Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/00930

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        03          01                                     101/ШШ2022/00930          

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Ц,

 

Хариуцагч: Д.Ц нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,977,355.73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагч М.Ц, Д.Ц,

Хариуцагч нарын өмгөөлөгч Р.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч М.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №3Г/RCC190405006-1 тоот “Зээлийн гэрээ” болон №ЗБ/RСС190405006-1-2 тоог “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” зэргийг Хтай байгуулж 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.

Хариуцагч М.Ц нь №3Г/RCC190405006-1 тоот “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, “Зээлийн гэрээ”-ний хавсралтаар баталсан зээлийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар түүнд 2021 ны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/9259 тоот мэдэгдэл хүргүүлж, үүссэн зөрчлийг арилгах боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

Тэрээр 2019.04.08-ны өдрөөс 2019.11.30-ны өдөр хүртэлх хугацаанд эхний 4 сарын эргэн төлөлт нь эргэн төлөх хуваарьт заасны дагуу хэвийн төлөгдсөн, харин 5 дах сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн.

2019.04 сард үндсэн зээл 741,009 төгрөг, хүү 412,273 төгрөг, 5 сард үндсэн зээл 586,668 төгрөг, хүү 566,582 төгрөг, 6 сард үндсэн зээл 612,072 төгрөг, хүү 537,311 төгрөг, 7 сард үндсэн зээл 609,000 төгрөг, хүү 543,291 төгрөг, 8 сард үндсэн зээл 53,343 төгрөг, хүүд 531,483 төгрөг, 9 сард үндсэн зээл 568,428 төгрөг, хүү 161,021 төгрөг, 10 сард үндсэн зээл 647,337 төгрөг, хүүд 506,760 төгрөг, нийт үндсэн зээлд 7,543,291 төгрөг, хүү 9,896,702 төгрөг, нийт 18,031,672 төгрөг төлсөн.

Хариуцагч М.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нийт 22 удаа зөрчиж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн бөгеөд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл 22,456,708.30 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,333,412.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,735.25 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 7,500 төгрөг, нийт 27,977,355.73 төгрөг болж байна.

Зээлийн гэрээний хугацаа 2022.04.08-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар зээлийг эргүүлэн төлөх хуваарийг 2019 оны 12 сараас эхлэн зөрчсөн, цааш үргэлжлүүлэх нь тодорхой үр дүнд хүрэхгүй болсон тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.2-т зааснаар хугацаанаас өмнө цуцлахаар шаардсан. Зээл төлөх мэдэгдлийг зээлдэгч М.Ц-ийн оршин суух хаягийн дагуу хүргүүлсэн.   

Иймд талуудын хооронд байгуулагдсан №3Г/RCC190405006-1 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд нийт 27,977,355.73 төгрөгийг гаргуулж, тэрээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №3Б/RCC190405006-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан барьцаалуулагч Д.Ц-ын өмчлөлийн Ү-0 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө 0 дүгээр байрны 0 тоот-1 өрөө 40 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Р.М-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч М.Ц нь тус банкнаас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувь, нэмэгдүүлсэн хүүг жилд 4,56 хувийн хүүтэйгээр, үүнээс сард үндсэн зээлд 740,984.2 төгрөг, зээлийн хүүд 412,273.97 төгрөг бүгд 1,115,268.17 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулж авсан байна. М.Ц нь уг зээлийг авах үед Жуков болон Лавай хүнсний захуудад лангуу ажиллуулж, сардаа 40-60 сая орчим төгрөгийн орлоготой, зээлээ төлөх чадвартай байсан.

Зээлийн барьцаанд хадам ах Д.Ц-ын нэр дээрх Баянгол дүүргийн 0 дугаар хороололд байдаг АОС-ны 40 м.кв талбайтай нэг өрөө байрыг барьцаанд тавьсан. Гэрээний графикийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаа, нийлбэр дүнгээр 8,083,124.23 төгрөгийг, графикийн бус төлөлт 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны хугацаанд 28 удаа 9,948,549.41 төгрөгийг, нийтдээ 18,031,673.23 төгрөг төлснөөс банк зөвхөн хүүний төлбөрт 8,237,883.32 төгрөгийг авч үндсэн зээлийн төлбөрт 9,793,789.97 төгрөгийг суутгасан байна.

Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 22,456,708.30 төгрөг, зээлийн хүүд 5,333,412.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 179,735.25 төгрөг, нийт 27,969,855.73 төгрөг нэхэмжилсэн нь зээлдэгчийн хувьд маш хүндрэлтэй байна. Зээлдэгч нь 18,031,673.23 төгрөг төлөөд үлдэгдэл нь 12,968,327 төгрөг байх ёстой гэсэн тооцоо гаргасан.

Иргэний хуулийн 222.1.1, 223.1.1, 224.1.1-д зааснаар гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний талууд тохиролцож гэрээний хугацааг сунгаж болно гэснээр зээлдэгч энэ тухай хүсэлтээ банкинд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан боловч банк зөвшөөрөөгүй шүүхэд хандаж байна.

Зээлдэгчийн график бусаар төлсөн 9,948,549.41 төгрөгийн 35-40 хувийг үндсэн зээлийн төлбөр төлсөнд тооцуулах хүсэлтэй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсвэл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөөс хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгах нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэсэн байна. Үүнээс үзэхэд дэлхий нийтийг хамарсан цар тахал эдийн засгийн бүх салбарт нөлөөлж байгааг харгалзан Засгийн газраас тусгай тогтоол гаргаж ард түмний аж амьдралд дэмжлэг тусламж үзүүлэх, зээл төлбөрийн хугацааг сунгах, хөнгөлөх, зогсоох зэрэг шийдвэрүүд гарган хэрэгжиж байна. Иймд энэ тогтоолын холбогдох заалтыг харгалзаж зээлийн төлж дуусгах хугацааг 6 сараас дээш хугацаагаар сунгуулах хүсэлтэй байна.

Зээлдэгчийн хувьд зээл төлдөг орлогын үндэс болсон худалдааны захын бизнесийн үйл ажиллагаа нь Жуков захынх 2020 оны 01 дүгээр cap, Лавай захынх 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр тус тус зогссон учраас зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болсон. Гэвч хугацаа алдсан боловч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 9,948,549.41 төгрөгийг төлсөн нь зээлдэгчийг хуульд заасан үүргээ биелүүлэх тал дээр идэвх санаачлагатай хандсан байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.1-д заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас шалтгаалаагүй бол үүрэг гүйцэтгэгчийг /зээлдэгчийг/ хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсний дагуу банкнаас 22 удаа зөрчил гарч хугацаа хэтрүүлсэн гэж үзсэнийг анхаарч, хугацаа хэтрүүлснийг тооцохгүй мөн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүд тооцсон 179,735.25 төгрөгийг хасуулах саналтай байна.

Мөн хуулийн 222.2.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нийцэхээргүй байвал зээлдэгчийн хүсэлтээр шүүх багасгаж болно гэсэн заалтыг баримталж зээлийн гэрээнд тусгасан жилийн 22,8 хувийн хүүг багасгах, мөн үндсэн хүүгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг харгалзаж нэмэгдүүлсэн хүүг цаашид тооцохгүй байх зэрэг дээрх хуулийн заалтуудыг харгалзан шийдвэрлэж өгнө үү.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар маргах зүйлгүй. Банкнаас 2021.10.27-ны өдөр 24,622,659.62 төгрөгийг 14 хоногийн дотор төл гэсэн мэдэгдэл ирэхээр нь зээлийн эдийн засагчтай уулзаад, энэ мөнгийг ийм богино хугацаанд төлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь энэ бол таны зээлийн үндсэн зөрчил болохоос 14 хоногийн дотор мөнгийг төл гэсэн мэдэгдэл биш гэж хэлсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөнөөс үндсэн зээлийн үлдэгдлээс 12,000,000 төгрөгийг, хүү 5,333,412.18 төгрөгийн 50 хувь буюу 2,666,706 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 14,674,206 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Барьцаанд тавьсан байр бол миний аавын надад өгсөн, би дангаараа өмчилдөг байр юм. Цар тахлын улмаас бид бүгд хэцүү байдалд орсон, энэ байрандаа ажиллаж амьдардаг. Банктай байгуулсан барьцааны гэрээний хувьд маргах зүйл байхгүй. М.Ц уг нь зээлээ төлөөд байсан, гэтэл тэр төлөлт нь үндсэн зээлээс хасагдахгүй, буурахгүй байгаад нь гайхаж байна. Уг нь бидэнд хугацаа өгөх юм бол бид зээлийг төлж чадна гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай орон сууцны гэрчилгээний хуулбар, “Х” ХХК-иас Э.Ч, Б.Э нарт олгосон итгэмжлэл, 2019.04.08-ны өдрийн №ЗГ/RCC190405006-1 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.04.08-ны өдрийн №ЗГ/RCC190405006-1-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, “Х” ХХК-иас зээлдэгч М.Ц-д хүргүүлсэн мэдэгдэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2021.07.07-ны өдрийн нотариатч Ю.Б-аас “Х” ХХК-д гаргасан нэхэмжлэл, М.Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн хүсэлт, М.Ц-ийн “Х” ХХК-д гаргасан хүсэлт, 2019.03.15-ны өдрийн Д.Ц-аас М.Ц-д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, “Х” ХХК-иас Б.Ц-д олгосон итгэмжлэл, “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О-оос гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г-т олгосон итгэмжлэл /хх-ийн 3-18, 65, 69-71/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нараас хариу тайлбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “М” ХХК-ийн тодорхойлолт, зээл төлсөн задаргаа, М.Ц-ийн “Х” ХХК дахь 417035605 тоот дансны 2019.04.08-2021.12.27-ны өдрийг хүртэлх хуулга, “Х” ХХК-иас зээлдэгч М.Ц-д хүргүүлсэн мэдэгдэл /хх-ийн 39-63/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь М.Ц, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,977,355.73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх хуваарийг зээлдэгч М.Ц нь 2019 оны 12 сараас зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг эс биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч биелүүлээгүй, түүнд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлөө арилгаагүй тул гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч М.Ц, Д.Ц нар дэлхий нийтэд учирсан цар тахлын улмаас зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг зээлдүүлэгч шийдвэрлээгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардсан нь үндэслэлгүй, эргэн төлөх хуваарьт зааснаас өөрөөр төлсөн 9,948,549.41 төгрөгийн 35-40 хувийг үндсэн зээлийн төлбөрт тооцуулах  хүсэлтэй тул үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү 2,666,706 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 14,674,206 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

“Х” ХХК, М.Ц нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №ЗГ/RCC190405006-1 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр 30,000,000 төгрөгийг, жилийн 22,80 хувь хүүтэй, зээлийн хугацаа 3 жил буюу 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалттай байхаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

 

/хх-ийн 7-9, 13-14/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗБ/RCC190405006-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Д.Ц-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө 0 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, №000253515 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 40 м.кв талбай бүхий, нэг өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг “Х” ХХК болон М.Ц нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ/RCC190405006-1 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулжээ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т:Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т: “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗБ/RCC190405006-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. 

/хх-ийн 5, 10-11/

 

Зээлдүүлэгч “Х” ХХК нь зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлдэгчид зээл олгохоор шийдвэрлэсэн, гэрээний зүйл 30,000,000 төгрөгийг 2019.04.08-ны өдөр гэрээгээр тохиролцсон бэлэн бус хэлбэрээр буюу 450013610 тоот дансаар М.Ц-д шилжүүлэн өгчээ.

 

/хх-ийн 9, 13/

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

 

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 3 жил буюу 36 сар, тодруулбал 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсныг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ. 

 

Зээлдэгч М.Ц нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 10-т гэрээ дуусгавар болох буюу цуцлах үндэслэлийг тохиролцсон, 10.2-т гэрээг зөрчсөн гэж Банк тооцож, гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах, 10.2.2-т: “Зээлдэгч энэхүү гэрээний заалтын ноцтой” гэх үндэслэлийг заажээ.

 

4. Зээлдэгч М.Ц нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд, 2020.01.07, 2020.02.04, 2020.03.09, 2020.04.17-ны өдрөөс 2020.05.20-ны өдрийн хооронд, 2020.08.03, 2020.08.05, 2021.07.06, 2021.07.19-ний өдрүүдэд үндсэн зээлд 7,543,291 төгрөг, хүүд 9,896,702 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 591,679 төгрөг, нийт 18,031,672 төгрөг төлсөн байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, энэ талаар зохигч маргаагүй болно.

 

/хх-ийн 13/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус, тодорхой хугацааны туршид үргэлжлэх гэрээ байх тул үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болсон нь илэрхий, аль эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болохоор байна.

 

Хариуцагч М.Ц нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгчид 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж байсан байх ба дээрх шийдвэрээс хойш өнөөг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй байгаа зэрэг байдлаас үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд зээлдүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.

/хх-ийн 12/

 

Зээлдэгч нь гэрээний хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан гэх хүсэлтийг зээлдүүлэгчид 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, гэвч уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь гэрээний үүрэг зөрчигдөхөд хүргэсэн гэж тайлбарласан боловч түүний зээлдүүлэгчид гаргасан хүсэлтээс үзэхэд цар тахлын улмаас зээлийг эргүүлэн төлөхөд хүндрэл учирсан учир зээлийн төлөлтийг хойшлуулах, энэ үндэслэлээр зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан гэдэг нь тодорхой тусгагдсан гэж үзэхээргүй байна.

 

/хх-ийн 17/

 

Түүнээс гадна хариуцагч нь дээрх үндэслэлээр зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан эсэх, өөрийн бизнесийн орлого буурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, түүнээс гадна Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал дэгдэж эхлэхээс өмнө буюу 2019 оны 12 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй нь зээлдүүлэгчийн гэрээнд өөрчлөлт оруулаагүйгээс түүнд учирсан хүндэтгэн үзэх шалтгаан, өөрчлөгдсөн нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх ба зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлт нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

 

Зээлдэгч М.Ц нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-т зааснаар гэрээг цуцлах шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг жилийн 4,56 хувь гэсэн дээр дурдсан хуульд нийцсэн гэж үзэхээргүй байх тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр 18,031,672 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд 591,679 төгрөгийг тооцсон нь, түүнчлэн нэмэгдүүлсэн хүүд 179,735,25 төгрөг нэхэмжилсэн нь тус тус үндэслэлгүй гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгчийн үндсэн зээл 22,456,708.30 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,333,412.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,735.25 төгрөг, нотариатын зардал зардал 7,500 төгрөг, нийт 27,977,355.73 төгрөг гаргуулах шаардлагаас зээлдэгчийн зээлийн төлбөрт төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсон 591,679 төгрөгийг хасч тооцон, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 179,735,25 төгрөгийн хамт нийт 771,414 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 27,205,941 төгрөгийг хариуцагч М.Ц-ээс гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 7,500 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1: “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т: “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцногэж заасны дагуу хохиролд тооцсон болно.

/хх-ийн 14/

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Д.Ц-ын өмчлөлийн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө 0 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, №000253515 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 40 м.кв талбай бүхий, нэг өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч М.Ц нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч М.Ц-ээс зээлийн гэрээний үүрэгт 27,205,941 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 771,414.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

Д.Ц-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө 0 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, №000253515 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 40 м.кв талбай бүхий, нэг өрөө, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч М.Ц, Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 364,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,036.78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ