Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2019/00755

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт байрлах, улсын бүртгэлийн дугаар   регистрийн дугаартай, Ө сумын Засаг дарга /Х.Б/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Ш Мад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Маас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ө сумын Засаг даргаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Иргэн Ш.М2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3% хүүтэй 4000000 /дөрвөн сая/ төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас хариуцагч Ш.Мнь 4 сая төгрөгийг шилжүүлж авч байсан. Энэхүү мөнгийг шилжүүлж авсан гэдэг нь шилжүүлж авсан баримтын шилжүүлгээр нотлогдож байна. Уг шилжүүлгийн баримтаас утга нь зээл гэдэг нь нотлогдож байна. Анх шүүхэд иргэн Ш.Маас үндсэн зээл хүүгийн хамт 4922576 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зөвхөн хариуцагчаар үндсэн зээл болох 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг төлүүлж өгөхийг хүсэж байна. Учир нь тухайн үед байгуулсан зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч Ш.Мын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжилгээ хийх боломжгүй болсон, хариуцагч зээлийн гэрээг үгүйсгэж байна. Хариуцагч Ш.Мнь энэ мөнгийг Б гэх хүн авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Энэ мөнгө Бын дансанд ороогүй, хариуцагч Ш.Мын дансанд орсон. Үүнийг үгүйсгэх нотлох баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Ш.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ш.Мби Ө сумын Засаг дарга Х.Баас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Иргэн Ш.М2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3%-ийн хүүтэй 4000000 /дөрвөн сая/ төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан" гэжээ. Иргэн Ш.Мби Ө сумын сум хөгжүүлэх сангаас ямар нэгэн зээл аваагүй болно. Зээл олгосон гэх зээлийн гэрээнд байгаа гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. Өөр хүн гарын үсэг зурсан авсан байж магадгүй байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 4922576 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Ш.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ асуудлыг Х банканд очиж шалгахад тухайн мөнгө миний дансанд орсон байна. 2013 онд Б гэх хүн надад би төрийн байгууллагад ажилладаг, Ы гэх хүн чиний дансаар мөнгө дамжуулж авах гэж байна гэж хэлээд мөнгө гаргуулж авч байсан. Гэхдээ би ямар учиртай 4 сая төгрөг орж байгааг ойлгоогүй. Х банк ч гэсэн надад таны дансанд зээлийн мөнгө орлоо гэж хэлээгүй. Ах Ш.Б нь төрийн албанд ажиллаж байгаа учраас өөрийнхөө дансаар авч чадахгүй байгаа тул миний дансаар дамжуулж авч байгаа байх гэж бодоод гаргаж өгч байсан. Гэхдээ нэхэмжлэгч байгууллага тэрнээс хойш надаас энэ мөнгийг нэхэмжлээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний ах Казахстан улсад байдаг. Тэгээд би өмгөөлөгч хүмүүсээс хуулийн зөвлөгөө авахад Ш.Быг онлайнаар оролцуулах боломжтой гэж хэлсэн боловч Казахстан улсад байдаг учраас болдоггүй юм байна. Би Ө сумын Засаг даргын Тамгын газарт очоод Ы гэх хүнийг хайсан боловч нас барсан байна. Миний буруудаж байгаа асуудал ямар журмаар хаанаас 4 сая төгрөг орж ирсэн гэдгийг асуугаагүй байна. Миний дансанд орж ирэхдээ зээл гэж орж ирээгүй. Би тухайн мөнгийг өөрөө хэрэглээгүй учир төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргаас анх шүүхэд хариуцагч Ш.Маас сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4922576 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, хариуцагчаас зээлийн гэрээний хүү 922576 төгрөгийг нэхэмжлэхгүй, үндсэн зээл болох 4000000 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

 

Хариуцагч Ш.Маас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ манай ах Ш.Б нь төсөл боловсруулж уг мөнгийг авсан бөгөөд, би аваагүй. Ө сумын сум хөгжүүлэх сангаас миний дансанд 4000000 төгрөгийг шилжүүлэхдээ надад хэлээгүй, данснаас ах Ш.Бад гаргаж өгсөн. Мөн зээлийн гэрээн дэх гарын үсгийг зөвшөөрөхгүй буюу нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хариуцагчтай 3 жилийн хугацаагаар байгуулсан гэж 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ болон гэрээний хавсралтыг шүүхэд нотариатаар гэрчлүүлж нотлох баримтаар ирүүлсэн боловч хариуцагч зээлийн гэрээн дэх зээлдэгчийн гарын үсгийг эс зөвшөөрч, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч Шүүхийн шинжилгээний байгууллагаас уг гэрээ нь хуулбар учраас шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу ирүүлсэн мөн тус зээлийн гэрээ нь засвартай, зээлийн гэрээний эх хувийг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч нотолж чадаагүй, шүүхээс энэхүү гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

 

Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан дээрх зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байгаа боловч иргэний хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бусад хөндлөнгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр хангаж шийдвэрлээ.

 

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №201 дугаартай Төлбөрийн хүсэлт-ээр 4000000 (дөрвөн сая) төгрөгийн зээлийг хариуцагч Ш.Мын Х банкны 00000 дугаартай дансанд төрийн сангийн дансаар дамжуулан Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон болох нь хариуцагчийн Х банкны Б салбарын 00000 дугаар дансны болон Ө сумын Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулгуудаар тус тус нотлогдож байна.

 

Энэхүү нотлох баримтуудаас дүгнэхэд Ө сумын Засаг даргаас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан Сум хөгжүүлэх сан-гаас иргэдийг ажилтай болгох зорилгоор төсөл сонгон шалгаруулах замаар зээл олгосон байх ба хариуцагчид дээрх 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг олгох үед түүнтэй байгуулсан зээлийн гэрээний эх хувь, уг зээлийг авахын тулд боловсруулсан төсөл болон холбогдох нотлох баримтууд нь байхгүй байгаа боловч уг мөнгийг тус сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон нь дээрх үйл баримтаар нотлогдоно тогтоогдсон тул хариуцагчаас хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу хариуцагч Ш.Мнь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх үүргээ тус тус зөрчжээ.

 

Хавтаст хэрэгт зохигч нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэдгийг нотлох хууль ёсны бичгийн нотлох баримт байхгүй байгаа боловч хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ-ний харилцаан үүссэн байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар зээлээ буцаан төлөх хугацааг тогтоосон эсэх талаарх хэрэгт бичгийн нотлох баримт байхгүй боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ыг 1 дүгээр хавсралтаар баталсан ба уг хавсралтын 1.6.2 дахь хэсэгт зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна гэсэн ба шүүхээс уг хугацааг үндэслэж нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж шүүх үзлээ.

 

Жич нь: 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Ш.Мын Х банкны Б салбарын 00000 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансанд нэхэмжлэгч байгууллагын Сум хөгжүүлэх сангаас нэг удаагийн үйлдлээр 4000000 төгрөгийг шилжүүлсэн ба уг хугацаанаас Засгийн газрын дээрх тогтоолоор тогтоосон зээлийн хугацаа болох 36 хүртэл сараар тооцож үзэхэд хариуцагчаас авсан зэлээ буцаан төлж дуусгах хугацаа нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ба үүнээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусаж байгаа бөгөөд нэхэмжлэгч байгууллагаас тус шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд Ө сумын сум хөгжүүлэх сангаас мөнгө шилжүүлэхдээ ямар учраас 4000000 төгрөгийг миний дансанд шилжүүлснийг надад мэдэгдээгүй тул би хариуцахгүй гэж тайлбарладаг бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т зааснаар хариуцагч төрийн сангийн дансаар дамжуулан Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөх хугацаа хэтрүүлэхэд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр зээлээ төлж нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгох үүрэгтэй.

 

Нөгөөтээгүүр Х банкны Б салбарын хариуцагч Ш.Мын 00000 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансанд орсон 4000000 төгрөгийг ах нь гэх Ш.Бад гаргаж өгснөөр тэрээр хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд, тэрээр уг мөнгөө гаргаж өгсөн гэх хүнээс бичгийн нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс талуудын хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, хавтаст хэрэгт танилцуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх бичгийн нотлох баримтыг гаргаж өгч, нотолж чадаагүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ш.Маас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 4000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ш.Маас улсын тэмдэгтийн хураамжид 78950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Маас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргад олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ө сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ш.Маас улсын тэмдэгтийн хураамжид 78950 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ