Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/03413

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/03413

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/4-34 тоот хаягт оршин суух, Зээрднүүд овогт Дашнямын М /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412-114 тоот хаягт оршин суух, Далан овоо овогт Өлзийсайханы Г /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,383,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч Ө.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 23 в байрны 24 тоотод оршин суух Ө.Г эд 4,400,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй аман тохироо хийж зээлдүүлсэн. Тухайн үед Ө.Г нь барилгын ажил хийдэг бригадтай байсан ба мөнгө зээлж аваад эргүүлж хүүгийн хамт өгдөг байсан. Ингээд 1 жилийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 27-нд одоогоор мөнгийг чинь өгч арай чадахгүй байна гэсний дагуу зээлийн гэрээ байгуулж 5 сараар сунгасан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 07-нд дууссан боловч авсан зээлээ буцааж өгөлгүй өдийг хүрлээ.

Иймд тус шүүхэд хандаж иргэн Ө.Г ээс надаас зээлсэн 4,400,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сар хүртэл нийт 33 сарын зээлийн хүү болох 14,520,000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан алданги болох 2,200,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,550 төгөгийн хамт гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, иргэн *******аас 4,400,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 07-нд зээлж аваад 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл зээлийн хүүг төлсөөр ирсэн ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ үүнийг зөвшөөрч дурдсан байна.

Гэрээний дагуу гэрээ дуусах хугацаа буюу 2017 оны 4 дүгээр сарын 07-ныг хүртэл нийт 5 сарын хүү 2,200,000 төгрөг болж байна.

Иймд гэрээний үүргийн дагуу үндсэн төлбөр 4,400,000 төгрөг болон хүүгийн төлбөр 2,200,000 төгрөгийг зөвшөөрч байна. Илүү хүүгийн зардлыг гэрээний хугацаа дууссан тул би хариуцахгүй.

Иймд миний зүгээс нийт 6,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ө.Г эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,383,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,600,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч, талууд маргаж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,400,000 төгрөг, 33 сарын хүү 14,520,000 төгрөг, алданги 2,200,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 263,550 төгрөг, нийт 21,383,550 төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч улсын тэмдэгтийн хураамж 263,550 төгрөг нь зээл, түүний хүү, алданги болох нийт 21,120,000 төгрөгт төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж байх тул нэхэмжлэгчийг 21,120,000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж үзнэ.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1 дугаартай Зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд уг гэрээнээс үзэхэд, зээлдэгч Ө.Г нь зээлдүүлэгч *******аас 4,400,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай, сард 10 хувийн хүүтэй, зээлийг төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. Энэхүү зээлийн гэрээний 1.4 дэх заалтад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн нэг сарын хүү болох 440,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг сар бүр *******ын Хаан банкны 5027046494 тоот дансанд төлнө. Зээлийн сар бүрийн хүүгийн үлдэгдэл 240,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дансаар нэг удаа бөөнд нь төлнө гэж заажээ.

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө нь зээлийн харилцаанд орж байснаа шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хүү төлсөөр байсан гэх боловч энэ талаараа нотлох баримтаар нотлоогүй, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар зохигч талууд хэн аль нь тодорхойлж чадахгүй байна.

Гэвч дээр дээр дурдсан, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн Зээлийн гэрээг зээлдүүлэгч, зээлдэгч талууд хэн аль нь сайн дурын үндсэн дээр зөвшөөрч байгуулсан тул энэхүү гэрээг хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 232 дугаар зүйлийн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 282 дугаар зүйлийн 282.1.Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус хуульчлан зохицуулсан бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Зээлдүүлэгч нь харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний хугацаанд хамаарах хүүг зээлдэгчээс шаардах эрхтэй тул зээлдэгч Ө.Г нь гэрээнд заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны 18 сарын хүүг хариуцан төлнө. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанд сар тутамд төлөх хүүгийн хэмжээг талууд тохиролцсон тул зээлийн гэрээнд заасан эцсийн хугацаанаас хойшхи хугацаанд хүү төлөх үүрэг зээлдэгчид үүсэхгүй.

Зээлийн гэрээний 1.3 дахь хэсэгт зээл авсан өдрөөс эхлэн зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги хоног тутамд 0,2 хувиар тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч алданги шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахдаа алдангид 2,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагчаас алданги гаргуулах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Ө.Г ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,400,000 төгрөг, 18 сарын хүү 7,920,000 төгрөг, алданги 2,200,000 төгрөг, нийт 14,520,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэр хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,320 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас 14,520,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, Ө.Г ээс 14,520,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,320 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас 14,520,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА