Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 202/МА2021/00025

 

 

 

 

 

 

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 136/ШШ2021/00222 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Х овогт Д-ын Э-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: З овогт Л-ийн Х-д холбогдох,

 

Босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э цахимаар, түүний өмгөөлөгч С.Ш цахимаар, хариуцагч Л.Х цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 05 дугаар сард Иххэт сумын Хэтийн булаг гэх газраас би босоо хайруулга тамгатай, сартай хонгор азарган үрээг алдсан.

Тэр үед хүйтэн бороо орж, борооноор адуугаа уруудуулж алдсан. 2016 оны 06 дугаар сард Алтанширээ сумын баруун талаар байна гэж 2 удаа сураг нь гараад олдоогүй, сураггүй алга болсон. Тухайн үед би нутгийн болон таньж мэддэг хүмүүсээс сураглаж, хайж яваад олоогүй. 2018 оны 12 дугаар сарын 25, 26-ны үед миний дүү Э таны алга болсон хонгор азарга морь болоод буцаад гүйгээд ирсэн байна гээд адил тамгатай хонгор халзан морьтой хамт туугаад ирсэн.

Тухайн хонгор морийг үзэхэд миний алдсан хонгор азарга мөн байсан ба хөнгөлүүлээд морь болсон байсан. Уг морио би адуундаа нийлүүлж маллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын эхээр Сайншандад ирсэн хойгуур буюу эзгүй байхад Х миний хонгор морийг өөрийн морьтойгоо хамт туугаад явсан байсан. 2019 оны 05 дугаар сард Х-ийнд очиж болсон бүх зүйлийн талаар хэлж, морио авах гэхэд Хүүхэнхүү, түүний эхнэр нь өөрсдийн унаган адуу гэж маргаад өгөөгүй.

Уг хонгор морийг азарган үрээ байхад нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүнд 8,000,000 төгрөгөөр худалдах гэж байгаад алдсан учир зарах боломжгүй болсон. Хонгор азаргыг даага байхад нь Дорноговь аймгийн Айраг суманд байхад нь Цогтцэций сумаас ирж үзэж байсан. Хонгор морины төрсөн ах нь олон түрүүлж, айрагдсан хонгор азарга байдаг.

Тэр азарганы дүү болохоор худалдаж авахаар тохиролцож, тухайн үед би мөнгийг нь авч амжаагүй, азаргаа олсныхоо дараагаар наймаагаа хийхээр тохиролцсон байсан. Иймд Л.Х-ээс босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ш анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлгийн үед хэний адуу вэ гэдэг нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын мэдүүлгээс тогтоогдож байна. Д.Э-ын босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Л.Х шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Иххэт сумын Нүдэн гэх газар нутагладаг байсан. Хэтийн булаг гэх газар манайхаас 10 км зайд байдаг. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа адуугаа эргэж очиход нас бие гүйцсэн 5 морь алга болсон байсан.

Тухайн үед шинэ жилийн баяр дөхөж байсан. 2, 3 сар эрээд олохгүй байж байгаад 2019 оны 03 дугаар сарын дундуур Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Ч.А гэх хүн хонгор, хонгор халзан моринууд Э-ын дүү Э гэдэг хүн Бор овоо гэх газар тууж ирсэн гэж хэлсэн. Би хүүдээ хонгор, хонгор халзан моринууд Хадан хошуунд байгаа гэж байна аваад ир гэж явуулсан.

Манай алдсан 5 адуунаас 3 адуу байхгүй, 2 адуугаа Бор овоо гэх газраас очиж авсан. Адуугаа авснаас хойш Нүдэн гэх газар Д.Э миний алдсан хонгор морь танайд байгаа хонгор морь гэж байна. Хонгор морийг би азарга байхад нь алдсан. Засагдаад танайд гүйж очсон байна, морио авъя гэж ирсэн.

Үгүй хонгор морь манай морь, унага байхаасаа манай адуу, азарга байгаагүй, морины зураг байгаа гэж хэлээд явуулсан. 09 дүгээр сарын 20-ны өдөр намайг шүүхээс дуудаж, Д.Э-ын нэхэмжлэлийг надад гардуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр хязаалан насанд нь зассан гэсэн дүгнэлт өмнөх хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2016 оны 06 дугаар сарын 20-ны үед Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг З гэх газарт явж байсан гэх мэдүүлэг өмнөх хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Соёолон морийг сумын наадамд уяж байсан, түүнийг харсан гэрчүүд байгаа. 06 дугаар сард манай нутагт 30 градусаас дээш халдаг, гэтэл би З гэх газраас хонгор морийг авч ирээд засаж, цусыг нь гоожуулан уяж байсан болох гэж байна уу. Халуун зунаар адуу засах ямар ч боломжгүй. Энэ нь ямар ч үнэмшил байхгүй, худлаа ярьж байна. Мал малладаг хүн болгон халуун зунаар мал хөнгөлдөггүйг мэднэ. Хөнгөлчхөөд сарын сараа цусыг нь гоожуулан уях логикийн хувьд ямар ч боломжгүй. Үүнийг шүүхээс тодорхой анхааралдаа авна уу. Цаг хугацаа болон логик дарааллын хувьд байх боломжгүй асуудал. Би өөрөө аймгийн алдарт уяач хүн, хүний адууны цусыг гоожуулан уях хүмүүжилтэй хүн биш” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаан процессын дагуу явагдсангүй. Шүүх хуралдаан эхлэхдээ процессын ажиллагааны алдаатай эхэлсэн. Нэг ёсондоо шүүх хуралдааны бэлтгэл ажил хангагдаагүй, шүүх хуралдаанд оролцогч зохигч Л.Х нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө 1 цаг 30 минутын өмнө өмгөөлөгчид хүсэлтээ гаргасан. Өмгөөлөгч хуулийн хүрээнд хүсэлтийг хүлээн авч, төрийн ажлыг явуулахын тулд шүүх хуралдаанд оролцож, шүүх хуралдаан даргалагчид хуульд заасан хүсэл зоригоо илэрхийлэхээр оролцсон.

Шүүх хуралдаанаас 1 минутын өмнө шүүх хуралдааны танхимд орж ирсэн учир хэргийн материалтай танилцаж амжаагүй. Хонгор морины асуудлыг иргэний хэргийн журмаар шийдвэрлэж байх үед оролцож байсан өмгөөлөгчийн хувиас шүүх хуралдаанд оролцогч, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг үндэслэх, баримтыг шүүхээр олгоогүй. Шүүхээс ямар шийдвэр гарах нь тодорхой байна. Яагаад гэвэл нотлох баримтууд нь өөр хавтаст хэрэгт байгаа.

Хамгийн анх сураг чимээ өгсөн хүнийг гэрчээр асуулгаагүй. Л.Х дураараа айлд очиж хүний мал аваагүй. Хонгор, хонгор халзан морьдын талаар сураг чимээ өгсөн Д.Э тууж явсан гэдгийг хэлсэн хүний мэдүүлэг уг хэрэгт байхгүй. Үүнийг нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн хэн нь гаргаж өгөөгүй. Нөгөө талаас хүсэлтээ гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа гаргаж өгсөн.

 Хариуцагчаас нэг удаагийн тайлбар авч хэргийг шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчим, хууль ёсны дагуу хэргийг хянан шийдвэрлэх зарчим хөндөгдөж байна. Соёолон азаргыг засаж, уяж уралдуулдаг монгол хүн байхгүй гэж байна. Шинжээчийн дүгнэлтэд соёолон насанд нь зассан адуу биш байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Хэрвээ Д.Э-ын адуу байсан бол хол байгаа Иххэт сумын буюу айлын адуу дагуулан явах боломжтой юу. Үнэлгээндээ манай талаас маргаж байсан. Үнэлгээг ярихад хуучин хавтаст хэрэгт байхгүй байна гэж шийдвэрлэнэ. Өмнө нь шийдвэрлэсэн хавтаст хэргээс нотлох баримт гаргуулан авах хүсэлт гаргахаар хууль зөрчсөн юм шиг татгалзаж шийдвэрлэсэн байна” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Х-ийн хууль бус эзэмшлээс босоо хайруулга тамгатай, сартай хонгор морийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн Д.Э-ын 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х-ээс 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.0 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь: ...Үндэслэх хэсэгтээ: ...Прокурорын тогтоол, ШШХүрээлэнгийн дүгнэлт, гэрч Б.Н-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шинжилгээний дүгнэлтүүд нь маш эргэлзээтэй, 2 талтай, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, гэрч болон Прокурорын тогтоол нь Эрдэнэбаярын морь болохыг нотлоогүй бөгөөд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шийдвэрлэсэн байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдэх, мэтгэлцээний үндсэн дээр явагдах хуулийн заалтыг зөрчсөн.

Хариуцагч талаас гаргасан гэрчүүдийг асуулгах: энэ морины талаар урьд нь цагдаагийн байгууллага шалгасан материал, иргэний журмаар шалгасан материалуудыг энэ хэрэгт хавсаргах талаар хүсэлт гарсан, уг маргаж байгаа хонгор морь нь Л.Х-ийн адуунд байгаа бөгөөд морийг таньж олуулах талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцэхгүй байгаад гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 105.2-т зааснаар нотлох баримт цуглуулах, гаргах боломжоор хангаагүйд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-т заасныг зөрчсөн үндэслэлээр 168.3-т зааснаар анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлүүлэхээр гомдол гаргав” гэв.

 

Хариуцагч Л.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Д-ын давж заалдсан гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед Д.Э өмгөөлөгчгүй, Л.Х өмгөөлөгчтэй байсан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч гэсэн Б.Д өмгөөлөгч хэргийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагаас гаргаад тухайн үед цагдаагийн байгууллага хугацаа дууссан байхад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгасан байдаг.

Өмнөх иргэний хэргийн жил гаруй хугацаанд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан байсан. Босоо хайруулга тамгатай, сартай хонгор морь нь Д.Э-ын тамгаар дарсан байх боломжтой байна гэсэн дүгнэлт гарсан. Намайг өмгөөлөгч байх үед иргэний хэргийн үндсэн хугацаа 60 хоног, сунгасан хугацаа 30 хоног нь дууссан гэрч асуулгах хугацаа байхгүй. Мөн эрүүгийн хэрэгт шалгагдаад хурдан түргэн шийдвэрлүүлэхийн тулд өмнөх нэхэмжлэлээ татаж аваад  шалгах ажиллагаа явуулсны дараа дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Нотлох баримт, хүсэлт гаргах ямар ч хугацаа хариуцагч талд хангалттай байсан.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгийг үндэслээд нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжилсэн босоо хайруулга тамгатай, сартай хонгор морийг Д.Э-ын эзэмшлийн адуу мөн байна гэсэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

         Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны 136/ШШ2021/00222 дугаартай иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

         Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянан хэлэлцвэл  нэхэмжлэгч Д.Э-аас хариуцагч Л.Х-д холбогдуулан “... босоо хайруулга тамгатай, сартай хонгор азарган үрээ нь 2016 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Их хэт сумын “Хэтийн булаг” гэдэг газраас алдсан ба 2018 оны 12 дугаар сард ижил сүрэгтээ эргэж ирэхдээ хөнгөлүүлээд морь болсон байсан, 2019 оны 04 дүгээр сард эзгүй хойгуур Л.Х нь миний хонгор морийг аваад явсан байсан, очиж авах гэсэн боловч миний морь гээд маргаад өгөөгүй тул гаргуулж өгнө үү” гэдэг.

 

         Хариуцагч Л.Х нь “ ...2018 оны 12 дугаар сард 5 морио алдсан, 2 морийг нь Д.Э-ын адуунаас олж авсан, энэ хонгор морь бол миний унаган адуу” гэж маргадаг.

 

         Анхан шатны шүүх босоо хайруулга тамгатай сартай хонгор морь нь нэхэмжлэгч Д.Э-ын өмч мөн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө хариуцагч Л.Х-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

         Хариуцагч Л.Х-ийн өмгөөлөгч Б.Д-аас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасанд үндэслэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх маргаанд холбогдох Иргэний  хуулийн ерөнхий ангийн 106 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

         Учир нь: Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэргийн улмаас хариуцагч Л.Х-ийн гомдлоор Цагдаагийн байгууллагад шалгагдсан боловч түүнд холбогдох хэргийг хаасан тухай Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хх-ийн 4-9/, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу гарсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны 01/153 тоот Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 40-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны №2149 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-60/, гэрч Б.Н, Г.Т, Э.Э, Б.С нарын мэдүүлгүүд /хх-ийн 66-73/ зэрэгт тус тус үндэслэсэн.

 

         Хариуцагч Л.Х анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай хариу тайлбарыг бичгээр гаргасан боловч  2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааны шатанд “...гэрч асуулгах тухай” хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүх хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэхийг заасан ба шүүх 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг дахин 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн /хх-ийн 74/ буюу нийт 90 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэжээ.

 

         Хариуцагч Л.Хүүхэнхүү нь 2021 оны 07 дугаар сарын 26-нд нэхэмжлэлийн хувийг гардаж авсан /хх-ийн 19/ учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлүүдэд зааснаар хариуцагчийн эрх, үүргийг мөн өдрөөс эхлэн мэдсэн гэж үзэх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тухай нотлох баримтыг гаргаж шалгуулах эрхээ энэ хугацаанд  эдлэх боломжтой байсан боловч эдлээгүй.

 

         Өөрөөр хэлбэл: Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдаанаас урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх энэ талаарх хариуцагчийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т нийцсэн гэж үзэв.

 

         Шинжээч нар дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч, хариуцагч нарын аль аль нь босоо хайруулга бүхий тамгатай тул 2 талын тамгыг, маргаан бүхий сартай хонгор морь болон хариуцагч Л.Х-ийн босоо хайруулга тамга дарагдсан сартай зээрд морь зэргийг биетээр нь үзэж тус тус харьцуулан шинжилгээ хийсний үндсэн дээр маргаан бүхий сартай хонгор моринд дарагдсан босоо хайруулга тамга нь Д.Э-ынх байх боломжтой гэж дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлтүүдийн  “Үзлэг ба Шинжилгээ” гэсэн хэсгээс болон гэрэл зургийн үзүүлэлтүүдээс тодорхой харагдаж байна.

 

         Дээрх 2 шинжээчийн дүгнэлтүүдийг зохигчдын хүсэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон шинжээчид шинжилгээ хийж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэрэгт заасан үндэслэл журмын дагуу гарсан үндэслэлтэй, бодитой гарсан шинжээчийн дүгнэлтүүд байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

         Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагчийн өмгөөлөгч Б.Д-аас гаргасан “ ...шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй,  ...эрүүгийн хэргийг хаасан үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэл байсан,  ...гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзсан зэргээс шүүхийн шийдвэр бодитой гарч чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

                  

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 136/ШШ2021/00222 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д-аас гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч Л.Х-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                       ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                            А.САЙНТӨГС