Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00660

 

 

 

 

 

         2022         04          08                                           210/МА2022/00660

 

 

Байгаль орчны газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/00643 дугаар шийдвэртэй,

“Байгаль орчны газар”-ыг төлөөлж гаргасан Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй

С.Т-д холбогдох,

13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэндорж, хариуцагч С.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж.И-гийн ажлын байрнаас хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг хураан авсан.

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хариуцагч С.Т- нь өөрийн гэрт байсан хүрэн баавгайн 1 ширхэг арьсыг Ж.И-гийн ажлын байранд хүргэж өгсөн болох нь тогтоогдсон.

С.Т- нь гарал үүслийн тодорхойлолтгүй хүрэн баавгайн арьсыг өөрийн гэрт хадгалж байсан байх ба Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3 дахь хэсэгт тус тус зааснаар тэрээр амьтны аймагт учирсан хохирол учруулсан гэж үзэн тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулах зүйтэй гэж үзэж байна.

Иймд амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг гэж тогтоосны дагуу хоёр дахин өсгөн тогтоож 13,000,000 төгрөгийг С.Т-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлийн 200500772 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Т-аас удаа дараа гэрчийн мэдүүлэг авсан.

С.Т- нь Ж.И-гийн бөөгийн дэлгүүрт оёдолчин хийдэг байсан одоо ч гэрээрээ бөөгийн хуяг өмсгөл оёж өгдөг оёдолчин хүн юм.

С.Т- нь тухайн баавгайн арьсыг өөрөө агнаж худалдаж, эсвэл худалдан авсан зүйл байхгүй бөгөөд ажлаа хийж байхад нь зүс таних зайран орж ирэн бөөгийн дээл тах оёулна, арьс нь зөвшөөрөлтэй гээд үлдээгээд явсан тухайгаа хэлж байсан нь нотлох баримтуудаас харагддаг.

Уг хэрэг шалгагдаж явсаар 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газрын 740 тоот тогтоолоор хүрэн баавгайн хоёр арьстай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаагаар бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тус фактын эх сурвалжийг тогтоох боломжгүй тул хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Гэтэл иргэний журмаар С.Т-аас амьтны аймагт учирсан гэм хорын хохирлыг шаардсан нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулга: Хүрэн баавгай нь ховор амьтны жагсаалтад багтдаг байх ба С.Т- баавгайн арьсыг гарал үүслийн бичиг, тодорхойлолтгүй байхад өөртөө байлгаж байгаад бусдад аваачиж өгсөн байна. Ингэснээр тэрээр амьтны аймагт хохирол учруулсан байна. Иймд С.Т-аас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, амьтны аймагт учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй байна гэв.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Т-аас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Байгаль орчны газарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч С.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Амьтны тухай хуулийн 25.3, 37.3 дахь хэсэгт зааснаар ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах аливаа иргэн, аж ахуй нэгж байгууллага нь гарал үүслийн тодорхойлолтыг аваагүй тохиолдолд амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулахыг зохицуулсан гээд худалдсан гэдгийг тогтоох зорилгоор гэрч Ж.И-гийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлгийг үндэслэн С.Т- нь бусдын баавгайн арьсыг хадгалж байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх ба тэрээр хүрэн баавгай арьсыг бусдад худалдсан гэж үзэх үндэстэй гэж дүгнэсэн.

Миний хувьд тэр баавгай арьсыг бусдад худалдаж ашиг олсон зүйлгүй, гэрч Ж.И- “бөөгийн дээл оёулахаар үлдээсэн байсан” гэдгийг тухай өдрийн мэдүүлэгт дурдсан байхад зөвхөн намайг буруутгах хэсгийн мэдүүлгийг үнэлсэн байсан. Мөн мэдүүлэгт “дээл оёулах гээд хүн орхиод 2-3 сар болсон” гэж мэдүүлсэн байсан. Шүүх мэдүүлэгт 2 өөр зүйл ярьсан байсны аль үнэн болохыг гэрчээс асуух ёстой гэж үзэж байна.

Мөн тухайн асуудлаар эрүүгийн хэргийн журмаар шалгаж гэм буруутайг тогтоож чадаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ж.И-д надад хэлэхдээ “би ийм мэдүүлэг өгөөгүй... хүн надаар дээл оёулах гээд 2-3 сар болсон арьс гэдгийг хэлсэн, тухайн үед байцаагч намайг дарамталж, сүрдүүлж байгаад мэдүүлэгт хурдан гарын үсэг зур гэхээр би уншиж танилцалгүй гарын үсэг зурсан” гэж хэлсэн. Шүүгч мэдүүлгийг бүгдийг нь уншсан бол утга, авцалдаагүй байгааг нь харах байсан, Ж.И-гаас аль нь үнэн талаар тодруулах боломжтой байсан.

Миний хувьд санаатайгаар хууль бусаар ан амьтан агнаад тэр арьсыг зараад мөнгө олсон зүйл байхгүй. Шонхор шувууны толгойг малгай дээрээ залсан, баавгайн арьсаар дээл хийж өмссөн хүн болгоныг эрүүгийн журмаар шалгаад хохирол учруулсан гэж үзэх боломжгүй.

Иймд миний гэм буруугүй, төлбөр төлөх үндэслэлгүй болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Учир нь тухайн баавгайн арьс С.Т-ын гэрт байсан талаар маргаагүй. Тухайн үйл баримтын хувьд хэрэг бүртгэлтийн хэргийг хүнд холбогдуулж нээгдээгүй. Нотлох баримтууд бүрдүүлэхдээ Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж гомдолд дурдаж байна. Гэтэл илрүүлсэн аргын хувьд гүйцэтгэх ажлын журам зөрчсөн болохоос тухайн факт нь тодорхой байгаа. Худалдсан, борлуулсан гэдэг асуудлаас гадна С.Т-ын гэрт нь 2-3 сар байсан. Баавгайны арьс, түүхий эд эрхтнийг гэртээ хадгалж болох уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлолт аваагүй ан, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан бол агнасан, барьсантай адилтган үзнэ. Гэртээ 2-3 сар хадгалсан үйлдэл байгаа, мөн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад баавгайн арьсны эзний талаар асуухад ямар хүн байгаагаа хэлдэггүй, мэддэггүй.

Байгаль орчны хуульд зааснаар ан амьтны аймагт учирсан хохирол гэж үзэж байна. Баавгай нь өөрөө нэн ховор амьтанд ордог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гарсан байх тул хариуцагчаас гаргасан гомдлыг хангахгүй орхиж, тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Байгаль орчны газрыг төлөөлөн Баянгол дүүргийн Прокурорын газар нь хариуцагч С.Т-д холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн 1 ширхэг арьсыг Амьтны тухай хуульд заасны дагуу ямар нэгэн гарал үүслийн тодорхойлолтгүйгээр С.Т- хадгалж байсан нь тогтоогдсон тул Амьтны тухай хуулийн холбогдох заалт, амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөн амьтны аймагт учруулсан хохиролд 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

4.а. Хариуцагч С.Т- нь 1 ширхэг баавгайн арьс өөрт хадгалагдаж байсан талаар маргаагүй. Харин уг арьсыг Ж.И-гийн гуйлтын дагуу түүнд хүргэж өгсөн бөгөөд амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан үйл баримт байхгүй гэж маргажээ.

 

4.б. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00110 дугаар шийдвэрээр Ж.И-д холбогдуулан гаргасан хохиролд 49,350,000 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 133-136/

 

Мөн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад 2020 оны 02 дугаар зүйлийн 11-ний өдөр, 2020 оны 08 дугаар зүйлийн 31-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Ж.И-гаас тус тус мэдүүлэг авсан тэмдэглэл хэрэгт авагдсан байх бөгөөд Ж.И-гийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байна.  /хх 8-9, 12-13, 17-20/

 

4.в. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-51, 109-111 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн гэрчийн мэдүүлгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 109 дүгээр зүйлд заасан журмаар авагдаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

4.г. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан хариуцагчийн гэм буруутай үйлдэл, нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, С.Т-ыг гэм бурууг эрүүгийн хэрэгт өгсөн Ж.И-гийн мэдүүлгийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй. 

 

5. Дээрх ажиллагаа нь хэргийн бодит нөхцөл байдлын талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой боловч давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

5. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учраас маргааны үйл баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар дүгнэлт хийх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/00643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 222,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                   ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА