Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2018/00838/И |
Дугаар | 101/ШШ2018/03414 |
Огноо | 2018-11-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2018/03414
2018 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2018/03414 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 7-р байр 59 тоотод оршин суух Даян овгийн Эрхэмбаярын У
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж 10г байр, 6 тоотод оршин суух Боржигон овгийн Мөнхдоржийн******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж 45-А байр 9 давхар-901 тоот хаягт байрлах О К ХХК-д холбогдох
Э.У ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургаар Э.У ын өмчлөлийн талбайд хамаарч байгааг тогтоолгож, тус талбайг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах, тус тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг хариуцагчийн зардлаар гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр О К ХХК Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд 10 давхар оффисын зориулалттай барилга барьж байсан бөгөөд барилгын ажил 2 давхарт орж байхад тус баригдаж буй барилгын 2 давхар 201 тоотод 128,81 м.кв талбайтай кафе, цайны газрын зориулалттай барилгыг Э.У бариулах, 1 давхарт 90 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгыг М.Түвшинжаргал бариулах, О К ХХК барилгын стандарт шаардлагыг хангасан гарц хаалгатай байна гэж танилцуулснаар Э.У , М.Түвшинжаргал нар 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан.
Энэхүү гэрэгээр, гүйцэтгэгч О К ХХК-ийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд баригдах Оршил төв барилгын 2 дугаар давхарт 128,81 м.кв талбай бүхий кафе, цайны газрын зориулалттай талбайг барьж гүйцэтгэн Э.У т хүлээлгэн өгөх, Э.У ажлын гүйцэтгэлд 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцон 226,263,000 төгрөг, О К ХХК-ийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд баригдах Оршил төв барилгын 2 давхарт 128,81 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтаар барих үүргийг хүлээсэн.
Э.У , М.Түвшинжаргал нар О К ХХК-д дээрх гэрээгээр тохирсон ажлын хөлсийг төлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2013 оны 11 дүгээр сарын 11-нд Э.У ын нэр дээр, 2013 оны 10 дугаар сарын 01-нд М.Түвшинжаргалын нэр дээр гаргуулж барилгыг хүлээж авсан.
О К ХХК-ийн улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургаар 2 давхрын 201 тоот нь гарцтай бөгөөд барилгын консоль хэсэг сул чөлөөтэй байж түүгээр дамжин гадагш гарах гарцтай нийт талбайн хэмжээ нь 124 м.кв байхаар төлөвлөсөн байгаа нь 201 тоотын өмнөх хэсгийн талбай 7 м.кв талбай нь Э.У ын өмчлөлийн талбайд хамаарч байгааг нотолж байна. Энэ талбайг О К ХХК нь гуравдагч этгээдэд түрээслүүлж Э.У ын өмчлөх эрхийг зөрчиж байгаа нь хууль бус юм.
Мөн О К ХХК нь Э.У , М.Түвшинжаргал нартай байгуулсан гэрээний 1.2 дахь заалтын дагуу тус барилгыг Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад норм, дүрэм стандартын дагуу барих үүргээс зөрчиж, Э.У ын өмчлөлийн 2 давхрын 201 тоот талбайд гарц хаалга хийгээгүй улмаас галын болон ослын нөхцөлд иргэд гарах гарц байхгүйгээс 1 давхар болон 2 давхраар үйлчлүүлж байгаа иргэд зөвхөн 1 давхраар дамжин гарахаас өөр аргагүй тул галын болон аваар ослын нөхцөлд иргэдийн амь нас хохирч болзошгүй эрсдэлтэй байна.
Э.У , М.Түвшинжаргал нар барилгыг хүлээж авах явцад О К ХХК-д хандан гарц, хаалга гаргах талаар шаардахад Гарц хийх боломжгүй, худалдах талбай гэх мэтээр хариуг өгдөг нь үндэслэлгүй юм. Учир нь 2 давхраас дээшхи дахвхрууд бүгд гарцтай. 2 давхарт улсын комисст өгсөн барилгын зурагт барилгын консоль хэсгээр дамжин гадагш гарах гарц хийхээр төлөвлөгдсөн тул барилгын зургийн дагуу 201 тоотод гарц хаалга гаргах нь галын болон бусад осол аюулын эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм.
Э.У ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургаар Э.У ын өмчлөлийн талбайд хамаарч байгааг тогтоолгож, тус талбайг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах, тус тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг хариуцагчийн зардлаар гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч О К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гэрээ байгуулахад одоо байгаа барилга дээр өөрийнх нь авсан барилгын дагуу план зургийг үзүүлсэн. Үүний дагуу гарц хаалга байгаа тэрийг манайх хүлээн зөвшөөрч байна. Гарц хаалга гаргаж өгөх боломжтой гэсэн байр суурьтай байсан. Барилгын комисст өгсөн зурагт бол барилгын үндсэн хийцэд өөрчлөлт оруулахгүйгээр жижиг хэмжээний өөрчлөлтийн барилгын компани хийдэг. Анх план зургаасаа өөр талбай зараагүй. Гэтэл тэр архивт өгсөн барилгын үндсэн талбайг хараад 5-6 жилийн дараа энэ чинь манайх байсан байна гэж маргах нь зохимжгүй. Манайх гарц хаалган дээр маргах зүйл байхгүй гаргаж өгнө. 5 м.кв дээр эвлэрэх саналыг хүлээж аваагүй учраас энэ байдал үүссэн.
Зурагны талаар асуудал нэхэмжлэгч ярьж байна. Улсын комисст өгсөн зургыг бид нар тэр хэвээр нь бүртгэлд өгдөг. Барилгын зургыг бид нар үйлчлүүлэгч нарт ойлгомжтой байх үүднээс гаргаж өгдөг. Барилгын зургийг заавал орон сууц захиалгын гэрээнд хавсаргах ёстой гэсэн зүйл байхгүй. Нийтийн эзэмшлийн талбай гэж ярьж байгаа талбайн цаана дахиад 10 гаруй м.кв нийтийн эзэмшлийн талбай байгаа. Уг барилга нь нийт 10 давхар. 3-р давхраас эхлээд захиалагчийн үндсэн талбайд багтсан байдаг. Энэ бол нийтийн эзэмшлийн талбай бол биш юм. Хаалга гаргаж өгнө гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж эрх зүйн харилцаа үүссэн. Энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Худалдах худалдан авах гэрээ үүсэж байгаа үед Иргэний хуулийн 254.6 болон 255-д зааснаар тухайн худалдан авагч м.кв-ын талаар шаардлага гаргах боломжтой байсан боловч одоо шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. Талууд бол гэрээтэй холбоотой план зургыг хавсаргасан байна. Тухайн план зургийг дагуу бол 128,81 м.кв гэж заасан байдаг. Хот айлын гаргасан үнэлгээгээр бол 124,36 м.кв гээд 4,45 м.кв -ийн зөрүү үүссэн. Тухайн м.кв худалдан авагч шалгаж авах үүрэгтэй тухайн үед мэдэх боломжтой шаардлага гаргаж болох байсан. Орц гарцны асуудлыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Гаргаж өгөх бүрэн боломжтой. Нэхэмжлэлийг шаардлагаас орц гарц гаргах хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс нийтийн эзэмшлийн талбайн талаар дурьдаж байна нэхэмжлэлийн шаардлага нь У ын өмчлөлийг тогтоолгох гэсэн хувийн эрх ашгийг хамгаалж байна. Иймд 7м.кв талбайг өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэх байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У , М.Түвшинжаргал нар нь хариуцагч О К ХХК-д холбогдуулан, Э.У ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургаар Э.У ын өмчлөлийн талбайд хамаарч байгааг тогтоолгож, тус талбайг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах, тус тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг хариуцагчийн зардлаар гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу гарц хаалгыг хариуцагчийн зардлаар гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч О К ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй Оффис, үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын 90,5 м.кв, 2 дугаар давхрын 128,81 м.кв талбай бүхий үйлчилгээний заалны барилгын ажлыг гүйцэтгэх захиалагч уг уг барилгыг захиалан хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон байх бөгөөд хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000277690, 000277691 дугаартай гэрчилгээнүүдээс үзэхэд, Ү-2204054724 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, /13381/ Токиогийн гудамжны 45/А дугаар байрны 1 дүгээр давхрын 101 тоот үйлчилгээний зориулалттай 90,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Түвшинжаргал, Ү-2204054723 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, /13381/ Токиогийн гудамжны 45/А дугаар байрны 2 дугаар давхрын 201 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.У болох нь тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ дээр дурдсанаар баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөргчигчөөс шаардах эрхтэй. Гэхдээ өмчлөгч буюу нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь дээр дурдсан Барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болон өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан талбайн хэмжээгээр зохицуулагдах тул Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургаар Э.У ын өмчлөлийнх гэж үзэх үндэслэлгүй.
Талуудын маргаж буй Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь Э.У ын өмчлөлд хамаарахгүй боловч уг 201 тоотыг барилгын шатны хонгил руу нэвтрэх гарцыг байрлуулах зориулалттай болох нь хэрэгт авагдсан Үндэсний төв архиваас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хуулбарлан олгосон тухайн барилгын план зургаар тогтоогдож байх тул уг 7 м.кв талбай бүхий хонгилын хэсгийг нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ач холбогдолтой талбай гэж үзнэ.
Дээрх 7 м.кв талбай буюу 201 тоотоос барилгын шатны хонгил руу нэвтрэх хэсэгт гарц хаалга байхгүй, хариуцагч нь дээрх үүдэн хэсэгт шилэн хаалт бүхий оффисын тасалгаа байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын өмлөгчид өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч О К ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу тухайн барилгын ажлыг гүйцэтгэхдээ Иргэний хууль, барилгын тухай хууль болон бусад норм, дүрэм стандартыг удирдлага болгон ажиллах үүрэгтэй тул Токиогийн гудамж 45/А дугаар байрыг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу тухайн барилгын 2 дугаар давхрын 201 тоотын шатны хонгил руу нэвтрэх үүдэн хэсэгт гарц хаалгыг гаргах үүрэгтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургаар Э.У ын өмчлөлийн талбайд хамаарч байгааг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус талбайг чөлөөлөх, тус тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг өөрийн зардлаар гаргахыг хариуцагч О К ХХК-д даалгаж шийдвэрлэв.
Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсэгт гарц хаалга гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан 70,200 төгрөгөөр тооцон хариуцагчид ногдуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургаар Э.У ын өмчлөлийн талбайд хамаарч байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус 201 тоотын шатны хонгил руу нэвтрэх талбайг чөлөөлөх, улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу тус 201 тоотын шатны хонгил руу нэвтрэх талбайн үүдэн хэсэгт барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг өөрийн зардлаар гаргахыг хариуцагч О К ХХК-д тус тус даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868,880 төгрөгийн 781,126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 87,754 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч О К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.У т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА