Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01943

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01943

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Ч 

 

Хариуцагч: М ХХК нд холбогдох

 

2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Жи Кей Эм Кей ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, тус компаний хувьцаа эзэмшигчээр Б.Ч-ийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч Баатарын Ч миннй бие М ХХК-ны ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Liao Ailong-тай Төв аймгийн Заамар сумын нутаг Хадат толгой нэртэй газарт орших 174,4 га талбайтай ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авахаар ярьж тохиролцсон. Худалдан авагч тал нь улсад төлөх татвараас зайлсхийх зорилгоор компанийн хувьцаа шилжүүлэх санал тавьсан. Би тухай үед энэ компани дээр 15066А дугаартай тусгай зөвшөөрлөөс гадна сэргээлгэх тусгай зөвшөөрөл, бусад эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө болох олон жил үйл ажиллагаа явуулсан нэр хүнд зэрэг олон асуудал байгаа тул компанийн эрхийг шилжүүлэхгүй гэсэн. Гэвч миний мөнгөний гачигдалтай байдлыг далимдуулан байнга шахаж дарамтлан, улмаар дараа нь компанийг чинь эргүүлж өгнө гэж хэлэн компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.

 

Гэвч анх ярилцан тохиролцсоноосоо буцаж, хүчингүй болсон 6371Х тоот тусгай зөвшөөрлийг сэргээн авч, улмаар надад компанийн эрхийг эргүүлэн шилжүүлж өгөхгүй гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл 2018 оны 2 сард сэргээсэн тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл үүссэн гэж үзэж шүүхэд хандаж байна.

 

Иймд намайг хууран мэхлэж, ******* ХХК-ны эрх шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, компанийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө тогтоолгох хүсэлтэй байна.

 

Нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоод, хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага гаргасан байгаа. 6371Х лиценз над дээр байдаг. 2013 онд урт нэртэй хууль буюу Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон. ******* компанийг хариуцагчид шилжүүлэхдээ А лиценз шилжүүлэх зорилготой байсан. Хариуцагч нь татвар төлөх зорилгогүй байсан тул компанийг шилжүүлсэн. Иймд халхавчлах зорилгоор ашигт малтмал шилжүүлэх гэрээ хийсэн. Шахалт дарамтад ороод гэрээ хийсэн. Олборлолтын гэрээ хийж эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд 6371Х лицензийг сэргээх хүсэлт өгсөн байсан. Бид өөр 15066А лицензийг л зарах зорилготой байсан. Татвар их гарах гээд байна, компаниа шилжүүлээд өгчих гэснээр би шилжүүлсэн. Гэвч 2018 оны 1 сард гарсан захиргааны шүүхийн шийдвэрээр уг Х лиценз сэргэсэн байсан. Үүнийг би сүүлд мэдсэн. Улмаар би 6371Х лицензийг зараагүй тул над уруу шилжүүлж өг гэсэн. Гэтэл үгүй гэсэн тул нэхэмжлэл гаргасан. Ашигт малтмалын лиценз шилжүүлэх гэрээ нь нууц гэрээ байсан. Компаний хувьцаа худалдах гэрээн дээр ямар нэг мөнгөн дүн байхгүй. Ашигт малтмалын лиценз худалдах гэрээг халхавчилж компаний хувьцаа худалдах гэрээ байгуулсан. Бизнес бол итгэлцэл дээр явдаг байхад намайг хуурсан. Х лиценз сэргээх талаар надад хэлээгүй. Би 500 сая төгрөг нэхээгүй. Би авсан 750,000,000 төгрөгөө бүгдийг олборлолтод зарцуулсан. Эсрэгээрээ надад 200 саяыг өгье нэхэмжлэлээ татаж аваач гэсэн гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Нарангоо нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэнгүүн овгийн Баатарын Ч нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр М" ХХК-ийг хариуцагчаар татаж, бидний хооронд 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан "*******" ХХК-ийн эрх шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус компанийн хувьцаа эзэмшигчээр Б.Чийг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо миний бие дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд: Гэрээ хуулийн хучин төгөлдөр байгуулагдсан тухай:

"М" ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан БНХАУ-н хөрөнгө оруулалттай Монгол улсын хуулийн этгээд болно. Манай юмпани нь 2017 онд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах зорилгоор судалгаа хийж байсан. Энэ үед Б.Ч гэж хүнтэй танилцсан ба тэрээр Төв аймгийн Заамар сумын нутаг Хадат толгой нэртэй газар орших 174,4 га талбайтай 15066А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "*******" компанийн хувьцааг худалдах зорилготой байгаагаа илэрхийлэн бичиг баримтын хуулбар хувийг нь авчирч үзүүлсэн. Тухайн үед '*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ч бус МУ болон БНСУ-ын нэр бүхий иргэд байсан тул бид жинхэнэ эзэмшигчидтэй нь ярилцаж худалдаж авах хүсэлтэй байна гэж хэлсэн. Үүний дараахан Б.Ч нь 2017 оны 3 дугаар 9-ний өдөр тус компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100% шилжүүлэн авч эрх бүхий этгээд болчихсон гэсэн гэрчилгээ авсан байсан тул бид хоорондоо үнэ ханшаа тохиролцож "Компанийн эрх шилжүүлэх гэрээ", "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-г түүнтэй байгуулж Б.Чт хувьцааны төлбөрт гэрээний үнэ болох 750 000 000 төгрөгийг бүрэн төлснөөр '*******" ХХК нь "М" ХХК-ийн охин компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн болно. Энэхүү компанийн хувьцааг шилжүүлэн авах үед тус компанийн нэр дээр хүчин төгөлдөр 15066А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байсан. Харин нэхэмжпэлд дурьдагдсан 6371X тусгай зөвшөөрлийн эрх нь аль 2012 онд хүчингүй болгогдсон байсан тул энэ хүчингүй болгогдсон тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах талаарх ямар нэгэн тохиролцоо хийх нь хуульд харшлах тул бидний дунд энэ талаар ямарч тохиролцоо хийгдээгүй, хийх ч боломж байхгүй байсан. Учир нь тухайн үед бидний зүгээс уг тусгай зөвшөөрлийг сэргээх боломж байгаа эсэх талаар Б.Чоос асууж тодруулахад, тэрээр хүчингүй болгогдоод олон жил болчихсон учраас сэргээх боломж байхгүй, өмнөх өмчлөгч нар нь тэрийг зүгээр л тэгээд хаясан гэж хэлсэн учраас бид ч нэг их ач холбогдол өгөөгүйгээс гадна Б.Ч ч бас ач холбогдол өгөөгүй болно. Ингээд гэрээний дагуу тус компанийн эрхийг шилжүүлж авсныхаа дараа үйл ажиллагаагаа дахин өргөжүүлэх боломж бий эсэх талаар судлан үзээд тус компанийн нэр дээр байсан хүчингүй болгогдсон 6371Х тусгай зөвшөөрлийн эрхийг хууль эрх зүйн хувьд сэргээх боломж бий эсэх талаар судлуулахаар хуульч хөлсөлж ажиллуулсан. Ингэхэд уг тусгай зөвшөөрөл нь сэргээгдээгүй байснаас гадна, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар дахин өөр иргэн, хуулийн зтгээдэд сонгон шалгаруулалтаар олгогдоогүй байсан тул уг хуульд зааснаар давуу эрхээ эдэлж буцаан сэргээлгэж авах боломж байна гэсэн дүгнэлтийг хуульч гаргаж өгсөн тул уг зөвлөгөөнийх нь дагуу хөөцөлдөн явсаар хамгийн сүүлд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0028 дугаар шийдвэрээр тусгайн зөвшөөрлийн эрхийг сэргээлгүүлж авсан болно. Энэхүү тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гол шалтгаан нь тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан гэсэн үндэслэлээр 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУКС-д бүртгэгдсэн байсан. Үүнээс хойшхи хугацаанд өмнөх өмчлөгч нарын зүгээс хуульд заасны дагуу эрхээ сэргээлгэх талаар ямар нэгэн арга хэмжээ огт авч байгаагүй байдаг бөгөөд үүнийгээ ч хувьцаа худалдах гэрээ байгуулах үедээ хэлж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр 6371Х тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэн авсныг Б.Ч нь олж мэдэнгүүтээ манай компани дээр ирж 500 000 000 /таван зуун сая/ төгрөг өг гэж хууль бус шаардлага тавьж дарамталсан бөгөөд үүнийг нь зөвшөөрөхгүй гэж татгалзсаны төлөө ямарч үндэслэлгүйгээр "М" ХХК-ийг гүтгэж нэхэмжпэл гарган шүүхэд өгсөн гэж би үзэж байна. Учир нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед 6371Х тусгай зөвшөөрөл нь уг компанийн нэр дээр бүртгэлгүй, хүчингүй болгогдсон байсан бөгөөд сэргээгдэх боломжтой эсэх нь ч мэдэгдэх боломжгүй, дээр нь худалдагч тал үүнтэйгээ эвлэрчихсэн ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй орхичихсон байсан атлаа манай компанийн ажлын үр дүнд тусгай зөвшөөрлийн эрх шүүхээр сэргээгдэнгүүт элдвээр дарамталж, худал гүтгэж, хуулийн дагуу сайн дурын үндсэн хэрилцан тохиролцож хийсэн гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулна, буцаад өмчлөгчөөр тогтоолгоно гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй шударга бус явдал болж байна гэж үзэж байна. Манай компанийн хувьд 2017 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн гэрээг байгуулахдаа Б.Чийн мөнгөний гачигдалтай байгааг нь далимдуулан байнга дарамталж, бүр цаашлаад компанийг нь буцаан өгнө гэсэн болзолтойгоор эрхийг нь шилжүүлэн авч, хуурч мэхлэн гэрээ хийсэн явдал огт үгүй болно. Энэ гэрээг Б.Ч өөрийн сонголтоороо сайн дурын үндсэн дээр л байгуулсан.Тэгээд ч бид харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ хийж, мөнгөө өгөлцөж авалцчихаад, яах гэж байгуулсан гэрээнээсээ буцаж Б.Чт компанийг нь буцааж өгнө гэсэн тохиролцоо хийх болж байнаа. Хэн ч байсан амьдрал дээр ийм байж боломгүй, өөрт ямар ч ашиггүй тохиролцоо хийнэ гэж байхгүй шүү дээ. Түүнчилэн манай компани гэрээний дагуу эрхийг шилжүүлэн авснаас хойш Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 15066А тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэх хайгуулын ажпын төлөвлөгөө, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, талбайн хилийг тогтоож шав тэмдэг суулгасан ажлын тайлан, ордын дээжийг баяжуулах технологи туршилтын тайлан, геодезийн хэмжилтийн ажлын тайлан, мөн 2018 онд 6371Х буюу 21045А тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажпын болон байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах зэрэг холбогдох бүхий л ажиллагаануудыг хийж гүйцэтгэн, холбогдон гарах төлбөр хураамжуудыг төлөн, өнөөдрийг хүртэл иргэн аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан өрөмдлөг хайгуулын ажилд их хэмжээний зардал гарган, ажиллаж байгаа болно. Бодит байдал дээр Б.Ч нь "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр ганцхан хоног л бүртгэгдсэн хүн байсан ба тэрээр тухайн компанийг зуучилан зарж, дундаас нь ашиг олсон этгээд билээ. Манай компани нь түүний нэхэмжлэлдээ бичсэн шиг компанийнх нь хувьцааг хүчээр ч юмуу, хуурч мэхлээд ч юмуу шилжүүлж авсан асуудал огт байхгүй бөгөөд хуулийн дагуу шударгаар өмчлөлдөө шилжүүлэн авсан болно. Бидний хооронд байгуулсан гэрээн дээр ч бас бусдын дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр уг гэрээг байгуулж байгаа гэсэн заалт орсон ба үүнийг нотариатч гэрчилсэн байдаг. Иймд Б.Чийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөрөөхгүй. Нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг нотлоогүй тул үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компани шилжих үйл явц төрийн байгууллагаар дамждаг. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг мэдсэн талаар хэлж байна. Гэрээн дээр буцаан шилжүүлэх талаар ямар нэг зүйл байхгүй. Энэ маргаж буй компани нь нэхэмжлэгчийн компани байгаагүй. Солонгосын компани байж байгаад зуучлах маягаар дундаас нь ашиг олсон байдаг. Зарах хүсэлт зориг байгаагүй гэнэ. Иргэний хуулийн 36-40-д хүсэл зориг гэж юу вэ, тэр нь яаж хүчин төгөлдөр болох талаар заасан. Нэхэмжлэгч нь энэ талаар хууль зүйн үндэслэл хэлэхгүй байна. Иймд хэлцэл хийгдсэн. Иргэний хуульд хэлцэл ямар үед хүчин төгөлдөр бус байх ямар үед хүчин төгөлдөр бусад тооцох талаар заасан. Энэ талаар ямар нэг үндэслэл гаргахгүй байна. Энэ талаар үндэслэл хэлэхгүй тайлбар хэлж байна. Иймд үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэргэсхэгүй болгож өгнө үү. Нотлох баримттай танилцлаа. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 59-р хууран мэхэлж хийсэн хэлцэл гээд байна. Хууран мэхэлсэн гэх баримт тогтоогдохгүй байна. Талуудын тохиролцоо нь ямар нэг хууль зөрчсөн зүйл алга. Ашигт малтмалын тухай хуулийн 49-д зааснаар хэлцэл хийгдсэн байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Жи Кей Эм Кей ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, тус компаний хувьцаа эзэмшигчээр Б.Чийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М ХХК нь талуудын хооронд сайн дурын үндсэн дээр хэлцэл хийгдсэн, хэлцэл нь хууль зөрчөөгүй, хуурч мэхлээгүй, дарамт шахалт үзүүлээгүй хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл, төлбөр төлөгдсөн гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр С.Ариунжаргал, Солонгос улсын иргэний Хун Жүн Пю, Ким Буг Сун, Жон Жин Ду, Хун Сон Чол, Юн Жон Ми нартай маргаж буй Жи Кей Эм Кей ХХК-ний хувьцааг худалдах худалдан авах, улмаар тус хуулийн этгээдийн эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. /хэргийн 107-124 дүгээр тал/ Улмаар мөн өдөр Жи Кей Эм Кей ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн тогтоол гарч тус компаний 100 хувийн хувьцааг Б.Чт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. /хэргийн 103 дугаар тал/ Энэхүү шийдвэрийн дагуу Жи Кей Эм Кей ХХК-ний үүсгэн байгуулагчийг Б.Ч гэсэн тус компаний дүрэм Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэгдсэн байна. /хэргийн 104-106 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Ч нь дээрх үйл явдалын дагуу өөрт олгогдсон Жи Кей Эм Кей ХХК-ний хувьцааг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хариуцагч М ХХК-тай компаний хувьцаа худалдах худалдан авах болон компаний эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ. /хэрийн 5, 7-8 дугаар тал/ Энэ үйл баримтыг зохигчид үгүйсгэж, маргаагүй.

 

Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 750,000,000 төгрөгийг төлбөр болгож олгосон гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл үгүйсгэж, маргаагүй. Иймд компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь уг төлбөрийг маргаж буй Жи Кей Эм Кей ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үүсгэн байгуулагч нь М ХХК болж өөрчлөгдсөн болох нь хэргийн 91 дүгээр талд байгаа Жи Кей Эм Кей ХХК-ний дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой байх зарчимтай.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох компаний эрх шилжүүлэх гэрээний 1.1-д гэрээний зорилго нь компаний худалдагдаж байгаа хувьцаанд ногдох эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэжээ. Иймд хэдийгээр нэхэмжлэгч нь компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээний талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч компаний эрх шилжүүлэх гэрээ нь дээрх заалтын дагуу худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр байгуулагдсан байх тул худалдах худалдан авах гэрээний талаар шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь компаний эрхийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд 6371Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байх талаар зохигчид харилцан тохиролцсон гэж тайлбарласан. Хариуцагч нь үүнийг үгүйсгэж анхнаасаа бид компанийн эрх худалдаж авсан бөгөөд хайгуулийн тусгай зөвшөөрөл тухайн үед хамааралгүй байсан гэж маргасан. Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ болон маргаж буй компаний эрх шилжүүлэх гэрээний заалт бүрийг шинжлэн судлахад эрхийг буцаан шилжүүлэх болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар тусгагдаагүй байх тул энэ талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн хуурч мэхэлсэн гэх тайлбар буюу Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээг халхавчилж компаний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Хэргийн 125-130 дугаар талд байгаа баримтаар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Жи Кей Эм Кей ХХК болон энэ хэргийн хариуцагч М ХХК нарын хооронд MV-015066 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэвч энэхүү гэрээ нь маргаж буй компаний эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас 1 хоногийн дараа байгуулагдсан байх тул нэхэмжлэгчийн халхавчилж хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй байна. Мөн уг хэлцэл нь энэ хэргийн зохигчдын хооронд байгуулагдаагүй байна. Тодруулбал энэхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээг нэг талаас Жи Кей Эм Кей ХХК-ийг төлөөлөх эрх нь дуусгавар болсон этгээд буюу төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан болох нь Жи Кей Эм Кей ХХК-ний дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй. Мөн энэ гэрээ хэрэгжсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн санхүүгийн гачигдалтай байдлыг далимдуулж байнга шахаж дарамтлан гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Гэвч хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсан үйл баримт тогтоогдоогүй. Түүнчлэн санхүүгийн хүндрэлтэй байдал гэдэг нь хүч хэрэглэх гэдэгт хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор хэлцэл хийсэн гэж ойлгохоор байна. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан шаардах эрх үүсээгүй гэж үзлээ.

 

Эдгээрээс зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна. Улмаар нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 750,000,000 төгрөг авсан болохыг үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй, компаний эрхийг хариуцагч хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлийн талаар дурдсан боловч мөн зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрийн тайлбарыг нотлоогүй.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М ХХК-д холбогдох 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Жи Кей Эм Кей ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, тус компаний хувьцаа эзэмшигчээр Б.Чийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,980,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД