Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0834

 

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0834

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З******* ХХК /РД:28*****/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн хоорондын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч бүртгэхийг болон ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан ...З******* ХХК-ийн Завхан аймаг, Баянхайрхан сумын Урт нэртэй газарт байрлах 409,34 га талбайд олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалыг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх хуралдааны явцад 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч бүртгэхийг даалгуулах, ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах гэж тодруулсан, энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

1.               Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт байрлах Урт нэртэй газар орших 409,34 гектар талбайд анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 841 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийг З******* ХХК-д олгосон, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрүүд, тухайлбал 6 дахь жилийн төлбөрөө 2020 оны 10 дугаар сарын 20-нд төлж тусгай зөвшөөрлөө 2020 оны 10 сарын 15-наас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилээр сунгуулсан үйл баримтууд тогтоогдов.

Түүнчлэн З******* ХХК нь XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг хавсарган ирүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллага нь уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Улмаар нэхэмжлэгч "З*******" ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5/57 дугаар албан бичгээр, Ашигт малтмал, газрын тосны газарт хандан ...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан,

Уг хүсэлтийн хариу болгож хариуцагч Ашиг малтмал, газрын тосны газраас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 8/409 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч "З*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т******** хандан ...цаг үеийн нөхцөл, байдал, хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан үзэж тус байгууллагын бичиг хэргийн бүртгэлд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн танай 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/47 дугаартай албан бичгийг судлан үзээд нэмэлт нотлох баримт ирүүлэхийг хариуцсан мэргэжилтэн нь биечлэн мэдэгдсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгүүдийг, шаардсан баримтын хамт тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд ирүүлээгүй нь албан бичгийн бүртгэл болон өргөдлийн бүртгэлээс харагдаж байна... танай компанийн эзэмшиж байсан Завхан аймгийн Баянхайрхан сумын Урт нэртэй 409,34 гектар талбайд олгогдсон ашиг малтмалын хайгуулын ХВ-018001 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

2.               Уг хариуг нэхэмжлэгч эс зөвшөөрч анх 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус нэхэмжлэл гаргасан байна.

3.               Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...1/ З******* ХХК нь жил бүрийн хайгуулын төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний дагуу өрөмдлөг, хайгуулын ажил, судалгаа, шинжилгээ хийж гүйцэтгэн, 7 жилийн хугацаанд компанийн зүгээс нийт 21.225.385,5 /хорин нэгэн сая хоёр зуун хорин таван мянга гурван зуун наян таван төгрөг тавин мөнгө/ төгрөгийн зардлыг зарцуулсан ба жил бүр хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, тухайн бүрд нь хугацааг сунгуулж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийг тухай бүрд нь сунгуулж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болох нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгагдсан байгаа болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу "З*******" ХХК нь Завхан аймаг, Баянхайрхан сумын Урт нэртэй газарт байрлах 409,34 га талбайд олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө Ашигт малтмал, газрын тосны газарт гаргах ёстой байсан боловч цар тахлын нөхцөл байдал, төрийн байгууллагын албан тушаалтны буруутай, хугацаа хэтрүүлсэн үйл ажиллагаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хавсралт баримтууд бүрдээгүй юм.

Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "З*******" ХХК нь Завхан аймаг, Баянхайрхан сумын Урт нэртэй газарт байрлах 409,34 га талбайд олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтээ гаргаж, тус хүсэлтдээ 2021 оны 8 сард Завхан аймгийн, Баянхайрхан сумын Засаг даргын Тамгын газар болон тус сумын байгаль орчны байцаагчид "Байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө"-г батлуулах хүсэлт гаргасан боловч орон нутгаас цар тахлын хөл хорио, хэсэгчлэн ажиллах журмаас шалтгаалан хугацаандаа батлагдаж ирээгүй" дурдаж, нөхөн хүргүүлэх талаараа дурдсан байдаг.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар нь дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэхгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт болон материалыг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай материалыг хүлээн авахгүй, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэх аман тайлбарыг өгсөн.

Ингээд "З*******" ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газраас албан ёсны хариуг авах, тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газарт гаргасан №5/57 дугаартай хүсэлтийг гаргаж, холбогдох баримтууд болох 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж байсан хүсэлт, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатаар гэрчлүүлсэн аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт, хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд. Тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт, Ковид-19 цар тахалтай холбогдон гарч байсан хууль, тогтоомж шийдвэрүүдийг хавсаргасан боловч баримтуудыг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн 2 нүүр хүсэлтийг хүлээн авсан.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон газар нутгийн захиргаа буюу Завхан аймаг, Баянхайрхан сум нь Ковид-19 цар тахлын хөл хорио болон хэсэгчлэн ажиллах түр горимын улмаас "З*******" ХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хугацаанд нь тус компанид ирүүлээгүй.

Мөн "З*******" ХХК-ийн уг төслийг хариуцсан ажилтан С.Э******* нь Ковид-19 цар тахлын вирусаар халдварласан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хавсралт баримтуудын хамт Ашигт малтмал газрын тосны газарт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь Завхан аймгийн Засаг даргын захирамжууд болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас тухай бүр гаргаж байсан захирамжуудад тодорхой тусгагдсан байгаа юм.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас "З******* ХХК-ийн дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн талаарх баримтуудын болон тусгай зөвшөөрөл сунгуулахаар бүрдүүлсэн баримтуудыг хүлээн авахаас татгалзаж, З******* ХХК-аас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгч байгаад гомдолтой байна.

Ашигт малтмал, газрын тосны газар нь "З******* ХХК-ийн өөрөөс хамаарахгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу Завхан аймгийн, Баянхайрхан сумын Засаг даргын Тамгын газар болон тус сумын байгаль орчны байцаагчаас цар тахлын хөл хорио, хэсэгчлэн ажиллах журмаас шалтгаалан "Байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө-г хугацаанд нь баталж өгөөгүйн улмаас хугацаа хэтрүүлсэн байгааг харгалзан үзэлгүйгээр, тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай гаргасан хүсэлт болон тусгай зөвшөөрлийг сунгуулах баримтуудыг хүлээн авч, тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу сунгахгүй байгаад гомдолтой байна. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар байсан. Хүсэлт гаргах үед тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан. Тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг бүртгэж авсан бүртгэл дээр буюу Н.Х*********ийн бүртгэл хаасан шийдвэрлэлтийн байдал дээр холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсэн тохиолдолд бүртгэх гэсэн байсан. Баримтуудыг бүрдүүлсний дараагаар бүртгэх юм бол одоогоор бүртгэгдээгүй гэж харж байна. Хариуцагчийн хариу тайлбар дээр дурдагдсанаар даргадаа танилцуулаад амаар чиглэл өгсөн болох нь харагдаж байна. З******* ХХК-тай холбогдож холбогдох нотлох баримтуудаа 7, 10 хоногийн дотор бүрдүүлж ир гэж хэлэх үүргийг Н.Х********* хүлээсэн байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа гэж тайлбарласан. Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх ёстой. Гэтэл ямар ч мэдэгдэл хүргүүлээгүй. Мөн сонсох ажиллагааг амаар явуулах боломжтой тохиолдолд хавтаст хэрэгт явуулсан талаарх баримт нь байх ёстой атал баримт байхгүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх үйл баримтын талаар хариуцагч няцаагаагүй, маргаагүй. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай компани тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 жилийн хугацаагаар сунгасан баримт 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан байна. Манай компани 3 жилийн хугацаандаа ямар ч зөрчил гаргаж байгаагүй. Хугацаа дууссан учраас автоматаар цуцлагдсан, манайх ямар нэгэн шийдвэр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа нь үйл ажиллагаатай нь нийцэхгүй гэж үзэж байна. Иргэн хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаантай 2 хоногийн хугацаа хэтрүүлэхээр хүлээж авдаггүй үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байдаг. Энэ компани 6, 7 жил Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасны дагуу зохих ёсоор эзэмшиж үйл ажиллагаа явуулж ирсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Дэлхий нийтийн цар тахлын улмаас буюу хөл хорионы үед бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдсон. Улсын их хурлаас Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан. Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид цар тахал гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Мөн энэ хуулийн 5 дугаар зүйлд үйл ажиллагаандаа баримтлах зарчмуудыг зааж өгсөн. 5 дугаар зүйлийн 5.1.6-д байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах гэж заасан байна.

Бид нарын үйл ажиллагаа явуулдаг Завхан аймгийн Баянхайрхан суманд 2021 оны 3 дугаар сараас эхлэн хөл хорио тогтоосон. Энэ хөл хорио нь тухайн сум орон нутагт тээврийн хэрэгслээр орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан ба хязгаарлалт нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилсэн. Энэ байдал нь хариуцагч байгууллагын шаардаад байгаа тусгай зөвшөөрлийг сунгах бүрдүүлбэрийн нэг баримт бичиг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад энэ хөл хорио саад болж байсан буюу ийм хүндэтгэн үзэх шалтгаан байсан юм. Захиргааны акт гаргаж болох хугацааг сэргээж болох ба Захиргааны ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд оролцогч тайлбар, санал гаргахдаа энэ хуулийн 27.5-д заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол захиргааны байгууллага уг хугацааг сэргээж болно заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

4.               Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж****** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...1/ "З******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасныг EX-00**** дугаарт бүртгэн хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс тооцон 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийснийг 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх" 7/7109 тоот албан бичгээр тус аж ахуй нэгжид мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Хуулийн дээрх шаардлагын дагуу "З*******" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг хавсарган ирүүлэх үүрэгтэй байсан.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж "З*******" ХХК нь тусгай зөвшөөрлийг анх авахдаа буюу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр "мэдэгдэл"-д гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Мөн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасан.

Гэтэл "З*******" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 10 дугаар сарын 15/ өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

2/ "З*******" ХХК нь анх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "Хүсэлт гаргах тухай" 02/12 тоот албан бичгээр сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаж чадаагүй тул сунгаж өгөхийг хүссэн албан бичиг /2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/47 тоот албан бичгийг /хугацаа сунгуулах тухай өргөдөлд холбогдох баримтуудыг хавсаргаагүй/ ирүүлсэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс хариуцсан мэргэжилтэн албан бичгийг судлан үзээд нэмэлт нотлох баримт ирүүлэхийг биечлэн мэдэгдсэн байна.

Үүний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийн баримт бичгүүд/хавсралт/-ийг, шаардсан баримтын хамт тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу дуусгавар болох хугацаанаас өмнө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй нь албан бичгийн бүртгэл болон өргөдлийн бүртгэлээс нотлогдож байна.

Мөн "З*******" ХХК-иас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/57 тоот албан бичгийн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 8/409 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 10 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хүсэлт гаргасан боловч, хуульд заасан шаардлага хангаагүй материал ирүүлж, заасан хугацаанд нэмэлт нотлох баримт ирүүлээгүй болох нь баримтаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хавсралтын хамтаар ирүүлээгүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь баримтаар тогтоогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

3/ Тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно... гэж тодорхойлсон байгаагаас З******* ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд хуулийн шаардлага хангаж ирүүлсэн байхад түүнийг шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор байна.

Гэтэл "З******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

4/ Ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т ...Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ... гэж тус тус заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа бөгөөд З******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байх тул тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг хүлээж авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

5/ Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үүргээ биелүүлж чадаагүй бол хүчин төгөлдөр хугацааг хойшлуулах тухай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй.

Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас аливаа нэг шийдвэр гардаггүй болно. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч З******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч З******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч бүртгэхийг болон ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт, материалыг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай материалыг хүлээн авахгүй байсан,...хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын Тамгын газар болон тус сумын байгаль орчны байцаагч нар цар тахлын хөл хорио, хэсэгчлэн ажиллах журамд шилжсэнээс шалтгаалан "Байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө-г хугацаанд нь баталж өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн байгааг харгалзан үзээгүй... гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргах үүрэгтэй... 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн, 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/47 тоот албан бичгийг /хугацаа сунгуулах тухай өргөдөлд холбогдох баримтуудыг хавсаргаагүй/ ирүүлснийг хариуцсан мэргэжилтэн судалж үзээд нэмэлт нотлох баримт ирүүлэхийг биечлэн мэдэгдсэн боловч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу дуусгавар болох хугацаанаас өмнө ирүүлээгүй нь албан бичгийн бүртгэл болон өргөдлийн бүртгэлээс нотлогдож байна....эс үйлдэхүй байхгүй гэж тодорхойлон тус тус маргав.

Нэг. Нэхэмжлэгч З******* ХХК-иас гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Нэхэмжлэгч компанийн захирал Э.Т*******ээс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/47 дугаар бүхий албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газарт гаргаж түүндээ ...сунгуулах материалуудаа хүлээлгэн өгөх өдөр 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусч байгаа, мэргэжилтэн С.Э******* ковид-19 туссан...тул бүрэн бүрдүүлж чадаагүй...хүндэтгэн үзэж хугацааг сунгаж өгнө үү, төлбөрөө холбогдох дансанд шилжүүлсэн гэж дурдсаныг Ашигт малтмал газрын тосны газрын Ирсэн бичиг хэвлэх хуудас-ны 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлд 3271 картын дугаараар хүлээн авч 5 хуудас баримт бичиг гэж бүртгэсэн, улмаар Шийдвэрлэсэн байдал хэсэгт Мэргэжилтэн Н.Х*********ээс хариу өгсөн 2021 оны 10 дугаар сарын 04, Хэлтсийн даргад танилцуулсны үндсэн дээр нэмэлт нотлох баримт ирүүлсэн тохиолдолд сунгуулах өргөдлийг бүртгэхээр болов гэсэн тэмдэглэл үйлдсэн болох нь тус компанийн гаргасан хүсэлт болон хариуцагч байгууллагын бичиг хэргийн бүртгэл-хяналтын карт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Т*******ээс Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 5/57 дугаар албан бичгээр ...бидний зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр холбогдох баримтыг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан...хүндэтгэн үзэх шалтгаантай байсан...иймд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хүргүүлсэн,

Уг хүсэлтийн хариуд Ашиг малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 8/409 дүгээр албан бичгээр ...цаг үеийн нөхцөл, байдал, хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан үзэж тус байгууллагын бичиг хэргийн бүртгэлд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн танай 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/47 дугаартай албан бичгийг судлан үзээд нэмэлт нотлох баримт ирүүлэхийг хариуцсан мэргэжилтэн нь биечлэн мэдэгдсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгүүдийг, шаардсан баримтын хамт тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд ирүүлээгүй байна... танай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон... гэж мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдов.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч З******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолсон Б/47 дугаар албан хүсэлтийг Ирсэн бичгийн бүртгэлд бүртгэн хүлээж авсан, улмаар нэмэлт нотлох баримтуудыг ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэхээр шийдвэрлэсэн байх боловч энэ талаар нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдээгүй, хугацааг тодорхой заалгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагаас нэмэлт нотлох баримт ирүүлэх хугацааг заагаагүй нээлттэй үлдээсэн, нөгөө талаар нэхэмжлэгч З******* ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б/47 дугаар хүсэлтийг хүргүүлэхдээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бусад бүх баримтуудыг бүрдүүлж ирүүлсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй ба Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүрдүүлж мөн өдрөө хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сарын 24-нд нөхөж ирүүлсэн шалтгаанаа тухайн цаг хугацаанд Завхан аймгийн Баянхайрхан суманд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн горим үйлчилж байсан гэж тодорхойлон маргасан ба хэрэгт цугларсан нотлох баримт болох Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамжуудад зааснаар тухайн бүс нутагт хөл хорионы дэглэм үргэлжлэн үйлчилж байсан нь тогтоогдсон, энэ нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон гэж заасан хүндэтгэн үзэх шалтгаан-д хамаарна гэж шүүх үзэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:, 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.3-т Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж тус тус заасан.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч компанийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б/47 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, хууль бус эс үйлдэхүй гаргасныг тогтоож, дээрх хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр: Нэхэмжлэгч З******* ХХК-иас гаргасан ...XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч захиргааны байгууллагаас З*******" ХХК-ийг ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс нэг сарын өмнө тухайлбал, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй гэх үндэслэлээр мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн болох нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэх дотоод хяналтын хуудас-аар тогтоогдож байна.

Нөгөө талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан зохицуулалтаас үзвэл даалгах нэхэмжлэлийн шаардлага нь тухайн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйтэй уялдаж байхыг шаардах бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч захиргаа нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан; гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл шүүх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлд дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь бие даасан захиргааны акт бөгөөд нэгэнт хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй байгаа нөхцөлд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Энэ шийдвэр нь нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан асуудлаар тусдаа нэхэмжлэл гаргаж маргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан З******* ХХК-иас Ашигт малтмал, газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, З******* ХХК-ийн, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН