| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2020/0116/Э |
| Дугаар | 2021/ДШМ/10 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ДШМ/10
Б.Г, С.Б, С.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,
Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч: Ш.М /онлайнаар/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.М /онлайнаар/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/37 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.Г, С.Б, С.М нарт холбогдох 2029000120049 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор В.Т-ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Г.
Монгол Улсын иргэн 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Б.
Монгол Улсын иргэн 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд өмнө 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг, 1 жилийн хугацаагаар тэнссэн, С.М.
Шүүгдэгч С.М, Б.Г, С.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 02-03-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг '‘Батцахиур” ХХК-ийн өмчлөлийн төмөрнөөс 410 метр нарийн цагариг төмөр, 540 метр шивлер төмөр, 2.500 килограмм арматур төмөр, 25 ширхэг сэндвич шивлер төмрийг завшиж бусдад 32 225 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч С.М, Б.Г, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч Б.Г, С.Б, С.М нарт холбогдох эрүүгийн 2029000120049 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Г, С.Б, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/16 дугаартай захирамжаар шилжүүлэн авчирч цагдан хорьсон шүүгдэгч Б.Гийг буцаан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн харьяа цагдан хорих байранд хүргэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор В.Т нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:
“...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж буюу хэрэглэх ёстой хуулийн зүйл, хэсгийг хэрэглэлгүй захирамж гаргасан байна. Учир нь Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г-ийг эрүүгийн 201610010189 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутган яллах дүгнэлт үйлдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Уг хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд дээд шатны прокурорын эсэргүүцэл бичигдэн хэрэг нь хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “зарим хэргийг тусгаарлах, нэгтгэх" тухай заасан бөгөөд шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ эрүүгийн 2029000120049 дугаартай хэргээс Б.Г-т холбогдох хэргийг тусгаарлан эрүүгийн 201610010189 дугаартай хэрэгт нэгтгэх шийдвэр гаргах эрх шүүхэд хуулиар олгогдсон байхад уг асуудлыг шийдвэрлэлгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, уг захирамжаараа мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасны дагуу яллагдагч Б.Г-т холбогдох хэргийг тусгаарлан эрүүгийн 201610010189 дугаартай хэрэгт нэгтгэж, яллагдагч С.Б, С.М нарт холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол" гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй байна.
Иймд эрүүгийн 2029000120049 дугаартай хэргийн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн захирамж болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/37 дугаартай хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ж.Б, Ш.М нараас шүүгдэгч Б.Г-т холбогдох үйлдлийг тусгаарлаж, Дархан-Уул аймагт шалгагдаж байгаа хэрэгтэй нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тусгаарлаж шийдвэрлэх боломжтой гэж үзэн дэмжиж саналаа хэлсэн боловч шүүх хуралдаан хийлгүйгээр, тусгаарлахгүйгээр бүхэлд нь нэгтгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгч С.Мыг гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгч С.Б, Б.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байгаа учраас хэргийг тусгаарлаж, нэгтгэх асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх байсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч С.М-д холбогдох үйлдлийг тусгаарлан эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч С.Б, Б.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх боломжтой, хууль зүйн үндэслэл байсан гэж үзэж байна.
Иймд прокурорын анхан шатны шүүхийн шүүгчийн “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулах саналыг дэмжиж байна.
Харин прокурорын “яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх захирамжийг хүчингүй болгуулах”, “Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх тухай санал нь хууль зүйн үндэслэлгүй тул прокурорын дээрх саналуудыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэжээ.
Прокурор В.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна. Д.Г өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал байх учир тусгаарлаж болохгүй гэж тайлбарлалаа. Гэтэл энэхүү зүйл, заалт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан, эсхүл хэрэг прокурорт байгаа үед прокурорын зүгээс хэрэглэх зүйл, заалт юм. Учир нь тус хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг тусгаарлах, нэгтгэх асуудлыг прокурор шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл хэрэг маань шүүхэд шилжчихсэн учир дээрх хуулийн зүйлийг хэрэглэх боломжгүй юм. Харин шүүхэд шилжсэн хэргийн хувьд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 33.2 дугаар зүйлийн 1.6-д заасан зүйл, заалт яригдана. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү”гэв.
Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ш.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Гэхдээ хуулийн хувьд өөр гаргалгаа байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Б.Г-т холбогдох хэргийг тусгаарлаж үндсэн хэрэгт нэгтгэх тухай заалтыг хэвээр үлдээж, бусад холбогдогч нарт холбогдох хэсгийг шүүхэд шилжүүлээд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж байна. Дахин хэлэлцүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан ч гэсэн аль аль байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Миний байр суурины хувьд Ганхүлэгт холбогдох хэсгийг тусгаарласнаар С.Б, С.М нарт ямар нэг байдлаар нөлөөлөх, эрхийг нь хөндөхгүй гэсэн байр сууриа дэмжиж байна” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... “Уг хэрэг нь шүүхэд шилжчихсэн байсан. Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлгүй учир хэргийг харьяаллын дагуу прокурорт буцаасан. Ингээд прокурор өөрөө хэргээ нэгтгэх хууль зүйн боломжтой болсон. Тусгаарлая гэхээр боломжгүй байна. Хэргийг тусгаарлаж Дархан руу шилжүүлбэл бусад холбогдогч нарыг байлцуулах шаардлага гарна. Өмнөговьд шийдвэл мөн л Б.Г-ийг байцуулах шаардлагатай болж маргаан үүснэ. Тэгэхээр 2 талд хэлэлцэх нь ойлгомжгүй байна. Манай зүгээс зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс бүгдийг нь оролцуулж байж хэргийг шийдвэрлэх боломжтой болно. Шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн учраас шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Т-ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бичсэн 06 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Д нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2021/ШЗ/225 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжийг /2хх-19/ гаргаж, шүүгдэгч Б.Г, С.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутанд хийхээр тогтоожээ.
Мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/233 дугаартай захирамжаар хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. /2хх-34-35/
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/37 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг гаргахдаа урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс хяналтын прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлүүдэд дүгнэлт хийлгүйгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/37 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч шүүгдэгч Б.Г, С.Б, С.М нарт холбогдох 2029000120049 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч шүүгдэгч Б.Г, С.Б, С.М нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Г.ТЭГШСУУРЬ