Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 136/ШШ2021/00222

 

 

2021-09-07                                                136/ШШ2021/00222

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, Д аймгийн А сумын * дугаар баг, С гэх газарт оршин суух, Х овогт Дын Э /РД:****/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1959 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, Д аймгийн И сумын . дугаар баг, ***Б гэх газар оршин суух, З овогт Лгийн Х /РД:***/-д  холбогдох

Босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр, хариуцагч Л.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2016 оны 05 дугаар сард И сумын Хэтийн булаг гэх газраас би босоо хайруулга тамгатай, сартай хонгор азарган үрээг алдсан. 2016 оны 06 дугаар сард Алтанширээ сумын баруун талаар байна гэж 2 удаа сураг нь гараад олдоогүй, сураггүй алга болсон. Тухайн үед би нутгийн болон таньж мэддэг хүмүүсээс сураглаж, хайж яваад олоогүй. 2018 оны 12 дугаар сарын 25, 26-ны үед миний дүү Эрдэнэмөнх таны алга болсон хонгор азарга морь болоод буцаад гүйгээд ирсэн байна гээд адил тамгатай хонгор халзан морьтой хамт туугаад ирсэн. Тухайн хонгор морийг үзэхэд миний алдсан хонгор азарга мөн байсан ба хөнгөлүүлээд морь болсон байсан. Уг морио би адуундаа нийлүүлж маллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын эхээр Сайншандад ирсэн хойгуур буюу эзгүй байхад Х миний хонгор морийг өөрийн морьтойгоо хамт туугаад явсан байсан. 2019 оны 05 дугаар сард Хгийнд очиж болсон бүх зүйлийн талаар хэлж, морио авах гэхэд Х, түүний эхнэр нь өөрсдийн унаган адуу гэж маргаад өгөөгүй. Уг хонгор морийг азарган үрээ байхад нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүнд 8,000,000 төгрөгөөр худалдах гэж байгаад алдсан учир зарах боломжгүй болсон ...Иймд Л.Хгээс босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Л.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр 5 морь алдсан, уг морьдын 2 морийг Д.Эын адуунаас олж авсан. /2019-04-р сард/ хамт алдсан 3 морийг Д аймгийн Цагдаагийн газарт шалгуулсан боловч, прокуророос 2021 оны 03 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан. 2019 оны 09 дүгээр сард Д.Э нэхэмжлэл гаргасан байсан. 09 дүгээр сард нэхэмжлэл хүлээж авахдаа би 5 морь алдсан 2 морио авсан. Одоо 3 морио нэхэж байна гэсэн тайлбар өгсөн байгаа одоо ч хавтаст хэрэгт байгаа. Энэ хонгор морь бол миний унаган морь мөн. Унага байхад эхийг нь сааж байсан. Мөн унаганд нь тамгалж байсан гэрч байна. Мөн хязаалан байхад нь сургаж унаж, соёолон насанд сумын наадамд хамт уяж байсан гэрч байгаа. Д.Э азарга алдсан гэдэг гэтэл минийх азарга байгаагүй, ижил тамгатай болохоор миний таван морийг дүүтэйгээ хамт хулгай хийгээд түүнийгээ булзааруулахын тулд хонгор морийг азарга алдсан, хөнгөлчихсөн байна гэдэг. Иргэн миний шүүхэд гаргах хүсэлт, 1.Хонгор морь одоо адуундаа байгаа, хонгор морио танай шүүхийн байгууллага дээр авч очиж тодорхой гэрчүүдээр таниулж гэрчлүүлэх хүсэлттэй байна. 2.Манай суурь өрхөд миний коронавирус, малын шүлхий өвчин гарсан учраас одоо эндээс тээвэрлэж очих боломжгүй учир хорио цээр тавигдтал цаг хугацааг харж үзэхийг хүсэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хонгор морь 2012 оны 03 дугаар сарын 20-ны үед төрсөн. Эх нь хонгор халзан гүү, эцэг нь хонгор азарга байсан. Хонгор морь нь манай өөрийн унаган адуу. Даага, шүдлэн, хязаалан насанд нь уяж байгаад, соёолон насанд нь наадам гараагүй байх үед тэжээж байгаад 2016 оны 05 дугаар сарын 03-ны үед И сумын Хэтийн булаг гэх газар нүүж очоод хонгор морио алдсан. Тэр үед хүйтэн бороо орж, борооноор адуугаа уруудуулж алдсан. Тухайн үед адуугаа эрж олоход 1 азарган үрээ байхгүй байсан. Гэтэл Д аймгийн Алтанширээ сумын Хадан хошуу гэх газарт хонгор азарга чинь байна гэсэн сураг сонсож, тухайн үедээ морио барих гэсэн олоогүй. Адууны сураг тасраад 2018 оны 12 дугаар сарын 25, 26-ны үед миний дүү Д.Эрдэнэмөнх хонгор халзан морьтой хамт хөөгөөд ирсэн. Таны алдсан хонгор азарга чинь засуулаад морь болоод ирсэн байна. Морио барьж авахад миний алдсан хонгор азарга мөн байсан. Манай хонгор азарганы содон тэмдэг нь азарга хазаж, хамрыг нь сэлтэлсэн, уруул нь сэтэрхий сорвитой, хязаалан үрээ байхад нь буруу талын чихний үзүүрийг нь хазсан мөлүү байгаа. Хонгор адуунд энэ бүх содон тэмдэг нь байсан. Би соёолон азарга байхад нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг хүн даага байхад нь худалдаж авъя гэдэг байсан. Тухайн үед би 8,000,000 төгрөгөөр азаргаа үнэлж худалдахаар болсон байсан. Тэр үед адуугаа алдчихсан байна. Олоод тан руу залгана гэж байгаад сураг тасарч нөгөө хүндээ олж чадаагүй гэдгээ хэлсэн. Хонгор азаргыг даага байхад нь Д аймгийн А суманд байхад нь Цогтцэций сумаас ирж үзэж байсан. Хонгор морины төрсөн ах нь олон түрүүлж, Адсан хонгор азарга байдаг. Тэр азарганы дүү болохоор худалдаж авахаар тохиролцож, тухайн үед би мөнгийг нь авч амжаагүй, азаргаа олсныхоо дараагаар наймаагаа хийхээр тохиролцсон байсан. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эын өөрийн босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Д аймгийн И сумын Нүдэн гэх газар нутагладаг байсан. Хэтийн булаг гэх газар манайхаас 10км зайд байдаг. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа адуугаа эргэж очиход нас бие гүйцсэн 5 морь алга болсон байсан. Алга болсон 5 морь дотор маргаж буй хонгор, хонгор халзан, зээрд морь 3 байсан. Тухайн үед шинэ жилийн баяр дөхөж байсан. 2, 3 сар эрээд олохгүй байж байгаад 2019 оны 03 дугаар сарын дундуур Д аймгийн И сумын харьяат Ч.Алтангэрэл гэх хүн хонгор, хонгор халзан моринууд Эын дүү Эрдэнэмөнх гэдэг хүн Бор овоо гэх газар тууж ирсэн гэж хэлсэн. Би хүүдээ хонгор, хонгор халзан моринууд Хадан хошуунд байгаа гэж байна аваад ир гээд явуулсан. Манай алдсан 5 адуунаас 3 адуу байхгүй, 2 адуугаа Бор овоо гэх газраас очиж авсан. Адуугаа авснаас хойш Нүдэн гэх газар Д.Э миний алдсан хонгор морь танайд байгаа хонгор морь гэж байна. Хонгор морийг би азарга байхад нь алдсан. Засагдаад танайд гүйж очсон байна, морио авъя гэж ирсэн. Үгүй хонгор морь манай морь, унага байхаасаа манай адуу, азарга байгаагүй, морины Зг байгаа гэж хэлээд явуулсан. 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж намайг шүүхээс дуудаж, Д.Эын нэхэмжлэлийг надад гардуулсан. Би тайлбараа шүүхэд гаргахдаа 2018 оны 12 дугаар сард 5 морио алдаж, эрж хайсан боловч олоогүй. Хуучин хавтаст хэрэгт 5 морио алдсан тухай миний бичиж өгсөн тайлбар байгаа. 2020 онд тамга нь шүүхийн шинжилгээнд явж, шүүхийн шинжилгээний хариу хуучин хавтаст хэрэгт авагдсан. Морь байсан, тамга нь ижил тамгатай, тамгыг тогтоох боломжгүй, ойролцоо тамга байна гэсэн хариу байсан. 2020 онд өмгөөлөгч зөвлөсний дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2021 оны 04 дүгээр сард хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан. Би хуулийн зохицуулалтын ойлгохгүй байна. Миний алдсан 3 морины хөөн хэлэлцэх хугацаа яагаад дууссаныг ойлгохгүй байна. Хонгор, хонгор халзан морь хоёулаа миний морь, миний алдсан хонгор морийг Д.Э миний морь гэж нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. Д..Э 8,000,000 төгрөгийн үнэтэй азарга алдсан нь үнэн бол 2, 3 жилийн хугацаанд ямар ч цагдаагийн байгууллага, хуулийн байгууллагад мэдэгдэхгүй байх уу, ямар настай азаргаа алдсан нь тодорхойгүй, ямар аймаг, сумын наадамд хурдалж байсан нь тодорхойгүй, миний хонгор моринд адуунд хазуулсан шарх, сорви байхгүй би үүнийг худлаа ярьж байна гэж ойлгож байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр хязаалан насанд нь зассан гэсэн дүгнэлт өмнөх хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2016 оны 06 дугаар сарын 20-ны үед Д аймгийн Алтанширээ сумын нутаг Зараа гэх газарт явж байсан гэх мэдүүлэг өмнөх хавтаст хэрэгт авагдсан байдаг. Манай нутагладаг газраас Зараа гэх газар нь 100км гаруй байдаг. Соёолон морийг сумын наадамд уяж байсан, түүнийг харсан гэрчүүд байгаа. 06 дугаар сард манай нутаг 30 градусаас дээш халдаг, гэтэл би Зараа гэх газраас хонгор морийг авч ирээд засаж, цусыг нь гоожуулан уяж байсан болох гэж байна уу. Халуун зунаар адуу засах ямар ч боломгүй. Амьд гарвал өт хорхойнд бариулж үхнэ. Энэ нь ямар ч үнэмшил байхгүй, худлаа ярьж байна. Мал малладаг малчин хүн болгон халуун зунаар мал хөнгөлдөггүй г мэднэ. Хөнгөлчхөөд сарын дараа цусыг нь гоожуулан уях логикийн хувьд ямар ч боломжгүй. Үүнийг шүүхээс тодорхой анхааралдаа авна уу. Цаг хугацаа болон логик дарааллын хувьд байх боломжгүй асуудал. Би өөрөө аймгийн алдарт уяач хүн, хүний адууны цусыг гоожуулан уях хүмүүжилтэй хүн биш. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарт нэмж хэлэхээс гадна. Шүүх хуралдаан процессын дагуу явагдсангүй. Шүүх хуралдаан эхлэхдээ процессын ажиллагааны алдаатай эхэлсэн. Нэг ёсондоо шүүх хуралдааны бэлтгэл ажил хангагдаагүй, шүүх хуралдаанд оролцогч зохигч Л.Х нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө 1 цаг 30 минутын өмнө өмгөөлөгчид хүсэлтээ гаргасан. Өмгөөлөгч хуулийн хүрээнд хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулах, төрийн ажлыг явуулахын тулд шүүх хуралдаанд оролцож, шүүх хуралдаан даргалагчид хуульд заасан хүсэл зоригоо илэрхийлэхээр оролцсон. Шүүх хуралдаанаас 1 минутын өмнө шүүх хуралдааны танхимд орж ирсэн учир хэргийн материалтай танилцаж амжаагүй. Хавтаст хэрэгт байгаа нөлөөллийн мэдүүлэг, эрх үүрэгтэйгээ танилцаагүй байхад шүүх хуралдаан эхэлсэн. Шүүхээс эрх үүргийг танилцуулахгүйгээр шууд шинээр гаргах нотлох баримт, хүсэлт танилцуулж, шүүх хуралдаанд завсарлаж, түүний дараа өмгөөлөгчид хэргийн материал танилцуулсан. Энэ процессын ажиллагааг засварлаагүй нь хууль зөрчсөн асуудал байна. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах саналтай байна. Хонгор морины асуудлыг иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэж байх үед оролцож байсан өмгөөлөгчийн хувиас шүүх хуралдаанд оролцогч, нэхэмжлэгч, хариуцагч тайлбарыг үндэслэх, гартаа баримтыг шүүхээр олгоогүй. Энэ нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Шүүхээс ямар шийдвэр гаргах нь тодорхой байна. Би мал мэддэг, малчин байсан хүнийхээ хувьд ярих гэж байна. Яагаад гэвэл нотлох баримтууд нь өөр хавтаст хэрэгт байгаа. Хамгийн анх сураг чимээ өгсөн хүнийг гэрчээр асуулгаагүй. Л.Х дураараа айлд очиж хүний мал аваагүй. Хонгор, хонгор халзан морьдын талаар сураг чимээ өгсөн Д.Эрдэнэмөнх тууж явсан гэдгийг хэлсэн хүний мэдүүлэг уг хэрэгт байхгүй. Үүнийг нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн хэн нь гаргаж өгөөгүй. Ийм асуудлыг шийдвэрлэхээр өнөөдрийн шүүх хуралдаан явагдаж байна. Нотлох баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргахад Д.Наранцэцэг шүүгчийн өмнө нь шийдвэрлэсэн иргэний журмаар шийдвэрлэсэн хэрэгт хүсэлт нь байгаа. Үүнийг оруулж ирэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Нөгөө талаас хүсэлтээ гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа гаргаж өгсөн байна. Гэхдээ зохигчдын дундаас хариуцагч гэдэг нь гол юм. Хариуцагчаас нэг удаагийн тайлбар авч хэргийг шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчим, хууль ёсны дагуу хэргийг хянан шийдвэрлэх зарчим хөндөгдөж байна. Би нотлох баримт байхгүй хууль ярьж чадахгүй морины талаар ярья. Шуурганаар адуугаа хаяад явдаг азарга гэж Монгол Улсад сонсоогүй. Бусад улсуудад байдаг байж магадгүй. Малчин хүн малаа мэддэг хүн азарга нь гүүгээ, адуугаа хаяж явдаг Монгол адуу байдаггүй. Соёолон азаргыг засаж, уяж уралдуулдаг монгол хүн байхгүй гэж манай үйлчлүүлэгч ярьж байна. Мал ажиллагааны талаар малчин хүн бодитой зүйлийг ярьж байна. Шинжээчийн дүгнэлтэд соёолон насанд нь зассан адуу биш байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Хэрэгт байгаа байх нотлох баримт шинжлэн судлах үед судлах байх. Хэрвээ Д.Эын адуу байсан бол хол байгаа И сумын буюу айлын адуу дагуулан явах боломжтой юу. Амьдрал бодит байдал дээр ийм зүйл байхгүй. Залуу хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Соёолон азарга гүү хурааж явдаг. Соёолон азарга морь явуулдаггүй азарга байдаг бол эр адуутай хамт байтугай ойрхон ч байдаггүй, хазаж, хайраад хөөгөөд байдаг. Зарим адуу шүдлэн наснаасаа гүү хураадаг. Миний үйлчлүүлэгчийн ярьсан малч ажиллагааны талаар энэ адуу нь минийх байх боломж байна уу гэдгийг нотлох баримт цуцлуулах боломжгүй байна. Миний бодож байгаагаар шүүхийн шийдвэр гарсан. Олон жил явснаараа асуудал шийдвэрлэгдэхгүй. Ганц хонгор морь гэдэг талаас нь биш. Өнөөдөр 8,000,000 төгрөгөө авдгаараа ав, хонгор морио би авна гэвэл болно. Үнэлгээндээ манай талаас маргаж байсан. Үнэлгээг ярихад хуучин хавтаст хэргийн материал энэ хавтаст хэрэгт байхгүй байна гэж шийдвэрлэнэ. Өмнө нь шийдвэрлэсэн хавтаст хэргээс нотлох баримт гаргуулан авах хүсэлт гаргахаар хууль зөрсөн асуудал юм шиг татгалзаж шийдвэрлэж байна. гэв.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эаас хариуцагч Л.Хд холбогдуулан босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Д аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/53 дугаарт Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол /хх-4-8/, Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/153 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-37-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2149 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-44-56/ болон нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь нь нэхэмжлэгч Д.Эын өмч мөн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь нь хариуцагч Л.Хгийн эзэмшилд байгаа, уг эзэмшил нь хууль бус болох нь хавтаст хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч Л.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаарх тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй ба гэрч Б.Ням-Осорын ...нутаг усандаа гүйгээд ирсэн юм чинь мөн л гэж бодож байна. Би харах юм бол гадарлана, дааг байхад нь уяж байсан. гэх мэдүүлэг, гэрч Г.Түмэнцэрэгийн ...2016 он буюу соёолон болдог жил хүртлээ байсан. Тэгээд алдчихсан гээд сураад байсан. Дараа нь 2018 онд морь болоод ирсэн гээд гэрийнхээ гадаа байхад нь үзсэн. гэх мэдүүлэг, гэрч Э.Энхжаргалын ...2016 оны зун соёолон азарга алдчихаад 2018 оны өвөл хонгор морь болоод ирсэн гээд унаад явж байсан. ...өөрөө гүйгээд ирсэн адуу мөн л гэж бодож байна. гэх мэдүүлэг, гэрч Б.Сайнбуянгийн ...2018 оны өвөл 12 дугаар сард ирсэн байх. Адуу нь өөрөө ижил тамгатай хонгор халзан морь дагуулаад ирсэн. ...Би Л.Хгийн тэр адууг мөн л гэж бодож байна. гэх мэдүүлэг болон зохигчдын тайлбараар няцаагдаж байна гэж дүгнэлээ.

Иймд босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь нь нэхэмжлэгч Д.Эын өмч мөн бөгөөд өмчлөгч нь хөрөнгөө хариуцагч Л.Хгийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн Д.Эын 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Хгээс 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Хгийн хууль бус эзэмшлээс босоо хайруулга тамгатай, сартай хонгор морийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн Д.Эын 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Хгээс 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА