн нярваар ажилласан. Үдээс өмнө уурхайд шинэ бараа ирээд таарахгүй бараа материалыг хот руу буцаадаг. Шинээр ирсэн барааг буцаах болоход нөгөө нярав н.Болдхуягт буцаах баримтаа өгсөн ба механик н.Өлзийсайханаар гарын үсэг зуруулаад надад буцааж өгсөн. Ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй учир ингэж болно гэж бодсон.

Уурхайн дарга н.Баатар хэнээр гарын үсэг зуруулсан гэхэд нь би н.Өлзийсайханаар зуруулсан гэхэд намайг хэлэх хэлэхгүй үгээр хараасан. Үүнийг н.Болормаа нягтлан сонсоод ажлын байрны тодорхойлолтоо танилцуулаагүй байж хэлэхгүй яасан юм, аль аль нь гарын үсэг зураад л байдаг шүү дээ гэсэн.

Тэр өдрийн үдээс хойш хуучин гал тогооны барааг хот руу буцаах болсон ба намайг буцаах баримт дээр гарын зур гэсэн бөгөөд би зурахгүй, тогооч нар зурах ёстой гэхэд зур гэсээр байгаад зуруулсан. Би тухайн үед хажууд нь байлцаагүй, жолооч, засварчин хоёрын хэлсний дагуу гарын үсгээ зурсан. Гадны ачааны машинд битүү ачаа ачсан, дахиж буулгах боломжгүй болохоор итгээд гарын үсэг зурсан.

Удалгүй н.Баатар дарга ирээд 4 тороос байхад яагаад 3 гэж бичдэг юм бэ гэсэн. Бид богино долгионы станцаар хоорондоо ярьдаг бөгөөд н.Баатар дарга н.Өлзийсайханаас тэр машинд хэдэн тороос ачсан гэхэд өөдөөс нь 3 бил үү 4 гэж хэлсэн. Би н.Гэрэлт-Одоос чи ачуулсан юм бол надад хэлэхгүй гэхэд н.Баатар дарга намайг зайл гээд хэлэх хэлэхгүй үгээр хараасан.

Би ингэж ажиллаж чадахгүй гээд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хотод ирээд маргааш нь н.Оюунчулуун захиралтай уулзах гэхэд гадаад явсан байсан. Ирэхээр нь уулзахад н.Баатар дарга руу утсаар ярьсан. Ярьж дууссаныхаа дараа намайг халагдсан гэсэн.

Би ажлын байраа орхиж яваагүй бөгөөд хэд хэдэн удаа компанийн төв офисс дээр очиход ажлаа хий гэж хэлэх байсан. Халагдах тушаалаа авья гэхэд н.Оюунчулуун захирал хүний нөөцийн мэргэжилтэн сарын чөлөө авсан, хэд хоногоос дуудаж ирүүлээд бичүүлээд өгье гэсэн. Нягтлан бодогч н.Сараагаас халагдах тушаалаа аваарай гэсэн бөгөөд би хэд хэдэн удаа тушаалаа авах гэж очиход хүний нөөцийн ажилтан ирээгүй гэх хариуг өгсөн.

Миний бие сайн дураараа ажлаас гараагүй бөгөөд ажлаас гарах өргөдөл ч бичиж өгөөгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилдаа эргүүлэн тогтоолгоно. Ажилгүй байсан хугацааны цалин мөн нэхэмжилж байна. Намайг 1.300.000 төгрөгөөр цалинжуулна гэсэн боловч нийгмийн даатгалын дэвтэр дээр 650.000 төгрөгийн цалин олгодог гэсэн байна лээ.

Мөн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.С нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 17/19 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулж тус компанид уурхайн нярваар ажиллаж эхэлсэн. Мөн өдөр нь О.С нь ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн.

Гэтэл О.С нь ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэгтээ хайнга хандаж агуулахаас гарсан болон ирсэн сэлбэг, хэрэгсэл, бараа материалыг холбогдох баримттай тулган хүлээн авч энэ тухай баримтжуулах үүргээ үл биелүүлж сахилгын зөрчил гаргасан.

Тухайн ажилтан нь сахилгын зөрчил гаргаж мөн ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ирэхгүй, ажлаа таслан өнөөг хүрч байна. Хариуцагч болох манай байгууллага түүнийг сахилгын зөрчил гаргасан болон ажилдаа өнөөдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ажил тасалсных нь төлөө ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин өгч нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Г Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Г Х ХХК-ийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 17/07 тоот тушаалаар О.Сыг мөн өдрөөс нь уурхайн нярав албан тушаалд томилон ажиллуулахаар шийдвэрлэн уг өдрөө түүнтэй хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулан, сарын үндсэн цалин 650.000 төгрөг гэжээ.

/ХХ-ийн 22-24 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч О.С нь би сайн дураараа ажлаас гараагүй, ажлаас гарах өргөдөл ч бичиж өгөөгүй. Гүйцэтгэх захирал Ц.Оюунчулуун намайг ажлаас халсан гэсэн атлаа тушаал гаргаж өгөөгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эргүүлэн тогтоолгоно гэж,

хариуцагч Г Х ХХК нь О.С нь ажлаа орхиж явсан, сахилгын зөрчил гаргасан, ажлаа тасалсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлыг нотлох, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээх ёстой байхаар тус тус зохицуулсан ба үүний дагуу тухайн баримтуудыг шүүхэд ирүүлэх, хэрэв тухай ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлэх шаардлагатай бол хүсэлт гаргах эрхтэй.

Ажил олгогч нь О.Сыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс ажлаа орхиж явсан, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэлгүй сахилгын зөрчил гаргасан гэх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй, үүнийгээ баримтаар нотлоогүй.

Хэргийн 28-29 дүгээр тал н.Баатар гэх хүний 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн О.С хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ зөрчсөн гэх зөрчлийн хуудас гэсэн нэртэй баримт байх ч ажилтан дээр дурьдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан чухам ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар тодорхой үйлдэгдээгүй тул ажилтанг ямар нэг зөрчил гаргасан гэж үзэхгүй.

 

Ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд ажилтан О.С ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, тэрээр сахилгын зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна.

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг учиртай.

 

Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч Г Х ХХК нь О.Сыг ажлаас нь халсан тухай тушаал гаргаагүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, цалин хөлсийг нь олгоогүй гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч О.Сыг Г Х ХХК-ийн уурхайн няравын ажилд эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтын ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн дундаж цалин хөлстэй тэнцэр олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69,1-д заасны дагуу ажилтанд олгоно.

Нэхэмжлэгч О.С нь сард 1.300.000 төгрөгийн цалин авахаар тохирсон гэж боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд талуудын хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцон тогтоосон 650.000 төгрөгийн хэмжээнд цалинг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд хариуцагч Г Х ХХК-иас О.Сын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалинд 2.754.817 төгрөгийг нэхэмжлэгч О.Сод олгох нь зүйтэй гэж үзэв.

/650.000 төгрөг /21 хоног=30.953 төгрөг /1 өдрийн цалин/

/ХХ-ийн 22-24, 51 дүгээр тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь О.Сод ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.754.817 төгрөг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Г Х ХХК-д даалгах үндэслэлтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Оюунбатын Сыг Г Х ХХК-ийн уурхайн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар О.Сын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.754.817 төгрөгийг хариуцагч Г Х ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч О.Сод олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.Сын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Г Х ХХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Г Х ХХК-иас 59.027 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Хариуцагч Г Х ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН