Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00179

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00179

 

 

 

Д.Мөнхзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03413 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Мөнхзулын хариуцагч Ө.Гансүхэд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21 383 550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнхзул, хариуцагч Ө.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Мөнхзул нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ө.Гансүхэд 4 400 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй амаар тохиролцож зээлдүүлсэн. Тухайн үед Ө.Гансүх нь барилгын ажил хийдэг бригадтай байсан бөгөөд зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлдөг байсан. 1 жилийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөнгө төлөх боломжгүй байна гэсэн учир зээлийн гэрээ байгуулж 5 сараар сунгасан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч төлөөгүй. Иймд Ө.Гансүх зээлсэн 4 400 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сар хүртэл нийт 33 сарын зээлийн хүү 14 520 000 төгрөг, зээлийн гэрээний алдангид 2 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 4 400 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлсэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл зээлийн хүүг төлсөөр ирсэн бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. Гэрээний хугацаа дуусах буюу 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хүү 2 200 000 төгрөг байна. Иймд гэрээний үүргийн дагуу үндсэн төлбөр 4 400 000 төгрөг, хүү 2 200 000 төгрөг нийт 6 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Гэрээний хугацаа дууссан тул илүү хүүгийн төлбөрийг хариуцахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагчаас 14 520 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 320 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 230 550 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч хангаагүй нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэсэн гэдэгт эргэлзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхзул нь хариуцагч Ө.Гансүхэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 383 550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх1/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагчаас 14 520 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч анхан шатны шүүх өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах журмаар хэрэг хэлэлцэх явцад зохигчид эвлэрсэн болно.

Эвлэрлийн гэрээнд Ө.Гансүх би Д.Мөнхзулаас зээлсэн 8 800 000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3 400 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 4 400 000 төгрөгийг төлж барагдуулж дуусгах боломжтой тул дээрх нөхцлөөр эвлэрэх саналтай байна гэж заан зохигчид гарын үсгээ зуржээ.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч Д.Мөнхзул, хариуцагч Ө.Гансүх нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3 400 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 4 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

А.ОТГОНЦЭЦЭГ