Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2017/01511/И |
Дугаар | 101/ШШ2017/03042 |
Огноо | 2017-10-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2017/03042
2017 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2017/03042 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу******* гэдэг хүнтэй утсаар холбогдон уулзаж, мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Надад 3 сарын хугацаатай 30.000.000 төгрөгийн хэрэгцээ байсан бөгөөд энэ хэмжээний мөнгийг зээлэх санал тавихад 3 хувийн хүүтэй олгоно, үл хөдлөх хөрөнгө барьцаална гэж хэлсэн. Үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээний дагуу миний нэр дээр шилжүүл, тэрний дараа би чамд 30.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Маш яаралтай мөнгөний хэрэгцээ байсан тул энэ нөхцлийг нь зөвшөөрөхөөс өөр арга надад байгаагүй. Ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, дүгээр байр, тоот 2 өрөө орон сууцаа 30.000.000 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж, гэрчилгээгээ эх хувиар нь өгч байж 30.000.000 төгрөгийг авсан. Би авсан зээлээсээ 3.600.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 13-нд*******д төлсөн. Өөр төлбөр хийж чадаагүй. Эхнэр маань хүүхэд гаргаж, ажлаасаа чөлөө авсан, би ч бас ажлаасаа гэнэт халагдсан. Гэтэл бага насны 2 хүүхэдтэй манай гэр бүлийг өвлөөс хойш байрнаас маань хөөж дарамтлах боллоо. Эхнэрийг маань уйлуулж, хүүхдүүдийг минь хүртэл дарамталж бидний гэр бүл салахдаа хүртэл тулж байсан. Танай арчаагүй, тэнэг хүргэн чинь мөнгө өгөхгүй бол би шоронд суулгана, эсвэл байраа авна гэж хадам ээж рүү ярьдаг байсан. Сүүлийн үед намайг ажилдаа явсан үеэр******* байнга гэр орноор ирж эхнэр хүүхдүүдийг маань айлгаж, уйлуулж, бахируулаад одоо байрнаас маань гар хувцсаа ав, очих газар чинь хүргээд өгье, хүүхдүүдээ аваад гараадах гэж дарамталдаг. Байраа шилжүүлж өгнө гэсэн бичиг хийж өг гээд надаар хийлгүүлж байсан. Би айж, сандран юу ч хэлж чаддаггүй байсан. Хэлснийг нь бичиж өгч, мөнгийг чинь өгнө, хугацаа өгчих гэж гуйдаг байсан. Надаас зээлийн төлбөр гэж нийтдээ 62.100.000 төгрөг нэхэж байгаа бөгөөд хүү 17.100.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, үндсэн зээл 30.000.000 төгрөг гэсэн. Гэвч би энэ мөнгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй, байрнаасаа хөөгдөх ёсгүй гэж үзэж хуулийн дагуу шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Бид анх 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохирсон. Хэрэв бидний тохиролцоо хуульд нийцэж байгаа бол хуулийн дагуу хүү, алдангийг хариуцахад бэлэн байна. Харин худалдах, худалдан авах гэрээний хувьд Иргэний хуулийн 56.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа юм. Учир нь үнэн хэрэгтээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан атлаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдаж байгаа тал нь эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлж, хөрөнгийг хүлээн авдаг байтал би хүлээж авсан мөнгөө хүүгийн хамт буцааж төлөх, худалдан авч байгаа тал хөрөнгийг хүлээж авахгүйгээр, мөнгө хүүтэй зээлдүүлж байгаа нь энэ гэрээний харилцаа хүчин төгөлдөр бус гэдгийг баталж байна. Би зээлсэн мөнгөө төлнө. Харин худалдах, худалдан авах гэрээний дагуу байрнаасаа гарах үндэслэлгүй. Анхнаасаа хэн аль нь худалдах, худалдаж авах зорилгогүй, барьцаалж зээл олгосон юм. Гэтэл одоо байрыг маань 30.000.000 төгрөгийн гэрээгээр шилжүүлж авчихаад биднийг хөөгөөд байгааг зөвшөөрөхгүй байна. Би түүнд зээлсэн мөнгөө төлнө. Байраа буцааж авна. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож,*******гийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, *******намайг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, дүгээр байр, тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч*******, түүний өмгөөлөгч Б.Ч нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... ******* нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сайн дурын үндсэн дээр өөрийн биеэр надтай Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, дүгээр хороо, тоот 2 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, миний бие Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол дах Худалдаа хөгжлийн банкны салбараас мөнгийг данснаасаа авч, тус банкны салбар дотор гэрээний төлбөрийг *******аранбатад бэлнээр өгч, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлд бүртгүүлж, уг орон сууц миний өмчлөлд шилжсэн. Орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн боловч суллаж өгөөгүй байсан тул миний бие олон сарын хугацаанд *******-н араас хөөцөлдөж, арга барж *******-г хариуцагчаар татаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэрээр дээрх хаяг дээр оршин суудаггүй гэдэг үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан тул түүнийг эрэн суралжлуулахаар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дугаар шийдвэр гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******-г олж тогтоосон. Энэ өдөр ******* нь надад гэр орноо нүүлгэх 7 хоногийн хугацаа өгчих, би энэ хугацаанд байрыг суллаж өгнө гээд өөрийн биеэр баталгаа бичиж өгөөд дахиад алга болсон. Миний бие *******-н хойноос 2015 оны 09 дүгээр сараас хойш бүтэн жил гаруй хөөцөлдөж байж цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж олуулсан ба түүний гэр орноо нүүлгэх, байр суллахыг хүссэн долоон хоногийн хугацааг өгсөн хэдий ч ******* нь дахиад алга болсон. Би *******-г эрж хайж гэр орноор нь хэд хэдэн удаа очсон боловч ихэвчлэн хүнгүй байдаг ба эхнэр, эхнэрийн эцэг гэсэн хүмүүстэй 3 удаа уулзаж, байдлыг нэг бүрчлэн хэлж байсан. ******* нь надад байраа шилжүүлсэн талаар ар гэрийнхэндээ хэлээгүй, байнга худал ярьж явдаг ба надтай огт уулздаггүй, утсаа авдаггүй байсан тул би эхнэр, эхнэрийн эцэгтэй нь уулзаж байр суллах талаар ярилцаж байсан. ******* Г.Ж нар нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, өөрийн сайн дурын үндсэн дээр Иргэний хуульд заасан хэлбэр, журмын дагуу 2015 оны 08 дугаар сарын12-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд *******-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч*******, түүний өмгөөлөгч Б.Ч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр *******-тай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, дүгээр хороо, тоот хаягт оршин суух, 1960-аад оны үеийн хуучны барилгын хоёр өрөө орон сууцыг 30.000.000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийг хийж, тус орон сууцны өмчлөгч болсон. Орон сууцыг чөлөөлүүлэх талаар *******-тай удаа дараа ярилцаж байсан боловч тэрээр үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн ба тэрээр сүүлийн 2016 оны 02 дугаар сараас хойш утсаа авахаа больсон. Гэрийнхээ хаалгаа нээж өгөхгүй, алга болсон. Гэтэл ******* нь одоо худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, миний өмчлөлд уг орон сууцыг шилжүүлээгүй мэтээр ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Иймд *******-г Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, дүгээр байрны хаягт орших орон сууцнаас албадан гаргуулан орон сууцыг чөлөөлүүлж, миний зөрчигдөж буй өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч *******-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан бол мөнгө шаардахгүй, зээлийн хүү шаардахгүй. Хүү 17.000.000, алданги 15.000.000, зээл 30.000.000, нийт 62.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Зээлд барьцаалах зорилгоор хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагчид холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, хариуцагч******* нь нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч *******нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, дүгээр хороо, дүгээр байр, хаягт байршилтай 28 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч******* нь орон сууцны үнэд 30.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-5/. Уг гэрээний дагуу хариуцагч*******-д 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ /хх-16/. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид 30.000.000 төгрөг шилжүүлсэн талаар талуудын маргаангүй.
Харин зохигч дээрх гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 30.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууц барьцаалсан атлаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэх үндэслэлээр шаардлага гаргасныг хариуцагч татгалзаж, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц шилжүүлэх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан.
Нэхэмжлэгч шаардлагаа нотлож, эхнэр Ц.А, хадам ээж М.Б нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч Ц.А Н ... Ж гэдэг хүнээс зээл авсныг 2015 оны 11 дүгээр сард манай гэрт ирэхэд нь мэдсэн ... хүү алданги нь явж байна, их мөнгө болно гээд манайд анх орж ирэхэд нь мэдсэн ... 70 сая төгрөг бэлдсэн бай, үгүй бол хэрэгтэй юмаа аваад яваарай гэсэн мессэж ирсэн. Үндсэн зээл, зээлийн алданги, хүү нийлээд 60, 70 сая төгрөг болно гэсэн ... би дараа нь ээжээс 3.600.000 төгрөг зээлээд 4 сарын хүүний мөнгийг ... *******өгсөн, гэрч Б.Баярмагнай ... 2016 оны 05 сард хүүхдүүд буруу юм хийсэн энэ асуудлыг зохицуулж өгөөч гэж ... би ярьж байсан ... мөнгө төгрөг өгөөч, хүүхдүүдийнхээ байрыг суллаж өг, шүүхэд өглөө ... мессэж Жавхлангаас надад ирсэн гэж тус тус мэдүүлжээ /хх-90-91, 93-97/.
Мөн талуудын хүсэлтээр гэрч Ц.Аригууны , М.Баярмагнайн дугаарын гар утсанд хариуцагч*******гийн дугаарын гар утаснаас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд ирсэн мессэжид үзлэг хийхэд хариуцагчаас гэрч Ц.Аригуунд байр суллах, эсвэл 70.000.000 төгрөг бэлдсэн байх, гэрч М.Баярмагнайд мөнгө хурдан төлөх, мөнгө бүтэхгүй бол байр суллах, мөн 3 сарын хугацаатай мөнгө авчихаад өгч чадаагүй гэх агуулгатай мессэжүүд явуулж байжээ /хх-98-101,135-136/. Латин үсгээр бичигдсэн мессэжийн агуулгыг талууд маргаагүй ба монгол кирил үсгийн латин хөрвүүлгийн MNS 5217:2012 стандартыг баримтлан үнэлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Хариуцагч дээрх мессэжийг нэхэмжлэгчийн хадам ээж М.Баярмагнай хүүхдүүд буруу юм хийсэн байна, энэ асуудлыг зохицуулж өгөөч гэж нөхөр Б.Чулуунбатад хандсан, улмаар миний дүү Г.Амгалангийн элэг солих эмчилгээнд яаралтай мөнгө шаардлагатай байсан тул М.Баярмагнай мөнгө олж байрыг худалдаж авах санал тавьсны дагуу би дээрх хугацаанд мөнгө төлөхийг шаардаж мессэжээр харилцсан гэж тайлбарлаж, Г.Амгалангийн гадаад паспорт, нас барсны гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргасан ба 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Г.Амгалан өвчнөөр нас барсан байна /хх-125, 138/.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц чөлөөлүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийн хаяг тодорхойгүйгээс шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хаяг тогтоосон, мөн өдөр нэхэмжлэгч ******* 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн гэрээ ёсоор 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор орон сууцыг чөлөөлж хүлээлгэн өгөх баталгааг хариуцагчид гаргасан үйл баримт тогтоогдож байна /хх-15, 75-77/.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч анх 25.000.000 төгрөгийн зээл хүссэн нь үнэн, мөн бид мөнгө зээлдүүлдэг нь ч үнэн, гэхдээ бид барьцаалуулах орон сууцны 30 хувьд нь л зээл өгдөг, учир нь хүү алданги тооцогддог, гэтэл нэхэмжлэгчийн байр 1960-аад оны хуучны байр байсан тул зээл өгөх боломжгүйг мэдэгдсэн гэж тайлбарлаж, бусад зээлдэгчтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан /хх-121-124/.
Нэхэмжлэгч ******* 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар 600.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн тоот дансанд төлжээ /хх-145/.
Шүүх талуудын гаргасан дээрх нотлох баримт, тайлбарыг бүх талаас нь харьцуулан үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Гэрч Ц.Аригуун, М.Баярмагнай нарын гар утсан дахь мессэжийн агуулгаас үзэхэд хариуцагч******* тэднээс мөнгө төлөхийг шаардаж байсан байх боловч *******-н төлөх зээлийг шаардсан гэх утгыг агуулаагүй. Гэрч М.Баярмагнай хариуцагчийн нөхөр Б.Чулуунбатад хандаж, хүүхдүүдийн асуудлыг зохицуулж өгөхийг хүссэнээ шүүхэд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба мессэжээр харилцсан тухайн цаг хугацаанд буюу 2017 оны 03-04 дүгээр сард хариуцагчийн дүүгийн эмчилгээнд мөнгө шаардлагатай байсан гэж мессэжээс үзэхээр байх тул гэрч М.Баярмагнай мөнгө олж байрыг худалдаж авах санал тавьсны дагуу түүнээс мөнгө төлөхийг шаардсан гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй.
Гэрч Ц.Аригуун ээжээсээ 3.600.000 төгрөг зээлж авч *******аранбатад өгсөн гэж мэдүүлсэн боловч уг байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн тэрээр хариуцагч******* 2015 оны 11 дүгээр сард гэрт ирж ******* зээл авсан талаар мэдэгдэж төлөхийг шаардсан талаар мэдүүлсэн хэдий ч хэрэгт авагдсан бусад нотлох баримт, тухайлбал нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг хуульд заасан журмын дагуу төлсөн, хариуцагчид орон сууцны өмчлөх эрх шилжиж гэрчилгээ олгогдсон, мөн нэхэмжлэгчийн орон сууц чөлөөлж, хүлээлгэн өгөх баталгаа, зохигчдын тайлбар зэрэгтэй харьцуулж үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хөдөлбөргүй нотолсон баримт гэж үнэлэхэд учир дутагдалтай байна.
Хариуцагч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдмагц орон сууцыг эзэмшилдээ шилжүүлж аваагүй шалтгаанаа шүүхэд тайлбарлахдаа нэхэмжлэгч нь орон сууцаа хямд зарж байгаа тул үнийн зөрүүд 2015 оны 11 дүгээр сар хүртэл амьдарч байгаад зарах үед чинь суллаж өгье, нялх хүүхдүүдтэй гэснийг зөвшөөрсөн гэсэн ба нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл шүүхэд гаргаж байжээ /хх-15, 76/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба зохигч талууд зээл өгөх, авах, хэзээ, хэрхэн буцаан төлөх, мөн хүү тооцох эсэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хүлээх хариуцлага ямар байх гэх зэрэг асуудлаар хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн, мөн нөгөө талынхаа хүсэл зоригийг хүлээн авсан, улмаар харилцан үүрэг үүссэн гэх байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч *******-н нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй буюу зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах үндэслэлгүй гэж дүгнэв.
Улмаар дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзэв.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдээс нөгөө тал үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэгтэй.
Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч *******-н хувьд, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх дуусгавар болж, хариуцагч*******-д өмчлөх эрх үүссэн тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх сөрөг шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч*******д холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-н хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, байр, тоотод байрлах 28 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-с төлсөн 100.000 төгрөг, хариуцагч*******-гаас төлсөн 307.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-с 348.350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн 307.950 төгрөг гаргуулан хариуцагч Г.Ж-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА