Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00267

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/03585 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2237 дугаар шийдвэрээр М.Баярмагнай надаас 168 031 000 төгрөгийг гаргуулж У.Батсуурьт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 186 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны эд хөрөнгө болох миний өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар “Хөрөнгө-эстимэйт” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 173 781 200 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Хөрөнгө-эстимэйт” ХХК нь миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлж, миний өмчлөлийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэхэд хүрч байна. Миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэлгээ нь 245 000 000 төгрөгийн ханштай байхад “Хөрөнгө-эстимэйт” ХХК хэт хувийн сонирхлоор хандаж, бодит үнэлгээнээс доогуур үнэлж байна. Хөрөнгийн үнэлгээний газар нь үнэлгээ гаргахдаа хэтэрхий хайнга хандаж орон сууцны бодит үнэлгээг гаргаагүй гэж үзэж байгаа учир үнэлгээг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний газар нь тухайн орон сууцны ойр орчмын орон сууцнууд зах зээл дээр ямар үнэ ханштайг нарийн судлалгүйгээр судалгаа хийлгүйгээр үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Иймд үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг 173 781 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тул өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай саналыг авч хуульд заасан хугацааг олгосон боловч төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй тул мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн боловч 1 санал ирж албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШГА-д холбогдох, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг 173 781 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/03585 дугаар шийдвэрийг хүлээн аваад нэхэмжлэгч талаас энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс Баянгол дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг 173 781 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгө-эстимэйт" ХХК-ийн үнэлсэн үнэлгээ нь бодит бус тухайн байрны байрлал орчин тойрон болон ашиглалтад орсон хугацаа зэргийг харгалзалгүйгээр үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Мөн үнэлгээ гаргахдаа барьцаа хөрөнгийн байрлалд байрлаж байгаа орон сууцны зах зээлд зарагдаж байгаа байрнуудтай харьцуулж үнэлгээ гаргаагүй, хамааралгүй хол байрлалтай орон сууцтай харьцуулж үнэлгээ гаргасан. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь хэт нэг талыг барьж анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан болно. Иймд бодит бус үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/03585 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.       

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02237 дугаар шийдвэрээр Д.Б-д холбогдох У.Батсуурийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2088 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Д.Б-гаас 168 031 000 төгрөгийг гаргуулж, У.Батсуурьт олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд, Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00168 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 37-47 дугаар тал/

Хариуцагч нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тус тус нэхэмжлэгч Д.Б-д хүргүүлж, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргажээ. /хх-ийн 51-57 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Б-н орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналд талууд тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГ нь “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 6 дугаар байрны 227 тоот орон сууцыг 173 781 200 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 56, 58, 64-74 дүгээр тал/

Түүнчлэн, хариуцагч байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/2549 дугаар мэдэгдлээр хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн биеэр зарж борлуулах хүсэлтийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргаж байжээ. /хх-ийн 75-76 дугаар тал/

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх боловч энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/03585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                        

                                ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА                                                                                                                                                        Г.ДАВААДОРЖ