Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2019/00587

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт байрлах, /утас:, РД:00000/, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын .. дүгээр багт оршин суух, /утас:, РД: /, Н овогт Хы Б,

Хариуцагч: Б аймгийн А сумын .. дүгээр багт оршин суух, /утас:, РД: /, Н овогт Бын Н нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч болоод хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гэрч Ш.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2120000 төгрөгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн захирал Ж.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХК-нь 1999 оноос эхэлж Зоогийн газар, Хурим, найрын хүлээн авалтын үйлчилгээний чиглэлээр 19 дэх жилдээ ажиллаж байгаа болно. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б овогтой Н нь өөрийнхөө хуримаа манай үйлчилгээний газарт хийхээр болж түрээсэлж авч байсан. Гэрээний дагуу манай үйлчилгээний газар үүргээ хийж гүйцэтгэж, хурим найрыг явуулж өгсөн. Гэтэл Б.Н болон түүний эцэг Х.Б нар нь удахгүй тооцоогоо хийж гүйцэтгэх болно гэж явчихад дахиж ирээгүй. Тэдний гар утас руу удаа дараа залгаж дуудсан боловч ирдэггүй байсан. Сүүлдээ утсаа ч авдаггүй боллоо.

 

Иймд Х.Б, Б.Н нараас үйлчилгээний хөлс болох 2120000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н Х овогт Хы Б нь Н ХХК-ийн 07 дугаар сарын 31-нйи өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Б.Н 7 дугаар сарын дотор хуримын үйл ажиллагааг тус Н-д зохион байгуулсан нь үнэн. 400 хүний суудал бүжгийн багийн тоглолттой нийт 2120000 төгрөг төлөх ёстой тооцоо гарч урьдчилгаа 200000 төгрөг, хуримын өдөр 1500000 төгрөг нийдээ 1700000 төгрөгийг Н-д бэлнээр төлсөн ба одоогийн байдлаар 420000 төгрөгний үлдэгдэл өглөгтэй байгаа. Уг мөнгийг энэ сард багтааж бүрэн төлж барагдуулах болно. Өөр ямар нэгэн маргаан байхгүй. 2120000 төгрөгийг бүтнээр нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: 2123000 төгрөг яаж гарсан талаар хуримын найр хийсэн, тооцоо хийсэн дэвтэр байгаа. Үүнийг хавтаст хэрэгт нотариатаар гэрчлүүлж гаргаж өгсөн. Энэ дэвтэрт байгаа гарын үсэг хариуцагч Х.Б, Б.Н нарын гарын үсэг мөн. Нийтдээ 2323000 төгрөгийн тооцоо гарсан бөгөөд урьдчилгаа 200000 төгрөгийг хасахад 2123000 төгрөг үлдэгдэлтэй, үүнийг дараа төлнө гэж явсан боловч одоо хүртэл тооцоо хийгээгүй талаар нэхэмжлэгч тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрвээ хариуцагчийн хэлж байгаа 400000 төгрөгийн тооцоо байгаа бол тэрийг л нэхэмжлэх ёстой байсан. Хариуцагч тухайн үед Б.Н, Х.Б нар тооцоо хийсэн гэж байна. Нэхэмжлэгч байгууллага тооцоог дансаар шилжүүлдэг, эсхүл пос машинаар уншуулдаг, бэлэн төлсөн бол кассын баримт олгодог. Хариуцагч нар үйлчилгээний хөлсийг бүрэн төлсөн гэдгээ нотлох ёстой. Гэр бүлийн гишүүдээр тодорхойлолт бичүүлсэн боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Тийм амар зүйл гэж байхгүй. Хариуцагчийг гэр бүлийн гишүүн, гэрч нараар мөнгө өгсөн гэж гэрчлүүлэх гэж байгаад нь харамсаж байна. Ж.Е энэ үйлчилгээг олон жил үзүүлж ирсэн. Х.Б би Улаанбаатар хотор оршин суудаг, үйлчилгээ авъя гэж үйлчилгээний газрыг хөлсөлж авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад 2-3 сар өнгөрсөн ч гэсэн нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байна. Дандаа худал хэлдэг болох нь өөрийнхөн нотлох баримтуудаар нотлогдож байна. Урьдчилгаанд шилжүүлсэн 200000 төгрөг хасагдаагүй гэж байна. Энэ бол хасагдсан гэдгийг хэлмээр байна. Тооцоо хийсэн талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Н ХХК-ийн захирал Ж.Еийн данс руу урьдчилгаа болох 200000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хурим найрын асуудал дууссаны дараа тухайн өдөр харуул хамгаалалтад гарсан залуугийн хамт, манай эхнэр, том охины бид гурав очиж 1,5 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Тэгэхэд Ж.Е өөрөө байгаагүй бөгөөд хүүд нь тоолж өгөөд бор өнгийн дэвтэрт гарын үсэг зурж өгсөн. Ж.Е урьд нь шилжүүлсэн 200000 төгрөгийн хамт нийт 1,7 сая төгрөгийг бэлнээр авсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлбөрийг 2120000 төгрөг гэж зөв бичсэн байна. Түүнээс 1,7 сая төгрөгийг авсан байгаа. Миний шилжүүлсэн 200000 төгрөгийг хэлэхгүй байгаа юм байна. Нэг стакан хагарсан байсан бөгөөд үүнийг 3000 төгрөгөөр төлөхөөр болсон. Тэгээд үлдсэн 423000 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг одоо хүртэл төлөөгүй байгаа. Удахгүй банкнаас зээл авах гэж байгаа, тэр үед төлж өгнө гэж бодож байгаа гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х.Б, Б.Н нараас үйлчилгээний хөлс болох 2120000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ Бын Н нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай үйлчилгээний газарт хурим хийсэн бөгөөд манай үйлчилгээний газар нь үүргээ гүйцэтгэж , хурим найрыг явуулж өгсөн ба Б.Н болон түүний эцэг болох Х.Б нар нь удахгүй тооцоогоо хийж гүйцэтгэх болно гэж явчихад үйлчилгээний хөлсийг өгөхгүй байгаа гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Х.Б, Б.Н нар Н ХХК-тай тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 12-нд хурим хийсэн бөгөөд тухайн үед 400 хүний суудал, бүжгийн хамтлагийн хамт 2120000 төлөх ёстой тооцоо гарч урьдчилгаа 200000 төгрөгийг, хуримын өдөр 1700000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн ба 420000 төгрөг төлөгдөөгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2120000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох хурим хийх тооцооны баримтад 2019.07.12 Б, Н гэх хэсэгт нийт 2200000 200000 урьдчилгаа, үлдэгдэл 2000000+120000 /бүжгийн хамтлаг/ = 2120000 гэж бичиж Х.Б, Ж.Е нар гарын үсэг зурж Н ХХК-ийн тамга дарагдсан байх ба хариуцагч нь уг баримтын талаар маргаагүй байна.

 

Хариуцагч нийт төлбөрөөс 400000 төгрөгийг төлөх болно гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй болно. Тооцоо хийж байсныг тухайн үед хамгаалалтад гарсан Бахыт гэрчлэх болно гэж байгаа боловч гэрч Бахытаас Би үүдэнд байсан. Тухайн тооцоо хийх газар зайтай байсан, Ж.Еийн хүүхэд байсан. Энэ хүн хэдэн төгрөг өгсөн болохыг мэдээгүй. Бид нар тооцоонд оролцдоггүй, харуул хамгаалалтыг л хариуцдаг. Ж.Еийн хүүхэд нь энэ хүн тооцоотой гаргахгүй байж байгаарай гэсэн. Эхнэр, хүүхдүүд нь Ж.Еийн хүүхдэд нь аавтай чинь ярьсан байгаа удахгүй өгнө гээд гуйж байсан. Тэгээд тооцоотой гээд дэвтэрт гарын үсэг зурж байсан гэж мэдүүлжээ. Гэрчийн мэдүүлгээр Х.Б нь Н ХХК-д 1500000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдохгүй байгаа, хариуцагчаас эхнэр болох Х.Гүлмайра, охин болох Б.М нарын тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч энэхүү баримтууд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах шууд нотлох баримтууд биш байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үйлчилгээний хөлс болох 2120000 төгрөгийг Х.Б, Б.Н нараас гаргуулан Н ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Н Х овогт Хы Б /рд:, Н Х овогт Бын Н /рд: / нараас 2120000 /хоёр сая нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан Н ХХК-д /рд:00000/ олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48870 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Х.Б, Б.Н нараас 48870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Х.МЕЙРАМБЕК