Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2019/00754

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх  хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах, /улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай/ Ө сумын Засаг дарга /Х.Б/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн Их буланд үйл ажиллагаа явуулдаг /Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай/ К ХХК /захирал Х.Р/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, гэрч Ө.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: К ХХК-иас 15000000 /арван таван сая/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Ө сумын Засаг даргаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн К ХХК нь 2014 онд сум хөгжүүлэх санг-ийн хөрөнгөөс ямар ч үндэслэлгүйгээр 15000000 /арван таван сая/ төгрөг шилжүүлж авсан байна. Өөрөөр хэлбэл сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 15000000 /арван таван сая/ төгрөг шилжүүлэн авснаас хойш 5 гаруй жил өнгөрсөн ч сум хөгжүүлэх сангаас авсан мөнгө төлөөгүй гэсэн үндэслэлээр хариуцагч компаниас үндэслэлгүй авч хөрөнгөжсөн уг мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл одоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үндэслэлгүй авсан мөнгө гэж тодорхойлохгүй, хариуцагч К ХХК-иас Ө сумын сум хөгжүүлэх сангаас авсан 15000000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Хариуцагч "К" ХХК нь 2014 онд Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас 2 удаагийн үйлдлээр 15 сая төгрөгийг зээлж авсан байна. Тухайн зээлийн шилжүүлгийн агуулгаас харахад зээл гэж бичигдсэн байгаа. Ингэхдээ тус компани нь ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр, мөнгө төгрөг шилжүүлж, ашигласан боловч өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй. Нэгэнт гэрээ байгуулаагүй учир зээл төлөх хугацааг заагаагүй байна гэв.

 

Хариуцагч К ХХК-ний захирал Х.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө сумын Засаг даргын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргэж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ К ХХК нь 2014 онд Сум хөгжүүлэх сан-гийн хөрөнгөөс ямар ч үндэслэлгүйгээр 15000000 төгрөг шилжүүлэн авч ашигласан байна гэжээ. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэн нэгэн хуулийн этгээд, иргэн өөрөө дур мэдэн шилжүүлэн авч ашиглах ямар ч боломжгүй. Дээрх сангийн хөрөнгийг холбогдох журмын дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны үндсэн дээр иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулж олгодог. Ямар нэгэн гэрээ холбогдох материал нь байхгүй бол тухайн асуудлыг хариуцаж хяналт тавьж байгаа Төрийн сан гүйлгээ хийдэггүй. Тухайн үед манай компанид зээл олгосон бол зээлийн гэрээ, холбогдох бичиг баримтууд нь Ө сумын Засаг даргын Тамгын газарт байх ёстой. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-д зааснаар төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь ирүүлсэн төслийн материалыг хянан үзэж шаардлага хангасан тохиолдолд Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэр гаргах, зөвлөлийн хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга зээл олгох захирамж гаргаж зээл авагчтай батлагдсан загварын дагуу зээлийн гэрээ байгуулж энэ үндсэн дээр зээл олгох, зээл олгосон холбогдох материалыг Засаг даргын Тамгын газарт хадгалж байх ёстой.

 

Хэрэв 2014 онд Ө сумын сум хөгжүүлэх сангаас манай компанид зээл олгосон бол нэхэмжлэгч холбогдох материалыг гаргаж ирэх ёстой. Энэ тохиолдолд манай компани зээлийн гэрээний дагуу зээл төлөх эсэхийг шийдвэрлэнэ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн материал гаргаж өгөөгүй, манай компани өөрөө дур мэдэн мөнгө шилжүүлж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөн үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргаас анх шүүхэд хариуцагч К ХХК-нд холбогдуулан тус компаниас 15000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Сум хөгжүүлэх сангаас үндэслэлгүй авч хөрөнгөжсөн гэх үндэслэлээр гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж хариуцагч К ХХК-иас сум хөгжүүлэх сангаас авсан 15000000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч компаниас Сум хөгжүүлэх сангаас үндэслэлгүй авч хөрөнгөжсөн мөнгийг гаргуулах гэснийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шаардлагын үндэслэлээ Сум хөгжүүлэх сангаас авсан 15000000 төгрөг гэж тодруулсан тул шүүхээс хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хариуцагч К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Ө сумын Засаг даргаас манай компанид Ө сумын Сум хөгжүүлэх сангаас зээл олгохыг зөвшөөрсөн захирамж гарсны үндсэн дээр иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулж олгодог тул манай компанитай байгуулсан зээлийн гэрээ болон холбогдох материалыг гаргаж өгвөл зээлийн гэрээний дагуу зээл төлөхийг шийдвэрлэнэ гэж тайлбарлажээ.

 

Хэдийгээр Ө сумын Засаг дарга нь сум хөгжүүлэх сангаас хариуцагч К ХХК-нд зээл олгохыг зөвшөөрсөн талаарх захирамж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон холбогдох материал нь хавтаст хэрэгт авагдаагүй мөн нэхэмжлэгч байгууллагад тухайн үед тус сангаас хариуцагч компанитай зээл олгоход бүрдүүлэх дээрх материал нь байхгүй байгаа боловч хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бусад хөндлөнгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №15 дугаартай Төлбөрийн хүсэлт-ээр 5000000 (таван сая) төгрөгийн зээлийг, мөн өдрийн №11 дугаартай Төлбөрийн хүсэлт-ээр 10000000 /арван сая/ төгрөгийн зээлийг тус тус Капитрон банкны Б салбарт хариуцагч К ХХК-ний эзэмшлийн тус банкан дахь 3005011612 дугаартай дансанд төрийн сангийн дансаар дамжуулан Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон болох нь хариуцагчийн Капитрон банкны Б салбарын 3005011612 дугаар дансны болон Ө сумын Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулгууд мөн Ө.Хн гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдлоо.

 

Энэхүү нотлох баримтуудаас дүгнэхэд Ө сумын Засаг даргаас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын баяр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан Сум хөгжүүлэх сан-гаас иргэдийг ажилтай болгох зорилгоор төсөл сонгон шалгаруулах замаар зээл олгосон байх ба хариуцагч компанид 15000000 /арван таван сая/ төгрөгийг олгох үед зээлийг олгохыг зөвшөөрсөн эрхийн акт, тус компанитай байгуулсан зээлийн гэрээ, зээлийг олгохын тул хариуцагчаас боловсруулсан төсөл, бусад холбогдох нотлох баримтууд нь байхгүй байгаа боловч уг мөнгийг тус сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон нь дээрх үйл баримтаар нотлогдоно тогтоогдсон тул хариуцагч компани нь зээлийн гэрээ болон холбогдох материал байхгүй гэсэн үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу хариуцагч К ХХК нь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх шударгаар гүйцэтгэх үүргээ тус тус зөрчжээ.

 

Зохигч нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэдгийг нотлох хууль ёсны бичгийн нотлох баримт байхгүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлээ буцаан төлөх хугацааг тогтоосон эсэх талаарх бичгийн нотлох баримт байхгүй, хариуцагч талын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд уг зээлийг 24 сарын хугацаагаар авсан тул нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болох ёстой гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлээ буцаан төлөх хугацааг тогтоосон эсэх талаарх бичгийн нотлох баримт байхгүй байгаа тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 1 дүгээр хавсралтаар баталсан ба уг хавсралтын 1.6.2 дахь хэсэгт зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна гэсэн ба шүүхээс уг хугацааг үндэслэж нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж шүүх үзлээ.

 

Жич нь: 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Капитрон банкны Б салбарын хариуцагч К ХХК-ний эзэмшлийн 3005011612 дугаар дансанд нэхэмжлэгч байгууллагын Сум хөгжүүлэх сангаас хоёр удаагийн үйлдлээр дээрх мөнгийг шилжүүлсэн ба уг хугацаанаас Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор тогтоосон зээлийн хугацаа болох 36 хүртэл сараар тооцож үзэхэд хариуцагчаас авсан зэлээ буцаан төлж дуусгах хугацаа нь 2017.09.16-ны өдөр хүртэл ба үүнээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020.09.16-ны өдөр дуусаж байгаа бөгөөд нэхэмжлэгч байгууллагаас тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүхээс талуудын хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, хавтаст хэрэгт танилцуулсан боловч хариуцагч К ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх бичгийн нотлох баримтыг гаргаж өгч, нотолж чадаагүй болно.

 

Иймд хариуцагч К ХХК-иас Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч компаниас бүгд 15000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч К ХХК-иас 15000000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргад олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ө сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232950 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ