Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01793

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02267 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э хариуцагч Н ХХК, Ц.Ц нарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 1 794 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Энхболд нь Н ХХК-тай 2017 оны 11 сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Офицеруудын ордны хойд талд баригдаж буй Амар амгалан 312 орон сууцны хотхон, 1 дүгээр орц, 4 давхар 407 тоотын 65.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ын 1 450 000 төгрөгөөр тооцож, нийт 94 540 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Захиалагч буюу Б.Энхболд нь гэрээний 2.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 18 908 000 төгрөгийг Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 426010888 тоот дансанд төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл борлуулагч тал болох Н ХХК нь орон сууц захиалгын гэрээний үүргээ зөрчиж, захиалагчид мэдэгдэлгүйгээр гэрээний зүйлийг өөр бусад буюу Ц.Ц д шилжүүлсэн байсныг 2019 оны 07 сард мэдсэн. Ц.Ц ыг дээрх орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж байна. Учир нь, цаашид талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон.

Харин нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхийн тулд цалингийн зээл авч түүний хүүд нийт 1 794 940 төгрөг төлсөн тул хариуцагч Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзнэ. Иймд хариуцагч Н ХХК-аас хохирол 1 794 940 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц хариу тайлбартаа: Ц.Ц нь 2018 оны 12 сард Амар амгалан 2 дугаар байранд 40,70 м.кв орон сууц захиалсан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй. Ингээд Н ХХК-ийн зүгээс захиалагч нь орохгүй байгаа болон худалдах 2, 3 өрөө орон сууц байгаагаас сонгоод 1 м.кв-ыг 1 850 000 төгрөгөөр тооцож зөрүүг өгөөд ор гэж санал болгосон. Үүний дагуу 4 давхрын 29 тоотод орших, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 850 000 төгрөгөөр тооцож 120 620 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний урьдчилгаа төлбөрт өмнө нь төлсөн байсан 18 925 500 төгрөг дээр нэмж 26 125 500 төгрөгийг тус тус Н ХХК-ийн Хаан банк ХХК дахь 5121008814 тоот дансанд тушаасан. Ингээд 2019 оны 08 сарын 16-ны өдөр гэрээнд заасан орон сууцанд орсон. Иймд Ц.Ц нь бусдын орон сууцанд хууль бусаар амьдраагүй тул хариуцагч биш гэжээ.

 

Хариуцагч Н ХХК-ийн тал хариу тайлбартаа: Н ХХК-ийн зүгээс хэрэгжүүлж буй Амар амгалан 1,2,3 хотхон төслийн хүрээнд жилийн 5 хувийн хүүтэй, 10-15 жилийн хугацаатай зээлд хамруулахаар захиалагчдаас захиалга авсан. Гэтэл зарим захиалагч нар санхүүгийн эх үүсвэргүй, хамтран зээлдэгчгүй, орлого хүрэлцэхгүй гэх шалтгаанаар зээлээр орон сууц худалдан авах шаардлага хангахгүй байсан. Иймд эдгээр захиалагч нарт гэрээний төлбөрөө 100 хувь төлснөөр орон сууцаа худалдан авах боломжтой талаар амаар болон бичгээр мэдэгдсэн. 2019 онд Б.Энхболд сураггүй болсон учир Ц.Ц д орон сууцыг худалдан борлуулсан.

Б.Энхболдод түүний төлсөн 18 908 000 төгрөгийг алдангийн хамт нийт 19 912 015 төгрөг өгсөн. Алдангийг гэрээнд заасны дагуу улсын комисс хүлээн авсан өдрөөс орон сууц худалдан борлуулагдах өдөр хүртэлх эсвэл орон сууц захиалгын өдрөөс улсын комисс хүлээн авсан өдөр хүртэл 300 хоног орчмоор тооцон өгдөг. Б.Энхболд 2017 оны 11 сарын 16-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр төлсөн атлаа 1 сарын дараа бусдаас зээлсэн 7 000 000 төгрөгөө манай компанид төлсөн урьдчилгаа төлбөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ХХК-аас 1 536 004 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхболдод олгож, нэхэмжлэлээс 258 930 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 574 төгрөгөөс 8 417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39 526 төгрөг, улсын орлогоос 123 631 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 2017 оны 11 сарын 16-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцалснаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу. Учир нь нэхэмжлэгч тухайн орон сууцыг бариулахаар тохиролцоогүй бөгөөд харин хариуцагч компанийн барьж буй барилгыг ашиглалтад ормогц тухайн барилгаас орон сууц худалдан авахаар тохиролцож урьдчилсан байдлаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа юм. Нэхэмжлэгч гэрээг цуцалснаас учирсан хохиролд 9 789 012 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд өөрөө олж авах боломжгүй, байгууллага хувь хүний нууцтай холбоотой баримт буюу хэргийн оролцогч бус этгээд Ц.Баатарын Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу Хаан банк ХХК-аас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх ...уг баримтыг өөрөө олж авах боломжтой гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон нотлох баримт цуглуулах эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхийн сацуу ийнхүү хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас арга буюу нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Шүүх нэхэмжлэгч гэрээний үүрэг цаашид хэрэгжихгүй болсон болохыг 2019 оны 06 сарын 20-ны өдөр мэдсэн гэж тайлбарласан тул талууд мөн өдөр гэрээг цуцалсан гэж дүгнэсэн. Н ХХК нь захиалагчид орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан гэдгийг огт мэдэгдээгүй бөгөөд энэ тухай баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талаас орон сууц захиалгын гэрээ цуцлагдаагүй гэж үзэж өөрийн захиалсан орон сууцанд амьдарч буй Ц.Ц ыг албадан гаргах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 03 сарын 10-ны өдөр Н ХХК нь урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан өгснөөр орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүүд 1 789 012 төгрөг төлсөн нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоогдож байх атал шүүхээс орон сууцны захиалгын гэрээ 2019 оны 06 сарын 20-ны өдөр цуцалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 258 930 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхболд нь хариуцагч Ц.Ц д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг /хх 1-2/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан /хх 34-35/ боловч нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н ХХК-ийг татан оролцуулж /хх 43-45/, тус компаниас гэрээ цуцлагдсантай холбогдуулан учирсан хохиролд нийт 9 789 012 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж /хх 64-65/, хариуцагч Ц.Ц аас татгалзсан байна. /хх 72/ Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 794 940 төгрөг гаргуулна гэснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /хх 73, 79/

 

Хэрэгт авагдсан Орон сууц захиалгын гэрээ, банкны төлбөрийн баримтууд /хх 5-8/, зохигчдын тайлбараас үзвэл, 2017 оны 11 сарын 16-ны өдөр Н ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Амар амгалан хотхоны 312 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын 407 тоотод байрлах 65,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалагч Б.Энхболдод барилгыг Улсын комисс хүлээн авснаар өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх, орон сууцны үнэ нийт 94 540 000 төгрөгийг бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон, улмаар Б.Энхболд орон сууцны урьдчилгаа төлбөрт нийт 18 908 000 төгрөгийг хариуцагч талд төлсөн үйл баримт тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй.

 

Харин дээрх гэрээ цуцлагдсаны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэхэд маргасан байхад шүүх талуудын маргаагүй үйл баримт болох хариуцагчаас нэхэмжлэгч талд төлсөн алдангийн талаар дүгнэлт өгч түүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууцны шинж байдал, гэрээний нөхцөл, талуудын хүлээсэн үүрэг зэргээс үзвэл анхан шатны шүүх Н ХХК, Б.Энхболд нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, улмаар хоёр талын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон, нэхэмжлэгч үүний улмаас өөрт учирсан 1 794 934 төгрөгийн хохирлоо шаардах эрхтэй талаарх дүгнэлтүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна. Гэвч гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон буюу талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзсэн тохиолдолд шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцааж өгөх талаарх зохицуулалтыг баримтлах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч алданги бус гэрээний төлбөр төлөх үүрэг биелүүлэхийн тулд бусдаас мөнгөн хөрөнгө зээлсэн зээлийн хүүгийн төлбөрийг шаардаж, хариуцагч нэхэмжлэгч талд алдангийг хүлээн зөвшөөрч, төлсөн байхад анхан шатны шүүх тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний 3.7-д заасан алдангийн талаарх тохиролцоог үндэслэн нэхэмжлэгч нь 2019 оны 06 сарын 20-ны өдөр хариуцагч гэрээний зүйлийг бусдад шилжүүлсэн талаар мэдсэн гэх үйл баримтын талаар дүгнэлт хийж, гэрээ цуцалснаас хойш алданги шаардах эрхгүй гэж дүгнэн, тооцоолол гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас 258 930 төгрөгт холбогдох хэсгийг хасаж тооцсон нь учир дутагдалтай байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос үүнтэй холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон, хэргийн оролцогчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Учир нь, талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний зүйл нь нэгэнт бий болсон орон сууц бус харин ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийн төлөх төлбөрөөр санхүүжилт хийж, баталсан зургийн дагуу барилгын ажил, заслыг гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч хүлээн авах агуулга тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа биш юм.  

 

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолно гэх Б.Э эцэг Ц.Баатарын Хаан банк ХХК-аас мөнгөн хөрөнгө зээлсэнтэй холбоотой нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүйг буруутгахгүй. Учир нь, Б.Энхболд, Нарны хүү, сарны охин ХХК-ийн хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирлын талаарх маргаанд Ц.Баатар, Хаан банк ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шууд шалтгаант холбоогүй буюу энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш байхаас гадна хүсэлтэд дурдсан баримт нь зохигч өөрөө олж авах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.Энхболд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан өөрийн эдлэх эрхийг хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгасан хэмжээнд шүүх хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хуулийн зохицуулалтыг зөв баримталсан байх боловч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ХХК-аас 1 794 940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхболдод олгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43 670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 526 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР