Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01507

 

*******-ийн нэхэмжлэлтэй

                          иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00587 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2020/00010 дугаар магадлалтай, 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох, 

2,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч *******ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нурданеска ХХК-нь 1999 оноос эхэлж Зоогийн газар, Хурим, найрын хүлээн авалтын үйлчилгээний чиглэлээр 19 дэх жилдээ ажиллаж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Багдат овогтой Наурызбек нь өөрийнхөө хуримаа манай үйлчилгээний газарт хийхээр болж түрээсэлж авч байсан. Гэрээний дагуу манай үйлчилгээний газар үүргээ хийж гүйцэтгэж, хурим найрыг явуулж өгсөн. Гэтэл Б.Наурызбек болон түүний эцэг ******* нар нь удахгүй тооцоогоо хийж гүйцэтгэх болно гэж явчхаад дахиж ирээгүй. Тэдний гар утас руу удаа дараа залгаж дуудсан боловч ирдэггүй байсан. Сүүлдээ утсаа ч авдаггүй боллоо.

Иймд *******, ******* нараас үйлчилгээний хөлс болох 2,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: ******* 7 дугаар сарын дотор хуримын үйл ажиллагааг тус *******-д зохион байгуулсан нь үнэн. 400 хүний суудал бүжгийн багийн тоглолттой нийт 2,120,000 төгрөг төлөх ёстой тооцоо гарч урьдчилгаа 200,000 төгрөг, хуримын өдөр 1,500,000 төгрөг нийтдээ 1,700,000 төгрөгийг Нурданеска-д бэлнээр төлсөн ба одоогийн байдлаар 420,000 төгрөгийн үлдэгдэл өглөгтэй байгаа. Уг мөнгийг энэ сард багтааж бүрэн төлж барагдуулах болно. Өөр ямар нэгэн маргаан байхгүй. 2,120,000 төгрөгийг бүтнээр нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй байна гэжээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00587 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Найман харатай овогт Халмижаны Багдат /рд:БЮ63021170, Найман харатай овогт Багдатын Наурызбай /рд:БЮ92102013/ нараас 2120000 /хоёр сая нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан *******-д /рд:3069214/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,870 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч *******, ******* нараас 48,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2020/00010 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2020/00010 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

*******-тай хуримын өмнөх өдөр болох 2019.7.11-ний өдөр гэрээ хийсэн. Нийт зардал 2,100,000 төгрөг. Үүнээс 2019.7.12-ны өдөр урьдчилгаанд 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд хурим болсны дараа 1,500,000 төгрөгийг Ж.Ермекийн хүүд тоолж өгсөн. Ж.Ермекийн хүү өдрийн орлого зарлагыг тэмдэглэдэг бор өнгийн дэвтэрт бичиж надаар гарын үсэг зуруулсан. Үлдэгдэл 423,000 төгрөг байгааг тэр доор нь Ж.Ермектэй утсаар ярьж ойрын хугацаанд өгнө гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа Ж.Ермек үлдэгдэл 630,000 төгрөгийг хурдан өг цагдаад өгөх гэж байна гэж мэссэж бичсэн. Би түүнд урьдчилгаа 200,000 төгрөгийг хасаагүй байна гэдгийг хэлсэн. Гэтэл Ж.Ермек нь урьдчилгаанд авсан 1,700,000 төгрөгийг хасаагүй бүтнээр нэхэж нэхэмжлэл гаргасан байна. Хоёр шатны шүүх нягталж үзэхгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх хуралдаанд Ж.Ермек болон түүний хүүг оролцуулаагүй.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, надаас 423,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Хариуцагч *******, ******* нараас рестораны үйлчилгээний хөлс болох 2,120,000 төгрөгийг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Х.Багтад, ******* нар нь *******-ийн ресторанд хуримын хүлээн авалт зохион байгуулсан, тохирсон үйлчилгээний хөлснөөс хариуцагч нар нь урьдчилгаанд 200,000 төгрөгийг төлсөн үйл баримтын тухайд маргаангүй. 

Харин нэхэмжлэгч нь үлдэгдэл 2,120,000 төгрөгийг төлөөгүй гэж, хариуцагч нар ажил, үйлчилгээний хөлсөнд бүжгийн хамтлагийн тоглолтын төлбөртэй хамт нийт 2,120,000 төгрөг төлөхөөс 200,000 төгрөгийн урьдчилгааг, хуримын хүлээн авалтын орой 1,500,000 төгрөгийг, нийт 1,700,000 төгрөгийг тус тус төлсөн, одоо 420,000 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан байна. 

Шүүхүүд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж үзэж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн, энэ хуульд зааснаар нэхэмжлэгч нь ажлын хөлсөө хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох нь зохигчийн үүрэг байна.  

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох хурим хийх тооцооны баримтад 2019.07.12 Багдат, Наурызбай гэх хэсэгт нийт 2,200,000 200,000 урьдчилгаа, үлдэгдэл 2,000,000+120,000 /бүжгийн хамтлаг/ = 2,120,000 гэж бичиж *******, Ж.Ермек нар гарын үсэг зурж *******-ийн тамга дарагдсан байх ба хариуцагч нь уг баримтыг няцааж, урьдчилгаанд бэлнээр 1,500,000 төгрөг төлсөн гэх тайлбараа хангалттай нотолж чадаагүй, энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.  

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.  

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, төлбөрийн дүнг багасгуулах тухай хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00587 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2020/00010 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ 

Г.БАНЗРАГЧ 

Х.СОНИНБАЯР 

Д.ЦОЛМОН