Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/02267

 

 

 

 

 

 

 

2020 06 22

101/ШШ2020/02267

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Төгрөг овогт Б.Э /РД:0/-ын  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод оршин байрлах, Н х с о ХХК /РД:/,

Хариуцагч: 0 тоотод оршин суух Хад овогт Н.Ц /РД:0/ нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 1,794,940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н х с о ХХК-тай 2017 оны 11 сарын 16-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр 0 тоотын 65.2 м.кв талбайтай 3 өрөө бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,450,000 төгрөгөөр тооцож, нийт 94,540,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Захиалагч талаас орон сууцны захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу урьдчилгаа төлбөр 18,908,000 төгрөгийг Н х с о ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Борлуулагч тал болох Н х с о ХХК нь орон сууц захиалгын гэрээний үүргээ зөрчиж захиалагч надад мэдэгдэлгүйгээр миний захиалсан орон сууцанд өөр айл оруулсан байсныг 2019 оны 07 дугаар сард олж мэдлээ. Манай зүгээс өөрийн захиалж, мөнгийг нь төлсөн байрандаа орох гэтэл иргэн Н.Ц нь гарахгүй өнөөдрийг хүргэж байна. Иймд миний захиалсан 0 тоотод хууль бусаар амьдарч буй иргэн Н.Цыг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Цаашид талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй тул хариуцагч Н.Цд холбогдох дээрх шаардлагаасаа татгалзаж байна. Харин хариуцагч Н х с о ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1,794,940 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхийн тулд цалингийн авч түүний хүүд нийт 1,794,940 төлж хохирсон. Хэрвээ уг байгууллага гэрээний үүргээ биелүүлээд орон сууцыг надад хүлээлгэж өгсөн бол би өөрийн өмчлөлд авч чадаагүй байрны урьдчилгаа төлбөр төлж хохирохгүй байх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 12 сард Амар амгалан 2-р байранд 40,70 м.кв байрыг 18,925,500 төгрөгөөр, миний эгч болох Н.Цэрэнчимэд Амар амгалан 2-р байранд 40,70 м.кв байрыг тус тус захиалсан. Амар амгалан 2-р байр нь захиалсан хугацаандаа ашиглалтанд ороогүй. Н х с о ХХК-ийн захирал болон борлуулалтын менежертэй уулзахад эзэн нь орохгүй байгаа болон зарах 2 болон 3 өрөө байр байгаа. Аль нэгийг нь сонгоод 1 м.кв-ыг нь 1,850,000 төгрөгөөр бодож зөрүүг өгөөд орохыг санал болгосон. Санал болгосны дагуу бид ярилцаж 3 өрөө байр болох 4 давхарын 29 тоот байрыг 1 м.кв-ыг нь 1,850,000 төгрөгөөр тооцож 120,620,000 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулан орсон. Гэрээ байгуулан орохдоо Амар амгалан 2-р байранд захиалсан 2-р байрны мөнгөн дүнг нэмээд (18,925,500+18,925,500) дээр нь 7,200,000 төгрөгийг зөрүү болгон Н х с о ХХК-ийн Хаан банкны данс болох 5121008814 тоот дансанд тушаасан. Ингээд Н х с о ХХК-тай хууль ёсны гэрээ байгуулан 2019 оны 08 сарын 16-нд тус байрандаа нүүж орсон. Иймд миний бие хууль бусаар хүний байранд орж амьдраагүй болно. Хэрвээ ямар нэгэн санал гомдол байгаа бол хариуцагч Н х с о ХХК-д хандана уу. Миний бие тус компанийн хариуцагч биш болохыг анхаарна уу. Бид хууль ёсны гэрээг байгуулж, гэрээний дагуу үүргээ хүлээн сар бүр төлөх төлбөрөө цөг хугацаанд нь төлж байгаа. Иймд ямар нэгэн санал гомдолоо хариуцагч Н х с о ХХК-д гаргана уу.

Нэхэмжлэгч анхнаас хариуцагчаа зөв тодорхойлоод нэхэмжлэлээ гаргах байсан. Өдий болтол надад хүндрэл учруулж байж сая надад холбогдох нэхэмжлэлээсаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Н х с о ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Амар-амгалан 1, 2, 3 төслийг хэрэгжүүлж байгаа. Амар-амгалан 1 төсөл бол нэхэмжлэгчийн нэхэмжилж буй барилга. Нэхэмжлэгчтэй уг харилцаа зогсох болсон шалтгаан нь манайх жилийн 5 хувийн ипотекийн хүүтэй, 10-15 жилийн хугацаатай зээлд хамруулахаар захиалагчдаас захиалга авсан. Гэтэл явцын дунд байр ашиглалтад ороод 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын комисс хүлээн аваад, хүмүүсээ оруулах гэтэл зарим хүмүүс зээлийн шаардлага хангахгүй болсон. Өөрөөр хэлбэл, санхүүгийн эх үүсвэргүй, хамтран зээлдэгчгүй, орлого хүрэлцэхгүй гэх шалтгаанаар зарим айлуудад манайх гэрээгээр худалдах боломжгүй, төлбөрөө 100 хувь төлж байраа авах боломжтой талаар амаар болон бичгээр мэдэгдсэн. 2019 онд Б.Эынхоос сураг чимээ байхгүй байсан учраас бид Ц.Цд орон сууцыг худалдан борлуулсан. Б.Эод уг шалтгааныг хэлээд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг алдангитай хамт буцаан өгнө гэж хэлээд 2-3 сар явсан. Тэр хооронд манай компани ипотекийн 5 хувийн зээлийг өгөх болсны төлөө залилангийн гэмт хэргээр цагдаад шалгагдаж эхэлсэн. Манай компанийн захирлыг дээрх шалтгааныг амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн учраас уг 5 хувийн зээлийг хэрэгжүүлэхээ больсон. Б.Эын эхнэр Сугармаатай 2-3 удаагийн уулзалтыг хийсэн. Ингэхдээ уг байр нь 100 хувиар зарагдахаар болсон. Зарагдсан тохиолдолд танай байрыг хамгийн түрүүнд гаргуулж өгнө гэж хэлсэн. Орон сууц 100 хувиар зарагдахгүй явсаар байгаад 2-3 сар болсон. Түүний дараа 2020 оны 02 дугаар сарын 15-ны үед Б.Э суларсан айлтай хуйвалдаж шөнө нь нүүж орсон байсан. Миний бие нэхэмжлэгчтэй уулзаж, хүсэлтийг бичүүлж авсан. Ярилцсаны дагуу дураар орсон орон сууцыг нь зарж, нэхэмжлэгчийн төлсөн 18,908,000 төгрөгийг алдангийг тооцон нийт 19,912,015 төгрөгийг төлсөн. Алдангийг тооцохдоо гэрээнд заасны дагуу улсын комисс хүлээн авсан өдрөөс орон сууц зарагдах өдөр хүртэлх эсвэл орон сууц захиалгын өдрөөс улсын комисс хүлээн авсан өдөр хүртэл 300 хоног орчмоор тооцон өгдөг. Б.Э 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр төлсөн гэж байна. Гэтэл даруй 1 сарын дараа авсан 7,000,000 төгрөгөө манай компанид төлсөн урьдчилгаа төлбөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Манай компани Б.Этой гэрээг хийхдээ урьдчилгааг хэрхэн авах нь хамааралгүй, бид үүрэг өгч шахдаггүй. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн гэрээний мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр авсан гэж байна. Тус өдөр авсан мөнгө нь манайд орсон үгүй нь тодорхойгүй. Өөрийн амьжиргаанд хэрэглэсэн 7,000,000 төгрөгийг компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Цд холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,

Хариуцагч Н х с о ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, уг компаниас гэрээнээс учирсан хохиролд нийт 9,789,012 төгрөг гаргуулахаар шаардсанаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад багасгаж, 1,794,940 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Н х с о ХХК нь 0 тоотод байрлах 65,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх, захиалагч Б.Э нь 1 м.кв-ыг 1,450,000 төгрөгөөр тооцож, нийт 94,540,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

Талууд дээрх гэрээг байгуулах үед орон сууц баригдаагүй, барилгын суурь нь баригдаж эхэлж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Орон сууцны урьдчилгаа төлбөр төлөхийн тулд цалингийн зээл авч, түүний хүүг төлж хохирсон. Хэрвээ уг компани үндэслэлгүйгээр гэрээг цуцлаагүй байсан бол өөрийн өмчлөлд аваагүй орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхэд төлсөн цалингийн зээлийн хүүг төлж хохирохгүй байсан гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөх чадваргүй болох нь тогтоогдсон тул гэрээг цуцалж, өөр этгээдэд худалдан борлуулсан. Урьдчилгаа төлбөрт төлсөн 18,908,000 төгрөгийг буцаан алдангийн хамт төлсөн тул хохирол нэхэмжлэх эрхгүй гэж тус тус тайлбарласан.

Зохигчид орон сууцны урьдчилгаа төлбөрт 18,908,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй. Уг баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. /хх-ийн 7, 9 дүгээр тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Гүйцэтгэгч Н х с о ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний хугацааг зөрчсөн байна.

Тодруулбал, гүйцэтгэгч Н х с о ХХК нь гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар борлуулагч нь 2018 оны 07 сарын 01 сард захиалагчид байрны түлхүүрээ гардуулан өгөх үүргээ зөрчжээ. Уг гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүй атлаа 2019 оны 06 дугаар сард захиалагчийн захиалан бариулсан орон сууцыг өөр иргэнд худалдан борлуулах замаар орон сууцны эзэмшлийг Н.Цд шилжүүлсэн байна. Талууд уг үйл баримтад маргаагүй ба нэхэмжлэгч нь орон сууцыг өөр этгээд эзэмшилдээ авсантай холбоотойгоор өөрийн захиалсан орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байна.

Хариуцагчаас 2019 оны 06 сард захиалагчид гэрээ цуцалж байгааг бичгээр мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй боловч нэхэмжлэгчээс гэрээний үүрэг цаашид хэрэгжихгүй болсон болохыг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр захиалсан орон сууцанд өөр иргэн орж амьдарч байгаагаар мэдсэн гэж тайлбарласан тул талууд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрх эдлэхийн тулд мөн хуулийн 225.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосон байх шаардлагатай. Гэвч гүйцэтгэгч Н х с о ХХК нь нэмэлт хугацаа тогтоож, урьдчилан сануулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, гэрээний 10.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, гэрээний нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан нь үндэслэлгүй.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах тухай урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүсээгүй байх ба гүйцэтгэгч Н х с о ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцалж, захиалагчийн захиалсан ажлын үр дүнг өөр этгээдэд худалдан борлуулсан байна.

Хариуцагч нь гэрээ цуцлах болсон үндэслэлээ ...захиалагч нь цаашид гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй болсон гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцалсантай холбоотойгоор учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Гэрээ цуцалсаны дараа гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох хэдий ч хоёр талт гэрээний зөрчилтэй холбоотой хохирол шаардах эрх нь хэвээр үлдэнэ.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Голомт банк ХХК-тай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг зээлдэн авч төлсөн. Уг зээлийн гэрээний хүүд 1,794,934 төгрөгийг төлсөн гэж хохирлоо тодорхойлж нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Н х с о ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Банкнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг он, цаг дарааллын хувьд орон сууцны төлбөрт төлсөн гэж үзэхээр шалтгаант холбоотой байна. /хх-ийн 9 дүгээр тал/

Харин хариуцагч Н х с о ХХК-иас алдангид 1,004,000 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч Б.Э нь алдангид 960,000 төгрөг авсан гэж тус тус маргасан. Хариуцагч нь дээрх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн алдангид 960,000 төгрөгийг хүлээн авсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

Талуудын байгуулсан гэрээний 3.7 дахь хэсэгт ...барилга ашиглалтад орох хугацаа ...бусад хүчин зүйлс нөлөөлвөл нийт төлсөн байрны үнийн 0.01 хувьтай тэнцэх төлбөрийг захиалагчид өгөх үүрэгтэй гэж заажээ. Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох орон сууц хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна.

Гэрээг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан болохыг нэхэмжлэгч Б.Э мэдсэн, энэ талаараа өөрөө тайлбарласан тул гэрээ цуцалсанаас хойшхи хугацаанд алданги шаардах эрхгүй.

Орон сууц хүлээлгэн өгөх 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс талуудын гэрээ цуцалсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд орон сууц хүлээгэн өгөх үүргээ гүйцэтгэгч 371 хоногоор хэтрүүлсэн байна. Иймд урьдчилгаанд төлсөн 18,908,000 төгрөгөөс 0.01 хувийн алданги / 1 өдрийн 1,890 төгрөг/ 371 хоногоор тооцоход 701,070 төгрөгийг гүйцэтгэгч төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгч нь алдангид 258,930 /960,000-701,070/ төгрөгийг илүү авсан байх тул уг мөнгөн хөрөнгийг түүнд учирсан хохирол 1,794,934 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н х с о ХХК-иас 1,536,004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эод олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Цд холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсан тул уг үйл баримтад шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба тэрээр хэргийн материалтай танилцах дахин хугацаа авах шаардлагагүй, хэргийн үйл баримтыг бүрэн мэдэж байгаа, нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н х с о ХХК-иас 1,536,004 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эод олгож, нэхэмжлэлээс 258,930 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,574 төгрөгөөс 8,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39,526 төгрөг, улсын орлогоос 123,631 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Цд холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ