Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00830

 

“Э ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлалтай,

   “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Д т холбогдох

          зээлийн гэрээний үүрэгт 238,520,000.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад: Манай компани Д тай 2014 оны 09 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон ба бид уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъяанжүгийн гудамж-2, 170 дугаар байр, 100 тоот хаягт байрлах 54.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй, 2015 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 51,120,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,243,180 төгрөг, нийт 57,363,180 төгрөг төлсөн. Зээлийн гэрээнд зааснаар тус зээлийг А.Лхагвасүрэн, Д  нар авч ашигласан, бид Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийг бүхэлд нь хариуцагч Д аас нэхэмжилж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг мөн адил гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн байхад үгүйсгэсэн тайлбар өгч байгааг зөвшөөрөхгүй. Одоо зээлийн үлдэгдэл 80,000,000 төгрөг, хүү 127,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,720,000 төгрөг, нийт 238,520,000 төгрөг болсон. Хариуцагч мөнгө аваагүй гэж маргаж байгаа боловч А.Лхагвасүрэнгийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Аль нэг хүссэн зээлдэгчийн дансруу мөнгийг шилжүүлдэг, тэрээр өөрөө зээлийг авсан гэдгийг хариу тайлбартаа хэлсэн, өөрт учирсан хохирлыг А.Лхагвасүрэнгээс нэхэмжлэх эрхтэй. Гэрээний үндсэн үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд хүү тооцох зохицуулалттай. Иймд, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д ийн тайлбарт: 2013 оны 6 сард А.Лхагвасүрэн надтай уулзаад зээл авахад туслаач гэж ярилцсаны дагуу би уг зээлийг авахаар тохиролцсон. Гэтэл 30-35 сая орчим төгрөгийн зээлийг авна гэж ярилцсан байтал 80,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан, миний бие тухайн гэрээтэй сайн танилцаж амжаагүй, яаруу, сандарч гарын үсэг зурсан нь гэрээнээс харагддаг. 80,000,000 төгрөгийг надад өгөөгүй, гэрээ байгуулсан хугацаанаас хойш нэг ч удаа нэхэмжлэл ирээгүй, 51,000,000 төгрөгийн хүү төлсөн гэсэн ямар учиртайг мэдэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэ талаар мэдсэн. Миний бие А.Лхагвасүрэнтэй уулзаж чадаагүй, тэрээр Дархан-Уул аймагт 144 айлын орон сууц барьж байгаа гэсэн. Уг байр нь “Э ” ХХК-ийн барьцаанд байх ёстой. Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Д , хамтран зээлдэгч А.Лхагвасүрэн гэсэн 2 хүн байна. Гэтэл хариуцагчаар зөвхөн Д ийг татсан, гэрээний хугацаа 2015 оны 03 сарын 01-ний өдөр дууссан байхад энэ талаар түүнд мэдэгдээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар мөнгөн хөрөнгийг бэлнээр шилжүүлэх, аль эсхүл Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21.2 болон 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдэгчийн нэр дээр данс нээж олгох ёстой. Гэтэл зээлийг хариуцагчийн данс руу бус, харин А.Лхагвасүрэн гэх хүний дансанд шилжүүлсэн байна. Нэхэмжлэлийн үнийн дүн анх 80,000,000 төгрөг зээлсэн байтал одоо 238,000,000 төгрөг болсон байна. Зээлийн эргэн төлөлтөөс харахад 2015 оны 04 сарын 27-ны өдрөөс хойш 7,080,000 төгрөг, 2015 оны 06 сарын 04-ний өдөр 3,006,000 төгрөг, 2015 оны 07 сарын 01-ний өдөр 3,720,000 төгрөг, 2015 оны 10 сарын 14-ний өдөр 14,640,000 төгрөг, хамгийн сүүлд төлөхдөө 3,720,000 төгрөг, нийт 32,760,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг хүүнд суутгаж авсан байна. Гэвч Иргэний хуулийн 216.2, 216.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу 2015 оны 04 сарын 27-ны өдрөөс хойш төлсөн 32,760,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой бөгөөд 47,200,000 төгрөг болж байна, ямар үндэслэлээр 238,520,000 төгрөг болсон бэ гэдгийг тодруулах шаардлагатай, шударга ёсны зарчим алдагдсан гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч Д аас 74,003,393.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164,516,607 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2204023535 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъяанжүгийн гудамж-2, 170 дугаар байр, 100 тоот хаягт байрлах 54.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,420,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 598,167 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/03753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 258 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. “Эко капитал” ББСБ нь нь иргэн А.Лхагвасүрэн, Д  нартай зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн мөнгийг А.Лхагвасүрэнгийн дансанд 100 хувь шилжүүлсэн. Зээлийн гэрээ 2015 оны 3 сард дуусгавар болсон байхад “Эко капитал” ББСБ болон А.Лхагвасүрэн нар нь Д  надад мэдэгдэлгүйгээр харилцан тохиролцож, гэрээний харилцааг үргэлжлүүлж, 2015 оны 12 сар хүртэл А.Лхагвасүрэн нь “Эко капитал” ББСБ-д 57,363,180 төгрөгийн төлбөр төлсөн байна. Гэтэл зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш “Эко капитал” ББСБ нь надад зээлийн гэрээнд заасан 80,000,000 төгрөгийг шилжүүлээгүйгээс гадна нэг ч удаа надаас зээл, хүү төлөхийг шаардаж байгаагүйгээс үзэхэд энэ зээлийн гэрээ нь бодит байдал дээр “Эко капитал” ББСБ, иргэн А.Лхагвасүрэн нарын хооронд байгуулагдсан ба миний нэр, гарын үсгийг зөвхөн дүр үзүүлэн зуруулсан болох нь нотлогдоно. “Эко капитал” ББСБ шүүхэд үүргийн гүйцэтгэлийг миний өмчлөлийн 2 өрөө байрнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх намайг дуудсанаар би зээл төлөгдөөгүй талаар анх удаа мэдсэн. Энэ хугацаанд миний бие нь өөрийн хаяг болон утсан дээрээ байнга байж байсан болно. Дээрх зээлийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлээр зохицуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.” гэж заасан ба уг харилцааг зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ.”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.”, 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.” гэж тус тус заажээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан орлогын мэдүүлэгт А.Лхагвасүрэн гарын үсэг зурсан байх ба орлогын мэдүүлэгт А.Лхагвасүрэнгийн эзэмшлийн ХААН банкны 5076250424 тоот дансанд 2014 оны 09 сарын 24-ний өдөр 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай нотлох баримтаас харахад нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ нь зээлийн данс нээж, зээлийн мөнгийг зээлдэгч Д  надад олгох тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг зөрчсөний улмаас Д  би зээлийг хүлээж аваагүй тул надад зээл олгосонд тооцож, зээлийн гэрээний үүргийг надаас шаардах үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч Д т шилжүүлэх үүргээ ББСБ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хариуцагч Д  миний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд “Эко капитал” ББСБ-ын нэхэмжилж байгаа зээл хүүгийн төлбөрийг хариуцах ёстой жинхэнэ хариуцагч нь Д  би биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч Д т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 238,520,000.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Э ” ХХК нь А.Лхагвасүрэн, Д  нартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 80,000,000.00 төгрөгийг  6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэн, үүргийн гүйцэтгэлд Д ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204023535 дугаарт бүртгэлтэй Баянзүрх  дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170 дугаар байр, 100 тоот 54,6 м.кв орон сууцыг барьцаалан, хамтран зээлдэгч А.Лхагвасүрэнгийн 5076250424 тоот Хаан банкны данс руу зээлийг шилжүүлжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгтэй нийцсэн байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Д , А.Лхагвасүрэн нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч Д аас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хуульд нийцсэн.

Хариуцагч нь “... н.Лхагвасүрэн өөрөө зээлээ төлнө гэж тусламж гуйсан, би зээлийн гэрээтэй танилцаж амжилгүй яаруу гарын үсэг зурсан, 80,000,000 төгрөгийг аваагүй, зээл авсан данс минийх биш” гэж тайлбарладаг боловч уг шалтгаан нөхцөл нь зээлдэгчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дууссан, энэ хугацаанд зээлдэгч талаас үндсэн зээл 80,000,000.00 төгрөг, хүү 21,720,000.00 төгрөг, нийт 101,720,000.00 төгрөг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 9 удаагийн төлөлтөөр нийт 57,363,180.00 төгрөг төлжээ.

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч нь гэрээний 6.1.10-6.1.14.4-т заасан арга хэмжээг аваагүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил 6 сар 4 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний 4.8-д заасан нэмэгдүүлсэн хүүтэй холбогдох тохиролцоо нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тооцоолж үндсэн зээлийн үлдэгдэлд 74,003,393.04 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь заасныг шийдвэрийн үндэслэл болгосон нь зөв байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,170.00 /таван зуун ерэн найман мянга нэг зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН