Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/02946

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/02946

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х б ХХк-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Э, 

 

Хариуцагч: С.И нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19.743.614 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл, хохирол 7.200.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХХК-ийн Цайз тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Г.Э нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******тай дугаар зээлийн гэрээ 50-538 дугаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 25.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Уг гэрээнд С.Ичинхорлоо нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 6 дугаар хороолол, Цагдаагийн академи гудамж,  дугаар байр, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, 61.77 м.кв талбайтай орон сууц барьцаалсан. Зээлдэгч Г.Эын хүсэлтийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗТН/675 тоот шийдвэрээр зээлийн хугацааг нөхцөл өөрчилсөн өдрөөс хойш 36 сараар сунгах, эхний 6 сард үндсэн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн үлдэгдлийг 15.850.000 төгрөг болгон тэгшитгэж данс шилжүүлэх зэргээр зээлийн нөхцлийг өөрчилсөн. Г.Э, С.Ичинхорлоо нар зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч дугаар зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ог төлөлгүй 319 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Г.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ичинхорлоо нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцлөөр зээлээ төлөхгүй зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Г.Эын гэрээний дагуу төлбөл зохих төлбөр үндсэн зээл 15.512.739 төгрөг, зээлийн хүү 4.100.822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130.053 төгрөг, нийт 19.743.614 төгрөг байна. Иймд дугаар зээлийн гэрээний 3.1.6, 5.1.1, 50-538 дугаар баталгаат ипотекийн гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.7-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19.743.614 төгрөгийг зээлдэгч Г.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ичинхорлоо нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч С.Ичинхорлоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие *******ны Цайз салбараас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  дугаартай зээлийн гэрээ, 50-538 дугаартай ипотекийн гэрээ тус тус байгуулж 25.000.000 төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар 22.400.000 төгрөг төлсөн. *******ны нэхэмжлэлд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн нөхцөл өөрчлөх боломжоор хангасан тухай дурджээ. Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөхдөө тус банкны дансанд 1.300.000 төгрөг, мөн зээлийн нөхцөл өөрчлөх үеийн хүү хэмээн 300.000 төгрөг төлсөн, тус банкны хяналтын ажилтан Э.Алтанхуягийн шаардлагаар 3.000.000 төгрөг тус тус төлсөн төлбөр зээл төлсөн үнийн дүнд ороогүй байна. Тухайн үед 22.350.000 төгрөг төлж 8.000.000 төгрөг үлдэгдэлтэй боллоо гэж тооцож зээл, зээлийн хүү 8.000.000 төгрөгийн үлдсэн тухай албан шаардлага авч байсан. Иймд тус банкин дах миний зээл төлсөн болон бусад зээл төлөлтийн төлбөрийг алдаатай тооцсон гэж үзэж байна. *******ны нэмэлт гэрээний өөрчлөлт нь миний зээлийн талаар зохих мэдлэг туршлагагүй байдлыг ашиглан өөрсдийн талд ашигтай гэрээний төслөөр өөрчлөлт хийлгүүлсэн нь нийт дүнгээрээ банкны одоогийн мөрдөж буй хүү алдангийн хэмжээнээс хэтэрхий давсан тооцоо гарч байгаа тул банкны нэхэмжилж буй дүнг бүгдийг нь төлөхөөс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1500012079 тоот гэрээгээр тус банкнаас 25.000.000 төгрөгийн зээл авч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл төлж ирсэн. Энэ хугацаанд вакум цонхны үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж эвдэрч, ажиллуулах нэмэлт тоног төхөөрөмж хэрэгтэй авах зайлшгүй шаардлага гарч, 2015 оны 07 дугаар сарын 21-нээс эхлэн зээлийн барьцаанд байгаа 3 өрөө байраа үнэлүүлж нэмэлт зээл авахаар хүсэлт гаргаж бусад шаардлагатай бичиг баримтаа өгсөн. *******ны зээл хариуцсан эдийн засагч, салбарын эдийн засагчид нэмэлт зээл гаргаж өгөх боломжтой тухай зөвлөсний дагуу хүсэлт гаргасан. Гэтэл би давхар автомашины лизингтэй байсан ба түүнийгээ төлж барагдуулах юм бол нэмэлт зээл гаргана гэсний дагуу хугацаанаас өмнө лизингийн зээлийг төлсөн. 2015 оны 09 дүгээр сарын 02 хүртэл шийдэж өгөөгүй. Тодорхой шийд хүлээсээр дахин зээлийн хүсэлт гаргасан нь цаашид үйлдвэрлэл хэвийн ажиллах боломжгүйд хүрч зээл төлөх боломжгүйд хүрсэн. Лизингээр дахин автомашин авч такси үйлчилгээнд явж тоног төхөөрөмжөө сэргээж засварлах, шаардлагатай болсон юм. Иймд нэмэлт зээл гаргах боломж, барьцааны хөрөнгө байгаа, үйлдвэрлэлийг сэргээж ажиллуулах, фото студийг чанартай түргэн ажиллах, орлого нэмэгдэх боломжийг хүндэтгэх шалтгаангүйгээр зээл олгохоос татгалзаж, ажил үйлчилгээ хэвийн явуулж орлого олох боломжийг хааснаар өдөр тутам 80.000-150.000 төгрөгийн орлого олох боломжгүй болгож иргэн намайг шударгаар бизнес эрхлэн хөдөлмөрлөх эрхийг минь хааж боогдуулсан тул 7.200.000 төгрөг шууд бус хохирол учруулсан гэж үзэж *******наас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Х б ХХК-ийн Цайз тооцооны төв шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... ******* нь иргэн Г.Этой 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлийн харилцаанд оролцсон. Банк нь уг гэрээнд заасны дагуу 25.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *******ин дахь Г.Эын нэр дээрх  дугаар дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгчид нэмж зээл олгох үүргийг банк хүлээгээгүй болно. Мөн талуудын хооронд нэмж зээл олгох талаар хийгдсэн өөр бусад гэрээ хэлцэл байгуулагдаагүй, банк ямар нэг үүрэг хүлээгээгүй. Хэрэгт хавсаргаж өгсөн хэрэглээний зээлийн өргөдлийн маягтны зээлийн зориулалт хэсгийг харахад Приус-20 япон автомашин лизингээр авч хувийн хэрэгцээнд унах гэж бөглөгдсөн байна. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан тоног төхөөрөмж сэргээн засварлах, хувийн такси үйлчилгээ эрхлэх зориулалтаар зээлийг хүсээгүй байна. Уг өргөдлийн маягтаас харахад зээлдэгч нь Хаан банкинд 1.539.387 төгрөг, Мобиком ХХК-д 543.998 төгрөг, *******инд 16.697.753 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан байна. Г.Э нь 2014 оны 12 дугаар сараас хойш *******ны харилцах дансаар гүйлгээ хийгээгүй, өмнөх зээлийг байнга хугацаа хэтэрч төлдөг, зээлдэгчийн орлогын баталгаажуулалт хангалтгүй байсан тул зээлийн хүсэлтийг буцаасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 7.200.000 төгрөг гэсэн дүн нь ямар хугацаанд, ямар үйл ажиллагаанаас, хэний олох ёстой байсан орлого гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Г.Э нь өдөрт 80.000-150.000 төгрөгийн орлого олох боломжтойг тодорхойлох баримтгүй байна. Банк нь Г.Эын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, хуульд заасан үүрэг үүсээгүй учир хохирол шаардах эрхгүй гэж үзэж байна. Уг нэхэмжлээд байгаа хохирол нь баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХХК-ийн Цайз тооцооны төв нь хариуцагч Г.Э, С.Ичинхорлоо нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19.743.614 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Г.Э нь нэхэмжлэгчид холбогдуулан хохирол 7.200.000 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Х б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-399 дүгээр тушаалаар нийт тооцооны төвийн захиралд банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул Цайз тооцооны төвийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх дүгнэв /хх-24-26/. Мөн Х б ХХК нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Х б ХХК, хариуцагч Г.Э, С.Ичинхорлоо нар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг 365 хоногт 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, мөн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл 15.850.000 төгрөгийг төлөх хугацаа, хуваарьт өөрчлөлт оруулах, зээлийн дансны дугаарыг тоот болгон өөрчлөхөөр харилцан тохиролцжээ /хх-6-11/.

 

Зохигчид үндсэн гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн гэрээ байгуулагдсан талаар шүүхэд маргаагүй.

 

Харин хариуцагчийн өмгөөлөгч нь зээлийн гэрээг Цайз тооцооны төв байгуулсан байхад нэмэлт өөрчлөлтийг 150 дугаар тооцооны төв байгуулсан, нэг тооцооны төвийн гэрээг өөр тооцооны төв өөрчлөх эрхтэй эсэх талаар маргаж байна. Хариуцагч Г.Э нь түүний хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримтыг, түүнчлэн нэмэлт гэрээг өөр тооцооны төвтэй байгуулсан гэж маргаагүй бөгөөд зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, хавсралтыг харьцуулан үзэхэд Цайз салбарыг дурдаж, уг салбарын тамга дарагдсан байх ба зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэлд зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 15.512.739 төгрөг, зээлийн хүү 4.100.822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130.053 төгрөг, нийт 19.743.614 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусах боловч хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүйгээс зээлийн гэрээний 5.1.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Г.Э зээлийн төлбөрт нийт 18.650.000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөгдөх үед 1.300.000 төгрөг, 300.000 төгрөг төлснөөр зээл багасах ёстой, тооцоог хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1.252.110 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.628.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 300.000 төгрөг тус тус төлсөн баримтын эх хувийг шүүхэд гаргасан /хх-68-70/.

 

1500012079 тоот зээлийн дансанд хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд нийт 11 удаагийн гүйлгээгээр 13.362.187 төгрөг төлөгдсөн байх ба 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн эргэн төлөлт 15.802.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн эргэн төлөлт 250 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээл хаав 750.153,01 төгрөг гэсэн бичилт тус тус хийгджээ /хх-20/.

 

Мөн  тоот зээлийн дансанд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээл олгов 15.850.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн эргэн төлөлт 300.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн эргэн төлөлт 750 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ЗЭТ дутуу 2.000.000 төгрөг гэсэн бичилт тус тус хийгджээ /хх-19/.

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд дараах байдал тогтоогдож байна.

 

Хариуцагчийн тайлбар болон баримтад дурдсан төлбөрүүд зээлийн тооцоонд бүрэн орсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор хариуцагч 2015 оны 01-10 дугаар сард зээл, хүүний төлбөрт нийт 15.149.269,4 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 14.583.333,33 төгрөг байх байсан /хх-11/ боловч 2015 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар хариуцагч нийт 13.362.187 төгрөг төлснөөр зээлийн үлдэгдэл 15.851.819,83 төгрөг болсон байжээ /хх-20/.

 

2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу зээлийн данс өөрчлөгдсөнөөр хариуцагчийн төлөлт хоёр дансанд тусгагджээ. Тухайлбал, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тоот зээлийн данс /шинэ данс гэх/ үүсгэж 15.850.000 төгрөгийн зээл олгосон бичилт хийсэн байх боловч мөн өдөр тоот зээлийн данс /хуучин данс гэх/-нд 15.802.000 төгрөгийн зээлийн төлөлт хийж, 48.000 төгрөг тооцоонд ороогүй байна. Мөн шинэ данс хөтлөсөн атлаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 250 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 750.153 төгрөг тус тус төлснийг хуучин дансанд бичсэнээр эдгээр төлөлт зээлийн төлөлтөд ороогүй байна. Иймд нэхэмжлэгчийн тэгшитгэн тооцсон зээлийн үлдэгдлээс эдгээр төлбөрийг хасч тооцох нь зүйтэй.

 

Түүнчлэн шинэ дансанд төлөгдсөн нийт 2.300.750 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн зээлээс хасч тооцов.

 

Дээрх тооцоогоор хариуцагч зээлээс 12.750.847 төгрөг /15.850.000-48.000-250-750.153-300.000-750-2.000.000/ төлөөгүй гэж дүгнэх үндэстэй.

 

Нэхэмжлэлд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тооцож хүү нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн тооцоонд 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн хүү өөрчлөгдсөн талаар дурдсан байна /хх-58/. Гэвч нэхэмжлэгчээс зээлийн хүү өөрчлөгдсөн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй учир хүүг хэрхэн тооцох нь тодорхойгүй байна. Иймд дээрх зээлийн үлдэгдэлд 2.263.683 төгрөгийн хүү тооцох үндэстэй /12.750.847*28.8%/365*225/.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж байгаа атлаа нэмэгдүүлсэн хүү тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй байна.

 

Мөн нэхэмжлэлд үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай шаардлага гаргаж, Х б ХХК,*******ын байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 50-538 тоот баталгаат ипотекийн гэрээг шүүхэд гаргажээ /хх-12-14/. Уг гэрээг Х б ХХК,*******ын байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулснаас үзэхэд маргаан бүхий тус зээлийн гэрээтэй холбоогүйн дээр цаг хугацааны хувьд түүнээс өмнө байгуулагджээ. Нэхэмжлэгч нь уг гэрээгээр маргаж буй зээлийн гэрээний барьцааны үүрэг үүссэн, Иргэний хуулийн 167 дугаар зүйлд заасан баталгаат ипотек гэж тайлбарлаж байх боловч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэснийг нотлох баримтгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 50-538 тоот баталгаат ипотекийн гэрээгээр барьцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй.

 

Хариуцагч Г.Э нь нэхэмжлэгчид холбогдуулан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэмэлт зээл олгохоос татгалзсанаас учирсан хохирол 7.200.000 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус тус зээл хүсч *******инд өргөдөл гаргасан болох нь өргөдлийн маягт, маягтын үнэ төлсөн баримт зэргээр нотлогдож байх боловч нэхэмжлэгч Х б ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээл олгохоос татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч банк нь 25.000.000 төгрөгийн зээл олгох үүргээ бүрэн биелүүлсэн байгаагаас гадна нэмэлт зээл олгох үүрэг хүлээгээгүй байна. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлд ажил үйлчилгээ хэвийн явуулж, орлого олох боломжийг хааснаар өдөрт 80.000-150.000 төгрөгийн орлого олох боломжгүй болгож, шууд бус хохирол учруулсан гэж тайлбарлаж байх боловч ийнхүү хохирол учирсан байдал шүүхэд баримтаар тогтоогдоогүй /хх-71-80/.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э, С.И нараас 15.014.530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-ийн Цайз тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.729.084 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай Х б ХХК-ийн Цайз тооцооны төвийн шаардлага болон нэхэмжлэгчээс 7.200.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Э-ын сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Э, С.И нараас 233.023 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-ийн Цайз тооцооны төвд олгож, хариуцагч Г.Э-оос 130.150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Х б ХХК-ийн Цайз тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326.869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА