Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01919

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Л.Х /Регистрийн дугаар:УШ76071409/-ы нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: “ГСАЗ” ХХК -д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.494.038 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Х миний бие тус байгууллагад анх 2015 оны 4 сараас Ерөнхий нягтлан бодогчийн ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллахдаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүү Х.Алтан-Одыг төрүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан. Улмаар ажилдаа эргэж орохоор  байгууллагадаа 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бичгээр өргөдлөө өгсөн боловч надад 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр GCB-18-В/127 тоот албан бичгээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байхыг хүсье гэсэн хариуг өгсөн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тус албан бичигт дурьдсан зүйлүүд надад хамаагүй бөгөөд өнөөдөр миний ажлын байр тус байгууллагад байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно. Иймд өөрийгөө ажлаас халагдлаа гэж үзээд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгоно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа орох өргөдөл өгсөн огноог буруу бичсэн байдаг. Хэрэгт байгаа баримтаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийг мөн өдөртөө захиргаанд өгсөн тул ажилгүй байсан хугацааны олговорт 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 78 хоног, нэг өдрийн 185.821 төгрөгөөр тооцон нийт 14.494.038 төгрөгийг гаргуулна. Мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Х тус байгууллагад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан. Тэрээр ажил олгогч байгууллагад гаргасан өргөдөлдөө “2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр амаржсан. Цаашид хүүхэд асрах хүсэлтэй байгаа тул хүүхэд асрах чөлөөг хуулийн хугацаагаар олгож өгнө үү" гэж хүссэний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б/254 дугаар тушаал гаргаж, хуульд заасан хугацаагаар чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Энэ тушаал хүчин төгөлдөр бөгөөд “хуулийн хугацаа” гэх асуудлын талаар ямар нэг санал, хүсэлтийг Л.Х ирүүлээгүй.  Иймд хариуцагчийн зүгээс хуулийн хугацаа гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно” гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөөг эдэлж байгаа болно. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл, эх хүсвэл хүүхдийг 3 нас хүртэл хугацаагаар чөлөө авах эрхтэй гэж ойлгож тайлбарлана. Нэхэмжлэгч хуулийн хугацаагаар хүүхэд асрах чөлөөг хүссэн өргөдөл гаргасан тул ажил олгогч байгууллага түүнийг 3 жил хүртэл хугацаагаар чөлөө хүссэн гэж үзсэн. Иймээс түүний оронд түр ажиллаж байгаа Д.Чулуунбаттай хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг хугацаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болно. Л.Х хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд удаа дараа ирж, 60.000.000 төгрөг өгчих, би хоёр жил гэртээ хүүхдээ харна, гадаад руу сургалтанд явна, төлбөрийг төл гэх зэргээр хууль бус шаардлагуудыг тавьсан байдаг.

Ажил олгогч байгууллагын зүгээс Л.Хы өргөдөлд зааснаар хүүхэд асрах чөлөөг гурван жилээр авсан гэж үзэж, байгууллагын дотоод ажлаа зохион байгуулсан. Нэхэмжпэгч Л.Х сүүлд мөнгө тэтгэмж гаргуулахыг хүсэхдээ “хоёр жил хүүхдээ харна” гэж албан ёсоор хүсэлт тавьсан аль алины хугацаа дуусаагүй байгаа үед шүүхэд нэхэмжпэл гаргах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

Л.Х шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй. Учир нь, ажил олгогч байгууллагаас түүнийг ажлаас чөлөөлсөн, халсан аливаа шийдвэр гаргаагүй, зөвхөн чөлөөний хугацааны талаар асуудал үүссэн байхад маргааны харилцаанд хамааралгүй “ажлаас үндэслэлгүй халагдсан” тухай асуудлаар шүүхэд хандсан нь маргааны харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид түүнийг халаагүй, зөвхөн түүний оронд ажилд түр авсан хүний гэрээний хугацаа дуустал хүлээхийг хүссэн. Иймд Л.Хы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Х нь “ГСАЗ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.494.038 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэг талаас “ГСАЗ” ХХК, нөгөө талаас Л.Х нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч тус компанид ерөнхий  нягтлан бодогчоор ажиллахаар 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ. /хх 3-5/

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр амаржиж улмаар тус байгууллагын захирлын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/254 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан түүнд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөг хуулийн хугацаагаар олгожээ. /хх 11,12/

Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д “Ажил олгогч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгох”-оор,  “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” байхаар мөн зүйлийн 106.2-т зохицуулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ажилд эргэн орох тухай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлөө захиргаанд гаргасан, захиргаа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлэн эдлэхийг мэдэгдсэн хариуг өгчээ.  /хх-14,39/

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4-т зааснаар захиргаа хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах бөгөөд ажилтан ажилдаа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнийг ажиллуулах үүрэг хүлээнэ. Энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээн аваагүй хариуг өгснөөр нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай адилтгаж нэхэмжлэл гаргасныг шүүх буруутгах боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох нь зүйтэй.

Захиргаа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хариуг мөн өдөртөө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэдэгт зохигчид маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажлын 45 хоногт, нэг өдрийн дундаж цалин хөлс 140.834 /2017 оны 5,6,7 сарын дундаж/ төгрөгөөр тооцон нийт 6.337.530 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул  хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 106 дугаар зүйлийн 106.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Хыг “ГСАЗ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, “ГСАЗ” ХХК-иас олговорт 6.337.530 /зургаан сая гурван зуун гучин долоон мянга таван зуун гучин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Хд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.156.508 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “ГСАЗ” ХХК-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 116.350 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ