Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/03753

 

 

 

 

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/03753

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК гаргасан,

 

Хариуцагч: Д. Ө холбогдох,

 

238,520,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагч Д.Ө, өмгөөлөгч П.Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани хариуцагчД.Өтай 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000.00 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон ба бид уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн өмчлөлийн *******,*******,*******,*******,*******, тоот хаягт байрлах 54.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан.

 

Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй, тэрээр өнгөрсөн хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 51,120,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,243,180.00 төгрөг, нийт 57,363,180.00 төгрөгийг төлсөн.

 

Зээлийн гэрээнд зааснаар тус зээлийг А.Л, Д.Ө нар авч ашигласан, бид Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар зээлийг бүхэлд нь хариуцагч Д.Өаас нэхэмжилж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг мөн адил гаргасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн байхад үгүйсгэсэн тайлбар өгч байгааг зөвшөөрөхгүй. Одоо зээлийн үлдэгдэл 80,000,000.00 төгрөг, хүү 127,800,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,720,000.00 төгрөг, нийт 238,520,000.00 төгрөг болсон.

 

Хариуцагч мөнгө аваагүй гэж маргаж байгаа боловч н.Л-ийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Аль нэг хүссэн зээлдэгчийн дансруу мөнгийг шилжүүлдэг, тэрээр өөрөө зээлийг авсан гэдгийг хариу тайлбартаа хэлсэн, өөрт учирсан хохирлыг н.Лээс нэхэмжлэх эрхтэй. Гэрээний үндсэн үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд хүү тооцох зохицуулалттай.

 

Иймд, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Би, 2013 оны 6 дугаар сард н.Л надтай уулзаад зээл авахад туслаач гэж ярилцсаны дагуу уг зээлийг авахаар тохиролцсон. Гэтэл 30-35 сая орчим төгрөгийн зээлийг авна гэж ярилцсан байтал 80,000,000.00 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан, миний бие тухайн гэрээтэй сайн танилцаж амжаагүй, яаруу, сандарч гарын үсэг зурсан гэдгийг гэрээнээс харж болно.

 

Тус 80,000,000.00 төгрөгийг надад өгөөгүй, гэрээ байгуулсан хугацаанаас хойш нэг ч удаа нэхэмжлэл ирээгүй, 51,000,000.00 сая төгрөгийн хүү төлсөн гэсэн ямар учиртайг мэдэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэ талаар мэдсэн юм.

 

Миний бие н.Лтэй уулзаж чадаагүй, тэрээр Дархан-Уул аймагт 144 айлын орон сууц барьж байгаа гэсэн. Уг байр нь Э ХХК-ийн барьцаанд байх ёстой. Зээлийн гэрээний үндсэн зээлдэгчД.Ө, хамтран зээлдэгч н.Л гэсэн 2 хүн байна. Гэтэл хариуцагчаар зөвхөнД.Өийг татсан, гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад энэ талаар түүнд мэдэгдээгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар мөнгөн хөрөнгийг бэлнээр шилжүүлэх, аль эсхүл Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21.2 болон 21.4.-т тус тус зааснаар зээлдэгчийн нэр дээр данс нээж олгох ёстой. Гэтэл зээлийг хариуцагчийн данс руу бус, харин н.Л гэх хүний дансанд шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэлийн үнийн дүн анх 80,000,000.00 төгрөг зээлсэн байтал одоо 238,000,000.00 сая төгрөг болжээ. Зээлийн эргэн төлөлтөөс харахад 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 7,080,000.00 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3,006,000.00 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3,720,000.00 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14,640,000.00 төгрөг, хамгийн сүүлд төлөхдөө 3,720,000.00 төгрөг нийт 32,760,000 төгрөг төлсөн.

 

Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг хүүнд суутгаж авсан байна. Гэвч Иргэний хуулийн 216.2, 216.4.-т тус тус заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлсөн 32,760,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой бөгөөд 47,200,000.00 төгрөг болж байна, ямар үндэслэлээр 238,520,000.00 төгрөг болсон бэ гэдгийг тодруулах шаардлагатай, шударга ёсны зарчим алдагдсан байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад


            ҮНДЭСЛЭХ нь:


Нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагчД.Өт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 238,520,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагчД.Ө нар 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн өмчлөлийн *******,*******,*******, Намъяанжүгийн гудамж,*******,  тоот хаягт байрлах 54.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 8-12, 14, 15 хуудас/.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, мөн 12.3.-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, түүнчлэн 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.............. гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, барьцаалбарыг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба зохигчид энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг хэлнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 29-31 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.

 

ХариуцагчД.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний зүйл болох 80,000,000.00 төгрөгийг хүлээн аваагүй, харин анхнаасаа А.Л гэж хүн авч ашигласан тул би төлөх ёсгүй гэж маргасан. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр А.Л гэж хүн гарын үсэг зурж, түүний ******* дахь дансанд 80,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Гэвч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн 211.2.-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагчД.Ө нь гэрээнд заасан 80,000,000.00 төгрөгийг хүлээн аваагүй ч нөгөө зээлдэгч болох А.Л авсан тухай маргаагүй тул нэхэмжлэгч Э ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий этгээд буюу хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Нөгөө талаар хариуцагчД.Өийн зүгээс 80,000,000.00 төгрөгийг зөвхөн А.Л хүлээн авч, ашигласан болохоор өөрийгөө зээлдэгч биш гэж маргасан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2.-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж, түүнчлэн 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагчД.Ө, мөн А.Л нар нэхэмжлэгч Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авсан байх тул тэд нэхэмжлэгчид уг зээлийн буцаан төлөх үүргийг хамтран хүлээсэн үүрэг гүйцэтгэгчид бөгөөд нэхэмжлэгч тал тэдгээрийн хэн нэгнээс үүргийг бүхэлд нь, аль эсхүл хэсэгчлэн шаардах эрхтэй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Тус зээлийн гэрээний дагуу хариуцагчД.Ө нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сар бүрийн 24-ний өдөр зээлийн хүүнд 3,600,000.00 төгрөг, 3,720,000.00 төгрөг, 3,600,000.00 төгрөг, 3,720,000.00 төгрөг, 3,360,000.00 төгрөг, нийт 21,720,000.00 төгрөгийн хүү төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст буюу 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгахаар тохирчээ /х.х-ийн 10 хуудас/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч тал өнгөрсөн хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 51,120,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,243,180.00 төгрөг, нийт 57,363,180.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан үндсэн зээл 80,000,000.00 төгрөг, зээлийн хүү 127,800,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,720,000.00 төгрөг, нийт 238,520,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн 80,000,000.00 төгрөгийн зээлээс 5,996,606.56 төгрөг, зээлийн хүү 127,800,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,720,000.00 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

 

Хэдийгээр зээлдүүлэгч гэрээнд заасан эрх буюу зээлийг буцаан төлөхийг шаардах эрхийг хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч тал зээлийн төлбөрийг төлөөгүй байхад нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна.

 

Тодруулбал, хариуцагчД.Ө нь зээлийн гэрээнд зааснаар 80,000,000.00 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд ийнхүү хүлээсэн үүргээ зөрчиж 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч тал энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, 9 дүгээр зүйлийн 9.2.3.-т тус тус заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, ийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь /4.5x20%=0.9/-иас хэтрүүлэхгүйгээр гэрээнд тохирох ёстой байхад талуудын байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8.-д үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож гэснийг тус хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал үндсэн хүү болох 4.5 хувийг 20 хувиар нэмэгдүүлэн алдангийг сарын 5.4 хувиар тооцсон байна.

 

Өөрөөр хэлбэл, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6.-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 20 хувь гэж бичсэн боловч сар, эсхүл жилийнх болох нь ойлгомжгүй байгаагаас гадна 4 дүгээр зүйлийн 4.8.-д заасантай зөрчилдөж байгаа учраас Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1.-д Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасны дагуу зохигчдын хооронд нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо хүчин төгөлдөр болсон гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн хариуцагчД.Өийн төлбөл зохих зээлийн төлбөрийг тооцвол:

 

-               80,000,000x4.5%=3,600,000 /нэг сарын хүү/, 3,600,000x12=43,200,000 /1 жилийн хүү/, 43,200,000:365=118,356.16 /нэг өдрийн хүү/,

 

-               Зээлийг авч ашигласан 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 434 өдөр, 118,356.16x434=51,366,573.04 төгрөг /нийт төлөх хүү/,

 

-               Үүнээс хариуцагч тал зээлийн хүүнд 51,120,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,243,180.00 төгрөг, нийт 57,363,180.00 төгрөгийг төлсөн бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо хуульд нийцээгүй учраас төлбөл зохих хүү 51,366,573.04 төгрөгийг хасч тооцоход 5,996,606.56 төгрөг, үүнийг үндсэн зээл болох 80,000,000.00 төгрөгөөс хасахад 74,003,393.04 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагчД.Өт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 15 хуудас/.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2.-т Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл үлдэгдэл 74,003,393.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164,516,607.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.- тус тус заасныг үндэслэн хариуцагчД.Өаас 74,003,393.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164,516,607.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагчД.Ө шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* тоот улсын бүртгэлийн дугаартай *******,*******,*******,*******,*******, тоот хаягт байрлах 54.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,420,750.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 598,167.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР