Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0644

 

 

 

 

 

 

 

 

2022 09 06 128/ШШ2022/0644

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М***-******, Б.О******;

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Нийслэлийн цагдаагийн удирдах газар

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн */**** дугаар захирамжийн 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б**-******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.О********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д******** нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл:

1.1. Энэ хэргийн маргааны зүйл нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */**** дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.М********-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О*******-ийн өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй цагдаагийн хамгаалалтад авснаар өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */**** дугаар захирамжийн 1 дэх хэсгийг илт хууль болохыг тогтоолгож, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйл байхгүй.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараах үйл баримтыг дурдсан байна. Үүнд:

2.2.Анх одоогийн Санхүү, эдийн засгийн коллежийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар тушаалаар Гоожингийн өндөр хэмээх * айлын * давхар сууцыг акталж, сургуулийн өмчөөс хассанаас хувийн өмчид шилжсэн.

2.3.Нэхэмжлэгч Б.М***-****** нь Баянзүрх дүүргийн *-р хороо, ** дугаар хороолол *****, Модны * дүгээр гудамжны ** тоот хаягт байрлах *** м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2013 оны 01 сарын 23-ны өдөр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөгч Р.Ү*****, Г.Т***********, С.А********, Ж.Э******** нараас, тухайн сууцны дэвсгэр газрын эзэмших эрхийг БЗД-ийн Засаг даргын 2014 оны 06 сарын 17-ны өдрийн */*** тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатай авсан буюу эзэмшигч иргэн Р.Ү*****, хамтран эзэмшигч Г.Т***********, С.А********, Ж.Э******** нараас шилжүүлэн авсан.

2.4.2018 оны 12 дугаар сард *** м.кв орон сууцыг нь нэхэмжлэгч Б.О****** шилжүүлэн авч Ү-********* дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажуулсан.

2.5.Нийслэлийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */**** дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.М***-******-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгосон.

2.6.Нэхэмжлэгч Б.М***-****** нь 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авснаас хойш Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээний 3.2-т заасан болон бусад үүргээ зохих ёсны дагуу биелүүлж байсан бөгөөд энэ нь гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн актаас харагдана.

2.7.Тухайн газрыг эзэмшиж, ашиглах хугацаанд газартай холбоотой захиргааны байгууллагын болон мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас аливаа зөрчил илрүүлсэн тухай дүгнэлт гарч байгаагүй, зөрчил гаргаж байгаагүй.

2.8.2014 оны 08 сарын 27-ны өдөр тухайн газарт 3-4 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулж, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл захиргааны байгуулаагаас хүссэн боловч тус үл хөдлөх хөрөнгө нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай тогтоолоор баталсан Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт-аас хуучнаар Гоожингийн өндөр барилгыг хасах тухай албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд мэргэжлийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлж болохыг мэдэгдсэн.

2.9.Үүнээс хойш холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан боловч шийдвэртэй хариу өгөөгүй.

2.10.2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Б**-*** газар дээр биечлэн ирж, уулзан Гоожингийн өндөр-ийг худалдан авах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн боловч ажлын хэсэг нь төсөв тавигдаагүй гэх шалтгаанаар тодорхой хариу өгөөгүй байсаар өдийг хүрсэн.

2.11.Гэтэл нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */***** дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.О******-ийн өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй цагдаагийн хамгаалалтад авсан.

2.12.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь иргэний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр шилжүүлэн авсан бөгөөд захиргааны байгууллагаас тодорхойгүй үйл ажиллагаанаас шалтгаалан өөрийн өмчлөлийн хөрөнгийг анхны байдлаар нь буюу худалдан авахад байсан байдлаар нь хадгалж байхад соёлын өвийг устгах, гэмтээх аюултай хэмээн цагдаагийн хамгаалалтад авсныг ойлгохгүй байна.

2.13.Нэхэмжлэгч Б.О*******-ийн өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй цагдаагийн хамгаалалтад авснаар өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах боломжгүй болж нэхэмжлэгч нарын эрх, Үндсэн хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

2.14.Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн **-**/** дугаар захирамж хүргүүлэх тухай албан тоотыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Б.М***-****** захиргааны байгууллагад биечлэн очиж шаардсаны үндсэн дээр маргаан бүхий захиргааны акт, албан тоотын хуулбарыг хамтад нь авсан.

2.15.Нэхэмжлэгч Б.О******-д одоог хүртэл захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй буюу гардан аваагүй байна.

2.16.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */***** дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40.1.1 болон Захиргааны Ерөнхий хуулийн 48.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангахгүй байх тул хууль бус захиргааны акт бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.17.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид газар эзэмших эрхтэй холбоотой болон илт хууль бус болохыг тогтоолгох буюу цагдаагийн хамгаалалтад авсан нь үндэслэлтэй эсэх талаар хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */**** дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.М***-*****-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О******-ийн өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр цагдаагийн хамгаалалтад авахыг даалгаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Эхлээд Б.М***-*****-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэн цуцалсан захиргааны актыг гаргасан байдаг. Маргаан бүхий захирамжид дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэдэг үндэслэл байдаг. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжийн 5 дахь хэсэгт хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн гэдэгт гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарах бөгөөд зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байх ёстой гэдэг үндсэн зүйлийг тайлбарлаж өгсөн.

Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15-р Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.9 дэх хэсэгт хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан удаа дараа болон ноцтой зөрчил гэж юу болох талаар тайлбарласан.

Захиргааны байгууллага мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тухайн зөрчил гарсан эсэхийг огт тогтоогоогүй учраас хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан удаа дараа гэдгээр цуцалж байгаа юм уу, ноцтой зөрчил гаргасан гэдгээр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Тийм учраас хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг хэрэглэх үндэслэл байхгүй гэж харж байна.

Анх газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Иймд бид Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг хэрэглэх боломжтой. Уг хуулийн заалтаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол актыг хүчингүй болгож болно.

Нэхэмжлэгч Б.М***-****** нь газар эзэмших эрхийг зохих журмын дагуу 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар хууль ёсны газар эзэмшигч Р.Ү***** болон хамтран эзэмшигч нараас шилжүүлж авсан. Ингэж анх газар авахад тухайн газар бусад этгээдийн газрын эрхтэй давхцаагүй, хэн нэгний орц гарцыг хаагаагүй эсхүл хэн нэгэн газар эзэмших эрх авах хүсэлт гаргасан зүйл байхгүй тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй.

Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэж ойлгож байна. Мөн тухайн газрыг нийтийн эдэлбэр газарт тооцож байгаагүй, нийтээр ашигласан зүйл байхгүй иргэд амьдарч байсан учраас нийтийн ашиг сонирхолд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан нөхцөл байдал үүсэхгүй байх тул 48.3-д заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Газар эзэмших актыг 2008 онд гаргасан. 2008 оноос хойш 5 жилийн дотор хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацааг олгосон.

Нэхэмжлэгч Б.О*******-ийн үл хөдлөх эд хөрөнгийг цагдаагийн хамгаалалтад авсан нь үндэслэлгүй ба энэ нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус захиргааны акт юм.

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан Санхүү, эдийн засгийн коллежийн 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар тушаалаар тухайн байрыг * айлын * давхар сууцыг акталж тухайн * айлд хямдруулж олгосон байдаг. Ингээд тухайн амьдарч байсан иргэд 2007 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Нэхэмжлэгч Б.М***-****** тус газарт байрлах *** м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэр бүхий этгээдүүдээс ***,***,*** орчим төгрөгөөр худалдаж авсан. 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 3-4 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулан үйл ажиллагаа явуулахаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, зөвшөөрлийг холбогдох байгууллагаас хүссэн. Гэвч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар тогтоолоор баталсан Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт-аас хуучнаар Гоожингийн өндөр барилга орсон тохиолдолд нийслэлийн өмчийн хамгаалалтад орсон соёлын дурсгал мөн учраас холбогдох барилга барих зөвшөөрлийг олгоогүй.

Нэхэмжлэгчээс соёлын дурсгалт өв мөн юм байна, маргах зүйл байхгүй гээд тухайн газар болон үл хөдлөх хөрөнгийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй байх тул нийслэлд нь буцаан үнэ тохиролцон худалдахаар болон шилжүүлэхээр удаа дараа хүсэлт өгсөн боловч албан ёсоор шийдвэрлэсэн зүйл байдаггүй.

Нийслэлийн Засаг даргын акт гарч тухайн актаар цагдаагийн хамгаалалтад авсан байдаг. Ингэж авах нь үндэслэлтэй бол эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэж, зөвшөөрлийг аваагүй, саналыг харгалзах ёстой.

Тухайн нөхцөлд ямар нэгэн байдлаар соёлын өвийг устгасан зэрэг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүй бөгөөд.

Нийслэлийн Засаг даргын захирамжид үл хөдлөх хөрөнгийг цагдаагийн хамгаалалтад авсан эрх зүйн үндэслэлийг тодорхой тусгаж өгөөгүй. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтад тухайн объект маань ордоггүй.

Нийслэлийн Засаг даргад бусдын өмч хөрөнгийг цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахыг даалгах эрх хэмжээ ямар нэгэн эрх зүйн актаар олгогдоогүй. Иймд тус захиргааны актын 1 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг тус тус зөрчсөн байна.

Тухайн Гоожингийн өндөр гэх барилгыг цагдаагийн хамгаалалтад авснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, нэвтрэх боломжгүй болсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон байх ёстой. Энэ нь дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж зааснаар хэрэгжих ёстой.

Нэхэмжлэгч Б.М***-***** нь Р.Ү***** болон бусад хамтран эзэмшигч нараас газрын эзэмших эрхийг зохих журмын дагуу шилжүүлсэн авсан. Хариуцагч захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэрийн дагуу тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврууд үүсгэж архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, үйл ажиллагаа явуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү мэдэгдэх үүргээ ямар нэгэн байдлаар хэрэгжүүлээгүй. Бид хэвлэл мэдээллээс өөрсдөө мэдээд Нийслэлийн Засаг даргад очиж тухайн актыг гардан авч холбогдох байгууллага, шүүхэд хандсан.

Акт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр захирамж хүргүүлэх тухай албан бичгийг гаргасан байдаг. Үүнийг бид 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гардаж авч 10 хоногоо тоолон нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргасан. Газрын тухай хуулиар ямар нэгэн процессын алдаа гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн.

2.18.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */***** дугаар захирамжийг батлан гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1,6-гийн В", Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 41.1.1.2, Газрын тухай хуулийн 4.1.2, 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Засгийн газрын 1994 оны *** дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 197 дугаар тогтоолыг тус тус үндэслэн холбогдох хууль, тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус шийдвэрийг Нийслэл Улаанбаатар хотын түүх, дурсгалын үл хөдлөх дурсгалт барилга байгууламжийн газрыг төрийн хамгаалалтад авсан захиргааны актыг баталсан. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид зааснаар түүхэн дурсгалт зүйл төрийн хамгаалалтад байхаар хуульчилсан бөгөөд **** оноос хойш * удаагийн хамгаалалтад авсан тогтоол, шийдвэрүүдээр энэхүү байшингийн суурийн газар нь "Соёлын өв, түүхэн дурсгалт байшин" гэдгийг батлан харуулж байна. Мөн Улсын Их Хурлын ***** оны ** дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт"-ын "Соёл, боловсролын салбар" гэсэн 5 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт "Түүх соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж"-ийг хувьчилж болохгүй, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.-т зааснаар "Tүp зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна" гэж тус тус заасан.

Үүнээс гадна авч түүх соёлын хосгүй дурсгалт зүйл болох Гоожингийн өндөр газрыг иргэний хувийн эзэмшилд шилжүүлсэн нь Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.7, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 38.1.4-т тус тус заасныг зөрчин газар олгосныг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй талаар нэхэмжлэлд дурдсан бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай **/**** дугаартай албан бичгээр мэдэгдсэн ба тухайн өдөр иргэн Б.М****-******* өөрийн биеэр ирж гардан авсан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч иргэн Б.О******-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.

Нийслэлийн Засаг дарга холбогдох хууль, тогтоомжуудад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд соёлын өвийг хамгаалах зорилгоор 2021 оны */***** дугаар захиргааны актыг гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.19.Гуравдагч этгээд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий сайд Т.Н***********-ийн амьдарч байсан 2 давхар барилга (Гоожингийн өндөр)-ыг хамгаалалтад авах тухай */***** дугаар захирамжийн 1 дэх хэсэгт тус барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт үүрэг болгосон.

Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйл Олон нийтийн аюулгүй байдлыг хангах-ийн 12.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны *** дугаар тогтоолоор баталсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хамгаалалтад байх улсын онц чухал объектын жагсаалт-д дээрх объект ороогүй тул хамгаалалтад авах боломжгүй ба харин захирамжийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дээрх байшин болон түүний орчмыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн чиглэлд хамруулан хяналт тавьж байна.

Цагдаагийн байгууллага барилгыг хамгаалалтдаа авсан гээд нэхэмжлэгч нарыг газар, барилга руугаа орох, нэвтрэх, өмчлөх эрхийг хаасан зүйл байхгүй. Уг барилгыг хүн нэвтрэх боломжгүй байдлаар хамгаалалтад аваагүй, зөвхөн барилгын орчинд гэмт хэрэг гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад авсан. Гэмт хэргийн шинжтэй дуудлага ирвэл цагдаагийн байгууллагаас очиж, шалгаж, хяналт тавьж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Өөр тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гурав.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

3.1.Барилгыг төрийн хамгаалалт авсан үйл баримтад:

3.1.1.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн **** оны *** дугаар тогтоолоор Найрамдлын районы нутаг дэвсгэрт байрлах, Монголын хувьсгалчдын хоригдож байсан 2 давхар байшин /Санхүүгийн сургуулийн хуучин байр/-г улсын 2 дугаар зэргийн хамгаалалтад авч /ХХ-2-н 225 дахь тал/;

3.1.2.Мөн уг барилгыг Сайд нарын Зөвлөлийн ***** оны *** дугаар тогтоолоор Хотын гүйцэтгэх захиргааны хамгаалалт авахаар /ХХ-2-н 235 дахь тал/;

3.1.3.Хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны **** оны *** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар түүх, архитектурын дурсгалт барилгаар тогтоож Хотын музей хариуцахаар /ХХ-2-н 247, ХХ-3-н 1 дэх тал/;

3.1.4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн хамгаалалтад байхаар /ХХ-2-н 118, 120 дахь тал

3.1.5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авах тухай *** дугаар тогтоолын хавсралтаар Монголын хувьсгалчдын хоригдож байсан байшин нэрээр Гоожингийн өндөр гэх нэршилтэй барилгыг хамгаалалтад авахаар /ХХ-1-н 173-176 дахь тал/ тус тус шийдвэрлэж байсан нь тогтоогдов.

3.2.Нэхэмжлэгч нарт барилгыг өмчлөх эрх үүссэн үйл баримтад:

3.2.1.Боловсролын яамны 1992 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн */*** дугаар зөвшөөрлийн үндэслэн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар тушаалын 2 дахь заалтаар Гоожингийн өндөр хэмээх * айлын * давхар сууцыг акталж, данснаас хасаж, Улаанбаатар хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсэн /ХХ-1-н 134 дэх тал/ байна.

3.2.2.Иргэн Р.Ү*****, Ж.Э**********, Г.Т***********, С.А********** нар /цаашид Р.Ү******** нарын 4 иргэн гэх/ нь 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, уг мэдүүлгээр Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Модны *-**, **** метр квадрат талбай бүхий амины орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргаж байжээ. /ХХ-1-н 110 дахь тал/

3.2.3.Уг өргөдөлдөө:

-2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гараар бичсэн анх удаа бүртгүүлэх өмч гэж тодорхойлсон өргөдөл,

-Р.Ү***** нарын 4 иргэний үнэмлэхийн хуулбар,

-хорооны Засаг даргын оршин суух тодорхойлолт,

-Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай алба бичгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандсан Баянзүрх дүүргийн * дугаар хорооны дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн техникумын багш, ажиллагсдын байр нь тус дүүргийн харьяалалтай өмчийн бүртгэлд бүртгэлгүй гэх тодорхойлолт /ХХ-1-н 118 дахь тал/,

-Төрийн өмчийн хорооны 2008 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн **/**** дүгээр албан бичгээр мөн байгууллагад хандсан ... төрийн өмчид бүртгэлгүй гэх тодорхойлолт /ХХ-1-н 120 дахь тал/,

-Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай ... уг байранд амьдарч буй айлууд байшингийн эрхийн бичгийн төлөөлөл сонгон авахад татгалзахгүй, тус байр одоо сургуульд хамааралгүй гэх албан тодорхойлолт /ХХ-1-н 121 дэх тал/,

-мөн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаар албан бичгээр гаргасан ... акталж, данснаас хасаж, уг байранд амьдарч байсан багш ажиллагсдын мэдэлд өгсөн /ХХ-1-н 123 дахь тал/ гэх тодорхойлолт,

-Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн */**** дугаар албан бичгээр Гоожингийн өндөр хэмээх Санхүү эдийн засгийн техникумын багш, ажиллагчдын орон сууцны барилга нь Нийслэлийн өмчид бүртгэлгүй гэх тодорхойлолт /ХХ-1-н 122 дахь тал/,

-Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2009 оны 5 сарын 26-ны өдрийн **/** дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Мэдээлэл, технологийн газарт хандан дээрх 9 айлын сууц нь Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, Ойн * дүгээр гудамж,** гэсэн хаягийг Модны *-ийн ** тоот хаягтай болгон өөрчилсөн талаар мэдэгдэж /ХХ-1-н 135 дахь тал/ байсан зэрэг баримтуудыг хавсаргажээ.

3.2.4.Эндээс үзвэл, Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, Модны *-ийн ** тоот хаягтай Гоожингийн өндөр гэх нэршилтэй барилгыг Р.Ү***** нарын 4 иргэнийг өмчлөн авах үед төрийн болон нийслэл, бусад байгууллагын өмчлөлд байгаагүй бөгөөд шүүхээс одоо баримт бүрдүүлэхэд ч ийм өмчлөлийн бүртгэл байхгүй байна.

3.2.5.Өөрөөр хэлбэл, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар тушаалын 2 дахь заалтын дагуу уг барилгыг Улаанбаатар хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргаа дансандаа өмчөөр бүртгэж аваагүй, ийм баримт байхгүй байна.

3.2.6.Ингээд дээрх барилгыг Р.Ү****** нарын 4 иргэнийг хамтран өмчлөгчөөр, 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэсэн /ХХ-1-н 158 дахь тал/ байгаа тул уг барилгыг өмчлөхдөө хууль зөрчсөн гэх үйл баримт байхгүй байна.

3.2.7.Уг барилга нь Орон сууц хувьчлах товчоогоор орж хувьчлагдаагүй /ХХ-2-н 244 дэх тал/ байна.

3.2.8.Улмаар Р.Ү****** нарын 4 иргэнээс 2013 онд Б.М*********** Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ-ний үндсэн дээр /ХХ-1-н 159 дэх тал/, Б.М********-ээс 2018 онд Б.О****** Бэлэглэлийн гэрээ-гээр тус тус барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авч өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /ХХ-1-н 150-170 дахь тал/

3.2.9.Одоо уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.О******* бүртгэлтэй байна.

3.2.10.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн **-***/****** дугаартай барилгыг орон сууцны зориулалтаар ашиглахгүй байх, нурах аюултай тул амьдарч байгаа айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх гэсэн дүгнэлт гарсан /ХХ-2-н 40 дэх тал/ зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүссэн үйл баримтад:

3.3.1.Уг барилгын өмчлөгч Р.Ү****** болон бусад 8 оршин суугч нар нь 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн газрын албанд хандан * өрхийг төлөөлөн амьдарч байгаа газрынхаа эрхийн бичгийг Р.Ү****** нарын 4 иргэний нэр дээр гаргаж өгөхийг хүссэн өргөдөл гаргаж байжээ. /ХХ-1-н 132 дахь тал/

3.3.2.Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дүгээр захирамжаар Р.Ү******* нарын 4 иргэнд амины орон сууцны зориулалтаар *** метр квадрат газрыг эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна. /ХХ-1-н 57, 141, 143 дахь тал/

3.3.3.Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн */*** дугаар захирамжаар Р.Үеэлэн нарын 4 иргэнээс Б.М*********-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн байна. /ХХ-1-н 241-243 дахь тал/

3.3.4.Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн */*** дугаар захирамжаар Б.М**********-ийн эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, үйлчилгээ болгожээ. /ХХ-1-н 62 дахь тал/

3.3.5.Одоо газар эзэмшигч нь Б.М*********** байна.

3.3.6.Б.М************* нь уг газар дээрээ барилга барихаар 2014 онд техникийн нөхцөл авсан байгаа боловч Гоожингийн өндөр нэртэй барилгыг буулгахыг Нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөөгүй, барилгыг буцаан Нийслэлийн өмчид шилжүүлэх асуудлыг хэлэлцэж 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр уулзалт хийж байсан /ХХ-1-н 27-30 дахь тал/ боловч Нийслэлийн Засаг дарга болон бусад эрх бүхий этгээдээс шийдвэрлээгүй гэдгийг нэхэмжлэгч болон хариуцагч талаас зөвшөөрч маргахгүй байна.

3.3.7.Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн **/***** дугаар албан бичгээр нийслэлийн өмчид худалдан авах боломжгүй талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд мэдэгдэж байжээ. /ХХ-1-н 33 дахь тал/

3.3.8.Мөн Нийслэлийн соёл, урлагийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн **/**** дугаар албан бичгээр Б.М************-д барилгыг Нийслэлийн өмчид худалдан авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн /ХХ-1-н 34 дэх тал/ байна.

3.3.9.Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */***** дугаар захирамжийн 1 дэх заалтаар Нийслэлийн Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий сайд Т.Н***************-ийн амьдарч байсан 2 давхар барилга (Гоожингийн өндөр)-ыг эвдэх, гэмтээх, устгахаас сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авч, 3 дахь заалтаар Б.М************ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ./ХХ-1-н 64-65 дахь тал/

3.3.10.Ингэхдээ уг захирамждаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан зэрэг үйл баримтууд энэ хэрэгт тогтоогдлоо.

 

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */***** дугаар захирамжийн 1, 3 дугаар заалт нь Б.М*********, Б.О********* нарын шударгаар олж авсан өмчлөх, эзэмших эрхэд халдсан, гадагшаа чиглэсэн, үр дагавар нь заавал биелэгдэх шинжтэй, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн сөрөг үйлчлэлтэй тул гадагшаа чиглэсэн акт мөн байна.

4.2.Ерөнхий сайд Т.Н*************-ийн амьдарч байсан 2 давхар барилга (Гоожингийн өндөр) нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу эрх бүхий байгууллагаас түүхэн дурсгалт барилгаар бүртгэсэн соёлын биет өв мөн байна.

4.3.Нийслэлийн Засаг дарга нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахгэж, мөн зүйлийн 16.1.2-т соёлын өвийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг зохион байгуулах гэж, мөн зүйлийн 16.1.13-т устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах гэж заасан бүрэн эрхүүдтэй байна.

4.4.Иймд Нийслэлийн Засаг дарга нь дээрх барилгыг устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах үүрэгтэй этгээд мөн байна.

4.5.Гэвч хуульд заасан авран хамгаалах, сэргээн засварлах бүрэн эрх нь аливаа өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлан хамгаалалтад авах, газар эзэмших эрхийг дуусгавар болгох эрхийг олгож байгаа явдал биш юм.

4.6.Нийслэлийн Засаг дарга болон бусад эрх бүхий этгээдээс уг барилгыг төрийн хамгаалалтад авсан боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчаас 2006 онд барилгыг орон сууцны зориулалтаар ашиглахгүй байх, нурах аюултай тул амьдарч байгаа айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх гэсэн дүгнэлт гарсан байхад энэ талаар арга хэмжээ аваагүй, түүнчлэн авран хамгаалах, сэргээн засварлах ажиллагаа одоог болтол огт хийгдээгүй, үүнээс гадна Гоожингийн өндөр гэх барилгыг төрийн байгууллага соёлын өв-д бүртгэчихсэн байсан атлаа 2008 оноос төрийн болон орон нутгийн өмчид бүртгээгүй, Санхүү эдийн Засгийн техникум нь акталж, өмчлөлөөс хасаж соёлын өвийг хамгаалах зорилгоор эзэнгүйдүүлж, иргэдэд өмчлөлийг шилжүүлсэн байгаа тул одоогийн өмчлөгч Б.О******* нь уг барилгын хууль ёсны, шударга өмчлөгч мөн байна.

4.7.Иймд хувийн өмчид шилжсэн соёлын өвийг хадгалах устах, гэмтэхээс хамгаалах эрх болоод үүрэг нь Нийслэлийн Засаг даргад байгаа боловч, шууд цагдаагийн хамгаалалтад авах нь эрх хуулиар олгогдоогүй, ийм эрх зүйн үндэслэл байхгүй тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */**** дугаар захирамжийн 1 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны акт мөн байна.

4.8.Гуравдагч этгээд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарыг уг барилгадаа нэвтрэх, өмчлөх эрхийг нь хязгаарлаагүй, цагдаагийн хүн нэвтрэх боломжгүй байдлаар хамгаалалтад аваагүй зөвхөн гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, дуудлага ирсэн үед очиж шалгаж, хяналт тавьж байгаа гэх агуулгатай тайлбар гаргасан.

4.9.Гэвч маргаан бүхий актын хамгаалалтад авахыг даалгасан шийдвэр нь шууд хууль зүйн үр дагавраараа заавал биелэгдэх шинжтэй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу Засгийн газрын 2017 оны **** дүгээр тогтоолоор баталсан цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах ёстой онц чухал объектод хамаарахгүй байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах объект биш гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

4.10.Цагдаагийн байгууллага одоогоор уг барилгыг хамгаалалтдаа авснаар нэхэмжлэгч Б.О**********, Б.М*********** нарын өмчлөх, газар эзэмших эрхэд халдаж, өмчлөх барилга болон эзэмших газартаа нэвтрэх эрхийг хязгаарласан, ямар нэг албадлага хэрэглэсэн үйл баримт тогтоогдоогүй боловч цагдаагийн байгууллагын хамгаалалтад авсан барилгын хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн ** дугаар зүйлийн 25.1.6-д зааснаар объектод нэвтрэх хүнийг бүртгэх, 29 дүгээр зүйлийн 29.12-т зааснаар хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үед тухайн объект, арга хэмжээ болж байгаа газарт нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн газарт нэвтрэх хүний бие, биедээ авч яваа эд зүйлд биечлэн болон тусгай техник, хэрэгсэл ашиглан үзлэг хийх, 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар хүн, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг хуулиар зөвшөөрсөн өмчлөх эрхэд халдсан үйлдэл, үйл ажиллагааг зөвшөөрсөн гэж үзэх эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа тул захирамжийн уг заалт нь иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэж байна.

4.11.Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу соёлын өвийг хамгаалах тогтоолцоог Соёлын өвийн хамгаалалтад соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуул, хуулиар эрх олгосон байгууллага, албан тушаалтан хяналт тавина гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д соёлын өвийн хяналтын тогтолцоог Соёлын өвийн хяналтыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, улсын байцаагч, гэрээт харуул хэрэгжүүлнэ гэж тус тус тодорхойлсон боловч энэ нь цагдаагийн байгууллагаас өмчлөгчийн зөвшөөрөлгүй, тодорхой шалтгаангүй хамгаалалтад авах эрхийг нээсэн зохицуулалт биш юм.

4.12.Нэхэмжлэгч Б.М***********-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хүчингүй болгосон байгаа боловч уг захирамжид заасан үйл баримт, зөрчил шүүхэд тогтоогдохгүй байна.

4.13.Тодруулбал, Нийслэлийн Засаг даргаас Б.М***********-ийн газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үйл баримтад холбогдох нотлох баримт тайлбарыг гаргаагүй, нотолж чадаагүй болно.

4.14.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хууль тогтоомжид зааснаар түүхэн дурсгалт зүйл төрийн хамгаалалтад байхаар хуульчилсан бөгөөд **** оноос хойш * удаагийн хамгаалалтад авсан энэ байшингийн суурийн газар нь "Соёлын өв, түүхэн дурсгалт байшин" гэдгийг батлан харуулж байна. Улсын Их Хурлын **** оны ** дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт"-ын "Соёл, боловсролын салбар" гэсэн 5 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт "Түүх соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж"-ийг хувьчилж болохгүй гэж заасан тул түүх соёлын хосгүй дурсгалт зүйл болох Гоожингийн өндөр газрыг иргэний хувийн эзэмшилд шилжүүлсэн нь Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.7, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 38.1.4-т тус тус заасныг зөрчин газар олгосныг хүчингүй болгосон гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

4.15.Учир нь нэгдүгээрт, маргаан бүхий захиргааны акт энэ үндэслэлээр гараагүй байна.

4.16.Хоёрдугаарт, Гоожингийн өндөр гэх барилгыг хувьчлахыг тухайн үед Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2009 оны ** дугаартай албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2008 оны **/**** дүгээр албан бичиг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2008 оны *** дугаар болон 2009 оны *** дугаартай албан тодорхойлолт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2008 оны 1/1052 дугаар албан бичгээр зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл уг барилга нь соёлын өв гэх боловч төрөөс болон орон нутагт өмчлөх тодорхой эзэнгүй байсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул Орон сууц хувьчлах товчоогоор орж хувьчлагдаагүй /ХХ-2-н 244 дэх тал/ нь Орон сууц хувьчлах тухай хуулийг зөрчөөгүй, төрөөс өмчлөх тодорхой эзэнгүй байсан барилгыг тухайн үед амьдарч байсан Р.Ү***** нарын иргэд хүсэлт гарган хувьчилж авсныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

4.17.Тодруулбал, эзэнгүй өмчийг хувьчилсан өмч хувьчлалыг хууль бус болсон гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй.

4.18.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар Гоожингийн өндөр нэртэй түүхийн дурсгалт барилгын өмчлөгчөөр Р.Ү*****нарын 4 иргэнийг бүртгэсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь эерэг үйлчлэл бүхий захиргааны акт байна.

4.19.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, бусад байгууллагаас Р.Ү***** нарын 4 иргэнийг уг барилгын өмчлөгчөөр бүртгэсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаагүй, энэ бүртгэл 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хийгдсэнээс хойш 13 жил 5 сар, газрыг эзэмшүүлсэн 2008 оноос хойш 14 жил орчим өнгөрсөн байна.

4.20.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлээс /ХХ-1-н 27-30 дахь тал/ харвал Гоожин өндөр нэртэй барилгыг Нийслэлийн өмчид худалдан авах талаар ярилцаж байсан, мөн Нийслэлийн Соёл, урлагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн **/**** дугаар албан бичгээр ...М******** өмчилдөг барилгыг Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтаас хасах санал гаргаж байсан /ХХ-1-н 31 дэх тал/, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн **/***** дугаар албан бичгээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хандан ...төсөв хүрэлцээгүй тул нийслэлийн өмчид худалдан авах боломжгүй тухай хариу авсан гэдгийг мэдэгдэж, цаашлан ...соёлын биет өвийг өмчлөгчийн эрх, үүргийн дагуу ашиглах боломжтой талаар хариу өгч байсан /ХХ-1н 33 дахь тал/ зэргээс дүгнэвэл Нийслэлийн Засаг дарга Б.М**************-ийн /одоогийн өмчлөгч Б.О********/ өмчлөх эрхийг зөвшөөрч байсан, одоо уг эерэг үйлчлэлтэй захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар дуусгавар болсон байна.

4.21.Иймд хариуцагчийн гаргасан Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт"-ын "Соёл, боловсролын салбар" гэсэн 5 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт "Түүх соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж"-ийг хувьчилж болохгүй, Үүнээс гадна авч түүх соёлын хосгүй дурсгалт зүйл болох Гоожингийн өндөр газрыг иргэний хувийн эзэмшилд шилжүүлсэн нь Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.7, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 38.1.4-т тус тус заасныг зөрчин газар олгосныг хүчингүй болгосон гэсэн нь хууль зүйн үндэслэл биш гэж үзэв.

4.22.Иймд маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Б.М************-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасанд нийцээгүй тул уг хуулийг зөрчсөн гэж үзэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхээр шийдвэрлэв.

4.23.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Гоожингийн өндөр барилгыг түүхэн дурсгалт барилгын хувьд хойшид хөндөхгүй, хамгаална гэж мэдэгдсэн болохыг тэмдэглэж байна.

4.24.Хариуцагчаас нэхэмжлэгч иргэн Б.О*******-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн нь үндэслэлгүй байна. Тэрээр өөрийн өмчлөлийн барилгад цагдаагийн хамгаалалт тогтоосон шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болно.

Тав. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

5.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

5.2.Шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг үнэлж, үнэлсэн баримтуудаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд энэ шийдвэрт үнэлээгүй бусад нотлох баримтуудыг хэрэг хамааралгүй гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О*******, Б.М*********** нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */***** дугаар захирамжийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын мөн захирамжийн 3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.О**********, Б.М*********** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, уг хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ