Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2018/02165

 

 

 

 

 

 

 

 

       2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2018/02165

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Т... овогт Д.. Ц... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: ... байранд байрлах .Х-д холбогдох,

 

Зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд үргэлжүүлэн ажлуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А хариуцагчийн төлөөлөгч Ц.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний өмгөөлөгч Б.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 04 сарын 30-ны өдөр Х-ны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 12 сарын 14-ний өдөр №Б/158 тоот Х-ны даргын тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан. Миний бие 2018 оны 01 сарын 23-ны өдөр төрж охинтой болсон. Хуулиар олгосон жирэмсний болон амаржсаны хугацаагаа дуусгаж ажилдаа эргэж орох хүсэлтээ 2018 оны 03 сарын 29-ний өдөр Х-ны нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга Ж.И-д, 2018 оны 03 сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ц нарт тус тусад нь өргөдөл, хүсэлтээ гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан хариу өгөлгүй миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Би Хаан банкнаас 2017 оны 01 сарын 20-ны өдөр 11 000 000 төгрөгийн Цалингийн зээл авч сард 560 000 төгрөгийн эргэн төлөлт хийдэг мөн 2015 оны 11 сарын 26-ны өдөр 50 000 000 төгрөгийн орон сууцны зээл авч сард 918 000 төгрөгийн эргэн төлөлтийг тус тус төлдөг. Нийт сард 1 478 000 төгрөгийг Хаан банкинд төлдөг учраас ажилдаа эргэж орох амьдралын зайлшгүй шаардлагатай байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу ажил олгогч буюу Х-д Д.Цг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь буюу нягтлан бодогчоор эргүүлэн томилон ажиллуулахыг даалгаж өгнө үү. Д.Ц нь ажил албан тушаалдаа эргэн орох зайлшгүй шаардлагатай байга ба Хаан  банкнаас цалингийн болон орон сууцны нийт хоёр зээлд сард 1 478 000 төгрөг төлдөг учраас ажил албан тушаалдаа эргэн орох хүсэлтэй байгаа юм. Иймд Д.Цгийн зөрчигдсөн эрхийг сэргээж Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч буюу Х-дД.Цг урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц өргөдөлийнхөө бүрдүүлбэрийг хангаад өгвөл урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаар Д.Цд хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна гэв. 

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь Х-дхолбогдуулан зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд үргэлжүүлэн ажлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь Х-ны даргын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №24 дугаар тушаалаар дүүргийн .. ажлын албаны нягтлан бодогчоор томилогдсон бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Х-ныдарга Б.Бат-Оргилтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х-ныдаргын “жирэмсний болон хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах хугацааны чөлөө авсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч Д.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ц, Х-ныбөгөөд ажлын албаны дарга Ж.И нарт урьд эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтээ гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь уг асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандсан зэрэг үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.

Дээрх байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч нь өргөдлөө Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу холбогдох эрх бүхий албан тушаалтанд гаргасан байх ба мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан хугацаанд, мөн хуулийн 13, 14, 15 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн төлөөлөгчийн “Д.Ц өргөдөлийнхөө бүрдүүлбэрийг хангаад өгвөл урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжтой, Д.Цд энэ талаар хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтай байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгална” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэгч Д.Цг нягтлан бодогчийн ажилд үргэлжүүлэн ажиллуулах үүрэгтэй байна. 

 

Иймд хариуцагч байгууллага нь хуулиар ногдуулсан үүргээ зөрчиж нэхэмжлэгч Д.Цгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Х-нынягтлан бодогчоор ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цг Х-нынягтлан бодогчоор үргэлжүүлэн ажилуулахыг Х-ддаалгасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ