Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01337

 

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын

Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00709 дүгээр шийдвэр,

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00002 дугаар магадлалтай,

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

С.Онгар, О.Жанар нарт холбогдох

 

14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Онгарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагч С.Онгар, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Онгар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байхдаа өөртөө болон охин О.Жанарт 2014 онд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс 14,000,000 төгрөг зээл гэсэн утгаар шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 14 сая төгрөг шилжүүлэн авч ашигласан байна. Үүнээс хойш 5 жил өнгөрсөн боловч сум хөгжүүлэх санд мөнгөө буцаан төлөөгүй байжээ. Иймд С.Онгар, О.Жанар нараас 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Онгар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2014.05.26-ны өдөр миний ХААН банк дахь 5193022710 тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг хавсаргасан байна. Миний санаж байгаагаар ямар нэгэн зээл авч байгаагүй. Хэрэв тухайн үед Сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол холбогдох шийдвэр зээлийн гэрээ зэрэг үндсэн баримтууд нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт байх ёстой. Зээл олгох журамд зааснаар эхлээд зээл олгох шийдвэрийг зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжсэн тохиолдолд Засаг даргын шийдвэр гарах ёстой. Дараа нь зээл авагчтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл, зээлийн болон барьцааны гэрээ, барьцааны хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг зэрэг баримтуудыг хадгалж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Тийм учраас би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч О.Жанарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Онгар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2013.07.05-ны өдөр миний ХААН банк дахь 5180565218 тоот дансанд 4,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг хавсаргасан байна. Бидний санаж байгаагаар О.Жанар нь ямар нэгэн зээл авч байгаагүй. Хэрэв тухайн үед Сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол холбогдох шийдвэр зээлийн гэрээ зэрэг үндсэн баримтууд нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт байх ёстой. Зээл олгох журамд зааснаар эхлээд зээл олгох шийдвэрийг зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжсэн тохиолдолд Засаг даргын шийдвэр гарах ёстой. Дараа нь зээл авагчтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл, зээлийн болон барьцааны гэрээ, барьцааны хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээг эх хувь, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг зэрэг баримтуудыг хадгалж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Тийм учраас би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд хүлээн авагч хэсэгт Рус-Нур ХХК гэж бичээд дараа нь О.Жанар гэж үзгээр нэмж бичсэн байна. Эндээс үзвэл дээрх 4,000,000 төгрөг Рус-Нур ХХК, О.Жанар нарын хэний дансанд орсон, хэн авсан эсэх нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00709 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4-ийг тус тус баримтлан хариуцагч Шеруши ожых овогт Сейсенбайн Онгараас зээл 10,000,000 (арван сая) төгрөг, хариуцагч Ожых овогт Онгарын Жанараас зээл 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч С.Онгараас 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин) төгрөг, хариуцагч О.Жанараас 78,950 (далан найман мянга есөн зуун тавин) төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00002 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00709 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 219 дүгээр 219.1, 227 дугаар зүйлийн 227.4-ийг тус тус баримтлан гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.Онгарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч С.Онгарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч С.Онгар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч С.Онгар надаас зээл 10,000,000 төгрөг, хариуцагч О.Жанараас зээл 4,000,000 төгрөг тус тус гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг тус тус эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар зөв дүгнэлт хийсэн мөртлөө Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу хариуцагч С.Онгар, О.Жанар нар нь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж зөв дүгнэсэн мөртлөө талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэлгүй байна гэж буруу дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн явдалд гомдолтой байна.

2. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011.04.27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 1.6.2-т зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна гэж тодорхой зааж өгсөн. Бидний авсан зээл сум хөгжүүлэх сангийн зээл учир тухайн үед зээлдүүлэгч 36 сар буюу 3 жилээс хэтрүүлэхгүйгээр гэрээ байгуулсан байх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгийн зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй тохиолдолд түүнийг буцааж төлөхтэй холбоотой зохицуулалт хэрэгт ямарч зээлийн гэрээ авагдаагүй байхад талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй байна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Нөгөө талаар хэрэгт цугларсан нотлох баримт дотор зээлдүүлэгчийн зүгээс зээлийг буцааж төлөх талаар зээлдэгчээс шаардсан талаарх ямарч нотлох баримт байхгүй бөгөөд зээл авсан гэх 2014.05.26-ны өдрөөс хойш ямарч шаардлага, мэдэгдэл ирүүлж байгаагүй. Давж заалдах шатны шүүх энэ байдлыг анхаарч үзэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг буцааж төлөхийг шаардсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг дарга нь С.Онгар, О.Жанар нарт холбогдуулан 14,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, С.Онгар 10,000,000 төгрөг, О.Жанар 4,000,000 төгрөг тус тус Сум хөгжүүлэх сангаас зээл хэлбэрээр авч, одоог хүртэл төлөөгүй гэснийг хариуцагч ...мөнгийг авсан нь үнэн, зээл хэлбэрээр авсан бол холбогдох зээлийн болон барьцааны гэрээ, зээл олгох шийдвэр байх ёстой, ийм баримтыг нэхэмжлэгч гаргаагүй байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч С.Онгараас 10,000,000 төгрөг, хариуцагч О.Жанараас 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 гэж үзэж, энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагч С.Онгарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

1. Хэдийгээр зээлийн гэрээ, зээл олгох шийдвэр гэсэн бичгийн баримт хэрэгт авагдаагүй боловч С.Онгар 2012-2016 онуудад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2014.05.26-ны өдөр 10,000,000 төгрөгийг, түүний охин О.Жанар 2013.07.05-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл гэсэн утгаар шилжүүлж авсан нь тогтоогдсон байна. Иймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, зээлдүүлэгч Сум хөгжүүлэх сан гэрээний үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг зээлдэгч С.Онгар, О.Жанар нарын банк дахь харилцах дансанд шилжүүлэн өгсөн, хариуцагч нар мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.

 

2. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан уг хэм хэмжээг зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэнэ.

 

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн нь үндэслэлгүйгээс гадна тухайн хугацаа өнгөрсөн ч зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх зарчмыг хариуцагч нар зөрчсөн гэх дүгнэлт хийж, уг дүгнэлтээ нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь оновчтой бус байна.

 

Харин нэхэмжлэгч 2019.10.04-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэхдээ давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан байна.

 

Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ба үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй.

 

Зээлийг буцаан төлөх хугацааг талууд гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх ба ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг өмнө нь шаардаагүй болох нь зохигчийн тайлбарт тусгагдсан ба нэхэмжлэгч шүүхэд хандаж шаардах эрхээ хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн ...зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй гэсэн нь учир дутагдалтай, зээлийг төлөх талаар өмнө нь шаардаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг харгалзаагүй... гэсэн агуулгатай гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч С.Онгарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч С.Онгарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.13-ны өдөр төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД