Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01165

 

 Баян-Өлгий аймгийн Өлгий сумын

Засаг дарга Х.Бахытхумарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00658 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00003 дугаар магадлалтай,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумарын нэхэмжлэлтэй,

З.Үсен, Ү.Тауба нарт холбогдох 

3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч З.Үсен, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн Ү.Тауба, З.Үсен нар 2013.04.19-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас 24 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 4,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2016.04.19-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн юм. З.Үсен, Ү.Тауба нар нь 2013.04.19-ний өдрийн "Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ"-гээр 4,0 сая төгрөгийг 24 сарын хугацаагаар, жилийн 3, сарын 0,25 хувийн хүүтэйгээр авч уг зээлээс 2015.04.07-ны өдөр 350,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, бүгд 600,000 төгрөг төлсөн. Үүнийг үндсэн зээлээс хасаж тооцвол 3,400,000 төгрөг үлдсэн. Тус шүүхэд 2019.05.01-ний өдөр зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүгийн хамт 4,283,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.29-ний өдрийн 364 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн боловч Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. З.Үсен, Ү.Тауба нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн шалтаг тоочиж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, З.Үсен, Ү.Тауба нар нь 4,0 сая төгрөгийг зээлээр авсан бөгөөд үүнээс 3,400,000 төгрөг үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул гэрээний дагуу шилжүүлсэн зээлийг хүүгийн хамт шаардах эрхээ алдсан ч шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах хуулийн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж заасан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,400,000 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймд З.Үсен, Ү.Тауба нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 3,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол шаардах эрхтэй гэж заасан. Бидний хооронд 2013.04.19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба үүрэг үүссэн гэж үзэж байна. Зээлийн гэрээтэй холбоотой урьд нь нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн нь бидний буруутай үйл ажиллагаа биш, нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа. 2019.07.05-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан ба тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т Дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж, мөн хуулийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол гэж тус тус заасан. Дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч талд шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Өлгий сумын Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан заалт бидэнд хамаарахгүй гэж үзэж байна. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00658 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хариуцагч З.Үсен, Ү.Тауба нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 3,400,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00003 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00658 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хариуцагч З.Үсен, Ү.Тауба нарт холбогдуулан гаргасан 3,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.07-ны өдрийн 130/ШШ2019/00658 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.16-ны өдрийн магадлалыг эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул энэхүү гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарласан талаар: З.Үсен, Ү.Тауба нар нь 2013.04.19-ний өдрийн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр 4.0 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ба үүнээс 2015.04.07-ны өдөр 350,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг тус тус төлж байсан ба үлдсэн 3,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул төлөхгүй гэж маргаж байгаа юм. Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлийн хамаарах хүрээ нь 1-рт ИХ-ийн 56-д заасан үндэслэлээр анхнаасаа хүчингүй /үүрэг үүсээгүй/, 2-рт талууд харилцан тохиролцож үүргээс чөлөөлсөн /дуусгавар болсон/, 3-рт ИХ-ийн 59-60, 57.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болсон гурван тохиолдлыг хамаардаг юм. Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга нь хариуцагч З.Үсен, Ү.Тауба нараас зээлийн гэрээний дагуу зээл болон хүүг нэхэмжилсэн боловч шүүхээс гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн учраас өөрт учирсан хохирол болох З.Үсен, Ү.Тауба нарт шилжүүлсэн мөнгийг буцаан авахын тулд шүүхэд хандсан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн "гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргийг дуусгавар болгосон байна. Үүрэг хожим дуусгавар болсон учраас хөрөнгө шилжүүлсэн этгээд ИХ-ийн 492.1.1-т заасны дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй, 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэжээ. 492.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгийг ИХ-ийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа /арван жил/ өнгөрсөн байхыг ойлгох ёстой. З.Үсөн, Ү.Тауба нар зээл авснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрөөгүй юм. ИХ-ийн 227.4-т "Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмщих, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ, гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй" гэж заасан юм. Төрийн сангаас 4 сая төгрөг авсан З.Үсөн, Ү.Тауба нар нь төрийг хохироож 3,4 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл буцааж төлөхгүй байна. Төр хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэрээний дагуу хүү, торгууль тооцож илүү мөнгө шаардахгүй байгаа бөгөөд зөвхөн шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар төр нэхэмжлэл гаргаж байгаа юм. Давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХ-ын 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-ийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болсон. Нэхэмжлэгчээс 2019.05.01-ний өдөр зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүгийн хамт 4,283,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.29-ний өдрийн 364 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн боловч Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасантай холбоотой нэхэмжлэл болон энэхүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой нэхэмжлэл тус тусдаа ялгаатаи болно. Анхан зээлийн гэрээний маргааныг хянан шийдвэрлэсэн шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болох нь анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой байгаа юм. Иймээс давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм. Шүүгчийн үндэслэл болгосон шийдвэр нь зөвхөн зээлийн гэрээний үйл баримт, зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэх эсэхийг шийдвэрлэсэн болохоос биш үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга нь хариуцагч З.Үсен, Ү.Тауба нарт холбогдуулан 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ иргэн Ү.Тауба, З.Үсен нар 2013.04.19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй 4,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016.04.19-ний өдөр дуусгавар болсон боловч зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг 10 жил гэж заасан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.

Хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас урьд нь хариуцагч З.Үсен, Ү.Тауба нарт холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4,283,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00364 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2019/00036 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан байна.  

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, түүний хууль зүйн үндэслэл, үр дагаврын талаар урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гаргасан нь хууль ёсны байх зарчимд нийцэхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймээс Өлгий сумын Засаг даргын хариуцагч З.Үсен, Ү.Тауба нарт холбогдуулан гаргасан 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД