Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02370

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02370

 

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02946 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Энхболд, С.Ичинхорлоо нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19 743 614 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл, хохирол 7 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагчийн өмгөөлөгч С.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхболд нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хас банк ХХК-тай 1500012079 дугаар зээлийн гэрээ 50-538 дугаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 25 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Уг гэрээнд С.Ичинхорлоо нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 6 дугаар хороолол, 72 дугаар байр, 44 тоот хаягт байрлах Ү-2204047901 улсын бүртгэлийн дугаартай, 61.77 м.кв талбайтай орон сууц барьцаалсан. Зээлдэгч Г.Энхболдын хүсэлтийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗТН/675 тоот шийдвэрээр зээлийн хугацааг нөхцөл өөрчилсөн өдрөөс хойш 36 сараар сунгах, эхний 6 сард үндсэн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн үлдэгдлийг 15 850 000 төгрөг болгон тэгшитгэж данс шилжүүлэх зэргээр зээлийн нөхцөлийг өөрчилсөн. Г.Энхболд, С.Ичинхорлоо нар зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1500012079 дугаар зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Г.Энхболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ичинхорлоо нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэлгүй, ноцтой зөрчсөн. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Г.Энхболдын гэрээний дагуу төлбөл зохих төлбөр үндсэн зээл 15 512 739 төгрөг, зээлийн хүү 4 100 822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130 053 төгрөг, нийт 19 743 614 төгрөг байна. Иймд 1500012079 дугаар зээлийн гэрээний 3.1.6, 5.1.1, 50-538 дугаар баталгаат ипотекийн гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.7-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19 743 614 төгрөгийг зээлдэгч Г.Энхболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ичинхорлоо нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч С.Ичинхорлоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Хас банк ХХК-ийн Цайз салбараас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1500012079 дугаартай зээлийн гэрээ, 50-538 дугаартай ипотекийн гэрээ тус тус байгуулж 25 000 000 төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар 22 400 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөхдөө тус банкны дансанд 1 300 000 төгрөг, мөн зээлийн нөхцөл өөрчлөх үеийн хүү хэмээн 300 000 төгрөг төлсөн, тус банкны хяналтын ажилтан Э.Алтанхуягийн шаардлагаар 3 000 000 төгрөг тус тус төлсөн төлбөр зээл төлсөн үнийн дүнд ороогүй байна. Тухайн үед 22 350 000 төгрөг төлж 8 000 000 төгрөг үлдэгдэлтэй боллоо гэж тооцож зээл, зээлийн хүү 8 000 000 төгрөгийн үлдсэн тухай албан шаардлага авч байсан. Хас банк ХХК-ийн нэмэлт гэрээний өөрчлөлт нь миний зээлийн талаар зохих мэдлэг туршлагагүй байдлыг ашиглан өөрсдийн талд ашигтай гэрээний төслөөр өөрчлөлт хийлгүүлсэн нь нийт дүнгээрээ банкны одоогийн мөрдөж буй хүү алдангийн хэмжээнээс хэтэрхий давсан тооцоо гарч байгаа тул банкны нэхэмжилж буй дүнг бүгдийг нь төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Г.Энхболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1500012079 тоот гэрээгээр тус банкнаас 25 000 000 төгрөгийн зээл авч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл төлж ирсэн. Энэ хугацаанд вакуум цонхны үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж эвдэрч, ажиллуулах нэмэлт тоног төхөөрөмж авах зайлшгүй шаардлага гарч, 2015 оны 07 дугаар сарын 21-нээс эхлэн зээлийн барьцаанд байгаа 3 өрөө байраа үнэлүүлж нэмэлт зээл авахаар хүсэлт гаргаж бусад шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн Хас банк ХХК-ийн зээл хариуцсан эдийн засагч, салбарын эдийн засагчид нэмэлт зээл гаргаж өгөх боломжтой тухай зөвлөсний дагуу өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 02 хүртэл шийдэж өгөөгүй. Тодорхой шийд хүлээсээр үйлдвэрлэл хэвийн ажиллагаа алдагдаж, зээл төлөх боломжгүйд хүрсэн. Иймд хүндэтгэх шалтгаангүйгээр зээл олгохоос татгалзаж, өдөр тутам 80 000-аас 150 000 төгрөгийн орлого олох боломжгүй болгож, иргэн намайг шударгаар бизнес эрхлэн хөдөлмөрлөх эрхийг минь хааж боогдуулсан 7 200 000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан тул Хас банкХХК-иас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Хас банк ХХК нь иргэн Г.Энхболдтой 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1500012079 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлийн харилцаанд оролцсон. Хас банк ХХК нь уг гэрээнд заасны дагуу 25 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хас банк ХХК дахь Г.Энхболдын нэр дээрх 5000547885 дугаар дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгчид нэмж зээл олгох үүргийг банк хүлээгээгүй болно. Хохирол шаардах эрхгүй. Хэрэгт хавсаргаж өгсөн хэрэглээний зээлийн өргөдлийн маягтын зээлийн зориулалт хэсгийг харахад Приус-20 япон автомашин лизингээр авч хувийн хэрэгцээнд унах гэж бөглөгдсөн байна. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан шиг тоног төхөөрөмж сэргээн засварлах, хувийн такси үйлчилгээ эрхлэх зориулалтаар зээлийг хүсээгүй байна. Уг өргөдлийн маягтаас харахад зээлдэгч нь Хаан банк ХХК-д 1 539 387 төгрөг, Мобиком ХХК-д 543.998 төгрөг, Хас банк ХХК-д 16 697 753 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан. Г.Энхболд нь 2014 оны 12 дугаар сараас хойш Хас банк ХХК-ийн харилцах дансаар гүйлгээ хийгээгүй, өмнөх зээлийг байнга хугацаа хэтэрч төлдөг, зээлдэгчийн орлогын баталгаажуулалт хангалтгүй байсан тул зээлийн хүсэлтийг буцаасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 7 200 000 төгрөг гэсэн дүн нь ямар хугацаанд, ямар үйл ажиллагаанаас, хэний олох ёстой байсан орлого гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, өдөрт 80 000-аас 150 000 төгрөгийн орлого олох боломжтойг тодорхойлох баримтгүй байна. Уг нэхэмжилж байгаа хохирол нь баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхболд, С.Ичинхорлоо нараас 15.014.530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хас банк" ХХК-ийн Цайз тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.729.084 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай "Хас банк" ХХК-ийн Цайз тооцооны төвийн шаардлага болон нэхэмжлэгчээс 7.200.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Энхболдын сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхболд, С.Ичинхорлоо нараас 233.023 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хас банк" ХХК-ийн Цайз тооцооны төвд олгож, хариуцагч Г.Энхболдоос 130.150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Цайз тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326.869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хүү болон хоногийн хувьд тооцооллын алдаатай, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нотлох баримтыг үнэлээгүйн улмаас хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэн эс зөвшөөрч байна. Үүнд: Иргэний хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг үндэслэн үндсэн зээлээс нийт 3 099 153 төгрөгийг хасч тооцсон нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэ данс үүсгэсэнээс хойш үндсэн зээлд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 337 260 69 төгрөгийг банк үндсэн зээлээс хасч нэхэмжилсэн байтал шүүхээс давхардуулан хассан. /хх-19/ Талууд 1500012079 дугаартай зээлийн гэрээний 4.2 дахь заалтаар ...Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж үүргийн дарааллыг харилцан тохиролцсон байхад шүүхээс үүргийн дарааллыг дахин сонгосон. /хх-9/ Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан бөгөөд 2016 оны 05 дугаар cap хүртэл үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлсөн болно. Анхан шатны шүүх үндсэн зээлийн төлөлт байхгүй хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 300 000 төгрөгийн хүү, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 750 төгрөгийн хүү, 2015 оны 11 сарын 06-ны өдөр төлсөн хуучин дансанд үлдсэн 750 153 төгрөгийн хүү, нийт 3 099 153 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсоноор Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-дэх заалтыг зөрчсөн байна. / хх-20/ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь заалтаар хариуцагч нь илүү хүнд нөхцөлтэй үүргийг тэргүүн ээлжид гүйцэтгэх үүрэгтэй ба зээлийн гэрээний нөхцөлд үндсэн зээлээс илүү сарын хүүг төлөх нь илүү хүнд нөхцөлд хамаарна. Учир нь хүүгээ төлөхгүй зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээ цуцлагдах байсан тул харилцан тохирсон дарааллаар зээлийн хүүг эхэлж төлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Банк нь зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан атал шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлан гэрээнээс татгалзсан мэтээр шийдвэрлэсэн. Гэрээнээс татгалзах, цуцлах нь үүсэх үр дагаварын хувьд зохицуулалт нь өөр тул хүчин төгөлдөр зээлийн гэрээний хувьд гэрээний хугацаанд хэрэгжсэн харилцаа хэвээр үлдэх боломжгүй болж төлөгдсөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буцаагдах болно. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 болон Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1 болон 24.3-т зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хугацаанд түүний хүүг төлөх үүрэг хүлээсэн байтал анхан шатны шүүхээс үндсэн зээлийн хэмжээг 12 750 847 төгрөгөөр үндэслэлгүйгээр тогтоож түүнээс хугацаа хэтэрсэн 327 хоногоос зөвхөн 225 хоногийн хүү болох 2 263 683 төгрөгийн хүү тооцсон. /хх-58 /

Хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй тухайд: Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар талууд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1500012079 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулахдаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж, хэсэгчилсэн төлөлт хийхээр харилцан тохиролцож баталсан. /хх-7/ Хэсэгчилсэн төлөх хуваарийн дагуу хариуцагч нар нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн cap бүр 528 333 төгрөгийн үндсэн зээл төлөх ёстой байсан ба үүргээ биелүүлээгүй тул уг дүнгээс гэрээнд заасан 28.8 хувийн хүүгийн 20 хувь буюу жилийн 5.75 хувиар тооцон 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 319 хоногийн нэмэгдүүлсэн хүү 130 053 төгрөгийг нэхэмжилсэн болно. Зээлийн гэрээний 1.9, 4.1-д Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг зөрчвөл төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тодорхой заасан. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зүйл заалтуудыг буруу тайлбарлаж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг хэрэглэлгүй нэхэмжлэгчийн зээлийн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү тооцож авах эрхийг зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 50-538 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ нь 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар ипотек үүссэн ба Г.Энхболд нь ипотекийн эрхээ Хас Банк ХХК-д анх олгосон. Өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон хэдий ч Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-д зааснаар хариуцагч Г.Энхболд нь банкинд олгосон ипотекийн эрхээ тэмдэглэгдсэн байгаа хэвээр бүртгэлд үлдээсэн. Иймээс Хас банк ХХК нь энэхүү ипотекийн эрхийн эзэмшигч мөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар банкны шаардах эрхийн хэмжээ нь анх баталгаажсан шаардлагын нээлттэй байгаа хэмжээгээр тодорхойлогдоно. Банк нь шаардах эрх өөрт нь байгаа гэдгээ дараах байдлаар нотолж байгаа. Үүнд: Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 1500012079 дугаартай Зээлийн гэрээ болон уг гэрээний 1.8 дахь заалт. / Зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг хангах баталгаа болгож 50-538 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан./хх-9/ Хариуцагч нь 1500012079 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хас банк ХХК-ийн шаардлагыг 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 50-538 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангана гэдгээ батлан 2014 оны 12 сарын 12-ны өдөр үйлдсэн Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл/хх-15/ Анхан шатны шүүхээс Баталгаат ипотекийн гэрээ-ний асуудлыг шийдвэрлэхдээ ердийн ипотектэй адилтган үзэж, тусгайлсан зохицуулалт болох Иргэний хуулийн 167,168 дугаар зүйлийг огт хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02946 дугаартай шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2-д өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 4 729 084 төгрөгийг нэмж, нийт 19 743 614 төгрөгийг Г.Энхболд, С.Ичинхорлоо нараас гаргуулан Хас банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж, 72 дугаар байр, 44 тоот хаягт байрлах Ү-2204047901 дугаарт бүртгэлтэй 61.77 м.кв талбайтай орон сууцаар хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Г.Энхболд, С.Ичинхорлоо нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 743 614 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 7 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хас банк ХХК болон Г.Энхболд, С.Ичинхорлоо нар нь 2014 оны 12 сарын 12-ны өдөр 1500012079 дугаар зээлийн гэрээг байгуулж, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 50-538 дугаар баталгаат ипотекийн гэрээг дурдаж, 25 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэхээр Хас банк ХХК нь мөн өдрөө 25 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн. Зээлдэгч Г.Энхболдын хүсэлтийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗТН/675 тоот шийдвэрээр зээлийн хугацааг нөхцөл өөрчилсөн өдрөөс хойш 36 сараар сунгах, эхний 6 сард үндсэн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн үлдэгдлийг 15 850 000 төгрөг болгон тэгшитгэж данс шилжүүлэх зэргээр зээлийн нөхцөлийг өөрчилсөн. Г.Энхболд, С.Ичинхорлоо нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн зэрэг үйл баримт тогтоогджээ. /хх-6-7,8-15/

Талуудын хооронд зээлийн буюу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болох талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар маргаагүй.

Харин төлөгдсөн мөнгийг зөв суутган тооцсон эсэх, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлтэй эсэхэд хариуцагч нар маргасан.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний 3.2.1 дэх зүйлийг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч нараас зээлийн төлбөрийг барагдуулах тухай 2016 оны 09 сарын 06-ны өдөр мэдэгдэж байсан, үүргээ гүйцэтгэхийг сануулсан, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-21/

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзэх нь зээлийн гэрээний 5.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй болно. Өөрөөр хэлбэл, Хас банк ХХК үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүх банк зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан атал шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлан гэрээнээс татгалзсан мэтээр шийдвэрлэж, хариуцагч нараас гэрээний үүргийг шаардах боломжгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэн алдаа гаргасан байна.

Түүнчлэн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч уг зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөөгүйгээс хугацаанаас өмнө гэрээг цуцалсан, энэ нь зээлийн гэрээний үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба гэрээний 1.9, 4.1-д эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэжээ. Гэтэл талуудын зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний 4.2-т зээлийн төлбөрийг төлөх дарааллыг тохирсон байхад шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн зээлийн төлбөрийг тооцсон нь буруу юм.

Энэ талаар дурдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой байна.

Дээр дурдсан зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан байх ба нэг талыг барьсан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, хариуцагчийн зээл хүүгийн тооцоолол хэтэрхий өндөр, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч татгалзлаа болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

Харин хэргийн 20 дугаар талд авагдсан баримтаас үзвэл талууд 2015 оны 10 сарын 29-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлийн дүнг 15 850 000 төгрөг гэж тохирсон байна. Үүнээс хойш зээлдэгч 2015 оны 11 сарын 05-ны өдөр 250 000 төгрөг, 2015 оны 11 сарын 750 153 төгрөг тус тус төлсөн байхад хасч тооцоогүй тул түүний төлөх үүргээс хасах нь /19 743 614-1 000 153/ зөв болно.

Нэхэмжлэгч зээлдэгчийн өмч болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 6 дугаар хороолол, 72 дугаар байр, 44 тоот хаягт байрлах Ү-2204047901 улсын бүртгэлийн дугаартай, 61.77 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага, гомдол гаргасан ба өөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан барьцааны гэрээ, гэрээг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1500012079 дугаартай зээлийн гэрээнд дурдснаар барьцааны үүрэг үүсээгүй, улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгүүлсэн болохоо нотлоогүй учир Хас банк ХХК болон Г.Энхболд нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 50-538 дугаартай "Барьцаат ипотекийн гэрээ"-ний барьцаа хөрөнгөөр маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Учир нь: Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3 дах хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож ипотекээр хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольж болох бөгөөд өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ", мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ" гэж тус тус зохицуулсан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх талуудын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1500005278 дугаартай гэрээний үүрэг дуусгавар болсон, үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй 2014 оны 12 сарын 12-ны өдрийн гэрээтэй холбогдуулан улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгүүлээгүй байгаагаас гадна үүргийн гүйцэтгэлийн хэмжээ, хүү, биелүүлэх хугацаанд өөрчлөлт орж гэрээний нөхцөлийг тохирсон боловч үүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, талууд "барьцаалуулагчийн батлах мэдэгдэл"-ийг /хх.15/ үйлдсэнээр дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын

25-ны өдрийн 101/ШШ2017/02946 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг 225 дугаар зүйлийн 225.1 гэж, 15 014 530 гэснийг 18 743 461 гэж, 4 729 084 гэснийг 1 000 153 гэж, 2 дах заалтын 233 023 гэснийг 251 667 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 816 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Б.НАРМАНДАХ