Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2504

 

МАГАДЛАЛ

 

2018.12.17                                                 Дугаар 2504                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Ж.Г, ГДД Ф ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02051 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Г, ГДД Ф ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаар захирамжаар ГДД Ф  ХХК-иас 1 304 813 910 төгрөгийг гаргуулж НТ ХХК-нд олгохоор шийдвэрлэсний дагуу НШШГГ-аас ГДД Ф  ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг битүүмжилж хураан авч, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний МОТ ХХК-иар үнэлгээ хийлгэж нийт 1 195 983 200 төгрөгийн үнэлгээг НШГА-аас тогтоосон байна. Уг үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн бөгөөд дээрх үнэлгээг төлбөр төлөгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, хөндлөнгийн шинжээчээр томилогдсон            МОТ ХХК нь төлбөр төлөгчийн өмчлөлийн хувийн сууцанд үнэлгээ хийхдээ зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлж, компанийн өмчийг үнэгүйдүүлсэн, зах зээлийн жишиг хандлагыг буруу тодорхойлж гаргасан байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн МОТ ХХК-ийн үнэлгээчний тогтоосон ГДД Ф  ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг нийт 1 195 983 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын     22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаар захирамжаар ГДД Ф  ХХК, Ж.Г нараас 1 304 813 910 төгрөгийг гаргуулж НТ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад Ж.Г-ийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 21/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот, 22/2 тоот, 24/2 тоот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 байрны подвалын 5 тоот үл хөдлөх эд хөрөнгүүд нь НТ ХХК-тай байгуулсан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнд бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч ГДД Ф  ХХК, Ж.Г нарын арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул Ж.Г-ийн өмчлөлийн төлбөр авагч НТ ХХК-ийн барьцааны эд хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 190/05, 190/03, 90/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 190/08, 190/09, 190/07 дугаар тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Ж.Г-т тогтоолын хувийг гардуулж, үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан. Төлбөр төлөгч Ж.Г, ГДД Ф ХХК-нд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3/115261, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3/17517, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/24974 дугаар албан бичгүүдээр үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр МОТ ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний МОТ ХХК 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2, 23/3, 23/4 тоот амины орон сууцны зориулалттай, гурван дуусаагүй барилгыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1 341 400 000 төгрөгөөр үнэлж тайланг тус газарт ирүүлсэн. Үнэлгээний талаарх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/27794 дугаар мэдэгдлийг ГДД Ф  ХХК-ийн нярав Ц.Б-т 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардуулсан. Төлбөр төлөгч Ж.Г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж шүүхийн заасан хаягт оршин суудаггүй, шийдвэр гүйцэтгэгчийн зарлан дуудсан хугацаанд ирдэггүй тул 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 190/10 дугаар тогтоолоор эрэн сурвалжлуулахад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ГДД Ф  ХХК-иас Б.Б-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон хүсэлтийг ирүүлсэн. Ж.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ыг томилж, санал хүсэлтээ уламжлуулсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй дахин танилцсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч ГДД Ф  ХХК болон Ж.Г нарын эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацаа хэтэрсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Н, Т.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ж.Г хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн албанд очиж тайлбар өгсөн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийг хугацааг зөрчиж буюу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дууссан байгаа. Манай байгууллага 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хохирч байна. Шүүхээс томилсон ИЭ  ХХК нь                    1 331 961 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд МОТ ХХК-ийн үнэлгээнээс            10 000 000 орчим төгрөгөөр бага гарсан байгаа. Манай байгууллагын зүгээс МО ХХК-ийн үнэлгээнд эргэлзэхгүй байгаа бөгөөд ИИ ХХК-ийн үнэлгээгээр шүүх шийдсэн ч манай байгууллыг зүгээс ямар нэгэн гомдол байхгүй. Манай     байгууллага нь үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компанитай бөгөөд тодорхой хэмжээний судалгаа хийж өгсөн. Манай охин компанийн зүгээс дээрх 2 шинжээч байгууллагын үнэлгээг зах зээлийн ханшинд нийцсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт зааснаар Ж.Г нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГ-т холбогдох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг 1 341 420 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Г, ГДД Ф ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Бодит байдал дээр дээрхи МОТ ХХК, ИИ  ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан байдаг бөгөөд хоёулаа хэт доогуур үнэлэгдсэн нөхцөл байдлууд тогтоогдсон байхад шүүх уг асуудлыг анхаарч үзээгүй, зөрүүтэй гарсан дүгнэлтүүдийг харьцуулсан нь нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Үүнээс гадна гуравдагч этгээд НТ ХХК-ийн зүгээс 2 удаагийн дүгнэлтэд хөндлөнгөөс нөлөөлсөн байдаг бөгөөд энэ тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хэлэхдээ "Манай байгууллага нь үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компанитай бөгөөд тодорхой хэмжээний судалгаа хийж өгсөн" гэж хэлсэн байдаг. Энэ нь тухайн хоёр байгууллагын үнэлгээний дүгнэлт гарах бүрт төлбөр авагч буюу гуравдагч этгээд НТ   ХХК нь үнэлгээ гаргах явцад судалгаа хийж өгсөн нэрийдлээр хувийн ашиг сонирхолоор тухай бүр хандаж байсныг шүүх анхааралгүй хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч Ж.Г, ГДД Ф ХХК нар нь хариуцагч НШШГА-д холбогдуулан уг эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагч НТ ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.

Хэргийн баримтаас үзвэл Ж.Г, ГДД Ф ХХК нар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01177 дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлбөр авагч НТ ХХК-д төлөх 1 300 000 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож, захирамж биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /хх 29-63/

 

Нэхэмжлэгч Ж.Г, ГДД Ф ХХК нар нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар ГДД Ф  ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, барьцааны хөрөнгийн үнийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр МОТ ХХК-ийг томилсон байна. Шинжээч дээрх хөрөнгийн үнэлгээг хийж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хүрхрээ 1 дүгээр гудамж 22/2, 23/3, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зах зээлийн үнэ 1 341 400 000 төгрөг болохыг тогтоосон тайланг НШШГГ-аас  төлбөр төлөгч ГДД Ф  ХХК-ийн захирал Ж.Г-т 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүргүүлснийг нярав Ц.Б-т 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх 97,98/

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас барьцааны эд хөрөнгийг үнийг дахин шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу ИЭ  ХХК-ийг шинжээчээр томилон дээрх эд хөрөнгийн үнийг 1 331 961 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн МОТ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “шинжээч үнэлгээг хийхдээ зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн” гэх үндэслэл заасан байх боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй мөн дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд гаргаагүйг шүүх зөв дүгнэжээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх йхуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ