Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/01690

 

 

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/01690

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ХХКийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БД.Б холбогдох

 

14,332,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөдөгч Ц.Э, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.О, түүний өмгөөлөгч Ц.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Э ХХК-тай амаар харилцан тохиролцож 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл автопомп машинаар ажил хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсийг бартерийн байр, бензин түлш, бетон зуурмагаар хөлсийг төлөхөөр, автопомп машинаар бетон зуурмаг шахах гол маргаад байгаа үнийг 1 м.кубыг захиалагч гуравдагч этгээдийн саналыг харгалзаж 5,000-6,000 төгрөг байхаар тохиролцоод 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Д.Б ажлаа хийж эхэлсэн. Ажлаа хийхдээ удаа дараа шаардуулдаг, ажилдаа хойрго ханддаг, компаниудын ажлыг хийж гүйцэтгэдэггүй, хариуцлагагүй ханддаг гэх зэргээр цаг хугацаа ажлыг их алдагдуулдаг байсан. Д.Б нь танай ажлыг хариуцаж бүрэн хийнэ гэж хэлж байсан учраас хөлсийг нь хоорондоо тохирсон байсан учраас ямар нэгэн байдлаар урьдчилаад хийсэн ажлаас нь давуулаад ажлын хөлсөнд урьдчилгаа болгоод 47,257,200 төгрөгийг ажлын хөлсийг өгсөн бөгөөд энэ нь Д.Бын хийсэн ажлаас давсан байдаг. 5-7 сард миксерын ажил гээд бичигдсэн байгаа. Хийсэн ажлаас давсан хөлс төлсөн, үргэлжлүүлээд ажлаа хий гэхээр хийдэггүй. Хэрэгт авагдсан мессежнээс үзэхэд 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр мессэж бичихэд 9 дүгээр сарын 16-ны өдөр 10,502,900 төгрөгийг үлдэгдэл байна шүү гээд бичсэн байдаг. Ингээд 10 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлөөрэй, үгүй бол хуулийн байгууллагад хандлаа шүү гэхэд ок тэгвэл 150 литр түлш өгөөрэй гээд мэдэгдсэнээс хойш 1,020,000 төгрөгийн ажил хийсэн байдаг. 9,508,500 төгрөгийн ажлыг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил хийснээс хойш хийгээгүй. Үүнээс хойш ажил хийгээгүй, удаа дараа шаардуулдаг, түүнээс хойш алга болсон. Тооцоо нийлсэн актыг үзүүлэхээр компанийн ажилчид миний араас хөөцөлдсөөр байгаад зуруулсан, би сайн дураар тооцоо нийлээгүй гээд байдаг. Тооцоо нийлсэн акт дээр хариуцагчийн тайлбар дээр гарын үсгийг зурсан. Гэхдээ сайн дураар зураагүй гээд зурснаа хүлээн зөвшөөрөөд байдаг мөртлөө бараг хүчээр зуруулсан юм шиг яриад байгаа нь Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардлагад нийцдэггүй. Тэгэхээр тооцоо нийлэх акт дээрх үнийн дүн болон алдангийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Тооцоо нийлсэн актаа Иргэний хуулийн 464 дүгээр зүйлд зааснаар тооцоо нийлсэн гэрээ гэж үзэж байгаа. Гэрээ бичгээр хийгдсэн гэж үзэж байгаа тул аль аль шаардлагыг хангасан гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр хийх шаардлагагүй. Гол нь үнийн дүн байдаг. Тэгэхээр тийм шаардлагуудад нийцэж байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Тогтсон үнэ байдаг гэхдээ тухайн нөхцөл байдал болон цаад бетон зуурмаг аваад байгаа байгууллагын үнийн дүнг харгалзаад тохиролцоод явдаг гэж гэрчүүд мэдүүлсэн. Мөн тооцоо нийлсэн акт дээрээ гаргаад өгсөн хийсэн ажлууд дээрээ цаад бетон зуурмаг авсан компанитайгаа автопомпны тооцоо нийлсэн актыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулаад өгсөн. Хариуцагч тал татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөөгүй байдаг. Өгч байгаа нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Ажил хийгдсэний дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагч Д.Бын нэхэмжлэгч Э ХХК-иас нийт авсан бетон зуурмаг, шатахууны талон, дизель түлшний бэлэн мөнгө болон хийж гүйцэтгэсэн нийт ажлын талаар талууд тооцоо нийлж акт үйлдэхэд Э ХХК-д төлөх Д.Бын тооцооны үлдэгдэл 9,508,500 төгрөг болсон. Хариуцагч Д.Б нь дээрх тооцоогоо 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор автопомп машинаар нэхэмжлэгч Э ХХК-д ажил хийж барагдуулна эсвэл 2016 оны 11 дүгээр сарын 10-ны дотор бэлэн мөнгөөр төлнө гэж тохиролцсон бөгөөд хэрэв хугацаа хэтрүүлбэл өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч тохиролцсон хугацаандаа ямар нэг ажил хийгээгүй, төлбөр тооцооноос ямар нэг төлөлт хийгээгүй биднийг хохироосоор байна. Талуудын харилцан тохиролцсны дагуу хариуцагч Д.Бын төлбөр тооцоо хийж дуусгах байсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш төлөх алданги 4,753,250 төгрөг болсон. Мөн хариуцагч Д.Быг эрэн сурвалжлах нэхэмжлэлд Э ХХК улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн.

Иймд Д.Баас үлдэгдэл төлбөр 9,508,500 төгрөг, алданги 4,753,250 төгрөг, Д.Быг эрэн сурвалжлах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 14,332,950 төгрөгийг гаргуулж Э ХХК-ийг хохролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Т.У нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Б нь 2012 оноос эхлэн 44,50 м-ийн урттай автопомпоор бетон зуурмаг шахах ажил хийж ирсэн. 2016 оны хавар Сонсголон бетон зуурмагийн менежер манай ажилд явж болно гэхээр нь очиж уулзаад тэдний ажлыг бетон зуурмаг шахагч помп машин болон, зуурмаг тээвэрлэх миксер машинуудаар гүйцэтгэж ажлын хөлсөндөө бартерийн бараа болон бетон зуурмаг авахаар тохиролцон зах зээлийн үнээр ажилласан юм. Гэтэл бидний ажлын хөлсөндөө авах бетон зуурмагаа авья гэж хүсэх тоолонд цемент байхгүй гэх шалтагаар биднээс цементийн мөнгөө авдаг байсан бөгөөд би тэдэнтэй хамтарч байгаа тул элдэв хэл ам гаргахгүй ажиллаж байгаад намар орой тооцоо нийлэхээр очтол бидний ажлыг 50 хувь доогуур үнэлсэн тул миний дургүй хүрээд дахин тэдний ажилд яваагүй болно. Харин ч бид тооцоогоо бодож үзтэл бид Сонсголон зуурмаг Э ХХК-иас 26,453,100 төгрөгийн авлагатай болсон тул бидний авлагыг тус компаниас авч өгнө үү. Биднээс бетон авсан харилцагч маань шууд тэдний дансанд 8/28-ны хавьцаа 4,000,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлснийг тус компани тооцондоо оруулахгүй байгаа болно. Надад 400 м.куб бетоны хэрэгцээ байсан тул 400 м.куб бетон авахаар амаар гэрээ хийсэн. 5 дугаар сарын 06-ны өдөр намайг дуудсан. Хурд руу хэдээр гарч байгаа вэ гэхэд 7700 м.куб 8000 болно гэсэн. Тэгэхээр нь би тэгье ок гээд гарсан. Гэтэл ажлаад явж байгаад 2-3 удаа тооцоо нийлээч гэсэн. Тэгэхээр нь нэг мөсөн намар оройдоо хийе гэсэн. Гэтэл 9 дүгээр сарын үед тооцоо нийлэхэд ийм үнийн дүн гаргасан байсан. Тэгэхээр нь би уурлаад гараад явсан. Уурлаад явсны дараа захирал нь та өөрөө тэгвэл саналаа хэл гэхээр би нягтлан дээр нь очоод та нар арай ч дээ гэхэд намайг саналаа хэл л дээ тооцоо нийлье гэхээр нь би гараад явсан. Эдний ажилд 2-3 удаа хамтран ажилласан. Анх хоёулаа зах зээлийн ханшаар нь хийе, хийсэн ажлынхаа хөлсийг авъя гээд тохирсон. Эдний яриагаар бол цаг тухайн нь хийдэггүй гэдэг худлаа. Би тухайн цагт нь өөр ажилтай байсан ч гэсэн хийдэг байсан. Гэтэл эд нар ажлын хөлсөнд 100 хувь бетон өгнө гэж амласан боловч бетон авах болохоор цемент байхгүй цементний мөнгийг шийд гэдэг. Удаа дараа хамаг юм аа барьцаанд тавьж байгаад бүрдүүлж өгч байсан. 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тухайн компани 70 тонн бетон захисан. Гэтэл эднийх чанаргүй бетон зуурснаас болоод өглөө 11 цагаас хойш орой 9-40 цаг хүртэл автопомп шахаж чадахгүйгээс болоод 3 машин буцаагдсан. Би тухайн үед тооцоо хийлгүй эд нарт итгэж байсан учраас 9 дүгээр сарын 20-ны хавьцаа тооцоо нийлэхэд ийм дүн гаргаж ирсэн. Тэгэхээр нь би уурлахад дахиад тооцоо нийлье гэж байхад нь би гараад явсан. Тэрнээс хойш удаа дараа шүүх цагдаад өгнө гээд дарамтлаад байхаар нь ганц удаа ажилд гарсан. Эдний менежер нь намайг хайсаар хүрээд ирэхэд би танайд илүү эсвэл дутуу ажил хийгээгүй гэсэн. Тэгэхэд чи хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бол энэ дээр хүлээн зөвшөөрөхгүй гээд биччих гэхээр нь би бичсэн. Бид хийсэн ажил дээр маргаагүй. Хийсэн ажлын үнийн дүн дээр маргаж байна. Анх ажил олж өгөхөд 150,000 төгрөгөөр авъя гэж байхад 152,000 төгрөгөөр гээд илүү бичсэн байсан. Миний тооцоогоор 26,453,100 төгрөгийн тооцоо гарч байна. Миний хийсэн ажил, явсан тээврийн хөлснөөс эдний өгсөн бетон, дизель түлш нийт 47,258,200 төгрөгийг хасахаар манай хийсэн ажил нь 73,710,300 төгрөг, тэгэхээр зөрүү нь 26,413,100 төгрөгийг авах ёстой. Талуудын маргаад байгаа зүйл нь хийсэн ажил дээрээ биш ажлын үнэлгээн дээр маргаж байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Энэ нийт хийсэн ажил маань 3 сарын хугацаандаа хийсэн ажил байдаг. Энэ ажлын үнэлгээ, бетон зуурмагийн хөлсөө харилцан тохиролцсон энэ урт хугацаанд хөлсөө аваагүй. Э ХХК-ийн өөрсдийн тооцоо нийлсэн актыг тулган шаардаж тооцоо нийлснийг хүлээн зөвшөөрөөгүй. Хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бичиг байгаа болохоос биш алдангийг хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бол нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.Бт холбогдуулан үлдэгдэл төлбөр 9,508,500 төгрөг, алданги 4,753,250 төгрөг, Д.Быг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 14,332,950 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Э ХХК нь Д.Бтай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр амаар харилцан тохиролцон, Д.Б нь өөрийн автопомп машинаар Э ХХК-д ажил гүйцэтгэхээр, ажлын хөлсийг бартерийн байр, бензин түлш, бетон зуурмагаар төлөхөөр тохирсон, зохигчид нь хийсэн ажил, нийлүүлсэн бетон зуурмагийн хувьд маргадаггүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, амаар хийх хэлцлийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заажээ.

 

Дээрхээс үзвэл зохигчдын хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлэн ажил гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн, хийсэн ажил, нийлүүлсэн бетон зуурмагийн хувьд маргахгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин зохигчид 1 мкүб бетон зуурмагийг ямар үнээр нийлүүлсэн буюу нэхэмжлэгч нь 6000 төгрөгөөр, хариуцагч нь 7700-8000 төгрөгөөр тохиролцсон гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь 2016 онд харилцагч бусад компаниудад НӨАТ орсон бол 5500 төгрөгөөр, ороогүй бол 6000 төгрөгөөр бетон зуурмаг нийлүүлж байсан болох нь Э ХХК-ийн Помп Дүйнхэржав Баясаа гэсэн Тооцоо нийлсэн акт, Астра интернэйшнл ХХК-д гарсан помп бетон шахагч машины тооцоо, Үүлэн хан уул ХХК-ийн тооцоо зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хооронд ажил гүйцэтгэж байх цаг хугацаанд 1 мкүб бетон зуурмагийн үнэ нь 6000 төгрөг байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2016 оны Хөтөл тэлмэн констракшн ХХК-ийн Д.Бтай тооцоо нийлсэн баримтын хувьд 1 мкүб 8000-10,000 төгрөг гэж, харин бусад хэргийн материалд ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул үнэлэх үндэслэлгүй, 7700-8000 төгрөгийн үнэлгээтэй байсан, энэ үнэлгээгээр тохиролцсон гэж байгаа боловч мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Э ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Тооцоо нийлсэн акт гэсэн баримтад Д.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, харин үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж бичсэн байх бөгөөд үүнээс үзвэл хийсэн ажлын хувьд маргаагүй, зөвхөн үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Энэхүү тооцоог 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд гарсан ажил, гүйлгээг анхан шатны баримт тус бүрээр тооцсон байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Э ХХК-ийн бетон зуурмаг дагалдах баримтуудаар давхар нотлогдож байх тул үлдэгдэл төлбөрт 9,508,500 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрх тооцоо нийлсэн актыг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар тооцоо нийлэх гэрээ гэж тайлбарлаж байх бөгөөд уг тооцоо нийлсэн актын үнийн дүнг хүлээн зөвшөөрч Д.Б гарын үсэг зураагүй буюу тэрээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхгүй, түүнчлэн энэ нь Тооцоо нийлэх гэрээ-ний шинжийг агуулаагүй тул энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

 

Энэхүү тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алданги тооцож буй нь үндэслэлгүй юм.

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1415/4226 дугаартай албан бичгээс үзвэл нэхэмжлэгч нь Д.Быг эрэн сурвалжилуулсан гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй хэдий боловч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Д.Б нь Эмиралдплес ХХК-ийн үүсгэн байгуулагч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, тус компанийн бетон зуурмагийн 2018 онд мөрдөх үнийн санал зэрэг бусад баримтыг ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч Э ХХК нь тус хуулийн этгэЭэй эрх зүйн харилцаанд ороогүй, иргэн Д.Бтай амаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Баас 9,508,500 /есөн сая таван зуун найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4,824,450 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 167,086 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2018/04464 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн 2 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ