Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2019/00658

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дугаар баг, Ө сумын Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа явуулдаг, Сум хөгжүүлэх сан /дарга Ө сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Б, утас: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, Ж  овогт Зейнелийн Ү/утас:, РД: /, Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж  овогт Ү-ий Т /утас:, РД: / нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 34000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ө сумын Засаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ү.Т, З.Үнар 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 24 сарын хугацаатай жилийн 3% хүутэй 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн юм. З.Ү, Ү.Т нар нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн "Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ"-ээр 4,0 сая төгрөгийг 24 сарын хугацаагаар, жилийн 3, сарын 0,25 хувийн хүүтэйгээр авч уг зээлээс 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, бүгд 600,000 төгрөг төлсөн. Үүнийг үндсэн зээлээс хасаж тооцвол 3,400,000 төгрөг үлдсэн. Тус шүүхэд 2019.05.01-ны өдөр зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүгийн хамт 4,283,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 364 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн боловч Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. З.Ү, Ү.Т нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн шалтаг тоочиж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл З.Ү, Ү.Т нар нь 4,0 сая төгрөгийг зээлээр авсан бөгөөд үүнээс 3,400,000 төгрөг үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул гэрээний дагуу шилжүүлсэн зээлийг хүүгийн хамт шаардах эрхээ алдсан ч шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах хуулийн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж заасан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3400,000 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймд З.Ү, Ү.Т нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 3,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол шаардах эрхтэй гэж заасан. Бидний хооронд 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба үүрэг үүссэн гэж үзэж байна. Зээлийн гэрээтэй холбоотой урьд нь нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн нь бидний буруутай үйл ажиллагаа биш, нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан ба тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т Дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж, мөн хуулийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол гэж тус тус тус заасан. Дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч талд шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Ө сумын Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан заалт бидэнд хамаарахгүй гэж үзэж байна. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь хариуцагч З.Ү, Ү.Т нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 3400000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

НЭхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ З.Ү, Ү.Т нар нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр 4.0 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ба үүнээс 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 350000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр 250000 төгрөг төлж, 3400000 төгрөг үлдсэн бөгөөд уг төлбөрийг хүүгийн хамт 4283680 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. З.Ү, Ү.Т нараас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч шилжүүлсэн мөнгийг буцаан шардах эрхтэй тул З.Ү, Ү.Т нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 3400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэг талаас зээлдүүлэгч Ө сумын Засаг дарга, Төрийн сангийн төлөөлөгч, Сумын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, нөгөө талаас зээлдэгч З.Үсэн, хамтран үүрэг гүйцэтгэгч З.Т нар нь харилцан тохиролцож 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж 4,0 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй зээл олгосон байх ба уг гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ө сумын Засаг даргаас зээлдэгч З.Ү, Ү.Т нараас 4283680 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00364 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2019/00036 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд ийнхүү буцаан шаардахын тулд 1-рт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх, 2-рт үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байхыг тус тус шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтуудаар зохигч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Ү.Т, З.Үнар нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх буюу төлөх үүргийг хүлээсэн болох нь тогтоогджээ. Энэхүү байдлаас үзэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх ба урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна.

Мөн талуудын хооронд гэрээний харилцаанаас үүдэлтэй үүрэг үүссэн байх тул үүрэг хожим дуусгавар болсон, эсхүл үүрэг хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл байхгүй байна.

Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар, эсхүл ямар нэг байдлаар үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй: 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж заасан байх ба Б аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2019/00036 дугаартай магадлалаар Ө сумын Засаг даргын нэхэмжлэлийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нар болох З.Ү, Ү.Т нарын үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа байдлыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын хариуцагч З.Ү, Ү.Т нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 3400000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү маргаан нь зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй маргаан байх тул Иргэний хуулийн зээлийн гэрээг зохицуулсан заалтыг баримтлан шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын хариуцагч З.Ү, Ү.Т нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 3400000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК