Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/03437

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2018/03437 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Ч-т холбогдох

 

Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 28,060,283 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Г.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.О болон хариуцагч Г.Ч нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр №2016/65 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Ч нийт 115,535,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Д.Оад төлөхөөр, нэхэмжлэгч Д.О Баянзүрх дүүрэг,  тоот хаягт орших 66,02 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг чанартай барьж гүйцэтгэн хариуцагч Г.Чийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэн тус орон сууцыг хариуцагчийн эзэмшилд 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлэн орон сууцны түлхүүрийг өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т заасны дагуу байрны талбайн хэмжээ 66,02 м.кв, 1 м.квын үнэ 1,750,000 төгрөг, нийт байрны үнэ 115,535,000 /нэг зуун арван таван сая таван зуун гучин таван мянга/ төгрөг. Гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу тус төлбөрийн урьдчилгаанд 39,281,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Оад хариуцагч Г.Ч төлж барагдуулан үлдэгдэл 76,253,100 төгрөгийг хариуцагч банкны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдан төлөхөөр тохиролцсон. Гэвч Г.Ч нь өнөөдрийн байдлаар нийт төлбөрийн ердөө 21,741,400 төгрөгийг төлсөн бөгөөд түүнийг Худалдаа Хөгжлийн Банкны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдуулан орон сууцны зээлд оруулахаар банкинд талууд хандтал банкнаас хариуцагч Г.Ч нь Монгол Банкны найдваргүй зээлдэгчийн санд бүртгэлтэй байх тул зээл өгөх шаардлага хангахгүй байна гэсэн хариуг өгч түүний зээл хүссэн материалыг хүлээн аваагүй. Хариуцагч Г.Ч төлбөрөө доорх байдлаар хийсэн: 1. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр буюу анх гэрээ хийсэн өдөр: 11,285,000 төгрөгийг бэлнээр, 2. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр: 500,000 төгрөгийг дансаар, 3. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр: 500,000 төгрөгийг дансаар, 4. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр: 500,000 төгрөгийг дансаар, 5. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр: 500,000 төгрөгийг дансаар, 6. 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр: 500,000 төгрөгийг дансаар, 7. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр: 500,000 төгрөгийг дансаар, 8. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр: 1,500,000 төгрөг дансаар, 9. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр: 400,000 төгрөгийг дансаар, 10. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр: 250,000 төгрөг дансаар, 11. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр: 400,000 төгрөг дансаар, 12. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр: 1,266,400 төгрөгийн бараа авсан, 13. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр: 3,640,000 төгрөгийн бараа авсан.

Ийнхүү харицагч Г.Ч өнөөдрийн байдлаар нийт төлбөрийн ердөө 21,741,400 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 93,793,600 төгрөгийн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй, урьдчилгаа төлбөрийг хүртэл хуваарийн дагуу гэрээний 2.3 дахь хэсэгт тохирсончилон төлөөгүй байна. Нэхэмжлэгч Д.Оад хариуцагч Г.Ч анхнаасаа найдваргүй зээлдэгчийн санд бүртгэлтэй атлаа зээл авах боломжтой гэж өөрийгөө ойлгуулсан, түүний үндсэн дээр нэхэмжлэгч хариуцагчтай гэрээ байгуулсан байна. Гэрээний 3.2 дахь хэсэгт Захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн дуусгах хүртэл байр гүйцэтгэгчийн өмчлөлд байна гэж заасны дагуу тус орон сууц нь нэхэмжлэгч Д.Оын өмчлөлд байгаа болно. Нэхэмжлэгч талаас хариуцагч Г.Чт орон сууцны төлбөрийг төлөхийг шаардсан албан бичгийг явуулсан ч хариуцагч өнөөг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй, одоог хүртэл өөрийн эзэмшилдээ ашиглан нийт 2 жилийн хугацаанд тус орон сууцанд оршин суусан. Мөн хариуцагч Г.Ч гэрээний 3.4-т заасны дагуу түлхүүр авснаас хойшхи СӨХ-ийн зардал, ус, цахилгааны төлбөрийг хариуцаж төлөх ёстой байтал зарим төлбөрийг хийгээгүй, байр нэхэмжлэгчийн өмчлөлд байх тул тус төлбөр тооцоо бүгд нэхэмжлэгчийн нэр дээр гарсан.

Иймд гэрээний 6.3 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь төлбөр хийхийг шаардсан мэдэгдлийг Захиалагчид хүргүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор бодит үндэслэл бүхий хариу ирүүлээгүй тохиолдолд гүйцэтгэгч гэрээг дангаар цуцлан байрны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль тооцон суутгана... гэж хэмээн заасан, гэрээг цуцлах эрх олгосон үндэслэлийн дагуу талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №2016/65 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлуулах,

Баянзүрх дүүрэг, тоот хаягт орших 66,02 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Чийн эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх,

Мөн гэрээний 6.3 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь төлбөр хийхийг шаардсан мэдэгдлийг Захиалагчид хүргүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор бодит үндэслэл бүхий хариу ирүүлээгүй тохиолдолд гүйцэтгэгч гэрээг дангаар цуцлан байрны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль тооцон суутгана... гэж заасны дагуу хариуцагч Г.Чээс байрны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль 11,553,500 төгрөгийг гаргуулах,

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс... эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу тус орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөр 13,800,000 төгрөг /2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 23 сар ашигласны төлбөр, ингэхдээ Баянзүрх дүүрэг дэх ижил чанартай 3 өрөө орон сууцнуудын нэг сарын түрээсийн төлбөрийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаас гаргасан ханшийн мэдээллийг харгалзан нэг сарын түрээсийн төлбөрийн хамгийн доод хэмжээ болох 600,000 төгрөгөөр тооцов/-ийг хариуцагч Г.Чээс гаргуулах,

Хариуцагч орон сууцыг 2 жилийн хугацаанд ашигласнаас үүдэн гарсан элэгдэл хорогдлыг засварлах засварын зардал 2,000,000 төгрөгийг хариуцагч Г.Чээс гаргуулах,

Гэрээний 3.4-т заасан үндэслэл байрны ашиглалтай холбоотой зардал болох хариуцагч Г.Чийн төлбөрийг хийгээгүй СӨХ-ны зардал 117,100 төгрөг, орон сууцны төлбөр 529,683 төгрөгийг гаргуулах, нийт 28,060,283 /хорин найман сая жаран мянга хоёр зуун наян гурав/ төгрөгийг Г.Чээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ч, түүний өмгөөлөгч Д.Д, Н.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан Д.Оын нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалан байгуулах гэрээг бид байгуулсан юм. Ингээд гэрээний урьдчилгаа төлбөр нийт 22,348,000 төгрөгийг өгсөн. Энэ байрны хана, тааз нь цуурсан, вакуум цонх нь сийгэдэг, бүрэн хаагддаггүй, паркетан шал нь энд тэндээ хөндийрчихсөн, өрөөнүүдийн хаалганууд нь салаад уначихсан, өвөлдөө их хүйтэн, бохир нь байнга үнэртдэг юм. Энэ тухай Д.Оад удаа дараа хэлж ярьж байсан боловч ямар ч арга хэмжээ авдаггүй, төлбөрөө л шаардаад байдаг. Надад энэхүү орон сууцыг буцаагаад өгөхөд татгалзах зүйл байхгүй бөгөөд харин урьдчилгаанд өгсөн 22,348,000 төгрөгөө авах хүсэлтэй байна. Харин нэхэмжлэлд шаардсаны дагуу 28,060,283 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн үзэж байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн хамгийн сүүлд 3,640,000 төгрөгийн хувьд Д.Оын эхнэр н.Сгийн төрсөн дүү н.О 4,056,000 төгрөгийн бараа авсан байхад 3,640,000 төгрөг гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Миний хувьд банкны шаардлагыг хангахгүй байсан ч гэсэн насанд хүрсэн өөрийн дүү болон нөхрийн дүү нар байгаа. Зүтгэсэн байраа хүн авахыг л бодно. Албан ёсоор шаардлага тавигдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Г.Ч нь хамгийн сүүлд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,266,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 3,640,000 төгрөг тушаасан нь хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд төлбөрөө тушаагаад яваад байсан гэдэг нь талуудын тайлбараар нотлогдож байна. Нэгд энд гэрээг цуцлах үндэслэл байхгүй байна. Учир нь талууд тохирч төлбөрийг хийгээд яваад байя гэх тохиролцоог хийсэн гэж харагдаад байна. Хоёрт нэгэнт гэрээг цуцлах үндэслэл байхгүй байхад орон сууцыг албадан чөлөөлүүлэх ойлголт байхгүй. Гуравт гэрээний 6.3-т зааснаар байрны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль 11,553,500 төгрөгийг гаргуулах гэж байгаа нь хуульд заасан ямар үндэслэлээр гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч нь өөрөө энэ орон сууцыг захиалан бариулаагүй гэдэг нь харагдаж байна. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын комисс хүлээгээд авсан байрыг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа төлбөрөө хийгээд худалдаад авсан нь орон сууц худалдах худалдан авах гэрээ гэж ойлгогдоно. Тэгэхээр байрны 10 хувийн үнийн дүнг суутгана гэдэг нь ямар ч ойлгомжгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасныг харахаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүй, шударга бусаар олж авсан этгээд байдаг. Гэтэл энэ хүн худалдах худалдан авах гэрээг Д.О гэх байрны өмчлөгчтэй байгуулаад тодорхой үнийг төлөөд авсан 2 жил амьдарсан хүн байгаа. Тэгэхээр хууль бусаар авсан гэдэг нь ямар ч боломжгүй. Тэгэхээр ямар ч авцалдаагүй заалтыг тавиад эзэмшиж, ашигласны төлбөр 23 сарын төлбөр нэхээд байна. 1 сарын түрээсийн төлбөрийг хамгийн доод хэмжээ тооцсон гэж байгаа нь хаанахын ямар ханшаар тооцоод байгааг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Тиймээс үүнийг хангах үндэслэл байхгүй болох нь харагдаж байна. Орон сууцны төлбөрийг хийж чадахгүй юм бол түрээсийн төлбөр авна гэсэн заалт гэрээнд байхгүй. Орон сууцыг 2 жилийн хугацаанд ашигласнаас үүдэн гарсан элэгдэл, хорогдлыг засварлах зардал гээд байна. Энэнд мөн хуульд заасан баримт байх ёстой. Тиймээс ямар ч үндэслэлгүйгээр 2,000,000 төгрөг нэхэж байна. СӨХ-ны зардлыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул энэ дээр тайлбар байхгүй. Нийт 28,060,283 төгрөгийг гаргуулах үндэслэл байхгүй. Орон сууцны захиалгын гэрээ хийгээд байгаа нь учир дутагдалтай. Яагаад гэвэл баригдаж байх үед нь манайх энийг авна шүү гэх захиалга хийгдээгүй. Улсын комисс хүлээж авсан бэлэн байсан орон сууцыг худалдаж авсан. Тиймээс ямар үндэслэлээр 2,000,000 төгрөг, 13,800,000 төгрөг нэхээд байгаа юм, 10 хувийн торгууль нь юуны торгууль вэ гэдэг нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцагч Г.Чт холбогдуулан

1. Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №2016/65 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлуулах,

2. Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 11 гудамж, 79 дүгээр байрны 08 тоот хаягт орших 66,02 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Чийн эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх,

3. Дээрх гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль 11,553,500 төгрөгийг гаргуулах,

4. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөр 13,800,000 төгрөг /2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 23 сар ашигласны төлбөр/-ийг гаргуулах,

5. Орон сууцыг 2 жилийн хугацаанд ашигласнаас үүдэн гарсан элэгдэл хорогдлыг засварлах засварын зардал 2,000,000 төгрөгийг гаргуулах,

6. Гэрээний 3.4-т заасан үндэслэл байрны ашиглалтай холбоотой зардал болох хариуцагч Г.Чийн төлбөрийг хийгээгүй СӨХ-ны зардал 117,100 төгрөг, орон сууцны төлбөр 529,683 төгрөгийг гаргуулах,

Нийт 28,060,283 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Ч нь эс зөвшөөрч, маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, иргэн Д.Оын захиалгатай 9 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 79 айлын орон сууцны барилгыг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2015/428 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү дээрх барилга ашиглалтанд орсоноос хойш нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Чтэй 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2016/65 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуарангийн 11 дүгээр гудамжны нутаг дэвсгэрт баригдаж буй 79 дүгээр байрны 08 тоот, 3 дугаар давхрын 66,02 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 мкв талбайн үнийг 1,750,000 төгрөгөөр, нийтдээ 115,535,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн, улмаар Г.Ч нь орон сууцыг хүлээн авч, амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Дээрхээс үзвэл зохигчид гэрээг Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэйгээр байгуулсан боловч нэгэнт ашиглалтанд орсон орон сууцыг худалдахаар талууд тохирсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Харин зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх буюу орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.3-т урьдчилгаа 39,281,900 төгрөгөөс 11,285,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 27,996,900 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар, 76,253,100 төгрөгийг банкны зээлээр хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээжээ.

 

Хариуцагч Г.Ч нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 11,285,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг дансаар, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг дансаар, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөгийг дансаар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг дансаар, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг дансаар, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийг дансаар, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөгийг дансаар, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 250,000 төгрөг дансаар, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөг дансаар, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,266,400 төгрөгт тооцон бараа өгсөн, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 3,640,000 төгрөгт тооцон бараа өгч, нийт 21,741,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 4,056,000 төгрөгт тохирох барааг хүлээлгэн өгсөн гэж хариуцагч Г.Ч нь тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч нь нийт төлбөр 115,535,000 төгрөгийн 18,8 хувь буюу 21,741,400 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж байсан байх бөгөөд нэхэмжлэгч нь урьдчилгаа 30 хувийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй буюу найдваргүй зээлдэгчийн ангилалд хариуцагч нь орсон зэрэг үндэслэлээр зохигчдын хооронд байгуулсан гэрээг цуцлах шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь төлбөрийн чадваргүй болсон, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй буюу найдваргүй зээлдэгчийн ангилалд орсон зэрэг үндэслэл нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч нь төлбөрөөс тодорхой хувийг төлсөн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахаас 2-3 сарын өмнө төлж байсан нөхцөл байдал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй талаар заасны дагуу хариуцагч Г.Чийн хувьд үүргийн ялимгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх боловч нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд хариуцагч нь тодорхой төлөлтүүдийг хийж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийг орон сууцнаас чөлөөлүүлэх, 10 хувьтай тэнцэх торгууль гаргуулах, орон сууцыг ашигласаны түрээсийн төлбөр гаргуулах, элэгдэл хорогдлыг засварлуулах зардлыг тус тус тооцон шүүх хангах үндэслэлгүй юм.

 

Гэрээний 3.4-т зааснаар орон сууцны ашиглалтын зардал болох СӨХ-ны зардал 117,100 төгрөг, орон сууцны төлбөр 529,683 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрч байгаа боловч хэрэгт Цонхлон-Үйлс ХХК-иас 79-8 тоотын 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны нийт 529,683 төгрөгийн Нэхэмжлэх, Тэмүүлэл СӨХ-ны 2018 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын нийт 151,800 төгрөгийн Нэхэмжлэх-үүдийг нэхэмжлэгч нь баримтаар ирүүлсэнийг үндэслэн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь Д.О нь дээрх төлбөрүүдийг шаардах эрхтэй эсэх, эсхүл эдгээр ашиглалтын зардлыг эрх бүхий байгууллагад төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч Г.Ч нь холбогдох хуулийн дагуу орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа бол эрх бүхий байгууллагад нь ашиглалтын зардлыг тухай бүр нь төлж байх үүрэгтэй болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Чт холбогдуулан гаргасан Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 28,060,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 950,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ