Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00178

 

О.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02460 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2150 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч О.С-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Г” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие “Голден Хаммер” ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс уурхайн няраваар ажилд орсон ба 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд төвд нь ажиллан нийт цалингийн 70 хувиар цалинжин 227 500 төгрөгийн цалин авсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс Заамарт уурхайн няраваар ажилласан. Үдээс өмнө уурхайд шинэ бараа ирээд таарахгүй бараа материалыг хот руу буцаадаг. Шинээр ирсэн барааг буцаах болоход нөгөө нярав н.Болдхуягт буцаах баримтаа өгсөн ба механик н.Өлзийсайханаар гарын үсэг зуруулаад надад буцааж өгсөн. Ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй учир ингэж болно гэж бодсон. Уурхайн дарга н.Баатар хэнээр гарын үсэг зуруулсан гэхэд нь би н.Өлзийсайханаар зуруулсан гэхэд намайг хэлэх хэлэхгүй үгээр хараасан. Үүнийг н.Болормаа нягтлан сонсоод ажлын байрны тодорхойлолтоо танилцуулаагүй байж хэлэхгүй яасан юм, аль аль нь гарын үсэг зураад л байдаг шүү дээ гэсэн. Тэр өдрийн үдээс хойш хуучин гал тогооны барааг хот руу буцаах болсон ба намайг буцаах баримт дээр гарын зур гэсэн бөгөөд би зурахгүй, тогооч нар зурах ёстой гэхэд зур гэсээр байгаад зуруулсан. Би тухайн үед хажууд нь байлцаагүй, жолооч, засварчин хоёрын хэлсний дагуу гарын үсгээ зурсан. Гадны ачааны машинд битүү ачаа ачсан, дахиж буулгах боломжгүй болохоор итгээд гарын үсэг зурсан.

Удалгүй н.Баатар дарга ирээд 4 тороос байхад яагаад 3 гэж бичдэг юм бэ гэсэн. Бид богино долгионы станцаар хоорондоо ярьдаг бөгөөд н.Баатар дарга н.Өлзийсайханаас тэр машинд хэдэн тороос ачсан гэхэд өөдөөс нь 3 бил үү 4 гэж хэлсэн. Би н.Гэрэлт-Одоос чи ачуулсан юм бол надад хэлэхгүй гэхэд н.Баатар дарга намайг зайл гээд хэлэх хэлэхгүй үгээр хараасан. Би ингэж ажиллаж чадахгүй гээд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хотод ирээд маргааш нь н.Оюунчулуун захиралтай уулзах гэхэд гадаад явсан байсан.

Ирэхээр нь уулзахад н.Баатар дарга руу утсаар ярьсан. Ярьж дууссаныхаа дараа намайг халагдсан гэсэн. Би ажлын байраа орхиж яваагүй бөгөөд хэд хэдэн удаа компанийн төв байранд очиход ажлаа хий гэж хэлэх байсан. Халагдах тушаалаа авья гэхэд н.Оюунчулуун захирал хүний нөөцийн мэргэжилтэн сарын чөлөө авсан, хэд хоногоос дуудаж ирүүлээд бичүүлээд өгье гэсэн. Нягтлан бодогч н.Сараагаас халагдах тушаалаа аваарай гэсэн бөгөөд би хэд хэдэн удаа тушаалаа авах гэж очиход хүний нөөцийн ажилтан ирээгүй гэх хариуг өгсөн. Миний бие сайн дураараа ажлаас гараагүй бөгөөд ажлаас гарах өргөдөл ч бичиж өгөөгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилдаа эргүүлэн тогтоолгоно. Ажилгүй байсан хугацааны цалин мөн нэхэмжилж байна.

Намайг 1 300 000 төгрөгөөр цалинжуулна гэсэн боловч нийгмийн даатгалын дэвтэр дээр 650 000 төгрөгийн цалин олгодог гэсэн байна лээ. Мөн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

О.Саранцогт нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17/19 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулж тус компанид уурхайн нярваар ажиллаж эхэлсэн. Мөн өдөр нь О.Саранцогт нь ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Гэтэл О.Саранцогт нь ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэгтээ хайнга хандаж агуулахаас гарсан болон ирсэн сэлбэг, хэрэгсэл, бараа материалыг холбогдох баримттай тулган хүлээн авч энэ тухай баримтжуулах үүргээ үл биелүүлж сахилгын зөрчил гаргасан. 

Тухайн ажилтан нь сахилгын зөрчил гаргаж мөн ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ирэхгүй, ажлаа таслан өнөөг хүрч байна. Хариуцагч болох манай байгууллага түүнийг сахилгын зөрчил гаргасан болон ажилдаа өнөөдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ажил тасалсных нь төлөө ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин өгч нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02460 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Оюунбатын Саранцогтыг “Голден Хаммер” ХХК-ийн уурхайн няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар О.Саранцогтын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 754 817 төгрөгийг хариуцагч “Голден Хаммер” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч О.Саранцогтод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.Саранцогтын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Голден Хаммер” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Голден Хаммер” ХХК-иас 59 027 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Голден Хаммер” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2150 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Голден Хаммер” ХХК гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 030 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм.

Хариуцагчийн зугээс нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй бөгөөд О.Саранцогт нь өөрөө сайн дурын үндсэн дээр ажлаа хаяж яваад, өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа болохоос ажлаас түүнийг ажил олгогч халсан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа асуудал огт байхгүй тул ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны олговор олгоно гэсэн ойлголт байхгүй гэж тайлбарласныг шүүх нэхэмжлэгч талд ашигтайгаар гуйвуулан, нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлж ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа мэтээр дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хэн аль нь өөрсдийн шаардлага тайлбараа нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ажлаас үндэслэлгүй халагдсан гэдгийг ямар баримтаар нотолж байгаа эсэх нь тодорхойгүй байдаг бөгөөд тэрээр үйлдвэрийн даргатай хамтарч ажиллах боломжгүй байсан тул миний бие ажлаа цуг ажиллаж байсан няравтаа хүлээлгэж өгөөд явсан гэдгээ шүүх хуралдаан дээр удаа дараа хэлсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг огт тодруулахгүйгээр хариуцагч нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэсэн нь нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч С.Саранцогтыг уурхайн няравын ажлаас чөлөөлсөн зүйл огт байхгүй бөгөөд өнөөдөр ч гэсэн очоод ажиллах боломжтой гэж хоёр шатны шүүх хуралдаан бүр дээр хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж байсан газар болох Заамарын уурхайд ажлаа хаяж явснаасаа хойш нэг ч удаа очоогүй атлаа хариуцагчийг ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ажил олгогч нь ажилтныг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогддоггүй байхад шүүх үүнийг харгалзан үзэхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас хархад нэхэмжлэгч нь ажлаа хийх ямар ч бодолгүй байгаа нь илт байх бөгөөд ажлаа сайн дурын үндсэн дээр хаяж явсныхаа дараа шүүхийн журмаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан авах гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Саранцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага гаргажээ. Хариуцагч “Голден хаммер” ХХК нэхэмжлэлийг татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч О.Саранцогт нь “Голден хаммер” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17\07 дугаар тушаалаар уурхайн няравын ажилд томилогдсон ба 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс ажлын байраа орхиж явсан, ажил үүргээ гүйцэтгээгүй сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогч түүнийг ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, цалин олгоогүй байна.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцласан шийдвэр гаргаагүй боловч шүүх дээрх үйлдлийг ажилтныг ажлаас халсантай адилтгаж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах учиртай. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу ажилтанд олгоно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлага болон татгалзлаа нотлох хэргийн оролцогчийн үүргийн талаар зөв дүгнэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/02460 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2150 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН