Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2020/00034

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00287 дугаар шийдвэртэй, Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Ө сумын ... дүгээр багийн И үйл ажиллагаа явуулдаг К ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: К ХХК-аас 15.000.000.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: ...К ХХК нь 2014 онд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс ямар ч үндэслэлгүйгээр 15.000.000.00 /арван таван сая/ төгрөг шилжүүлж авсан байна. Өөрөөр хэлбэл сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 15.000.000.00 /арван таван сая/ төгрөг шилжүүлэн авснаас хойш 5 гаруй жил өнгөрсөн ч сум хөгжүүлэх сангаас авсан мөнгөө төлөөгүй тул хариуцагч компаниас үндэслэлгүй хөрөнгөжсөн 15.000.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэн нэгэн хуулийн этгээд, иргэн өөрөө дур мэдэн шилжүүлэн авч ашиглах ямар ч боломжгүй. Дээрх сангийн хөрөнгийг холбогдох журмын дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны үндсэн дээр иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулж олгодог. Ямар нэгэн гэрээ холбогдох материал нь байхгүй бол тухайн асуудлыг хариуцаж хяналт тавьж байгаа Төрийн сан гүйлгээ хийдэггүй. Тухайн үед манай компанид зээл олгосон бол зээлийн гэрээ, холбогдох бичиг баримтууд нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт байх ёстой. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-д зааснаар төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь ирүүлсэн төслийн материалыг хянан үзэж шаардлага хангасан тохиолдолд Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэр гаргах, зөвлөлийн хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга зээл олгох захирамж гаргаж зээл авагчтай батлагдсан загварын дагуу зээлийн гэрээ байгуулж энэ үндсэн дээр зээл олгох, зээл олгосон холбогдох материалыг Засаг даргын Тамгын газарт хадгалж байх ёстой.

Хэрэв 2014 онд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас манай компанид зээл олгосон бол нэхэмжлэгч холбогдох материалыг гаргаж ирэх ёстой. Энэ тохиолдолд манай компани зээлийн гэрээний дагуу зээл төлөх эсэхийг шийдвэрлэнэ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн материал гаргаж өгөөгүй, манай компани өөрөө дур мэдэн мөнгө шилжүүлж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00287 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч К ХХК-иас 15000000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгийн зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй тохиолдолд түүнийг буцааж төлөхтэй холбоотой зохицуулалт юм. Хэрэгт ямар ч зээлийн гэрээ авагдаагүй байхад талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй байна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгийн зохицуулалт нь зээлийн гэрээнд зээлийн хугацааг тохиролцоогүй бол зээлдэгчийн зээлээ буцаан төлөх үүрэг нь зээлдүүлэгч түүнээс зээлээ төлөхийг шаардахаас шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлагыг зээлдэгчид хүргүүлснээр зээлээ төлөхийг шаардах эрх нь үүсдэг. Хэрэгт цугларсан нотлох баримт дотор зээлдүүлэгчийн зүгээс зээлийг буцааж төлөх талаар зээлдэгчээс шаардсан талаарх ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд зээл авснаас хойших хугацаанд зээлийг буцаан төлөх талаар ямар ч шаардлага, мэдэгдэл ирүүлж байгаагүй. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид зээлээ буцаан төлөхийг шаардах нь битгий хэл анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ К ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон байдаг. Зээлдүүлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан асуудал биш. Хэрэв зээлийн гэрээнд хугацааг тохиролцоогүй гэж үзэх юм бол зээлдүүлэгч эхлээд зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, зээлдэгч мэдэгдэл, шаардлагыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор зээлээ төлөх үүргээ биелүүлэх, хэрэв 1 сарын дотор зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Дээр дурдсан зээлдүүлэгч эхлээд зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлага хүргүүлэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээгээр хугацаа тохиролцоогүй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2. Сум хөгжүүлэх сангийн зээл нь тусгай журмаар зохицуулагддаг зээл. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 1.6.2-т зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна, 4.6-д сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулна гэж тодорхой зааж өгсөн. Энэ зохицуулалтаас үзвэл сумын Засаг дарга нь заавал зээлийн гэрээ байгуулах, тухайн зээл нь тодорхой хугацаатай байх ёстой. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх зохицуулалтуудыг анхаарч үзэхгүйгээр хугацаагүй зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас хариуцагч К ХХК-нд холбогдуулан 15.000.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч нь танил талаа ашиглан, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр сум хөгжүүлэх сангаас 15.000.000.00 төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлажээ. Харин хариуцагч К ХХК-ийн захирал Х.Р нь компани нь дур мэдэн мөнгө шилжүүлж авах боломжгүй, манай компанитай байгуулсан зээлийн гэрээ болон бусад холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөлүүд тогтоогдохгүй байна. Харин хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай төлбөрийн хүсэлт, мөн өдрийн 11 дугаартай төлбөрийн хүсэлт, Капитрон банкны Депозит дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч К ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 15.000.000.00 төгрөгийг зээлээр авсан нь тогтоогджээ.

Иргэдэд сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журмыг судлан үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан Сум хөгжүүлэх сан-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ыг, 2 дугаар хавсралтаар Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загвар-ыг тус тус баталжээ. Хариуцагч К ХХК-ийн захирал Х.Р нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сум хөгжүүлэх сангаас зээл авах үед энэ журам үйлчилж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцож, шинэчлэн баталсан.

Тухайн үед мөрдөгдөж байсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 1.2.-т тус сан нь Төрийн санд тусгай данстай байхаар, 1.3.-т Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглосон, 1.6.-д сангаас иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг журмын 1.5.-д заасан зорилгоор жилийн 3 хүртэл хувиар, 36 сарын хугацаатай олгохоор, 3.2.2, 3.2.3.-т сумын Засаг даргын иргэд, аж ахуйн нэгжээс санд ирүүлсэн төслүүдээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан чиглэлд нийцсэн, төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гарган зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж ажиллах бүрэн эрхийг тус тус журамласан байна. Үүнээс дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг буцаан төлүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох зориулалттай байна.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэлийн үндэслэл зэргээс үзвэл хариуцагч К ХХК нь сум хөгжүүлэх сангаас 15.000.000.00 төгрөгийн зээлийг дээрх журмын дагуу, журамд заасан нөхцөл, зориулалтаар олгосон нь тогтоогдоогүй боловч талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалт, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хуульд зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй ба хариуцагч К ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй, авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хийж байгаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болжээ.

 

Хариуцагч ...анхан шатны шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлан талуудын хооронд хугацаагүй зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу. Уг зээл нь Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журамд зааснаар 36 сар хүртэл хугацаатай, Засаг даргатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх ёстой. Нэхэмжлэгч талаас зээлээ төлөх талаар ямар ч шаардлага, мэдэгдэл ирүүлж байгаагүй гэх гомдол гаргажээ.

Талуудын хооронд зээлийн гэрээ нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын дагуу, бичгээр байгуулагдсан нь нотлогдоогүй, талууд зээлийг буцааж төлөх хугацаа тогтоосон нь баримтаар тогтоогдоогүй, зээлдэгч зээл авснаас хойш эргэн төлөлт хийж байгаагүй учир талууд зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй гэж шүүхээс дүгнэн, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг танилцуулж /хх-10 хуудас/, хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцжээ.

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Хуульд зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ