Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/00643

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          15                                     101/ШШ2022/00643         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Ганболд, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Т-д холбогдох,

 

13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

Иргэдийн төлөөлөгч О.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, С.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дүгээр байрны 0 дүгээр орцны подволд байрлах Ж.И-ийн ажлын байрнаас Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийн тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй амьтны аймагт багтах ховор амьтны түүхий эд, үүн дотор хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг хураан авсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.И-аас ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр хадгалж байсан нь тогтоогдсон гэж үзэн түүнээс 49,350,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнд түүний ажлын байранд байсан 1 ширхэг баавгайн арьс хамаарч байгаа бөгөөд С.Т-ын түүнд аваачиж өгсөн 1 ширхэг баавгайн арьсны хохирол ороогүй юм.

 

Энэхүү үйлдэлд нь ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Гэвч хэргийг Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Уг ажиллагааны явцад хариуцагч С.Т нь өөрийн гэрт байсан хүрэн баавгайн 1 ширхэг арьсыг Ж.И-ийн ажлын байранд хүргэж өгсөн  болох нь тогтоогдсон.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу амьтны нөөцөд учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх, мөн хуулийн “агнуурын амьтан барих зөвшөөрөл” буюу 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт” олгоно, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна." гэж заасан.  

Үүнээс үзэхэд хариуцагч С.Т нь “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлийн улмаас амьтны нөөцөд хохирол хор уршиг учруулсан бөгөөд тэрээр учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй юм.

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явц дах 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг арьс нь Хүрэн баавгайн хоёр бодгальд..., ...Хүрэн баавгайн хоёр эр бодгалийнх, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг”, ...Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор амьтан бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн” гэжээ.

С.Т нь гарал үүслийн тодорхойлолтгүй хүрэн баавгайн арьсыг өөрийн гэрт хадгалж байсан байх ба Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3-т тус тус  зааснаар  тэрээр амьтны аймагт учирсан хохирол учруулсан гэж үзэн тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулах зүйтэй гэж үзэж байна.

Иймд амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг гэж тогтоосны дагуу хоёр дахин өсгөн тогтоож 13,000,000 төгрөгийг С.Т-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлийн 200500772 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж С.Т-аас удаа дараа гэрчийн мэдүүлэг авсан.

С.Т нь Ж.И-ийн бөөгийн дэлгүүрт оёдолчин хийдэг байсан одоо ч гэрээрээ бөөгийн хуяг өмсгөл оёж өгдөг оёдолчин хүн юм.

С.Т нь “Тухайн баавгайн арьсыг өөрөө агнаж худалдаж, эсвэл худалдан авсан зүйл байхгүй бөгөөд ажлаа хийж байхад нь зүс таних зайран орж ирэн бөөгийн дээл тах оёулна, арьс нь зөвшөөрөлтэй гээд үлдээгээд явсан” тухайгаа хэлж байсан нь нотлох баримтуудаас харагддаг.

Уг хэрэг шалгагдаж явсаар 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газрын 740 тоот тогтоолоор “хүрэн баавгайн хоёр арьс”-тай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаагаар бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан гэж заасан тус фактын эх сурвалжийг тогтоох боломжгүй үндэслэл тогтоогдож байх тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд хэрэг бүртгэлийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын тогтоох хэсгийн 4-т энэхүү шийдвэрийн талаар мэдэгдэх хэргийн оролцогчгүй болохыг, 5-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т заасан гэмт хэргийн оролцогчгүй учир Баянгол дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй субъект байхгүй болохыг тус тус дурдан хаасан. Энэхүү тогтоолд гомдол гаргаагүй, уг тогтоолд хэргийн оролцогчгүй гэсэн учир С.Т-д тогтоолыг гардуулж өгөөгүй, хаягаар ч ирүүлээгүй  болно.

Гэтэл иргэний журмаар С.Т-аас амьтны аймагт учирсан гэм хорын хохирлыг шаарсан нь үндэслэлгүй байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан.

Гэтэл С.Т-д баавгайн арьс байсан гэдэгтэй маргаагүй боловч тухайн өдөр Ж.И-ийн “хүний амь эрсдэх гээд байна, чамд баавгайн арьс байгаа, тус болооч” гэсэн гуйлтаар түүнд аваачиж өгсөн болохоос баавгайн арьсыг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Уг арьсны жинхэнэ эзнийг тодруулаагүй мөртлөө С.Т-аас хохирол шаардаж байгааг зөвшөөрөхгүй, түүний гэм буруутай болохыг тогтоогоогүй. Түүнээс гадна Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрт Ж.И-тай холбоотой 1 ширхэг баавгайн арьс дурдагдсан байсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч О.У нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянгол дүүргийн прокурорын газар нь баавгайн арьс хадгалж, борлуулахыг завдсан С.Т-д холбогдуулан амьтны аймгийн нөөцөд хохирол учруулсан хохиролд 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хүрэн баавгай нь ховор амьтны жагсаалтад багтдаг байх ба С.Т баавгайн арьсыг гарал үүслийн бичиг, тодорхойлолтгүй байхад өөртөө байлгаж байгаад бусдад аваачиж өгсөн байна. Ингэснээр тэрээр амьтны аймагт хохирол учруулсан байна.

Иймд С.Таас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, амьтны аймагт учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Н.М, С.Ц нарт олгосон итгэмжлэл, Байгаль орчны газраас Баянгол дүүргийн Прокурорын газарт олгосон итгэмжлэл, 2020.05.08-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.02.11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.08.28-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.08.31-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл болон гэрчид гэрчийн эдлэх эрх, хүлээх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2020.09.23-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.09.22-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.09.28-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.03.19-ний өдрийн эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021.03.10-ны өдрийн шинжээчийн нэмэлт дүгнэлт, С.Т, Ж.И нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020.03.02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2020.03.16-ны өдрийн 01/67 тоот албан бичиг, 2020.04.24-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.04.24-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, 2020.02.10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021.10.21-ний өдрийн 04 дугаартай прокурорын гомдол, тус шүүхийн шүүгчийн 2021.10.14-ний өдрийн 17378 дугаартай захирамж, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021.04.06-ны өдрийн 740 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 3-70/,

Хариуцагчийн зүгээс Г.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 98/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00110 шийдвэрийг /хх-ийн 132-137/ нотлох баримтаар гаргуулах хүсэлтээр уг шийдвэрийг шүүх бүрдүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Байгаль орчны газар”-ыг төлөөлөн Баянгол дүүргийн Прокурорын газар нь хариуцагч С.Т-д холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн 1 бодгаль буюу 1 ширхэг арьсыг Амьтны тухай хуульд заасны дагуу ямар нэгэн гарал үүслийн тодорхойлолтгүйгээр С.Т хадгалж байсан нь тогтоогдсон тул Амьтны тухай хуулийн холбогдох заалт, амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөн тооцно гэсний дагуу амьтны аймагт учруулсан хохиролд 13,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад С.Т, Ж.И, Ж.А нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн нэмэлт дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Ц.Ц-ын мэдүүлэг зэрэг баримтаас үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 9 дүгээр байр, 1 дүгээр орцны подволд байрлах Ж.И-ийн ажлын байрнаас хүрэн баавгайн хоёр арьс, өөр бусад амьтны эд зүйлийг хураан авсан, хэрэг бүртгэлтийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 740 дугаар тогтоолоор хаасан үйл баримтаар тогтоогдож байх ба үүнтэй зохигч маргаагүй.

 

/хх-ийн 5-35, 38-64/

 

Дээр дурдсан хүрэн баавгайн хоёр арьсны 1 ширхэг арьс болон бусад хохиролд 49,350,000 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Ж.И-д холбогдох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00110 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байгаа нь С.Т-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас өөр, тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

 

/хх-ийн 132-137/

 

Хариуцагч нь 1 ширхэг баавгайн арьс өөрт хадгалагдаж байсантай маргахгүй байгаа боловч уг арьсыг Ж.И-ийн гуйлтын дагуу түүнд хүргэж өгсөн, хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хаасан, энэхүү шийдвэрийн талаар мэдэгдэх хэргийн оролцогчгүй, уг шийдвэрийн талаар гомдол гаргах субьект байхгүй болохыг прокурорын тогтоолд дурдсан, амьтны аймагт хор учруулсан гэм буруутай болохыг тогтоогоогүй тул хохирол шаардсан нь үндэслэлгүй гэж маргажээ.  

 

Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно”,

37 дугаар зүйлийн 37.3-т Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус заасан.

 

Үүнээс үзэхэд ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гарал үүслийн тодорхойлолтыг холбогдох этгээдээс авсан байхыг шаардах ба энэхүү тодорхойлолтыг аваагүй тохиолдолд амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулахыг зохицуулжээ.   

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гэрч Ж.И нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “...Тэгтэл өдөр над руу нэг хүн яриад баавгайн арьс байна уу гэхээр нь би хуучны музейн арьс байна гэхэд “шинэ нойтон арьс” гэхээр нь би Сок /99999999/ ах, найз /танил/ Т-тай /88888888/ ярихад “би хүнээс асууя” гэхээр нь би тасалсан. 2-3 цагийн дараа Т над руу яриад нэг хүнд баавгайн арьс байна гэхээр нь аваад ир, хүнд хэрэгтэй юм гэнэ гэхэд Т “үнэ мөнгөө ярилцаж байж болно” гэсэн. Тэгээд Т орой 23 цаг өнгөрч байхад авч ирсэн байгаа. Тэгээд л баригдсан байгаа...” гэж мэдүүлжээ.

 

/хх-ийн 8-9/

 

Үүнээс үзэхэд хариуцагч С.Т-ын “бусдын хүрэн баавгайн арьсыг хадгалж байсан“ гэх тайлбар нь үгүйсгэгдэж байх ба тэрээр хүрэн баавгайн арьсыг бусдад худалдахаар Ж.И-д хүргэж өгсөн үйл баримт тогтоогдож байх тул түүнийг арьсыг худалдах зорилгоор цуглуулсан, худалдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл тэрээр “бусдын хүрэн баавгайн арьсыг хадгалж байсан” гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.   

 

Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг арьс нь хүрэн баавгайн хоёр бодгальд,...хүрэн баавгайн хоёр бодгалийнх, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг, ...хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор амьтан бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн...” гэжээ. 

/хх-ийн 38/

 

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу хариуцагч С.Т нь амьтны тухай хууль тогтоомж зөрчиж, хүрэн баавгайн арьсыг бусдад худалдсан, үүний улмаас амьтны аймагт хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул үүнээс учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнээс гадна шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь ховор амьтны жагсаалтад багтдаг хүрэн баавгайн арьсыг хариуцагч С.Т нь гарал үүслийн бичиг, тодорхойлолтгүй байхад өөртөө хадгалж байгаад бусдад худалдахаар аваачиж өгснийг амьтны аймагт хохирол учруулсан гэж үзэхээр байх тул тэрээр учирсан хохирлыг хариуцан арилгах нь зүйтэй гэх дүгнэлт гаргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь амьтны аймагт хохирол учруулаагүй гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч С.Т-аас амьтны аймагт учруулсан хохиролд 13,000,000 төгрөг гаргуулан Байгаль орчны газарт олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч С.Т-аас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Байгаль орчны газар”-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч С.Таас улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

                                          ШҮҮГЧИД                                    Д.ГАНБОЛД

 

                                                                                               Т.ЭНХЖАРГАЛ