Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0609

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Э******

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж***********, Д.А******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Э******аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулж, Г.Х*****г уг албан тушаалаас чөлөөлж, А.Э******ыг ажилд эргүүлэн томилуулах”-аар маргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ажилд эргүүлэн тогтоолгох, тасалдсан хугацааг тогтоолгож нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх”–ээр нэмэгдүүлснийг хүлээн авч, бусад нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

2. Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Шалгалтын комисс байгуулах тухай” 80 дугаар тушаалаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-01/245 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу тус байгууллагын зарим гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий Шалгалтын комиссыг Комиссын дарга С.Ц********, гишүүд болох Ц.А********, С.Б********, Ж.Э********, Т.С*********, Д.А****** нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Төрийн шинэ сэргэлтийн бодлогод уялдуулан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх өндөр бүтээмжтэй иргэдийг сонгон шалгаруулахад чиглүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй хэмнэлтийн горимд нийцүүлэн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр хууль, журмын дагуу зохион байгуулж, дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг шалгалтын комисс /С.Ц********/-т даалгаж, Сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн холбогдох Зөвлөхүүдийг урин оролцуулж, цогц чадамжийн хүрээнд шалгалтад оролцогчдод сэтгэл зүйн болон сургалт хөгжлийн чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд Ажлын албаны бусад албан хаагчдыг шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд татан оролцуулахыг комисс  /С.Ц********/-т зөвшөөрч шийдвэрлэсэн,

Уг шалгалтад нэхэмжлэгч А.Э****** бүртгүүлсэн боловч Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 02/887 дугаар “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Таны тухайд тус албан тушаалд тавигдсан тусгай шаардлагын боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангаж байх боловч төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажиллаагүй, мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул комиссын гишүүд 100 хувийн саналаар бүртгэлд хамруулж, шалгалтад оролцуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн...” гэсэн хариу өгсөн.

3/ Уг хариуг нэхэмжлэгч эс зөвшөөрч анх шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан,

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг хүчингүй болгох” гэж тодорхойлсон байх баг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “...Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, Г.Х*****г чөлөөлж, А.Э******ыг томилуулах” гэж тодруулж, улмаар шүүх хуралдааны явцад “Ажилд эргүүлэн тогтоолгох, тасалдсан хугацааг тогтоолгож нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх” шаардлагыг нэмэгдүүлж гаргасан, шүүх эдгээр үндсэн болон тодруулж нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

4/ Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ Төрийн албаны зөвлөлөөс миний ажилласан жилийг 12 жил хүрэхгүй гэж үзэж байгаа.

Би төрд 11.6 жил ажилласнаас 11 жилд нь ахлах түшмэлийн албан тушаал хашсан. Мөн дунд нь тасалдсан сараар нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхэд миний ажилласан жил хангалттай хүрэх үндэслэлтэй. Миний хувьд Санктпетербургийн улсын их сургуульд сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.

Дараа нь ОХУ-ын Москва хотын Высшая школа экономикад магистрын зэрэг хамгаалж явж байгаад ирсэн. Миний диссертаци хил хаасан үед гарсан байсан. Хөл хорионы улмаас ирсэн тул Боловсролын яамаар дамжуулж, Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, төлбөрөө 2 улсын зардлаар гаргуулж, дипломоо цахимаар авчихвал би магистрын зэрэгтэй болж шаардлагаа нэмээд гаргах боломжтой гэж үзэж байсан. Гэтэл Боловсролын яамнаас боломжгүй гэсэн хариуг өгсөн.

2/ Гэтэл Г.Х***** англи хэлний орчуулагч мэргэжилтэй тул мэргэжлийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Г.Х***** нийт 8,9 жил ажилласан гэдэг боловч нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаагаар 6,9 жил ажилласан нь батлагддаг. 2,6 жилд нь төрийн улс төрийн албан тушаал хашиж байсан гэдэг ч улс төрийн албан тушаал хашиж байсан үеийн нийгмийн даатгалын лавлагаа шүүхэд нотлох баримтаар ирээгүй тул тухайн хүнийг улс төрийн албан тушаал хашиж байсан гэж хэлэх үндэслэлгүй.

Уг тушаалыг нөхөж үйлдсэн эсэхийг би мэдэхгүй. Үүнийг шүүх тогтооно. Ажилласан жил нь нийт 83 сар буюу 6,9 жил байдаг. Төрд 6,9 жил ажилласан хүн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 буюу Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллахын тулд төрд 12 жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт орсон. 12 жилийг 8 жил болгож өөрчилсөн хуулийн өөрчлөлт надад үйлчлэхгүй юм бол ялгаагүй Г.Х*****д бас үйлчлэхгүй.

Эхлээд төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд ороод, дараа нь Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тусгай шалгалт өгөх байсан ч Г.Х*****г шалгалт өгүүлж, үлдсэн нэр дэвшигчийг шалгалтад оролцуулаагүй. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.6 ил тод байх, 7.1.7 ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэсэн Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг илт зөрчиж байна. Зөвхөн Г.Х*****г албан тушаалд үлдээж, бусад нэр дэвшигчдээс шалгалт авалгүй, шалгалтад оруулалгүйгээр нэг хүнд давуу байдал олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэсэн заалтыг илт зөрчсөн нь харагддаг.

Г.Х***** нь мэргэжлийн бус, ажилласан жил нь төрийн албанд 6 жил, ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил ажилласан гэсэн хуулийн заалтыг хангахгүй байгаа. Хууль зөрчиж томилчхоод хууль зөрчөөгүй мэтээр тайлбарлаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.6 ил тод байх, 7.1.7 ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх заалтуудыг зөрчсөн.

Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз нь Олон нийтийн радио телевизийн тухай хуультай боловч төсвөөс санхүүждэг. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал-ыг төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заасан.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална, 20 дугаар зүйлийн 20.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз нь төсвөөс санхүүждэг учраас төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах хуулийн нөхцөл бүрдсэн байхад өөрсдөө хууль зөрчиж өөр ангилалд хамааруулаад байна.

Г.Х***** Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан учраас шалгалтад оруулсан гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнийг төрийн албан тушаалд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтад хамруулна, 29.2-т Энэ хуулийн 29.1-д заасан сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна, 29.3-т Энэ хуулийн 29.1-д заасан сургалтын агуулга, хөтөлбөрийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тодорхойлно гэж заасан буюу намайг шалгалтад орохоос өмнө мэргэшлийн багц сургалтад хамрагдсан байх гэсэн шаардлагыг тавих бус шалгалтаа өгч тэнцсэний дараа сургалтад хамрагдах ёстой. Хуулиас давсан дүрэм журмыг Төрийн албаны зөвлөл баталсан.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 26 дугаар зүйлийн 26.3 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг голчилж тайлбараа гаргадаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас буюу төрийн албанд орох хүмүүсийн дэс дараалал, эрэмбийг тогтоож байгаа.

 Төрд ажиллаж байгаа хүнээс байхгүй бол нөөцөд байгаа хүнээс авна гэдэг. Яагаад мэргэжлийн бус хүн төрийн албанд авчихаад, надаас тусгай шалгалт аваагүй байж, зэрэгцүүлж хэн нь мундаг гэдгийг мэргэжил, ур чадварыг дүгнэж үзээгүй байж урьдчилсан байдлаар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ.

Төрийн албаны тусгай шалгалтыг энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д заасны дагуу би өгөх хуулийн бүрэн эрхтэй, Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.6 ил тод байх, 7.1.7 ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тухай хуулийн заалтуудыг илт зөрчсөн.

Та бүхний авсан хүн чинь яагаад ч хуулийн зүйл заалтаар хаацайлуулах боломжгүй мэргэжлийн бус хүн байгаа. Би Эрхүү хотын Техникийн Их Сургуульд хэлний бэлтгэл төгссөн орос хэлний 1,2 дугаар түвшинтэй, Санктпетербургийн Улсын их сургуульд олон улсын сэтгүүлч мэргэжил эзэмшсэн, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизэд 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 11,6 жил, үүнээс 11 жил редактор, тоймч, ахлахын албан тушаал хашсан.

Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн редактор, тоймч ахлахын албан тушаал гэж явдаг. Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз нь төсвөөс цалинждаг төрийн үйлчилгээний байгууллагын 11,6 жил ажилласан, мэргэжлийн сэтгүүлзүйн сургуулийг төгссөн хүнийг шаардлага хангахгүй байна гэж үзээд байгаа юм бэ? Г.Х***** нь мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа нь шалгалтын материал, бичиг баримтаас харагддаг.

Иймэрхүү хууль зөрчсөн үйлдлүүдээс болоод миний бие Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, Г.Х*****г хууль бусаар томилсон тул чөлөөлж, би ажилдаа томилуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуульд өөрчлөлт орж төрийн албанд ажилласан жил 8 жил, үүнээс туслахын албан тушаалд ажилласан жилийг 4 жил болгож өөрчлөлт оруулсан. Энэ шаардлагыг би 100 хувь хангаж байгаа. Энэ шүүх хурал эхлэхээс хойш хуульд өөрчлөлт орсон учраас тэр хамаагүй 12 жилээр тооцно гэж үзэж байгаа тул миний бие 11,6 жилийг 12 жилд оруулахгүй гэж тооцоод байгаа юм бол миний бие Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизэд хэд хэдэн сар тасалдсан тул нийгмийн даатгалын дэвтэр нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэх хүсэлтэй байгаа.

2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд орсон өөрчлөлт А.Э******д хамаарахгүй гэж байна. Энэ хууль гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалт учраас Монгол улсын нийт иргэдэд хамаарна гэж үзэж байна. Тиймээс би ажилласан жилийн шаардлагыг бүрэн хангаж байгаа.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-01/245 дугаар албан бичгээр эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах 4 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зохион байгуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн.

Захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 80 дугаар тушаалаар төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах үүрэг бүхий комисс байгуулагдсан бөгөөд комиссын даргаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Ц********, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.А********, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Б********, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Э********, Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.С*********, комиссын нарийн бичгийн даргаар тус газрын ахлах мэргэжилтэн Д.А****** нар ажилласан.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Ахлах референтийн албан тушаалд нийт 3 иргэн бүртгүүлэхээр цахимаар хүсэлт холбогдох баримтаа ирүүлсэн бөгөөд шалгалтын комисс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, зарлагдсан 4 ажлын бaйрaнд бүртгүүлсэн иргэдийн ирүүлсэн анкет, холбогдох баримт, файлуудтай нэг бүрчлэн танилцаж, Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон албан тушаалын тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан бүртгэлд хамруулах эсэхийг шийдвэрлэсэн.

Уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад заасны дагуу эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал бөгөөд хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагыг хуульчилсан.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай" журмын дагуу Зөвлөлийн 2020 оны 73 дугаар тогтоолоор УИХ-ын Тамгын газар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Ахлах референтийн албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгосон.

Шалгалтын комисс албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага буюу боловсрол, мэргэжил, мэргэшил, ажилласан жилийн туршлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүртгэх эсэх, улмаар тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ шалгалтад оруулах эсэх шийдвэр гаргаж баталгаажуулна. Төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д бүртгүүлсэн.

2/ Г.А********** нь япон хэлний багш орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол мэргэжлийн шаардлага хангаж байгаа боловч ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил ажилласан байдал болон эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан тухай нотлох баримт ирүүлээгүй тул комиссын гишүүдийн 100 хувийн саналаар туршлага, мэргэшлийн шаардлага хангахгүй гэж үзэн бүртгэлд хамруулж, шалгалтад оруулах боломжгүй талаар шийдвэрлэсэн.

Г.Х***** нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинжээчийн албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албанд 8 жил 9 сар, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 5 жил 5 сар, төрийн үйлчилгээний албан тушаалд 1 жил 2 сар, төрийн улс төрийн албан тушаалд 2 жил 2 сар ажилласан нь түүний ирүүлсэн албан тушаалд томилж, чөлөөлсөн тушаал шийдвэр, нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаагаар, мэргэшлийн шаардлага хангасан байдал нь удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11/86 тоот албан бичгээр тус тус нотлогдсон.

Тус албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу томилох эрх бүхий байгууллагаас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ТГ-01/286 тоот албан бичгээр санал ирүүлсний дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан байдлыг харгалзан комиссын гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэлд хамруулж, шалгалтад оруулахаар шийдвэрлэсэн.

А.Э****** нь Хэл шинжлэл, сэтгүүл зүй мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байдлаар албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжлийн шаардлага хангаж байх боловч төрийн албанд ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан эсэх мөн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн эсэх холбогдох нотлох баримт ирүүлээгүй тул комиссын гишүүдийн 100 хувийн саналаар туршлага, мэргэшлийн шаардлага хангахгүй гэж үзэн бүртгэлд хамруулж, шалгалтад оруулах боломжгүй талаар шийдвэрлэсэн байна.

Мөн А.Э****** нь 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалт өгч, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас", Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам"-ын 2.3-т "Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, эсхүл холбогдох төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ" гэж тус тус заасны дагуу тухайн албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшихээр бүртгүүлсэн тул төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж оролцуулах боломжгүй юм

3/ А.Э******ын хувьд 2008-2019 онуудад Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд ажиллаж, 2019 оноос хойш хувийн байгууллагад ажилласан байдаг.

Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз төрийн өмчит үйлдвэрийн газар буюу төрийн өмчит компани. Энэ нь төрийн албанд тооцогдохгүй. Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизэд ажилласан нь төрийн албанд тооцогдохгүй.

А.Э******ын хувьд ахлах түшмэлийн албан тушаалд огт ажиллаагүй байдаг. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийн жагсаалтыг баталсан. 275 дугаар тогтоолоор баталсан журамд ахлах түшмэлийн албан тушаалд ТЗ-9, ТЗ-10 албан тушаалд ажиллахыг заасан байдаг. А.Э******ын хувьд төрийн захиргааны албан тушаалд огт ажиллаагүй тул туршлагын шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллах хүн мэргэшүүлэх багц цагийн сургалтад хамрагдаж суралцаж төгссөн, сертификаттай байх ёстой. Үүнийг нотолсон баримт А.Э******ын хувьд байдаггүй.

4/ Төрийн албаны зөвлөл төрийн албаны тусгай шалгалтыг харьяаллын дагуу салбар зөвлөлгүй байгууллагуудын төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулдаг байгууллага. А.Э******ын хувьд төрийн албаны тусгай шалгалтад оролцоогүй. Ирүүлсэн баримт бичигт комисс үнэлэлт дүгнэлт өгч холбоотой нотлох баримтаар дүгнэхэд тусгай шаардлага хангаагүй байсан учраас шалгалтад оруулаагүй. Шалгалтад ороод тэнцээд хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг тухайн албан тушаалд томилуулах хуулийн зохицуулалттай.

Эдгээр тусгай шаардлагуудыг хангаагүй байсан учраас А.Э******ыг томилох боломжгүй. Төрийн албаны зөвлөлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...А.Э******ын хувьд 2022 онд ерөнхий шалгалт өгч тэнцэж, нөөцөд бүртгэлтэй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” эхэлж авах хуулийн зохицуулалттай. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс авахаар заасан. Өөрөөр хэлбэл шатлан дэвших зарчмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа хүн шалгалт өгөх, эсхүл шалгалт өгөх нөхцөл бүрдээгүй бол нөөцөд байгаа иргэдээс шаардлага хангаж байгаа хүнийг шалгалтад оруулах зохицуулалттай. Уг зохицуулалтыг А.Э******ын хувьд хангахгүй байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч А.Э******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Маргаан бүхий, Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Шалгалтын комисс байгуулах тухай” 80 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.2.4 дэх заалт, Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 3.1.1а, 6.1.5, 6.1.6, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-01/245 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу тус байгууллагын зарим гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий Шалгалтын комиссыг нэр бүхий хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

            Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...энэ тушаалын дагуу байгуулагдсан Шалгалтын комисс намайг шалгалтад бүртгэж аваагүй тул энэ тушаалтай маргаж байгаа...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...шалгалтын комисс байгуулсан тушаалын улмаас нэхэмжлэгч А.Э******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй...” гэж тайлбарлан эс зөвшөөрч маргав.  

            Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Энэ хуулийн 33.2-т заасан ерөнхий болон тусгай шалгалтыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна”,, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Зөвлөлийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 69.2.4-т “хуульд заасан бусад бүрэн эрх”, Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 3.1.1а-д “төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх;”, 6.1.5-д “Бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах”, 6.1.6-д “Зөвлөлийн ажлын хэсэг, комиссын бүрэлдэхүүнийг томилох”, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 3.1-д “Зөвлөл, Салбар зөвлөлийн шийдвэрээр шалгалтын комисс (цаашид “комисс” гэх)-ыг тухай бүр байгуулна. Мэргэжлийн холбоо, эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрдсэн шалгалтын зөвлөл байгуулж болно.” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Шалгалтын комисс байгуулах тухай” 80 дугаар тушаал нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд, эрх хэмжээндээ нийцүүлэн гаргасан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байх бөгөөд уг тушаалын улмаас нэхэмжлэгч А.Э******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь уг 80 дугаар тушаалаар “...Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Төрийн шинэ сэргэлтийн бодлогод уялдуулан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх өндөр бүтээмжтэй иргэдийг сонгон шалгаруулахад чиглүүлж...сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр хууль, журмын дагуу зохион байгуулж, дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг шалгалтын комисст даалгаж, Сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн холбогдох Зөвлөхүүдийг урин оролцуулж, цогц чадамжийн хүрээнд шалгалтад оролцогчдод сэтгэл зүйн болон сургалт хөгжлийн чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд Ажлын албаны бусад албан хаагчдыг шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд татан оролцуулахыг зөвшөөрч шийдвэрлэсэн нь хариуцагч захиргааны байгууллагын зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг, нөгөө талаар сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр, өндөр бүтээмжтэй иргэдийг сонгон шалгаруулахад чиглүүлэхийг Шалгалтын комисст үүрэг болгосны улмаас нэхэмжлэгчийн төрийн албанд орох, шалгалт өгөх эрхийг шууд хөндсөн шийдвэр гэж үзэхгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд түүнийг шүүх хүчингүй болгох зохицуулалттай.

            Энэ маргааны тохиолдолд тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгч А.Э******ын эрх ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

            Хоёр. “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар бүхий А.Э******д хаяглагдсан “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Таны тухайд тус албан тушаалд тавигдсан тусгай шаардлагын боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангаж байх боловч төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажиллаагүй, мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул комиссын гишүүд 100 хувийн саналаар бүртгэлд хамруулж, шалгалтад оролцуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн”-ийг мэдэгджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-01/245 дугаар албан бичгээр эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах 4 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зохион байгуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсний дагуу УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Ахлах референтийн албан тушаалд нийт 3 иргэн бүртгүүлэхээр цахимаар хүсэлт холбогдох баримтаа ирүүлсэн, үүний дотор нэхэмжлэгч А.Э****** багтсан байна.

Түүнчлэн, дээр дурдсан 80 дугаар тушаалаар томилогдсон Шалгалтын комисс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, зарлагдсан 4 ажлын бaйрaнд бүртгүүлсэн иргэдийн ирүүлсэн анкет, холбогдох баримт, файлуудтай нэг бүрчлэн танилцаж, Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон албан тушаалын тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан бүртгэлд хамруулах эсэхийг шийдвэрлэсэн, тухайлбал иргэн  Г.Х***** нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинжээчийн албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албанд 8 жил 9 сар, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 5 жил 5 сар, төрийн үйлчилгээний албан тушаалд 1 жил 2 сар, төрийн улс төрийн албан тушаалд 2 жил 2 сар ажилласан нь түүний ирүүлсэн албан тушаалд томилж, чөлөөлсөн тушаал шийдвэр, нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаагаар, мэргэшлийн шаардлага хангасан байдал нь Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11/86 тоот албан бичгээр тус тус нотлогдсон гэж үзэж гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэлд хамруулж, шалгалтад оруулахаар шийдвэрлэжээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна:”, 18.1.2-т “эрхэлсэн түшмэл” гэж зааснаар эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал байх ба эрхэлсэн түшмэлийн албан тушаалд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” шаардлагыг хуулиар нарийвчлан тогтоож өгсөн байна.

Нэхэмжлэгч А.Э******ын хувьд  тус албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангасан талаар талууд маргаагүй боловч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан тусгай шаардлагыг хангасан нь тогтоогдоогүй, энэ талаархи баримтыг ирүүлээгүйгээс Шалгалтын комиссын гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэлд хамруулах, улмаар шалгалтанд оруулах боломжгүй гэж үзэн, 02/887 дугаар бүхий албан бичгээр дэлгэрэнгүй хариуг хүргүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Э****** нь 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалт өгч, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон хэдий ч энэ нь нэхэмжлэгчийг шууд төрийн албаны тусгай шалгалтад орох боломжтой гэж үзэх үндэслэл биш.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас" нөхөж, шатлан дэвшүүлэхээр заасан, энэ маргааны тухайд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Ахлах референтийн албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч-тус газрын ахлах шинжээчээр ажиллаж буй этгээд /Г.Х*****/ шатлан дэвшихээр бүртгүүлсэн, нэхэмжлэгч А.Э******ын тухайд төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчид хамаарахгүй тул А.Э******ыг төрийн албаны тусгай шалгалтад бүртгээгүй хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

Иймд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичиг хууль зүйн үндэслэлтэй, уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ.

Гурав. Нэхэмжлэгчийн гаргасан, “Ажилд эргүүлэн тогтоолгох, тасалдсан хугацааг тогтоолгож нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.Э****** “Ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү” гэх шаардлагаа шүүх хуралдааны явцад “Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референтээр томилж өгнө үү” гэж тодруулан, дээрх шаардлагуудаа хариуцагч Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Э****** нь 2008-2019 онуудад Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд сурвалжлагчаар 7 сар, редактороор 6 жил, тоймчоор 5 жил, 11 жилд нь ахлах редактор, тоймчийн албан тушаал эрхэлж байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.   

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн гаргасан энэ шаардлага хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон нөхцөлд шүүхээс ажилд нь эргүүлэн тогтоох, ажилласан жилийн тасалдсан хугацааг нөхөн тооцох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үр дагаврыг шийдвэрлэх учиртай бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгч А.Э******ыг ажлаас, төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилласан жилийн тасалдсан хугацааг тооцож нөхөн бичилт хийх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичих үүрэг хүлээхгүй.

Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт-эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллахын тулд тухайн нэр дэвшигч нь мэргэшүүлэх багц цагийн сургалтад хамрагдаж төгссөн сертификаттай байх, мөн “төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх тусгай шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй, энэ үндэслэлээр төрийн албаны тусгай шалгалтанд бүртгэгдээгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эдгээр хэсгийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” шаардлагыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчилж оруулсан байх боловч энэ заалт нь нэхэмжлэгч А.Э******ын хувьд үйлчлэхгүй тул нэхэмжлэгчээс гаргасан “...Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр би төрийн албанд 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

Дөрөв. Нэхэмжлэгчийн “Г.Х*****г чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл иргэн Г.Х***** нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Ахлах референтийн албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр нэр дэвшиж бүртгүүлсэн, нэхэмжлэгч А.Э******аас “намайг бүртгэхээс татгалзсан атлаа Г.Х*****г  ийнхүү нэр дэвшүүлж бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Г.Х*****г чөлөөлөх ёстой, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комисс шударга бус хандсан, Төрийн албанд “ялгаварлан гадуурхахыг хориглох” заалтыг зөрчсөн...” гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.”, 75.2-т “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана.”, 75.3-т “Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно.” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл иргэн Г.Х*****г төрийн албаны сонгон шалгаруулалтад оруулахаар бүртгэсэн нь хууль зөрчсөн тул чөлөөлж өгнө үү гэх асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн албаны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагууд болох 4-10 дахь гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.” гэж зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож, тусад нь Шүүгчийн захирамж гаргасан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 33 дугаар зүйлийн 33.4, 69 дүгээр зүйлийн 69.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э******аас гаргасан “Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаал болон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, тасалдсан хугацааг тогтоолгож нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.3-д заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч А.Э******аас гаргасан  “Г.Х*****г чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т зааснаар нэхэмжлэгч А.Э******аас шүүх хуралдааны явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын 4-10 дахь шаардлагуудад бүрдүүлбэр хангах хугацаа тогтоохоор Шүүгчийн захирамж гаргасныг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН