Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 68

 

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Э.Золзаяа шүүгч даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03437 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ч-т холбогдох

 

Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 28 000 283 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н,

Хариуцагч Г.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О, Г.Ч нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр №2016/65 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Ч нийт 115 535 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Д.О-д төлөхөөр, нэхэмжлэгч Д.О Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 11 гудамж, 79 дүгээр байрны 08 тоот хаягт орших 66,02 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг чанартай барьж гүйцэтгэн хариуцагч Г.Ч-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэн тус орон сууцыг хариуцагчийн эзэмшилд 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлэн орон сууцны түлхүүрийг өгсөн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т заасны дагуу байрны талбайн хэмжээ 66,02 м.кв, 1 м.кв-ын үнэ 1 750 000 төгрөг, нийт байрны үнэ 115 535 000 төгрөг, гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу тус төлбөрийн урьдчилгаанд 39 281 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.О-д хариуцагч Г.Ч төлж барагдуулан үлдэгдэл 76 253 100 төгрөгийг хариуцагч банкны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдан төлөхөөр тохиролцсон.

Гэвч Г.Ч нь өнөөдрийн байдлаар нийт төлбөрийн ердөө 21 741 400 төгрөгийг төлсөн бөгөөд түүнийг Худалдаа хөгжлийн банкны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдуулан орон сууцны зээлд оруулахаар банкинд талууд хандтал банкнаас хариуцагч Г.Ч нь Монгол Банкны найдваргүй зээлдэгчийн санд бүртгэлтэй байх тул зээл өгөх шаардлага хангахгүй байна гэсэн хариуг өгч түүний зээл хүссэн материалыг хүлээн аваагүй.

Хариуцагч Г.Ч нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр буюу анх гэрээ хийсэн өдөр 11 285 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 500 000 төгрөгийг дансаар, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөгийг дансаар, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500 000 төгрөгийг дансаар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөгийг дансаар, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөгийг дансаар, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөгийг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг дансаар, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 400 000 төгрөгийг дансаар, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 250 000 төгрөг дансаар, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 400 000 төгрөг дансаар, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 266 400 төгрөгийн бараа авсан, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 3 640 000 төгрөгийн бараа авсан. Ийнхүү харицагч Г.Ч өнөөдрийн байдлаар нийт төлбөрийн ердөө 21 741 400 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 93 793 600 төгрөгийн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй, урьдчилгаа төлбөрийг хүртэл хуваарийн дагуу гэрээний 2.3 дахь хэсэгт тохирсончилон төлөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.О  ад хариуцагч Г.Ч анхнаасаа найдваргүй зээлдэгчийн санд бүртгэлтэй атлаа зээл авах боломжтой гэж өөрийгөө ойлгуулсан, түүний үндсэн дээр нэхэмжлэгч хариуцагчтай гэрээ байгуулсан байна. Гэрээний 3.2 дахь хэсэгт захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн дуусгах хүртэл байр гүйцэтгэгчийн өмчлөлд байна гэж заасны дагуу тус орон сууц нь нэхэмжлэгч Д.О-ын өмчлөлд байгаа болно.

 Нэхэмжлэгч талаас хариуцагч Г.Ч-т орон сууцны төлбөрийг төлөхийг шаардсан албан бичгийг явуулсан ч хариуцагч өнөөг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй, одоог хүртэл өөрийн эзэмшилдээ ашиглан нийт 2 жилийн хугацаанд тус орон сууцанд оршин суусан. Мөн хариуцагч Г.Ч гэрээний 3.4-т заасны дагуу түлхүүр авснаас хойшхи сууц өмчлөгчдийн холбооны зардал, ус, цахилгааны төлбөрийг хариуцаж төлөх ёстой байтал зарим төлбөрийг хийгээгүй, байр нэхэмжлэгчийн өмчлөлд байх тул тус төлбөр тооцоо бүгд нэхэмжлэгчийн нэр дээр гарсан.

Иймд гэрээг цуцлах эрх олгосон үндэслэлийн дагуу талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №2016/65 тоот орон сууц захиалан бариулах гэрээг цуцлуулах, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 11 гудамж, 79 дүгээр байрны 08 тоот хаягт орших 66,02 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ч-ийн эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх, Мөн гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Ч-с байрны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль 11 553 500 төгрөгийг гаргуулах, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасны дагуу тус орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөр 13 800 000 төгрөг /2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 23 сар ашигласны төлбөр, ингэхдээ Баянзүрх дүүрэг дэх ижил чанартай 3 өрөө орон сууцнуудын нэг сарын түрээсийн төлбөрийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаас гаргасан ханшийн мэдээллийг харгалзан нэг сарын түрээсийн төлбөрийн хамгийн доод хэмжээ болох 600 000 төгрөгөөр тооцов/-ийг хариуцагч Г.Ч-с гаргуулах, хариуцагч орон сууцыг 2 жилийн хугацаанд ашигласнаас үүдэн гарсан элэгдэл хорогдлыг засварлах засварын зардал 2 000 000 төгрөгийг хариуцагч Г.Ч-с гаргуулах, гэрээний 3.4-т заасан үндэслэл байрны ашиглалтай холбоотой зардал болох хариуцагч Г.Ч-ийн төлбөрийг хийгээгүй сууц өмчлөгчдийн холбооны зардал 117 100 төгрөг, орон сууцны төлбөр 529 683 төгрөгийг гаргуулах, нийт 28 060 283 төгрөгийг Г.Ч-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалан байгуулах гэрээг бид байгуулсан. Ингээд гэрээний урьдчилгаа төлбөр нийт 22 348 000 төгрөгийг өгсөн. Энэ байрны хана, тааз нь цуурсан, вакум цонх нь сийгэдэг, бүрэн хаагддаггүй, паркетан шал нь энд тэндээ хөндийрчихсөн, өрөөнүүдийн хаалганууд нь салаад уначихсан, өвөлдөө их хүйтэн, бохир нь байнга үнэртдэг. Энэ тухай Д.О-д удаа дараа хэлж ярьж байсан боловч ямар ч арга хэмжээ авдаггүй, төлбөрөө л шаардаад байдаг. Надад энэхүү орон сууцыг буцаагаад өгөхөд татгалзах зүйл байхгүй бөгөөд харин урьдчилгаанд өгсөн 22 348 000 төгрөгөө авах хүсэлтэй байна. Харин нэхэмжлэлд шаардсаны дагуу 28 060 283 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн үзэж байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Мөн хамгийн сүүлд 3 640 000 төгрөгийн хувьд Д.О-ын эхнэр н.Сарантуяагийн төрсөн дүү н.Отгонцэцэг 4 056 000 төгрөгийн бараа авсан байхад 3 640 000 төгрөг гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Миний хувьд банкны шаардлагыг хангахгүй байсан ч гэсэн насанд хүрсэн өөрийн дүү болон нөхрийн дүү нар байгаа. Албан ёсоор шаардлага тавигдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Г.Ч нь хамгийн сүүлд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 266 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 3 640 000 төгрөг тушаасан нь хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд төлбөрөө тушаагаад яваад байсан гэдэг нь талуудын тайлбараар нотлогдож байна. Гэрээг цуцлах үндэслэл байхгүй байна. Гэрээг цуцлах үндэслэл байхгүй байхад орон сууцыг албадан чөлөөлүүлэх ойлголт байхгүй.

Гэрээний 6.3-т зааснаар байрны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль 11 553 500 төгрөгийг гаргуулах гэж байгаа нь хуульд заасан ямар үндэслэлээр гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын комисс хүлээгээд авсан байрыг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа төлбөрөө хийгээд худалдаад авсан нь орон сууц худалдах худалдан авах гэрээ гэж ойлгогдоно. Тэгэхээр байрны 10 хувийн үнийн дүнг суутгана гэдэг нь ямар ч ойлгомжгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Гэтэл энэ хүн худалдах худалдан авах гэрээг Д.О гэх байрны өмчлөгчтэй байгуулаад тодорхой үнийг төлөөд авсан 2 жил амьдарсан тул хууль бусаар авсан гэдэг нь ямар ч боломжгүй. 1 сарын түрээсийн төлбөрийг хамгийн доод хэмжээ тооцсон гэж байгаа нь хаанахын ямар ханшаар тооцоод байгааг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Орон сууцны төлбөрийг хийж чадахгүй юм бол түрээсийн төлбөр авна гэсэн заалт гэрээнд байхгүй. Орон сууцыг 2 жилийн хугацаанд ашигласнаас үүдэн гарсан элэгдэл, хорогдлыг засварлах зардал гээд байна. Тиймээс ямар ч үндэслэлгүйгээр 2 000 000 төгрөг нэхэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны зардлыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа.

Нийт 28 060 283 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. Орон сууцны захиалгын гэрээ хийгээд байгаа нь учир дутагдалтай. Улсын комисс хүлээж авсан бэлэн байсан орон сууцыг худалдаж авсан. Тиймээс ямар үндэслэлээр 2 000 000 төгрөг, 13 800 000 төгрөг нэхээд байна вэ, 10 хувийн торгууль нь юуны торгууль вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Ч-т холбогдуулан гаргасан орон сууц захиалан бариулах гэрээг цуцлуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 28 060 283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 950 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Г.Ч нарын хооронд байгуулсан орон сууц захиалан байгуулах гэрээ нь Д.О-ын захиалж бариулсан 79 айлын орон сууцны барилгыг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын комисс хүлээн авч 2015/428 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтанд оруулахаар"шийдвэрлэж акт үйлдсэн өдрөөс хойш 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан байна. Шүүх Д.О, Г.Ч нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг орон сууц ашиглалтад орсноос хойш байгуулагдсан байх тул энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Д.О нар Г.Ч нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнээс харахад орон сууц ашиглалтад орсноос хойш байгуулагдсан, гэрээний агуулгаас үзэхэд нэг нь байраа худалдах, нөгөө нь байр худалдан авах нэгдмэл санааг агуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэхдээ энэ гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ биш харин мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байна.

Учир нь гэрээний гол нөхцөлд Д.О нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран 11 дүгээр гудамж 79 дүгээр байр 08 тоот хаягт байрлах 66.2 м.кв бүхий орон сууцыг Г.Ч-т шилжүүлж, төлбөрийн хэмжээг тогтоож, бэлэн мөнгөөр, тодорхой хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тохирсон байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ гэж дүгнэсэн нь буруу бөгөөд хариуцагч нийт төлбөрийн 18.8 хувь буюу 21 741 400 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 5 дугаар 01-ний өдөр хүртэл төлж байсан бөгөөд нэхэмжлэгч нь урьдчилгаа 30 хувийн төлбөрийг гэрээнд заасан хугацаан төлөөгүй, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болсон гэх үндэслэлээр зохигчдын хооронд байгуулсан гэрээг цуцлах боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэл муутай дүгнэлт болсон байна.

Г.Ч нь гэрээний 2.3-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 39 281 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусган, үлдэгдэл төлбөр 76 253 100 төгрөгийг нь хариуцагч банкны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж байгаад төлөхөөр тохиролцсон боловч, урьдчилгаа төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж дуусгаагүй, төлбөрөө заасан хугацаанд барагдуулахгүй бол шүүхэд хандах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч энэ шаардлагад ач холбогдол өгөөгүй, гэрээ хийх үед Г.Ч нь би 8 хувийн зээлд хамрагдах боломжтой миний орлого хүрнэ гэж танилцуулснаар энэ гэрээ хийгдсэн бөгөөд зээлд хамрагдах болсон үед Г.Ч нь Монгол банкинд найдваргүй зээлдэгчийн бүртгэлд бүртгэлтэй нөхцөл илэрч арилжааны банкууд зээл өгөх боломжгүй гэж хариу өгсөн. Г.Ч нь энэ нөхцөл байдлыг өөрөө мэдсэн бөгөөд хүлээн зөвшөөрсөн, мөн өнөөдөрийг хүртэл орон сууцныхаа ашиглалтын хөлсийг төлж байгаад төлж чадахгүй байдалд хүрсэн нь Г.Ч нь хүлээсэн үүргийнхээ дийлэнх үүргийг биелүүлж чадахгүй болох нь илт болсон тул Д.О нь гэрээнээс татгалзаж, уг байрыг Г.Ч-ийн ашиглалт эзэмшилээс чөлөөлүүлэх эрхтэй.

Гэрээний 3.4-т заасны дагуу түлхүүр авснаас хойшх сууц өмчлөгчдийн холбооны зардал, ус цахилгааны төлбөрийг хариуцаж төлөх ёстой байтал зарим төлбөрийг 2017 оны 8 дугаар сараас хойш хийгээгүй улмаас, байр нэхэмжлэгчийн өмчлөлд байх тул тус төлбөр тооцоо нэхэмжлэгчийн нэр гарч өр төлбөр үүссэн. Гэрээний 3.4-т зааснаар "Байрны түлхүүр хүлээлгэн өгч байранд орсон өдрөөс хойш гарсан ашиглалтай холбоотой гарсан зардлыг Г.Ч нь хариуцах бөгөөд үүнийгээ ухамсарлан урьд нь төлж ирсэн ба хэрэгт зарим нотлох баримтыг хавсаргаж, хариуцагч өөрөө шүүх хуралдаанаар үл маргах журмаар төлөхөө илэрхийлж байхад шүүх санаачилгаар уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэл муутай шийдвэр болсон нь харагдаж байна.

Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Ч-т холбогдуулан Д.О, Г.Ч нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №2016/65 тоот орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 11 гудамж, 79 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах, 66.02 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ч-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх, торгуульд 11 553 500 төгрөг, орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөр 13 800 000 төгрөг, засварын зардал 2 000 000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны зардал 117 100 төгрөг, орон сууцны төлбөр 529 683 төгрөг, нийт 28 000 283 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2016/65 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуарангийн 11 дүгээр гудамжинд баригдаж буй 79 дүгээр байрны 08 тоот, 3 өрөө, 66.02 м.кв орон сууцыг шилжүүлэх, хариуцагч нь орон сууцны урьдчилгаа 39 281 900 төгрөгөөс 11 285 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 27 996 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгах, 76 253 100 төгрөгийг банкны зээлд хамрагдаж төлөх нөхцөлтэйгөөр хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны үнэд нийт 115 535 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Д.О гэрээний дагуу орон сууцыг хариуцагч Г.Ч-ийн эзэмшилд шилжүүлж, тэрээр уг орон сууцанд амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж маргасан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулга байхгүй тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 11 285 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 400 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 250 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус дансаар, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 266 400 төгрөгт, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 3 640 000 төгрөгт тус тус тооцон бараа өгч, нийт 21 741 400 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч Г.Ч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 11 гудамж, 79 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах, 66.02 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ч-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул дээрх 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ч-ийн эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны төлбөрт 21 741 400 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.О-аас 21 741 400 төгрөг гаргуулж хариуцагч Г.Ч-т олгох нь зүйтэй байна.

 

Талууд гэрээний 6.3 дахь хэсэгт “Гүйцэтгэгч төлбөр хийхийг шаардсан мэдэгдлийг захиалагчид хүргүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор бодит үндэслэл бүхий хариу ирүүлээгүй тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээг дангаар цуцлан байрны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль тооцон суутгаж, төлбөрийн үлдэгдлийг захиалагчид эгүүлэн олгоно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлд хамааруулан хохирлын хүрээг тодорхойлсон байх тул нэг тал гэрээний үүргээ зөрчсөн нөхцөлд нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон үүссэн хохирлыг арилгахаар хэрэглэгдэх зохицуулалт юм.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ч-с 11 553 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөр 13 800 000 төгрөг, засварын зардал 2 000 000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны зардал 117 100 төгрөг, орон сууцны төлбөр 529 683 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул  орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөр 13 800 000 төгрөг, засварын зардал 2 000 000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны зардал 117 100 төгрөг, орон сууцны төлбөр 529 683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.О, Г.Ч нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Г.Ч-ийн эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 11 гудамж, 79 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах, 66.02 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д, нэхэмжлэгч Д.О  аас 21 741 400 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Ч-т, хариуцагч Г.Ч-с 11 553 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О  ад тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 446 783 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Г.Ч-с 270 006 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 950 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ