Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2019/00709

 

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 0 дугаар баг, регистрийн дугаар , Б аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газарт үйл ажиллагаа явуулдаг Ө сумын Сум хөгжүүлэх сан (Ө сумын Засаг дарга Х.Б, утас:)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр баг Х арал ... гудамж .. тоотод оршин суух, утас  , РД: 1 овогт С-н О,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр баг Хуст арал 16 гудамж 15 тоотод оршин суух, утас 0000, РД: О овогт Оын Жнарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч бөгөөд хариуцагч О.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: С.О, О.Жнараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 14000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангийн дарга Ө сумын Засаг Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.О болон түүний охин О.Жнар нь 2014 онд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс ямар ч үндэслэлгүйгээр 14000000 төгрөг шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 14 сая төгрөг шилжүүлэн авч ашигласан байна. Үүнээс хойш 5 жил өнгөрсөн боловч сум хөгжүүлэх санд мөнгөө буцаан төлөөгүй байжээ. Иймд С.О, О.Жнараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14000000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ө сумын Засаг даргын нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр миний Х банк дахь 00000 тоот дансанд 10000000 төгрөг шилжүүлсэн баримтыг хавсаргасан байна. Миний санаж байгаагаар ямар нэгэн зээл авч байгаагүй. Хэрэв тухайн үед Сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол холбогдох шийдвэр зээлийн гэрээ зэрэг үндсэн баримтууд нь Ө сумын Засаг даргын тамгын газарт байх ёстой. Зээл олгох журамд зааснаар эхлээд зээл олгох шийдвэрийг зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжсэн тохиолдолд Засаг даргын шийдвэр \захирамж\ гарах ёстой. Дараа нь зээл авагчтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл, зээлийн болон барьцааны гэрээ, барьцааны хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг зэрэг баримтуудыг хадгалж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Тийм учраас би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч О.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр миний Х банк дахь 00000 тоот дансанд 4000000 төгрөг шилжүүлсэн баримтыг хавсаргасан байна. Бидний санаж байгаагаар О.Жнь ямар нэгэн зээл авч байгаагүй. Хэрэв тухайн үед Сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол холбогдох шийдвэр зээлийн гэрээ зэрэг үндсэн баримтууд нь Ө сумын Засаг даргын тамгын газарт байх ёстой. Зээл олгох журамд зааснаар эхлээд зээл олгох шийдвэрийг зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжсэн тохиолдолд Засаг даргын шийдвэр \захирамж\ гарах ёстой. Дараа нь зээл авагчтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл, зээлийн болон барьцааны гэрээ, барьцааны хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээг эх хувь, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг зэрэг баримтуудыг хадгалж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Тийм учраас би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд хүлээн авагч хэсэгт Р ХХК гэж бичээд дараа нь О.Жгэж үзгээр нэмж бичсэн байна. Эндээс үзвэл дээрх 4000000 төгрөг Р ХХК, О.Жнарын хэний дансанд орсон, хэн авсан эсэх нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б аймгийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар ажиллаж байсан С.О нь тухайн үед охин Ж болон өөрийн дансаар 14 сая төгрөгийг авсан байсан. 4 сая төгрөгийг Ж авсан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хариуцагч С.О оролцож байна. Сум хөгжүүлэх сангаас зээл авахдаа бичгээр ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр авсан байна. Мөнгө шилжүүлсэн тухай баримтад зээл гэх агуулгаар шилжүүлсэн болох нь харагдаж байна. Зээлээр мөнгө шилжүүлэхдээ ямар нэгэн байдлаар хугацаа тогтоогоогүй. Мөн гэрээ байгуулж, барьцаа хөрөнгө барьцаалсан асуудал байхгүй. Зээл төлөх хугацаа тогтоогоогүй бол хэрхэн шаардах талаар хуульд тусгайлан зааж өгсөн. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан. Хариуцагч нар зээл авахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна. Мөн хугацаа тогтоосон асуудал байхгүй байна. С.О, О.Ж нараас Ө сумын Засаг даргаас буюу сум хөгжүүлэх сангаас олгосон 14 сая төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө уг асуудлаар ярилцсан ч уг зээлийг төлөхгүй, гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан байсан. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасан хугацаа өнгөрсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна... гэж заасан. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл нь 3 жилийн дотор эргэн төлөгдөх ёстой зээл байсан. Талууд гэрээ байгуулаагүй ч гэсэн зээл олгосноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч нар эргэн төлөлт хийгээгүй. Сум хөгжүүлэх сангаас гаргасан зээл бол төрийн мөнгө байгаа. Хариуцагч нар эргэн төлөлт хийгээгүй тул төр хохирч байна гэж үзэж байгаа. Сум хөгжүүлэх сангаас олгох зээл нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор бага хүүтэй олгогдох ёстой зээл байсан ч тухайн үед ажиллаж байсан аймаг сумын удирдлагууд өөртөө давуу байдал мөнгө шилжүүлж авсан гэж үзэж байна. Хариуцагч нар уг зээлээ төлөхгүй бол дараагийн арга хэмжээг авч уг асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулна гэдгийг хэлмээр байна. Бид хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэж бодож байна. Иймд уг хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч бөгөөд хариуцагч О.Ж ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний бие Ө сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар 2012 оноос 2016 он хүртэл ажилласан нь үнэн. Би сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөг, миний охин 4 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Дээрх мөнгөнүүд бидний дансанд орсон. Сум хөгжүүлэх сангаас зээл олгохдоо хууль журмын дагуу олгох ёстой. Ингэхдээ заавал гэрээ байгуулах ёстой. Мөн төсөл бичиж, барьцаа хөрөнгө барьцаалах ёстой. Бид төсөл бичиж өгсөн. Ямар нэгэн шалгуургүйгээр хүнд зээл олгохгүй. Сум хөгжүүлэх сангийн харилцааг зохицуулсан хууль дүрэм журам гэж бий. Миний тухайн үед бичсэн төсөл, байгуулсан гэрээ байхгүй байна. Би нэхэмжлэгч талаас тухайн үед бидэнтэй байгуулсан зээлийн гэрээ болон төсөл зэрэг нотлох баримтыг гаргаж өгөхийг хүсэж байна. Би байгуулсан гэрээний дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 1, 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналтай байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй гэж заасан. Надад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй. Би хууль журмын дагуу зээл авсан. Тухайн үед байгуулсан зээлийн гэрээг гаргаж ирвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ нэхэмжлэгч тал намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан мэтээр ярьж байгаад санал нийлэхгүй байна. Ө сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал нь хууль сахиулах хяналт тавих эрхтэй байгууллага болохоос биш захиргааны байгууллагын үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Зээлийн гэрээг 1-3 жилийн хугацаатай байгуулах ёстой. Гэрээг гаргаж ирвэл тухайн гэрээнд тусгагдсан заалтын дагуу би хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Миний бие 5 охинтой. Тухайн үед миний 3 хүүхэд сургуулиа төгс ирээд ямар нэгэн ажилд ороогүй байсан. Бид тухайн үед зээлсэн мөнгөөр зах дээр наймаа хийж байсан. Бид тухайн үед гар машинаар эд зүйл хийж зарах наймаа хийж байсан ч дампуурсан. Миний охин О.Ж мөн зээлээр авсан 4 сая төгрөгөөр наймаа хийж байгаад дампуурсан, одоо хотод гуанзанд ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №09 дугаартай Төлбөрийн баримт-аар С.От 10000000 (арван сая) төгрөгний зээлийг, хариуцагч О.Жт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №198 дугаартай Төлбөрийн баримт-аар 4000000 (дөрвөн сая) төгрөгний зээлийг тус тус төрийн сангийн дансаар дамжуулан Б аймгийн Ө сумын сум хөгжүүлэх сангаас олгосон болох нь нотлогдож байна.

Мөн хариуцагч С.О шүүх хуралдаанд 2014 оны 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10000000 төгрөгийг өөрөө, түүний охин хариуцагч О.Ж2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 4000000 төгрөгийг тус тус Ө сумын Сум хөгжүүлэх сангаас зээлээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба Х банкны Б салбарын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5180/707 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар тус банканд байгаа хариуцагч С.О, О.Жнарын хувийн харилцах дансанд энэхүү зээлийн мөнгө орж ирсэн болох нь нотлогдож байна.

Хариуцагч С.О Сум хөгжүүлэх сангаас зээл авахад холбогдох нотлох баримтуудыг тухайн үед бүрдүүлж өгсөн гэж мэдүүлдэг боловч энэ нь хөдлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа ба энэхүү баримтыг бичгийг үйлдэж, бүрдүүлж байсан гэдгээ хариуцагч нар өөрснөө нотолж чадаагүй болно.

Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан Төлбөрийн хүснэгт болон Х банкны Б салбарын Депозит дансны хуулга-аар төрийн сангийн дансаар амжуулан Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас зээл олгосон болох нь, мөн хариуцагч нарын энэхүү зээл авснаа хүлээн мэдүүлсэн тайлбар зэргээс хариуцагч С.О, О.Жнар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь үгүйсгэгдэж харин талуудын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэх нь зүйтэй байна.

Талууд зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй тул Иргэний хуулийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч зээлийн хүү авах эрхээ алдсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлгээр нийгэм улс төр, сонгуулийн нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн үед Сум хөгжүүлэх сангаас зээл олгож байсан эрх бүхий албан тушаалтнууд ажлаас чөлөөлөгдсөн, мөн тухайн үед энэхүү зээлийг буцаан төлөхийг хариуцагч нараас шаардаж байсан эсэх нь тодорхойгүй зээл төлөх хугацаа хэтэрсэн гэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нарын мэдүүлснээр тухайн үед нэхэмжлэгч талаас зээлийг буцаан төлөхийг шаардаж байгаагүй гэх боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-д зааснаар хариуцагч нар төрийн сангийн дансаар дамжуулан сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөх хугацаа хэтрүүлэхэд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр зээлээ төлж (төрийн хохиролгүй) нэхэмжлэгчийг хохиролгүй болгох хуулийн заалттай.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар зээлээ буцаан төлөх хугацааг тогтоосон эсэх нь нотлогдохгүй байгаа боловч энэхүү төрийн сангийн дансаар дамжуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээл зориулалтын хувьд зээл олгосон өдрөөс дараа жилийн мөн өдрөөс эхлэн 3 жилийн дотор хүүгийн хамт буцааж төлөх ёстой байсан гэдэгт талууд маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д нийцэж байна.

Эдгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүссэн үеийг хариуцагч С.О 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас зээл 10000000 (арван сая) төгрөгийг авснаар зээлийн эргүүлэн төлөх хугацааг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолоход 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа, хариуцагч О.Ж2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сум хөгжүүлэх сангаас зээл 4000000 (дөрвөн сая) төгрөгийг авснаар зээлийг буцаан төлөх хугацаа 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар тус тус дуусч байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч С.О Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 10000000 төгрөгийг, хариуцагч О.Жсум хөгжүүлэх сангаас авсан зээл 4000000 төгрөгийг тус тус буцаан төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу хариуцагч С.О, О.Жнар нь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчиж байна.

Иймд хариуцагч С.О, О.Жнар нь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч С.Оаас зээл 10000000 төгрөг, хариуцагч О.Жаас зээл 4000000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх санд олгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын сум хөгжүүлэх сан нь төсвийн байгууллага ба энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 174950 төгрөгийг хариуцагч С.Оаас, 78950 төгрөгийг хариуцагч О.Жаас тус тус гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4-ийг тус тус баримтлан хариуцагч Ш ожых овогт Сн Оаас зээл 10000000 (арван сая) төгрөг, хариуцагч Ожых овогт Оын Жаас зээл 4000000 (дөрвөн сая) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх санд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч С.Оаас 174950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин) төгрөг, хариуцагч О.Жаас 78950 (далан найман мянга есөн зуун тавин) төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК