Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00753

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/00930 дугаар шийдвэртэй,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ц-, Д- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27,977,355.73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Мөнхтариа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч Ц- нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг “Х” ХХК-тай тус тус байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Ц- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар түүнд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/9259 тоот мэдэгдлийг түүнд хүргүүлж, үүссэн зөрчлийг арилгах боломжийг олгосон боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Ц- нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд эхний 4 сарын эргэн төлөлтийг эргэн төлөх хуваарьт заасны дагуу хэвийн төлж, харин 5 дахь сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Гэрээний үүрэгт нийт 18,031,672 төгрөг төлөгдсөн.

Хариуцагч Ц- нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нийт 22 удаа зөрчиж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн, өөр төлөлт хийгээгүй.

Иймд зээлийн гэрээний 10.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар түүний үүрэг үндсэн зээл 22,456,708 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,333,412 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,735 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 7,500 төгрөг, нийт 27,977,355 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Тэрээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаалуулагч Д-ын өмчлөлийн, Ү-2205049098 улсын бүртгэлд бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Энхтайваны өргөн чөлөө 55/1 дүгээр байрны ... тоот 1 өрөө 40 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч Ц-гийн татгалзал, тайлбарын агуулга: Зээлдэгч Ц- нь тус банкнаас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувь, нэмэгдүүлсэн хүүг жилд 4,56 хувийн хүүтэйгээр, үүнээс сард үндсэн зээлд 740,984 төгрөг, зээлийн хүүд 412,274 төгрөг, нийт 1,115,268 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж авсан. Уг зээлийг авах үед “Жуков” болон “Лавай” худалдааны төвд лангуу ажиллуулж, сардаа 40-60 сая орчим төгрөгийн орлоготой, зээлээ төлөх чадвартай байсан.

Зээлийн барьцаанд хадам ах Д-ын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Гэрээний зээл төлөх хуваарийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн төлөлтөөр 8,083,124 төгрөгийг, хуваарийн бус 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны хугацаанд 28 удаагийн төлөөлтөөр нийт 9,948,549 төгрөгийг, нийтдээ 18,031,673 төгрөг төлснөөс банк зөвхөн хүүний төлбөрт 8,237,883 төгрөгийг авч үндсэн зээлийн төлбөрт 9,793,790 төгрөгийг суутгасан.

Зээлийн гэрээний төлөлтийг тооцож үзэхэд 18,031,673 төгрөг төлсөн, 12,968,327 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний талууд тохиролцож гэрээний хугацааг сунгаж болно заасны дагуу зээлдэгч энэ тухай хүсэлтээ банкинд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан боловч банк зөвшөөрөөгүй.

Зээлдэгчийн график бусаар төлсөн 9,948,549 төгрөгийн 35-40 хувийг үндсэн зээлийн төлбөр төлсөнд тооцуулах хүсэлтэй байна.

Цар тахлын улмаас Засгийн газраас тогтоол гаргаж, зээл төлбөрийн хугацааг сунгах, хөнгөлөх, зогсоох зэрэг шийдвэрүүд гарган хэрэгжиж байна. Иймд тогтоолын холбогдох заалтыг харгалзаж зээлийн төлж дуусгах хугацааг 6 сараас дээш хугацаагаар сунгуулах хүсэлтэй байна.

Зээлдэгчийн зээл төлдөг орлогын үндэс болсон худалдааны төвийн үйл ажиллагаа зогссон учраас зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болсон. Гэвч хугацаа алдсан боловч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 9,948,549.41 төгрөгийг төлсөн нь зээлдэгчийг хуульд заасан үүргээ биелүүлэх тал дээр идэвх санаачлагатай хандсан байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас шалтгаалаагүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсний дагуу банкнаас 22 удаа зөрчил гарч хугацаа хэтрүүлсэн гэж үзсэнийг анхаарч, хугацаа хэтрүүлснийг тооцохгүй, мөн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүд тооцсон 179,735 төгрөгийг хасуулах саналтай байна.

Мөн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхээргүй байвал зээлдэгчийн хүсэлтээр шүүх багасгаж болно гэж заасныг баримталж зээлийн гэрээнд тусгасан жилийн 22,8 хувийн хүүг багасгах, мөн үндсэн хүүгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг харгалзаж нэмэгдүүлсэн хүүг цаашид тооцохгүй байх зэрэг дээрх хуулийн заалтуудыг харгалзан шийдвэрлэж өгнө үү.

Банкнаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 24,622,660 төгрөгийг 14 хоногийн дотор төл гэсэн мэдэгдэл ирэхээр нь зээлийн эдийн засагчтай уулзаад, энэ мөнгийг ийм богино хугацаанд төлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь энэ бол таны зээлийн үндсэн зөрчил болохоос 14 хоногийн дотор мөнгийг төл гэсэн мэдэгдэл биш гэж хэлсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөнөөс үндсэн зээлийн үлдэгдлээс 12,000,000 төгрөгийг, хүү 5,333,412 төгрөгийн 50 хувь буюу 2,666,706 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 14,674,206 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч Б.Цэнгэнжавын татгалзал, тайлбарын агуулга: Барьцаанд тавьсан орон сууцыг би дангаараа өмчилдөг. Цар тахлын улмаас бид бүгд хэцүү байдалд орсон, энэ байрандаа ажиллаж амьдардаг. Банктай байгуулсан барьцааны гэрээний хувьд маргах зүйл байхгүй. Бидэнд хугацаа олговол зээлийг төлж чадна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц-гээс зээлийн гэрээний үүрэгт 27,205,941 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 771,414.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2205049098 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө 55/1 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 000253515 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 40 м.кв талбай бүхий, нэг өрөө, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Ц-, Д- нараас улсын тэмдэгтийн хураамжид 364,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,036.78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэн талуудын тайлбар, мэтгэлцээн хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу төлвөл зохих нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээ, зээлийн хүүгийн тооцооллоор жилийн үндсэн хүү нь 22.80 хувь, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь буюу 4.56 хувиар тогтоосон байхад хуульд нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсон 591,679 төгрөгийн хасч тооцсон, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 179,735 төгрөгийн хамт нийт 771,414 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 тоот тушаалын 1 дэх хэсэгт “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д нийцсэн байхад суутган бодогдсон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү болох нийт 771,414 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж өгнө үү.

 

6. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч Ц-гийн тайлбарласнаар банкнаас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг 4,56 хувийн хүүтэйгээр зээлж сард үндсэн зээлд 740,984 төгрөг, зээлийн хүүд 412,273 төгрөг нийт 1,153,283 төгрөгийг сар тутам төлөхөөр хуваарь гаргасан нь тухайн үед зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа боломжтой “Жуков”, “Лавай” худалдааны төвд лангуу ажиллуулж орлого олж байсан учраас банкны өндөр хүүг зөвшөөрч, зээл төлөх хуваарийг өндөр хийсэн нь тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой байдаг.

Зээлийн гэрээний заалтуудыг шүүхийн шийдвэртэй харьцуулж үзэхэд “Х” ХХК болон зээлдэгч Ц-тэй хийсэн эргэн төлөлтийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд 10 гэсэн заалт байхгүй, 10.1 гэсэн заалт нь гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж, зээлийн төлбөр хийгдэж дууссанаар дуусвар болно гэсэн заалт байна.

Гэтэл анхан шатны шүүх “талуудын хооронд байгууллагдсан орон сууцны зээлийн гэрээний 10-т гэрээ дуусвар болох буюу цуцлах үндэсийг тохиролцсон” гэж өөр гэрээний буруу заалт оруулсан байна.

Мөн зээлийн гэрээний 10.2-т зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон барьцаалуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаараа цуцлаж зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй гэсэн заалтыг орон сууцны зээлийн гэрээний 10.2, 10.2.2 гэсэн заалтыг баримталсан нь тус тус буруу болжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны зээлийн гэрээ гэж тусгагдаагүй, зээлийн гэрээний 10-т заасан гэрээ дуусгавар болгох, цуцлахтай холбогдсон заалт тусгагдсан. Зээлдэгчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн зөрчлийг арилгахгүй, зээлийг төлөх идэвх санаачлага гаргаагүй учир зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч талаас цар тахалтай холбоотой нөхцөл байдал үүссэний улмаас зээлийг хойшлуулах, зээлийн гэрээг сунгах хүсэлт өгсөн гэж гомдолдоо дурдсан байна. Үүний талаар анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, 46 дугаар зүйлийг үндэслэж нотлох баримт гаргаж өгөөгүй учир тус гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Монголбанк тусдаа монополь эрхтэй байгууллага. Иргэний хуулиас давсан Монголбанк ерөнхийлөгчийн тушаалыг баримталж зээл олгох нь буруу.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ц-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 27,977,355 төгрөг гаргуулах, хариуцагч Д-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Х” ХХК, Ц- нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Х” ХХК 30,000,000 төгрөгийг, жилийн 22,80 хувь хүүтэй, 36 сарын хугацаатай Ц-д зээлдүүлэх, Ц- нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна. /хх7-9/ Талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүүгийн талаар тохиролцжээ.

 

4. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ц-д 2019 оны 04 дугаар сарын 08ы өдөр 30,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлдэгч Ц- нь 2021 оны 09 дүгээр сарын 30ы өдрийн байдлаар нийт 18,031,672 төгрөг төлсөн талаар маргаангүй байна.

 

5. Зээлдэгч 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг зөрчиж эхэлсэн нь Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн орлого буурсан, зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг зээлдүүлэгчид гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

6. Анхан шатны шүүх зээлдэгчийн төлсөн төлбөрөөс 591,679 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан нь хуульд нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлээс 771,414 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Зээлийн гэрээний 3.3-т “нэмэгдүүлсэн хүү 5.56 хувь” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 1995 оны Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасантай нийцсэн. Тогтоосон хугацаанд зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг төлөөгүй учраас зээлийн хүүгээс гэрээнд заасан хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүд 771,414 төгрөгийг тооцож, хариуцагчийн төлсөн мөнгөн хөрөнгөөс 591,679 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд суутган авсан нь гэрээний 7.1.5 болон дээр дурдсан хуульд нийцжээ. Иймд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 179,735 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй байна. Уг үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч нь нотариатын зардал 7,500 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилснийг хариуцагч маргаагүй, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

8. Иймд зээлийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгч Ц-гийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 22,456,708 төгрөг, зээлийн хүү 5,333,412 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,735 төгрөг, хохиролд 7,500 нийт 27,977,355 төгрөгийг хариуцагч Ц-гээс гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

9. Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ЗБ/RCC190405006-1-... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Д-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2205049098 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Энхтайваны өргөн чөлөө 55/1 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 40 м.кв талбай бүхий, нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр ипотекийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд зохигч гомдол гаргаагүй.

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, энэ талаар гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин анхан шатны шүүх  шийдвэрийн үндэслэх хэсэгт “орон сууцны зээлийн гэрээ 10-т” гэж бичсэн нь техникийн алдаа гэж үзлээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “Арав. Гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлах” гэж үсгээр бичсэнийг шүүх тоогоор илэрхийлсэн нь алдаатай гэж дүгнэх юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/00930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц-гээс 27,977,355 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэсний ард “56 дугаар зүйлийн 56.1” гэж нэмж, “364,180 төгрөг” гэснийг “368,036 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 23,064 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                   Д.БЯМБАСҮРЭН

 

    Э.ЗОЛЗАЯА