Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/0026

 

Б.М, Б.О нарын нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            Д.Батбаатар  

Танхимын тэргүүн:          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                            Г.Банзрагч

                                              Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:                 М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:  А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0644 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2022/0785 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 90 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгч Б.М, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-Э, өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Б.М, Б.О нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Н-д зориулж 1914 онд барьсан, Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... давхар байшин /Г  ө /-г Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 420 дугаар, Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар, Хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 326 дугаар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 08 дугаар, 2007 оны 197 дугаар тогтоолоор тус тус хамгаалалтад авсан; Боловсролын яамны 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/396 дугаар зөвшөөрлийг үндэслэн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тушаалын 2 дахь заалтаар Г ө хэмээх ... айлын ... давхар сууцыг актлан, данснаас хасаж, Улаанбаатар хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсэн байна.

2.1. Тухайн сууцанд амьдарч байсан оршин суугчдаас Р.Ү нарын 4 иргэний нэр дээр газрын эрхийн бичгийг гаргуулах өргөдөл гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 559 дүгээр захирамжаар эдгээр иргэдэд амины орон сууцны зориулалтаар 470 м.кв газрыг эзэмшүүлсэн; улмаар нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжаар Р.Ү нарын 4 иргэнээс Б.М-д газар эзэмших эрхийг шилжүүлж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар уг газрын зориулалтыг “үйлчилгээний зориулалт” болгон өөрчилсөн байна.

2.2. Б.М-эс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн *** дугаар бүхий 521 м.кв, ... давхар үл хөдлөх эд хөрөнгийг Б.О-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба тухайн барилгын хууль ёсны өмчлөгчөөр Б.О-г бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгожээ.

2.3. Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Нийслэлийн Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий  сайд Т.Н-гийн амьдарч байсан ... давхар барилга (Г ө)-ыг хамгаалалтад авах тухай” А/1032 дугаар захирамжийн 1 дэх заалтаар нийслэлийн Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Н-д зориулж 1914 онд барьсан, Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших ... давхар байшин /Г ө/-г эвдэх, гэмтээх, устгахаас сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.О)-т үүрэг болгож; 3 дахь заалтаар нийслэлийн Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 470 м.кв газрыг 2014 оноос эзэмшиж байгаа иргэн Б.М нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2.4. Нэхэмжлэгч Б.М, Б.О нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... тухайн газрыг эзэмшиж, ашиглах хугацаанд газартай холбоотой захиргааны байгууллагын болон мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас аливаа зөрчил илрүүлсэн тухай дүгнэлт гарч байгаагүй, зөрчил гаргаж байгаагүй, ... нэхэмжлэгч Б.М нь газар эзэмших эрхийг зохих журмын дагуу, хууль ёсоор шилжүүлэн авсан, уг эрх өөр этгээдийн газрын эрхтэй давхцаагүй, өмнө нь энэ газрыг эзэмших хүсэлт гаргасан этгээд байхгүй тул бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй, ... Б.О-гийн өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй цагдаагийн хамгаалалтад авсан нь ... өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, нэвтрэх боломжгүй болгосон, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ... тус хөрөнгө нь цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалтад хамаарахгүй, ... нийслэлийн Засаг дарга бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, ... газрын тухай хууль, газар эзэмших гэрээг удаа дараа буюу ноцтой зөрчсөн эсэхийг бодитоор шалгаагүй, газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгөд нэхэмжлэгчээс шалтгаалан устаж, гэмтэх нөхцөл бүрдсэн эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогоогүй, ... маргаан бүхий актыг нэхэмжлэгч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй ...” гэсэн агуулгаар тодорхойлон маргасан.​​​​​​

2.5. Хариуцагчаас дээрх тушаалын үндэслэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 в, 29.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 41 дүгээр зүйлийн 41.1.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3, 27.5, 27.6, 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Эрүүгийн хуулийн 25.1 дүгээр зүйл, 25.2 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 197 дугаар тогтоолыг тус тус баримталсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь ... 1969 оноос хойш 7 удаагийн хамгаалалтад авсан тогтоол, шийдвэрүүдээр энэхүү байшингийн суурин газар нь соёлын өв, түүхэн дурсгалт байшин гэдгийг батлан харуулж байна, ... түүх соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга байгууламжийг хувьчилж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж иргэн Б.М, Б.О нарт газрыг олгосон байна, ... тус барилга нурах боломжтой байсан учраас цагдаагийн хамгаалалтад авсан ...” гэж;

2.6. Гуравдагч этгээд нийслэлийн Цагдаагийн удирдах газраас “... Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйл “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах”-ийн 12.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хамгаалалтад байх улсын онц чухал объектын жагсаалт”-д дээрх объект ороогүй тул хамгаалалтад авах боломжгүй ба харин захирамжийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дээрх байшин болон түүний ойр орчмыг Б дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн чиглэлд хамруулан хяналт тавин ажиллаж байна.” гэх тайлбарыг тус тус гаргасан.  

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Г ө гэх барилгыг төрийн байгууллага соёлын өвд бүртгэчихсэн байсан атлаа 2008 оноос төрийн болон орон нутгийн өмчид бүртгээгүй, ... одоогийн өмчлөгч Б.О нь уг барилгын хууль ёсны, шударга өмчлөгч мөн байна, ... хувийн өмчид шилжсэн соёлын өвийг хадгалах устах, гэмтэхээс хамгаалах эрх болоод үүрэг нь нийслэлийн Засаг даргад байгаа боловч, шууд цагдаагийн хамгаалалтад авах эрх хуулиар олгогдоогүй, ийм эрх зүйн үндэслэл байхгүй тул нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 1 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны акт мөн байна, ... Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор баталсан цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах ёстой онц чухал объектод хамаарахгүй байна, ... цагдаагийн байгууллагын хамгаалалтад авсан барилгын хувьд ... хуулиар зөвшөөрсөн өмчлөх эрхэд халдсан үйлдэл, үйл ажиллагааг зөвшөөрсөн гэж үзэх эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа тул захирамжийн уг заалт нь иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон, ... төрөөс өмчлөх тодорхой эзэнгүй байсан барилгыг тухайн үед амьдарч байсан Р.Ү нарын иргэд хүсэлт гарган хувьчилж авсныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй, ... маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Б.М-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй ...” талаар дүгнэжээ.  

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... “түүх, соёлын үл хөдлөх дурсгал” байрлах хамгаалалтын бүс тогтоосон хуулиар улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч, иргэний эзэмшилд олгогдох хууль зүйн үндэслэлгүй газрыг нэхэмжлэгч Б.М-ийн эзэмшилд “үйлчилгээний зориулалтаар” шилжүүлсэн өмнө нь гаргасан алдаатай, хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн харж, зассан агуулгаар гаргасан гэж үзэх үндэслэлтэй, ... маргаан бүхий актын 1, 3 дахь хэсгийг хариуцагч захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан хууль зөрчсөн, эсхүл илт хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг хариуцагчаас зөрчсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй, ... маргаан бүхий актын 3 дахь хэсгээр нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэгч Б.М “үйлчилгээний зориулалтаар” олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноос өмнөх цаг хугацаанд маргаан бүхий газар нь “түүх, соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө”, соёлын өв байсан байтал уг газрыг иргэний эзэмшилд  “үйлчилгээний зориулалтаар”, барилга байгууламж барих нөхцөлийг бүрдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл

6.1. “... Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай. а/ Соёлын тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрүүтэй хэрэглэсэн. ... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нийслэлийн Засаг дарга нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд цагдаагийн хамгаалалт тогтоох эрхтэй эсэх тухай зөрүүтэй дүгнэлт хийсэн.

6.1.1. Анх Санхүү, эдийн засгийн коллежийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тушаалаар багш нарын байр болох ... айлын ... давхар хувийн сууцыг акталж, сургуулийн өмчөөс хассанаар багш, ажилчдын эзэмшилд шилжсэн бөгөөд 2013 онд нэхэмжлэгч Б.М нь маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг иргэн Р.Ү болон бусад хамтран өмчлөгч нараас худалдаж авсан. Улмаар 2018 онд тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.О шилжүүлэн авч **** дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажуулсан байдаг. Товчоор хэлбэл, нэхэмжлэгч нар нь иргэний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр шилжүүлэн авсан хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болно.

6.1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3.1-д зааснаар цагдаагийн хамгаалалтыг зөвхөн мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт багтаан хэрэг гарсан газарт буюу бусдын өмчлөлд зөвшөөрөл шаардахгүйгээр хамгаалалт тогтоох эрхтэй. Харин Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн “Дурсгалт газрыг хамгаалах” гэх 8 дугаар бүлгийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтыг Засгийн газар тогтоож, 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар сум, дүүргийн Засаг дарга нь түүх соёлын дурсгалт газарт гэрээт харуул томилж дурсгалт газрын хамгаалалтыг хэрэгжүүлэх тогтолцоотой байна. Өөрөөр хэлбэл, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ерөнхий үүргийг заасан байх боловч цагдаагийн хамгаалалт тогтоох бүрэн эрх олгогдоогүй тухай анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

6.1.3. Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн бодит нөхцөл байдлын хүрээнд нэхэмжлэгч нар нь соёлын өвийг устгасан, гэмтээсэн үйлдэл, үйл ажиллагаа байхгүй, эрх бүхий байгууллагаас зөрчил тогтоосон дүгнэлт гаргаагүй, шалгалтын ажиллагаа огт явуулаагүй байхад соёлын өвд учирсан, учирч болохуйц эрсдэлийг таслан зогсоосон гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт илэрхий үндэслэлгүй.

6.1.4. б/Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан сонгох боломжийн тухай зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн. ... сонгох боломж гэдэгт захиргааны байгууллага хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэхийг ойлгодог. Гэтэл нийслэлийн Засаг даргад аливаа хууль, тогтоомжоор цагдаагийн хамгаалалт тогтоох эрх хэмжээ олгоогүй байхад буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй арга замыг хэрэглэсэн байна. Харин Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зөвшөөрөгдсөн түүх, соёлын дурсгалт газарт хамгаалалтын бүс тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлэх, гэрээт харуул томилж ажиллуулахыг дүүргийн Засаг даргад уламжлах боломжийг огт хэрэглээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хариуцагч захиргааны байгууллагад цагдаагийн хамгаалалт тогтоох эсэх сонгох боломж огт байгаагүй байхад давж заалдах шатны шүүхээс “... нөхцөл байдалд боломжтой хувилбарыг сонгож хэрэглэсэн” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

6.1.5. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болох бөгөөд нийслэлийн Засаг даргад бусдын өмчийн хөрөнгийг цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах үндэслэл бүрдээгүй, эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байдаг. Иймд тус захиргааны актын 1 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт болох тухай анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

6.1.6. в/2014 онд батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 болон 38.1.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн. ... Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Б.М-д газар шилжүүлэн эзэмшүүлсэн харилцаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухай зөрүүтэй дүгнэлт хийжээ. Анх маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 559 дүгээр захирамжаар Р.Ү-д эзэмших эрх олгосон бөгөөд Б.М нь нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар шилжүүлэн авсан байдаг. Харин давж заалдах шатны шүүхийн хэрэглэсэн буюу ноцтой зөрчсөн гэх Соёлын өвийг хамгаалах тухай хууль нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, тус оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

6.1.7. Тухайн 2008 болон 2013 онд газар эзэмших эрх олгох үед 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Соёлын өвийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсныг шүүхээс анхаараагүй. Тус хуулиар соёлын өв байрлах газрыг соёлын өвийн эзэмшигч, өмчлөгчид олгохыг хориглосон зохицуулалт байхгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс алдаатай дүгнэлт гаргажээ. Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь давж заалдах шатны шүүхээс ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан дэд бүтцийн барилга байгууламж бариагүй, уул уурхай, газар тариалан эрхлээгүй, үйлдвэрлэл явуулаагүй, 38.3-т заасан усан цахилгаан станц байгуулаагүй, ашигт малтмалын хайгуул хийгээгүй, аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй. Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу 2014 онд батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 болон 38.1.2 дахь хэсгийг хэрэглэж гаргасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

6.1.8. г/Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн. ... Захиргааны ерөнхий хуульд заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох гэдэг нь тухайн акт анхнаасаа хууль бус бөгөөд захиргааны шийдвэр гаргах үед мэдээгүй, мэдэх боломжгүй байхыг ойлгодог. Нэхэмжлэгч Б.М нь газрын эзэмших эрхийг зохих журмын дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 559  дүгээр захирамжаар хууль ёсоор газрыг эзэмшигч Р.Ү болон хамтран эзэмшигч нараас шилжүүлж авсан. Ингэхдээ тухайн үед хүчин төгөлдөр байсан 2001 оны Соёлын тухай хуулийн аливаа зохицуулалтыг зөрчөөгүй. Энэхүү газрын эзэмших эрх өөр этгээдийн газрын эрхтэй давхцаагүй, өмнө нь энэ газрыг эзэмших хүсэлт гаргасан этгээд байхгүй тул бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй.

6.1.9. Дээр дурдсанаар энэхүү газрыг Б.М-ээс өмнө Р.Ү нар нь хууль ёсоор эзэмшиж байсан тул уг газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 болон 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан нийтийн эдэлбэр эсхүл тусгай хэрэгцээний газарт тооцох боломжгүй, ийнхүү тусгай хэрэгцээнд аваагүй, нийтэд ашиглагдаж байгаагүй, иргэний эзэмшилд хамаарч байсан газар тул зориулалтын дагуу ашиглахад нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргасан гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй.

6.1.10. Иймд, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамж нь өмнө нь дурдсанаар Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчсөн үйл баримт байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар захиргааны байгууллага алдаагаа зассан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хуульд заасан урьдчилсан нөхцөл болон хэргийн бодит нөхцөл байдлыг анхаараагүй алдаатай болжээ. Түүнчлэн нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хууль бус гэж үзээд үүнээс хойш хугацааг тооцож үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

6.1.11. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх Соёлын тухай хуулийн 16 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 42 болон 48 дугаар зүйлүүдийг ийнхүү өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, хуульд заасан урьдчилсан нөхцөл болон хуулийн хэрэгжиж эхэлсэн цаг хугацааг алдаатай дүгнэсэн байгааг анхаарч, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай байна.

6.2. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай. Давж заалдах гомдол гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-Э, өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д нарыг оролцуулан хуралдаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 644 дүгээр шийдвэрийг гаргасан. Тус шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд гарч, нэхэмжлэгч тал нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд очиж шийдвэрийг гардан авсан. Харин гомдол гаргагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд биечлэн оролцсон тул шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй боловч аваагүй байдаг.

6.2.1. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 110 дугаар зүйлийн 110.1.1-д зааснаар хариуцагчийн гомдол гаргах хугацаа 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/9740 дугаар албан бичгээр “... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-өөс уг шүүхийн шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний гардан авч, эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ... давж заалдах журмаар гомдол гаргасан” байна гэж хүсэлтийг буцаасан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацаа дуусаж, нэхэмжлэгчээс гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлт өгсөн хойно, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх хүлээн авч шийдвэрлэн хэргийн нэг талд давуу байдал үүсгэсэнд гомдолтой байна.

6.2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан боловч танай хүсэлтийг гомдлын тайлбарын хамт шийдвэрлэнэ гэж шийдвэрлээгүй. Магадлалд хариуцагчийн гомдол гаргах хугацаа дууссан асуудлыг хэрхэн дүгнэсэн тухай огт дурдаагүй байдаг. Түүнчлэн, хариуцагч гомдол гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6-д зааснаар хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах боломжтой байсан боловч гаргасан хүсэлт байдаггүй. Иймд давж заалдах гомдол хүлээн авах журмыг ноцтой зөрчиж, захиргааны байгууллагад илэрхий давуу тал үүсгэж, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

6.3. Гурав. Шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж, хэрэглэсэн. Маргаан бүхий захирамжид нэхэмжлэгч Б.М- нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “...газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... соёлын өв байсан байтал уг газрыг иргэний эзэмшилд “үйлчилгээний зориулалтаар” барилга байгууламж барих нөхцөлийг бүрдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна” гэж Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан газрын тухай хууль тогтоомж гэдэгт Соёлын өвийг хамгаалах тухай хууль хамаарахаар дүгнэлт гаргажээ.

 6.3.1. Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжийн 5 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ... зөрчсөн” гэдэгт гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарах бөгөөд ... зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байх ёстой” гэжээ.

6.3.2. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.9 дэх хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “... удаа дараа ...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... ноцтой зөрчил ...”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж тайлбарлажээ. 

6.3.3. Нэхэмжлэгч Б.М нь 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авснаас хойш Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан болон бусад үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бөгөөд энэ нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн актаас харагдана. Тухайн газрын эзэмшиж, ашиглах хугацаанд газартай холбоотой захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас аливаа зөрчил илрүүлсэн тухай дүгнэлт гарч байгаагүй, ийнхүү зөрчил гаргаж байгаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход тухайн зөрчил нь ноцтой эсхүл удаа дараа давтагдсан байхыг урьдчилсан нөхцөл болгожээ. Газрын тухай хууль болон талуудын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд ноцтой зөрчлийн ойлголтыг тухайлан зааж өгөөгүй тул эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдох учиртай.

6.3.4. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь 2001 оны, эсхүл 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн аль хэсгийг зөрчсөн, зөрчил нь хэрхэн тогтоогдсон, тухайн зөрчил Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар удаа дараа үйлдэгдсэн эсэх, ноцтой зөрчил гэж талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эсэх, зөрчлийг шалгалтаар тогтоосон эсэх тухай дүгнэлт огт өгөөгүй хэр нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэх дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, Улсын дээд шүүхээс гаргасан тайлбар, зөвлөмжтэй нийцэхгүй байна.

6.3.5. Иймд хууль хэрэглээний илэрхий алдаатай, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Газрын тухай хуулийг Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмжөөс өөрөөр тайлбарлан хэрэглэж байгааг таслан зогсоож, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-өөс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

8. Нэг. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий актын 1 дэх заалтад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд захиргааны акт “илт хууль бус” байх үндэслэл нь “дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байх шаардлагатай” (Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, УБ., 2017 он, 216 дахь тал).

10. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Н-д зориулж 1914 онд барьсан, ... давхар байшин /Г ө/-г эвдэх, гэмтээх, устгахаас сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газарт даалгасан” нь нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт огт хамаарахгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй нь илэрхий тохиолдолд илт хууль бус захиргааны актад хамаарч, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох учиртай.

11. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 420 дугаар тогтоолоор Найрамдлын районы нутаг дэвсгэрт байрлах, Монголын хувьсгалчдын хоригдож байсан ... давхар байшин /С с-ийн хуучин байр/-г улсын 2 дугаар зэргийн хамгаалалтад авахаар; Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор Хотын гүйцэтгэх захиргааны хамгаалалтад авахаар; Хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 326 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар түүх, архитектурын дурсгалт барилгаар тогтоож Хотын музей хариуцахаар; Монгол Улсын Их Хурлын 1999 оны “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Түүх, соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж” гэж заасан; нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Б дүүргийн хамгаалалтад байхаар; нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авах тухай” 197 дугаар тогтоолын хавсралтаар Монголын хувьсгалчдын хоригдож байсан байшин нэрээр Г ө гэх нэршилтэй барилгыг хамгаалалтад авахаар тус тус шийдвэрлэж байснаас үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь эрх бүхий байгууллагаас түүхэн дурсгалт барилгаар бүртгэсэн соёлын биет өв болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно.

12. Түүнчлэн, Боловсролын яамны 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/396 дугаар зөвшөөрлийг үндэслэн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тушаалын 2 дахь заалтаар Г ө хэмээх ... айлын ... давхар сууцыг акталж, данснаас хасаж, Улаанбаатар хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсэн боловч ийм шилжилт хийгдээгүй; харин Р.Ү, Ж.Э, Г.Т, С.А 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б дүүргийн ... дугаар хороо, ... тоот, 521 м.кв талбай бүхий амины орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр өргөдөл гаргаж, 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон; уг барилгын өмчлөгч Р.Ү болон бусад 8 оршин суугч нар нь 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр амьдарч байгаа газрынхаа эрхийн бичгийг Р.Ү нарын 4 иргэний нэр дээр гаргаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 559 дүгээр захирамжаар Р.Ү нарын 4 иргэнд амины орон сууцны зориулалтаар 470 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын мэдээллийн санд бүртгэсэн; нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар Р.Ү нарын 4 иргэнээс Б.М--д газар эзэмших эрхээ шилжүүлсэн; нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар Б.М-ийн эзэмшил газрын зориулалтыг “үйлчилгээ” болгож өөрчилсөн; Б.М нь уг газар дээрээ барилга барихаар 2014 онд техникийн нөхцөл авсан буюу соёлын өв байрлаж байгаа газрыг анх “амины орон сууц”-ны зориулалттай байсныг одоогийн эзэмшигч нар нь “үйлчилгээний” зориулалт болгон өөрчилж, барилга барихаар техникийн нөхцөл авсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

13. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 16.1.1-д “соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах”, 16.1.2-т “соёлын өвийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг зохион байгуулах”, 16.1.3-т “соёлын өвийг ..., бүртгэх, хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах”, 16.1.6-д “соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах”,  16.1.13-т “устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах” гэж тус тус аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлжээ.

14. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Соёлын өвийг хамгаалах асуудлыг ... бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна”, 37.2-т “Соёлын өвийн хамгаалалтад ..., бүх шатны Засаг дарга, ... хяналт тавина” гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д “Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно:” гээд 38.1.1-д “түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих ...”, 38.1.2-т “палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, ... зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох”, 38.1.4-т “улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд .. анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг өөрчлөх” гэж соёлын өвд хохирол учруулахуйц үйл ажиллагааг хууль тогтоогч жагсааж, эдгээр зөрчлийг гаргуулахгүй байх, хамгаалалтад нь хяналт тавихыг эрх бүхий этгээдүүдэд үүрэг болгожээ.

15. Дээрхээс үзэхэд, одоогийн газар эзэмшигч Б.М- нь соёлын өв байрлаж байгаа газрыг анх “амины орон сууц”-ны зориулалттай байсныг “үйлчилгээний” зориулалт болгон өөрчилж, барилга барихаар техникийн нөхцөл авсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэдийгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь иргэний өмчлөлд шилжсэн боловч соёлын өвийг хамгаалах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захирамжийн 1 дэх заалтаар цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газарт даалгасан нь чиг үүрэгт нь огт хамаарахгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах илэрхий үндэслэл байгаагүй гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

16. Гэтэл анхан шатны шүүх “... хувийн өмчид шилжсэн соёлын өвийг хадгалах устах, гэмтэхээс хамгаалах эрх болоод үүрэг нь нийслэлийн Засаг даргад байгаа боловч, шууд цагдаагийн хамгаалалтад авах эрх хуулиар олгогдоогүй, ийм эрх зүйн үндэслэл байхгүй тул нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 1 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус захиргааны акт мөн ...” гэж дүгнэсэн нь буруу; харин давж заалдах шатны шүүхээс “... соёлын өвийг хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах, соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах, устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах зэрэг үүргийг хариуцагч захиргаанд хуулиар хүлээлгэсний дагуу уг хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор “түүх, соёлын дурсгалт үл хөдлөх хөрөнгө”-ийг цагдаагийн хамгаалалтад авах замаар сонгох боломжоо хэрэгжүүлсэн үйлдлийг хариуцагч захиргаанаас өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ...” хэмээн холбогдох хуулийг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэжээ.

17. Мөн давж заалдах шатны шүүх маргаан бүхий (2021 оны) актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Соёлын өвийн тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “... 2008 болон 2013 онд газар эзэмших эрх олгох үед 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Соёлын өвийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсныг шүүхээс анхаараагүй. Тус хуулиар соёлын өв байрлах газрыг соёлын өвийн эзэмшигч, өмчлөгчид олгохыг хориглосон зохицуулалт байхгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс алдаатай дүгнэлт гаргажээ ...” гэх хэсэг;  захирамжийн 1 дэх хэсэгт “эвдэх, гэмтээх, устгахаас сэргийлэх зорилгоор” гэж урьдчилан сэргийлэх агуулгаар гаргаж буйг тодорхой заасан тул гомдлын “... дэд бүтцийн барилга байгууламж бариагүй, уул уурхай, газар тариалан эрхлээгүй, үйлдвэрлэл явуулаагүй, 38.3-т заасан усан цахилгаан станц байгуулаагүй, ашигт малтмалын хайгуул хийгээгүй, аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй болно ...” гэх хэсгийг тус тус хүлээн авах боломжгүй.

18. Хоёр. Давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргын захирамжийн 3 дахь заалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

19. Тодруулбал, уг актын 3 дахь заалтаар нийслэлийн Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 470 м.кв газрыг 2014 оноос үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа Б.М нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэн түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд энэхүү хэсэгт холбогдуулан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан гэж үзэхээр байна.

20. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:” гээд 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх;” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж; Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж, 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.

21. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргадаг эрх бүхий этгээдийн хувьд газар эзэмшигч, ашиглагч этгээд Газрын тухай хууль тогтоомж болон гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, нөхцөл, болзлыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих эрхтэй боловч тухайн гэрчилгээ эзэмшигч нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзвэл уг зөрчсөн гэх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй, өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч этгээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бол хуулийн аль заалт, эсхүл газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн ямар нөхцөл, болзол, үүргийг хэрхэн зөрчсөн, энэ нь яагаад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон талаар баримтаар тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх учиртай.

22. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, өмнө дурдсанчлан анх барилгын өмчлөгч нар нь өргөдөл гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 559 дүгээр захирамжаар Р.Ү нарын 4 иргэнд “амины орон сууцны” зориулалтаар 470 м.кв газрыг эзэмшүүлснийг нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар Б.М--д шилжүүлж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар Б.М-ийн эзэмшил газрын зориулалтыг “үйлчилгээ” болгож өөрчилсөн буюу газрыг анх “амины орон сууц”-ны зориулалттай байсныг одоогийн эзэмшигч нар нь “үйлчилгээний” зориулалт болгон өөрчилсөн бөгөөд газрын зориулалтыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр өөрчилдөг тул энэ нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй; мөн хариуцагч талаас хуулийн энэхүү зохицуулалтад хамаарах өөр үндэслэл, нотлох баримт гаргаж маргаагүй, газрын хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзол, үүргийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актын 3 дахь заалт хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

23. Гэтэл давж заалдах шатны шүүх уг заалтын хууль зүйн үндэслэл, бодит байдалд дүгнэлт хийгээгүй атлаа захиргааны актын үндэслэлд хамаарахгүй (захирамжийн холбогдох заалт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох агуулгаар гараагүй байхад) “... түүх, соёлын үл хөдлөх дурсгал” байрлах хамгаалалтын бүс тогтоосон хуулиар улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч, иргэний эзэмшилд олгогдох хууль зүйн үндэслэлгүй газрыг нэхэмжлэгч иргэн Б.М-ийн эзэмшилд “үйлчилгээний зориулалтаар” шилжүүлсэн өмнө нь гаргасан алдаатай, хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн харж, зассан агуулгаар гаргасан гэж үзэх үндэслэлтэй ...” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

24. Тиймээс анхан шатны шүүхийн “... Нэхэмжлэгч Б.М-ийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хүчингүй болгосон байгаа боловч уг захирамжид заасан үйл баримт, зөрчил шүүхэд тогтоогдохгүй байна. Тодруулбал, нийслэлийн Засаг даргаас Б.М--газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үйл баримтад холбогдох нотлох баримт тайлбарыг гаргаагүй, нотолж чадаагүй болно ...” гэх дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “... нэхэмжлэгч Б.М- нь 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авснаас хойш Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан болон бусад үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бөгөөд энэ нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн актаас харагдана. Тухайн газрын эзэмшиж, ашиглах хугацаанд газартай холбоотой захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас аливаа зөрчил илрүүлсэн тухай дүгнэлт гарч байгаагүй, ийнхүү зөрчил гаргаж байгаагүй ...” гэх хэсгийг хангах үндэслэлтэй.

25. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0644 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2022/0785 дугаар магадлалын 1 дэх хэсгийг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 47 дугаар зүйлийн 47.1.6, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 16.1.3, 16.1.6, 16.1.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 38.1.4, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М, Б.О нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, үлдэх “нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч нарт (50 хувиар) буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА         

                     ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ 

                                                                                                          Х.БАТСҮРЭН

                                                                                                          М.БАТСУУРЬ