Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2019/00054

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2019/00539 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Ш.М-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Ш.М нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4.922.576.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Иргэн Ш.М 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 4.000.000.00 /дөрвөн сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн Ш.М-аас үндсэн зээл хүүгийн хамт 4.922.576.00 /дөрвөн сая есөн зуун хорин хоёр мянга таван зуун далан зургаан/ төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Хариуцагч Ш.М би Өлгий сумын Засаг дарга Х.Б-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Иргэн Ш.М 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3%-ийн хүүтэй 4.000.000.00 /дөрвөн сая/ төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан" гэжээ. Иргэн Ш.М би Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас ямар нэгэн зээл аваагүй болно. Зээл олгосон гэх зээлийн гэрээнд байгаа гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. Өөр хүн гарын үсэг зурж авсан байж магадгүй байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 4.922.576.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2019/00539 дүгээр шийдвэрээр  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Засаг даргын хариуцагч Ш.М-аас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4922576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Ш.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2019/00539 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарласнаас гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр нь үндэслэл бүхий байж чадаагүй гэж давж заалдах гомдол гаргаж байна. Иргэн Ш.М нь сум хөгжүүлэх сангаас 4 сая төгрөгийг авсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсоор байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч 4 сая төгрөгийг хүлээж авсан гэдэг нь тогтоогдоогүй гэж мөнгө шилжүүлсэн тухай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ямар ч үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2019/00539 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй учир дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг мөн шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас хариуцагч Ш.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй учир үндсэн зээл, хүүгийн хамт 4.922.576.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон тус гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлт /№201/, Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

 

Хариуцагч зээлийн гэрээн дэх зээлдэгчийн гарын үсгийг эс зөвшөөрч, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч Шүүхийн шинжилгээний байгууллагаас шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй /хэргийн 29 дүгээр тал/ талаар хариу ирүүлжээ.      

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримт бүрэн, хангалттай тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх  нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, тухайлбал 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлт /№201/, Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга зэрэг нотлох баримтууд бодитой, үнэн зөв эсэхийг эх сурвалжийг магадлах зорилгоор зохигчоос тодруулаагүй /тухайлбал Хас банк дахь 5000111111 дугаартай данс хариуцагч Ш.М-ын эзэмшлийн данс мөн эсэх, уг дансанд 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлдүүлсэн гэх мөнгө орсон эсэх гэх мэт/ атлаа Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШЗ2019/01892 дугаар шүүгчийн захирамжаар “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.1.-т заасан журамд нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

2. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг 3 жилийн хугацаагаар байгуулсан гэж тайлбарлан тус зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зээлийг хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон гэж зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгчээ. Харин хариуцагч зээлийн гэрээн дэх гарын үсгийг зөвшөөрөөгүй буюу нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан.

 

Маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар зохигч зөрүүтэй тайлбарласан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэх хугацааг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаатай харьцуулахгүйгээр “уг зээлийг 24 сарын хугацаатай олгосон” гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авч, харин “шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх” талаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2019/00539 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК