Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2432

 

МАГАДЛАЛ

 

2018.12.10                                                 Дугаар 2432                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Ү-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02073 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ү-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.О-т холбогдох,

Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О-ын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нотариатын бүртгэлийн 89, 08 дугаарт бүртгэж, Г.Э-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Ү би 2011 оны 11 дүгээр сард А.С-тэй танилцаж дотно харилцаатай болсон. Мөн бид 2012 оны 02 дугаар сараас А.С-г нас барах хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр С.А гэх охинтой болсон. Миний нөхөр болох А.С нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан. Талийгаач А.С-гийн хууль ёсны өвлөгч нь түүний охин болох С.А юм. Өв нээгдэх хугацаанд талийгаач А.С-гийн өмчлөлийн 9011080028 улсын бүртгэлийн дугаартай 10 000 000 төгрөгийн дүрмийн сантай С ХХК-ийн хувьцааг Г.Э-д олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өв залгамжлалын 89 дүгээрт бүртгэж өвлөх эрхийг гэрчилсэн байна. Талийгаач А.С-гийн төрсөн охин С.А түүний хууль ёсны төлөөлөгч төрсөн эх Б.Ү бид Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны өвлөгч ба нас барсан аавынхаа хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг өвлөж авах бүрэн эрхтэй юм. Мөн нотариатч Т.О нь Г.Э-д СХХК-ийг өвлүүлэхээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 08 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг давхар олгосон байна. Миний зүгээс 2017 оны 09 дугаар сарын 28-ны өдөр өвийн талаар нотариатчид хандан хүсэлт гаргасан.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт “өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж заасны дагуу өв нээгдэх өдөр нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байхад Г.Э-д нотариатч Т.О нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 89, 08 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2-т дараах баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно гэж заагаад 8.2.4-т "өвлүүлэгчиин ах эгч дүү мөн болохыг нотлох хүн тус бүрийн төрсний гэрчилгээ, эсхүл төрөлт бүртгэсэн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эцэг, эхийн хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа зэргийг үндэслэж байж гэрчилгээг олгохоор заасан. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасан.

Нэг өвлөгдөх хөрөнгөнд нэг л өвлөх эрхийн гэрчилгээ олгох ёстой гэтэл нотариатч Т.О нь С ХХК-ийг өвлүүлэхээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосноос гадна 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг давхар олгосон байна. Иймд Сүхбаатар дүүргийн тойргын нотариатч Т.О-ын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нотариатын бүртгэлийн 08, 89 дүгээрт бүртгэж, Г.Э-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хууль бус байх тул Нотариатын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өвлүүлэгч А.С-гийн хууль ёсны өвлөгч Г.Э миний нөхөр А.С нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ нас барсан, нөхөр бид хоёр үрчилж авсан 2 хүүхэдтэй одоогоор насанд хүрээгүй миний асрамжид байдаг. Нөхөр бид хоёр хамтарч 1996 онд С ХХК-ийг үүсгэн байгуулсан, зөвхөн нөхрийн маань нэр дээр байдаг. Хоёр хүүхэд болон надаас өөр өв залгамжлагч байхгүй. Одоо оны эцэс болж байгаа тул компаний үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилчдын цалин хөлс олгох, банк санхүүгийн зээлийн төлбөр, тайлан тооцоо хийх зэрэгт удирдлагын гарын үсэг зурах шаардлагатай байгаа учраас тус компанийг хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан хугацаанаас нь өмнө олгож өгнө үү, хэрэв өөр өвлөгч гарч ирвэл маргаангүй оногдох хувийг гаргаж өгөх болно гэсэн хүсэлтийг гаргасан. Өв нээх үед өвлүүлэгч А.С өмнө нь нэхэмжпэгч С.А-гийн ээж Б.Ү-тэй хамтын амьдралтай байсан эсэх болон дундаасаа хүүхэдтэй болсон, өв залгамжпах эрхтэй талаар ямар нэг лавлагаа, мэдээлэл байхгүй байсан. Б.Ү нотариатад өв авах тухай хүсэлтээ өв нээгдсэнээс хойш нэлээд хугацааны дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 06-нд гаргасан байна. Иймд өвлүүлэгч А.С нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор хамгийн сүүлд эхнэр Г.Э , хүү С.А , охин С.А нарын хамт амьдарч байсан тул эдгээр өвлөгчид нь нэгэнт өвийг хүлээн авсанд тооцогдох өвлөгчид юм. Харин нотариатч би өвлөгч Г.Э-д тухайн үед Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан өгсөн бөгөөд Г.Э хүсэлтдээ өөр өвлөгч гарч ирэхгүй бөгөөд хэрэв гарч ирвэл түүнд оногдох хувийг мөнгөн хэлбэрээр саадгүй гаргаж өгнө гэж бичиж өгсөн болно. Нэхэмжлэгч Б.Ү Монголын нотариатын танхимд өв авах хүсэлтээ дээрх өв нээснээс хойш бараг жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 06-нд бүртгүүлсэн байдаг. Мөн Б.Ү нь өвийн талаар маргаантай байна гэж үзээд Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь одоо хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа зэргээс С.А А.С-гийн хууль ёсны өвлөгч гэж үзвэл энэ нь өв нээх үед мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан шинээр илэрч байгаа нөхцөл гэж үзэж өвлөх эрхийн гэрчилгээг Г.Э-д олгосоноос үл шалтгаалан хууль ёсны өвлөгчдийн дунд хуваагдаж шийдвэрлэгдэх тул хууль ёсны дагуу хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өвийн бүртгэлийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаарт өвлүүлэгч Б.А-ийн өвийг нээж хүү Ү.М-т өвлөх эрхийн гэрчилгээ олгож өвийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны дугаарт Г.Э-д өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй бөгөөд энэ үед өвлүүлэгч А.С нь амьд сэрүүн байжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хамтын амьдралын хугацаанд А.С Г.Э нар 2000 онд төрсөн охин С.А , хүү С.А  нарын эцэг, эх болсон юм. А.С , Г.Э нар нь тасралтгүй 29 жил ханилж хамтран амьдраад 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А.С өвчний улмаас зуурдаар гэртээ, эхнэр Г.Э болон хүү С.А , охин С.А нарынхаа дэргэд нас барсан юм. Г.Э нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж А.С-тэй 29 жил хамт амьдарсан нөхцөл байдлаа тогтоолгох гэсэн боловч шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар "...нэхэмжлэгч Г.Э нь А.С-тэй 1989 оны 06 дугаар сарын10-ны өдөр гэр бүл болсноо 1990 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.А , С.А  нар төрсөн болох гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул Г.Э ыг А.С-тэй түүнийг нас барах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэхээр байна. Иймд тэднийг хамтын амьдралтай байсан явдлыг батлах бичиг баримт байх тул онцгой ажиллагааны журмаар хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв хэмээн шийдвэрлэсэн юм. А.С , Г.Э нар хамтын амьдралынхаа хугацаанд С ХХК-ийг үүсгэн байгуулж Монголын нэгэн брэнд аж ахуйн нэгж болтол хөгжүүлсэн юм. А.С захирал зуурдаар нас барснаар компанийн удирдлага Г.Э-д шилжсэн юм. Г.Э компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдаагүй, бэлэглээгүй, барьцаалаагүй, гэрээслээгүй, тэгэх эрх ч үгүй хадгалж, компанийн үйл ажиллагааг сэргээх, өр авлагаас гаргахаар эрчимтэй ажиллаж байгаа юм. Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1 дэх хэсэгт өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг авч, өв нээгдэх хүртэл хадгалах эрхтэйг баталгаажуулсан хуулийн зохицуулалт юм. Хууль ёсны өвлөгч Г.Э ын С ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авах үед А.С өөр хаа нэг газарт хүүхэдтэй болсон талаар хэн ч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан юм. А.С-гийн гэх тэр хүүхэд Монгол Улсад төрөөгүй, Б.Ү олноос нуугдаж Өмнөд Солонгос Улсад төрүүлсэн гэх бөгөөд Б.Ү ярьж хэлээгүй байдаг. Үнэхээр Б.Ү-ийн хүүхэд А.С-гийн өвөөс хүртэх ёстой гэж үзвэл энэ нь С ХХК-ийн хувьцаа хэний нэр байхаас үл шалтгаалан өвлөгчдийн дунд хуваагдаж шийдвэрлэгдэх тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь угаасаа ач холбогдолгүй юм гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О-ын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нотариатын бүртгэлийн 89 /08/ дүгээрт бүртгэж, Г.Э-д СХХК-ийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ү-ийн нотариатч Т.О-ын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нотариатын бүртгэлийн 08 дугаарт бүртгэж, Г.Э-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг бие даасан үйлдэл гэж үзэн хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-аас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ү-д олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Ү нь Монголын нотариатчдын танхимд өв авах хүсэлтээ өв нээгдсэнээс хойш бараг жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргаж бүртгүүлсэн байдаг. Б.Ү нь өвийн талаар маргаантай байна гэж үзээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь одоо хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа зэргээс үзэхэд      С.А нь А.С-гийн хууль ёсны өвлөгч гэж үзэж өвлөх эрхийн гэрчилгээг Г.Э-д олгосноос үл шалтгаалан хууль ёсны өвлөгчдийн дунд хуваагдаж шийдвэрлэгдсэн гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй бөгөөд нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч нотариатч Т.О-т холбогдуулан түүний 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нотариатын бүртгэлийн 89, 08 дугаарт бүртгэж, Г.Э-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нотариатын үйлдлийг хууль ёсны дагуу хийсэн гэж маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э нь хариуцагчийн татгалзлыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.

Хэрэгт авагдсан баримтад А.С нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан бүртгэл, талийгаач А.С-гийн 100 хувь хувьцааны эзэмшил бүхий С ХХК-ийн захирлаар байсан гэх үндэслэлээр түүний эхнэр Г.Э нь өвлөх эрхийн гэрчилгээг хугацаанаас нь өмнө авахаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргаж, хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өв залгамжлалын 89 дугаарт бүртгэж, өвлүүлэгчийн эхнэр Г.Э-д өвлүүлэгчийн өмчлөлд байсан С ХХК-ийг Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйл баримт тогтоогдож байна. /хх 3,17,19/

Хариуцагч Т.О нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт зааснаар “хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол” гэрчилгээг энэ хуулийн 531.2 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө олгож болно” гэж заасны дагуу хууль ёсны өвлөгч нараар Г.Э , С.А , С.А нар байгаа гэж үзэж Г.Э-д өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэх боловч нас барагч А.С-гийн төрсөн охин С.А-г хууль ёсны өвлөгчийн хувьд өв хүлээн авах ажиллагаанд оролцуулаагүй орхигдуулсан байна.

Өвийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхдээ хуулиар тогтоосон хугацааг анхаараагүй нь уг үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өвлөх эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд болох Г.Э-д олгосноос үл шалтгаалан хууль ёсны өвлөгчдийн дунд өв хуваагдаж шийдвэрлэгдсэн гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                М.НАРАНЦЭЦЭГ