Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2153

 

Э.У-, М.Т-нарын                                                                             нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03104 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.У-, М.Т-нарын нэхэмжлэлтэй хариуцагч “ОК” ХХК-д холбогдох

Э.У-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын үүдэн хэсэгт хамаарах 7 м.кв талбайг чөлөөлүүлэх, тус 201 тоотыг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг хариуцагчийн зардлаар гаргахыг даалгах,

М.Түвшинжаргалын 30 465 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У-, түүний өмгөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОК” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар гүйцэтгэгч "ОК” ХХК нь Баянзүрх дүүргийн 3-р хороо оффиссын барилгад нэг давхарт 90.5 м.кв, 2 давхарт 128.81 м.кв талбай бүхий офисс үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэж, захиалагч Э.У-, М.Т-бид нар нь барилгын 1 давхрын 1 м.кв-ийг 2 500 000 төгрөгөөр тооцон 226 263 000 төгрөг, 2 давхрын барилгын 1 м.кв-ийг 2 300 000 төгрөгөөр тооцон нийт 522 513 000 төгрөг тус тус бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. “ОК” ХХК нь Э.У-тай байгуулсан гэрээний 1.2 дахь заалтын дагуу тус барилгын талбайг Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад норм, дүрэм стандартын дагуу барих үүргээ зөрчиж, Э.У-ын өмчлөлийн 2 давхрын 201 тоот талбайд гарц хаалга хийгээгүйн улмаас галын болон ослын нөхцөлд иргэд гарах гарц байхгүйгээс 1 давхар болон 2 давхраар үйлчлүүлж байгаа иргэд зөвхөн 1 давхраар дамжин гарахаас өөр аргагүй тул галын болон аваар ослын нөхцөлд иргэдийн амь нас хохирч болзошгүй эрсдэлтэй. Түүнчлэн Э.У-ын 2 давхрын үйлчилгээний талбай руу нэвтрэхийн тулд М.Түвшинжаргалын 1 давхрын хаалгаар дамжин зориулалтын бус шатаар дамжин ордог тул М.Т-өөрийн өмчлөлийн зарим талбайг зориулалтын дагуу ашиглаж чаддаггүй, М.Т-Э.У- нар 1, 2 давхрын үйлчилгээний талбайг бусдад худалдан борлуулах, түрээслүүлэх зэрэгт хүндрэл учирч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ өсөхгүй улмаар Э.У-, М.Түвшинжаргалын өмчлөх эрх зөрчигдөж байгаа болно. Иймд барилгын зургийн дагуу 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлүүлж, барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг өөрсдийн хөрөнгөөр гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Т-шүүхэд гаргасан тайлбартаа: “ОК” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт илүү төлсөн 22 500 000 төгрөг, мөн 22 500 000 төгрөгийг арилжааны банкинд 59 сар хадгалуулж олох байсан орлогод 7 965 000 төгрөг, нийт 30 465 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа:  “... ОК ХХК гэрээнд заасан үйлчилгээний талбайг 2013 оны 09 сард барилгыг ашиглалтанд оруулж 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үйлчилгээний талбайг актаар хүлээлгэн өгсөн. Энэ үеэс нэхэмжлэгч нар оффис, үйлчилгээний талбайг эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 90.5, 128.81 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нар нь нэр дээрээ гаргуулан авсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь үйлчилгээний талбайг 2013 онд хүлээн авснаас хойш талбайн хэмжээ дутуу талаар өнөөдрийг хүртэл гомдол гаргаж байгаагүй бөгөөд бүхэл бүтэн 5 жилийн дараа зураг төслийн компаниар хэмжилт хийлгэж 9-25 м.кв талбай дутуу гэх асуудлыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. Талбайн хэмжээ дутуу гэх асуудал нь ашиглалтын явцад үүсэх, эсхүл дараа нь үүсэх далд доголдол биш тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Нэхэмжлэгч нар барилгын 2 давхрын 201 тоотод гарц, хаалга гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нь тус талбайг 2013 оны 9 сард хүлээн авахдаа гарц, хаалга гаргуулах шаардлага мөн гаргаагүй, 2018 он дуустал ямар нэгэн гомдол, саналгүй эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд хэрэв гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах боломж байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны 2 дугаар давхрын 201 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гарах хаалгыг барилгын зураг төслийн дагуу гаргаж, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02 стандартын дагуу гарц, орц гаргахыг хариуцагч ОК ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үүдний хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.Түвшинжаргалын хариуцагч “ОК” ХХК-иас 30 465 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868 880 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Э.У-аас 70 196 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагч “ОК” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.У-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй талбайн асуудлаар шинжээч томилуулах хүсэлт шүүхэд тавьсныг хариуцагч эсэргүүцсэн боловч шүүхээс хүсэлтийг ханган шийдвэрлэсэн. Улмаар шүүхэд хэргийн үйл баримтыг нотлох шинжээчээр оролцсон “Хот Айл” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 7 м.кв талбай нь барилгын зургаар нэхэмжлэгчийн талбайд хамаарч байгаа нөхцөл байдлыг тогтоосон, хариуцагч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой дахин болон нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй, “Хот Айл” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж чадах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 7 м.кв талбай улсын комисст өгсөн барилгын зургаар Э.У-ын үүдэн хэсгийг чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн дүгнэлт хийж МУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн. Учир нь Барилгын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан галын болон бусад аюул ослын үед нэхэмжлэгчийн үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлөөгүйгээс болж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй. Барилгын зурагт заасан хэмжээнд 7 м.кв талбайг чөлөөлүүлэх нь ач холбогдолтой бөгөөд шүүх нь мэргэжлийн байгууллагаас баталсан зураг, төслийг багасгах эрх хэмжээ МУ-ын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдоогүй тул 7 м.кв талбайг чөлөөлөх шаардлагагүй, харин 5 м.кв гарц гаргах нь зүйтэй гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь хариуцагчийн өмчлөлд байгаа нь үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлөхөөс татгалзах үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгчийн Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь орц, гарц, шатны хонгил, хаалга хэсэг бөгөөд зөвхөн орц, гарц гэж үзэх нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. “ОК” ХХК нь нэхэмжлэгчид худалдсан 201 тоотын улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт дараах нөхцөл байдлыг тодорхой харж болно. Үүнд: 1. Нэхэмжлэгчийн 201 тоотын гадагш гарах орц, гарц бүхий 7 м.кв талбайн гадна талд байрлахаар төлөвлөгдсөн 2. Нэхэмжлэгчийн 201 тоот дотор талаас гадагш гарах орц, гарц руу нэвтрэх барилгын хэсэг сул чөлөөтэй байхаар төлөвлөгдсөн байдаг. Гэтэл хариуцагч 201 тоот дотор талаас гадагш гарах орц, гарц, шатны хонгил, хаалга нэвтрэх барилгын хэсэг сул чөлөөтэй хэсгийг битүүлж, шилэн хаалт бүхий оффисын тасалгаа хийж Э.У-ын өмчлөх эрхийг зөрчсөнийг шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт удаа дараа нотлогдсон. Нэхэмжлэгчийн Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь Э.У-ын өмчлөлийн талбайд хамаарахгүй боловч уг 201 тоотыг барилгын шатны хонгил руу нэвтрэх гарцыг байрлуулах зориулалттай болох нь хэрэгт авагдсан Үндэсний архиваас олгосон тухайн барилгын план зургаар тогтоогдож байх тул уг 7 м.кв талбай бүхий хонгилын хэсгийг нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ач холбогдолтой талбай гэж үзнэ. Дээрх 7 м.кв талбай буюу 201 тоотоос барилгын шатны хонгил руу нэвтрэх дээрх үүдэн хэсэгт шилэн хаалт бүхий оффисын тасалгаа байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэр тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868 880 төгрөгийн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э.У-аас 70 196 төгрөгийг нөхөн гаргуулсугай” гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэг Э.У-ын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг зөв бодож чадаагүй байгаа тул хуульд заасан хэмжээнд бодож нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Т-Э.У- нар нь хариуцагч ОК ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт зааснаар чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах, уг 201  тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт зааснаар барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг хариуцагчийн зардлаар гаргахыг даалгуулах гэсэн 2 шаардлага бүхий  нэхэмжлэл гаргажээ. /2хх-ийн 89/

 

Хариуцагч “ОК” ХХК нь нэхэмжлэлийн 2 дах шаардлага буюу 201  тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт зааснаар барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг хариуцагчийн зардлаар гаргахыг даалгуулах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр “ОК” ХХК Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй Оршил төв барилгын 2 дугаар давхарт 128.81 м.кв талбай бүхий кафе, цайны газрын зориулалттай талбайг барьж гүйцэтгэн Э.У-т хүлээлгэн өгөх,  Э.У- 1 м.кв талбайг 2 300 000 төгрөгөөр тооцон 296 263 000 төгрөг төлөх, 1 давхарт 90.5 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар барьж М.Түвшинжаргалд хүлээлгэн өгөх, М.Т-1 м.кв талбайг 2 500 000 төгрөгөөр тооцон 226 250 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

 Нэхэмжлэгч нар хариуцагчид дээрх гэрээгээр тохирсон төлбөрийг төлж, гэрээнд заасан талбайг хүлээн авч, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Э.У-ын нэр дээр, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М.Түвшинжаргалын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус олгогдож  өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцсон “Хот Айл” ХХК-ийн дүгнэлтэд “...Э.У-ын өмчлөлийн талбайд хамаарах 2 дугаар давхрын 201 тоот нь улсын комисст хүлээлгэн өгсөн архивт байгаа план зурагт 2 дугаар давхрын шатны эсрэг талын талбайн хэсэгт орц хаалга байхаар тусгагдсан ба баруун талын цонхны талд хаалганы нүх гаргасан байна. Энэ орцны хаалга төлөвлөгдсөн хэсэг нь иргэн Э.У-ын кофе шоп-ын хэсэгт хамааралтай орцны хэсэг болох нь архивын зургаас тодорхой харагдаж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.У-ын өмчлөлийн дээрх 201 тоотоос барилгын шатны хонгил руу нэвтрэх хэсэгт гарц хаалга байхгүй, уг хэсэгт хариуцагч нь шилэн хаалт бүхий тасалгаа бий болгосноос 201 тоот руу нэвтрэхийн тулд 1 дүгээр давхрын буюу М.Түвшинжаргалын өмчлөлийн талбайн хаалгаар орж гардаг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба  хариуцагчийн үйлдэл нь өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Э.У-ын өмчлөлийн дээрх 201 тоот талбайн үүдэн хэсэгт байрлах 14.9 м.кв талбай нь хариуцагч “ОК” ХХК-ийн өмчлөх эрхэд улсын бүртгэлд бүртгэлтэй, бүртгэл хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчийн 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

Харин хариуцагч нь галын аюулгүй байдлын шаардлага хангасан, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД21-01-02 стандартын дагуу өөрийн өмчлөлийн 14.9 м.кв талбайн зарим хэсэг 5 м.кв талбайг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Э.У- нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зарим хэсгээс татгалзсан байдаг боловч ийнхүү өөрчлөх хүртэл талууд мэтгэлцэж шүүх хуралдаан явагдаж байсан тул мөнгө нэхэмжилсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буцаан олгох үндэслэлгүй. /хх-ийн 110, 123, 134/ Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд” гэж заасан байна. 

 

 Мөн М.Т-нь шүүхийн шийдвэр хүчингүй болсноос хойш нэхэмжлэлээс татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамж буцаан олгогдохгүй болно. /2хх-ийн 142/

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03104 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.У-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 давхрын 201 тоотод байрлах 128.81 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гарц хаалгыг барилгын зураг төслийн дагуу Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02 стандартын дагуу гарц, орц гаргаж өгөхийг, 201 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үүдэн хэсгийн 5 м.кв талбайг чөлөөлөхийг тус тус “ОК” ХХК-д даалгасугай” гэж, 2 дах заалтын “...нэхэмжлэгч Э.У-аас 70 196 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагч “ОК” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.У-т олгосугай” гэснийг “хариуцагч “ОК” ХХК-иас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.У-т олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3  дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ