Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0132

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч: “З” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч бүртгэхийг болон ашигт малтмалын хайгуулын XV-018001 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0834 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0368/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “З” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч бүртгэхийг болон ашигт малтмалын хайгуулын XV-018001 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0834 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “З” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “XV-018001 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0834 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

3.1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-д “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу “З” ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б/47 дугаар хүсэлтийг судлан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгүүд болон хүсэлттэй холбоотой нотлох баримтуудыг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж ирүүлэхийг тус газрын Кадастрын хэлтсийн хариуцсан мэргэжилтэн биечлэн амаар болон утсаар мэдэгдсэн байна.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар тус газрын мэргэжилтэн хууль бус эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.3. Татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна” гэж заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах харилцааг тухайлсан хууль буюу Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан байх тул Татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамааруулан үзэх хуулийн үндэслэлгүй байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч захиргаа нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Шүүх шийдвэрт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан зохицуулалтаас үзвэл даалгах нэхэмжлэлийн шаардлага нь тухайн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйтэй уялдаж байхыг шаардана гэж дүгнэсэн ч даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 834 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 841 дүгээр шийдвэрээр Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг, Эрт нэртэй газарт оршин 409.34 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-018001 дугаартай тусгай зөвшөөрлийг “З” ХХК-д олгосон байх ба тусгай зөвшөөрөл эзэмшигчээс 6 дахь жилийн төлбөрөө 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн тул тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилээр сунгасан байна.

3.1. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор байх ба хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг хавсарган ирүүлээгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг бүртгэжээ.

3.2. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч “З” ХХК-иас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг, холбогдох баримтуудын хамт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5/47 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байх ба тус газрын “Ирсэн бичиг хэвлэх хуудас”-ны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлд “5 хуудас баримт” гэж бүртгэгдэж, “Шийдвэрлэсэн байдал” хэсэгт “хариу өгсөн 2021 оны 10 дугаар сарын 04, Хэлтсийн даргад танилцуулсны үндсэн дээр нэмэлт нотлох баримт ирүүлсэн тохиолдолд сунгуулах өргөдлийг бүртгэхээр болов” гэж тэмдэглэгдсэн байна.

3.3. Улмаар нэхэмжлэгчээс холбогдох баримтуудаа бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/57 дугаар албан бичгээр дахин хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 8/409 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талаар мэдэгдсэнээр маргаан үүсжээ.

4. Нэхэмжлэгч “З” ХХК-иас “З” ХХК-ийн Завхан аймаг, Баянхайрхан сумын Урт нэртэй газарт байрлах 409.34 га талбайд олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-018001 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалыг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, XV-018001 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг анхан шатны шүүх хянаад “2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “XV-018001 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй.

4.1. Харин хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... “З” ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5/47 дугаар хүсэлтийг судлан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгүүд болон хүсэлттэй холбоотой нотлох баримтууд /нийгмийн даатгал төлж байсан тухай баримт гэх мэт/-ыг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж ирүүлэхийг тус газрын Кадастрын хэлтсийн хариуцсан мэргэжилтэн биечлэн амаар болон утсаар мэдэгдсэн байхад тус газрын мэргэжилтэн хууль бус эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заажээ.

5.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэх талаар холбогдох баримтын хамт гаргах үүрэгтэй боловч ийнхүү гаргаагүй нь хүсэлтийг шийдвэрлэхгүй байх эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй. Харин хүсэлтийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгожээ.

5.2. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах хүсэлт гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагчийн хувьд сунгуулах хүсэлтийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаад хугацаа сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заасан байна.

5.3. Хариуцагч нь нэхэмжлэгч “З” ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт, холбогдох баримтуудыг бичиг хэргийн бүртгэл-хяналтын картаар хүлээн авсан хэдий ч хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.

5.4. Хариуцагчаас тус хэлтсийн мэргэжилтэн утсаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч утсаар ярьсан тэмдэглэл үйлдээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэж боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Түүнчлэн нэхэмжлэгчийн “... Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадахгүй байсан нь Завхан аймгийн Баянхайрхан суманд гамшгаас хамгаалах бүхий нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байсан” гэсэн тайлбар нь тус сумын Засаг даргын захирамжуудаар тогтоогдож байх ба хариуцагчаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд холбогдох баримтаа бүрдүүлэх хугацаа заагаагүй, энэ талаар мэдэгдээгүй байхад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:                                      

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                        Н.ХОНИНХҮҮ

    

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ