Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/03585

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/03585

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол 905 дугаар байр, 110 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Махбариадын Б /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байрлах НШШГГт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2237 дугаар шийдвэрээр М.Б надаас 168,031,000 төгрөгийг гаргуулж У.Батсуурьт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 186 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуул, барьцааны эд хөрөнгө болох миний өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Хөрөнгө эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 173,781,200 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хөрөнгө-эстимэйт ХХК нь миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлж, миний өмчлөлийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэхэд хүрч байна. Миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэлгээ нь 245,000,000 төгрөгийн ханштай байхад Хөрөнгө-эстимэйт ХХК хэт хувийн сонирхлоор хандаж, бодит үнэлгээнээс доогуур үнэлж байна.

Хөрөнгийн үнэлгээний газар нь үнэлгээ гаргахдаа хэтэрхий хайнга хандаж орон сууцны бодит үнүэлгээг гаргаагүй гэж үзэж байгаа учир үнэлгээг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хөрөнгийн үнэлгээний газар нь тухайн орон сууцны ойр орчмын орон сууцнууд зах зээл дээр ямар үнэ ханштайг нарийн судлалгүйгээр судалгаа хийлгүйгээр үнэлгээ гаргасан гэж үзэж байна.

Иймд үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Хөрөнгө-эстимтэйт ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг 173,781,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-эстимэйт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тул өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай саналыг авч хуульд заасан хугацааг олгосон боловч төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй тул мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн боловч 1 санал ирж албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг 173,781,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2237 дугаар шийдвэрээр М.Б гаас 168,031,000 төгрөгийг гаргуулж У.Батсуурьт олгохоор, төлбөр төлөгч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай 155 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрт дурдагдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилжээ.

Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь барьцаа хөрөнгийг үнэлж 2018 оны 8 дугаар сарын 14-ны өдөр дүгнэлт гаргаж, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 173,781,200 төгрөг хэмжээн дүгнэсэн байх бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/12549 дугаартай Мэдэгдэл-ийг төлбөр төлөгч М.Б д хүргүүлж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч М.Б нь дээрх үнэлгээ буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдэгдэлтэй танилцаж гарын үсгээ зурсан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийг өөрийн биеэр зарж борлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, НШШГГт 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

Гэтэл нэхэмжлэгч М.Б нь шинжээч Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрөх бус тухайн хөрөнгийг өөрөө худалдан борлуулахаар НШШГГт хүсэлт гаргасан нь дээрх үнэлгээг зөвшөөрөөгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Дээр дурдсанаар, М.Б үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шинжээчийн дүгнэлт эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй тул үнэлгээг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-т заасан ажиллагааг явуулах бүрэн эрхтэй бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй байх тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулж хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг 173,781,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэргсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА