Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01847

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01847

 

 

 

 

Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01943 дугаар шийдвэртэй, Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй Менгтиан ХХК-д холбогдох 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Жи Кей Эм Кей ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, тус компаний хувьцаа эзэмшигчээр Б.Чинзоригийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Чинзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Жи Кэй Эм Кэй ХХК-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Чинзориг миний бие Менгтиан ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Лиа Ай Лонгтай Төв аймгийн Заамар сумын нутаг Хадат толгой нэртэй газарт орших 174.4 га талбайтай ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авахаар ярьж тохиролцсон. Худалдан авагч тал нь улсад төлөх татвараас зайлсхийх зорилгоор компанийн хувьцаа шилжүүлэх санал тавьсан. Тухайн үед 15066А дугаартай тусгай зөвшөөрлөөс гадна сэргээлгэх тусгай зөвшөөрөл, бусад эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө болох олон жил үйл ажиллагаа явуулсан нэр хүнд зэрэг олон асуудал байгаа тул компанийн эрхийг шилжүүлэхгүй гэсэн. Гэвч миний мөнгөний гачигдалтай байдлыг далимдуулан байнга шахаж дарамталж байсан. Улмаар дараа нь компанийг чинь эргүүлж өгнө гэж хэлээд компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэвч анх ярилцан тохиролцсоноосоо буцаж, хүчингүй болсон 6371Х тоот тусгай зөвшөөрлийг сэргээн авч, улмаар надад компанийн эрхийг эргүүлэн шилжүүлж өгөхгүй гэж мэдэгдсэн. 2018 оны 2 сард хайгуулын зөвшөөрлийг сэргээсэн тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл үүссэн. Иймд хууран мэхэлж, Жи Кэй Эм Кэй ХХК-ийн эрх шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, компанийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Нарангоо шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Чинзоригийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Гэрээ хуулийн хучин төгөлдөр байгуулагдсан. Менгтиан ХХК нь 2017 онд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах зорилгоор судалгаа хийж байсан бөгөөд тухайн үед Б.Чинзоригтой танилцсан ба тэрээр Төв аймгийн Заамар сумын нутаг Хадат толгой нэртэй газар орших 174,4 га талбайтай 15066А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Жи Кэй Эм Кэй компанийн хувьцааг худалдах зорилготой байгаагаа илэрхийлэн бичиг баримтын хуулбар хувийг нь авчирч үзүүлсэн. Тухайн үед Жи Кэй Эм Кэй ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чинзориг бус МУ болон БНСУ-ын нэр бүхий иргэд байсан. Бид жинхэнэ эзэмшигчидтэй нь ярилцаж худалдаж авах хүсэлтэй байгааг хэлэхэд уг компанийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж Б.Чинзоригт хувьцааны төлбөрт гэрээний үнэ болох 750 000 000 төгрөгийг бүрэн төлснөөр Жи Кэй Эм Кэй ХХК нь Менгтиан ХХК-ийн охин компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Компанийн хувьцааг шилжүүлэн авах үед тус компанийн нэр дээр хүчин төгөлдөр 15066А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байсан ба 6371X тусгай зөвшөөрлийн эрх нь 2012 онд хүчингүй болсон байсан тул тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах талаарх ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй. Харин 6371Х тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх боломжтой гэж хуульч зөвлөсний дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгүүлсэн. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гол шалтгаан нь уг зөвшөөрлийн хугацаа нь 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан гэсэн үндэслэлээр 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУКС-д бүртгэгдсэн байсан. Үүнээс хойших хугацаанд өмнөх өмчлөгч нарын зүгээс хуульд заасны дагуу эрхээ сэргээлгэх талаар ямар нэгэн арга хэмжээ огт авч байгаагүй байдаг бөгөөд үүнийгээ ч хувьцаа худалдах гэрээ байгуулах үедээ хэлж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр 6371Х тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэн авсныг Б.Чинзориг нь олж мэдэн, манай компани дээр ирж 500 000 000 төгрөг өг гэж хууль бус шаардлага тавьж дарамталсан Тэрээр гэрээг өөрийн сонголтоор, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд Жи Кэй Эм Кэй ХХК-ийг зуучлан зарж, дундаас нь ашиг олсон этгээд юм. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Менгтиан ХХК-д холбогдох 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Жи Кей Эм Кей ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, тус компанийн хувьцаа эзэмшигчээр Б.Чинзоригийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Чинзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 980 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Чинзориг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх надад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, хүлээх үүрэг гэсэн баримт дээр гарын үсэг зуруулаад, хэргийн материалуудтай танилцуулаагүй. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд хандан хэргийн материалтай танилцаж, хариуцагчийн тайлбар түүний шүүхэд гаргаж өгсөн баримттай танилцах тухай хүсэлт, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирсон тул хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор өмгөөлөгчийн туслалцаа авах зэрэг хүсэлтүүдийг албан ёсоор гаргасан боловч шүүх огт харгалзан үзэлгүйгээр хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Чинзориг нь хариуцагч Менгтиан ХХК-д холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Жи Кей Эм Кей ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, тус компаний хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, зохигчийн хуульд заасан эрхийг хязгаарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох талаар заасан.

Нэхэмжлэгч Б.Чинзоригийн хувьд хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцож байсан боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж цаашид өөрөө хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар мэдэгдсэн, хэдийгээр энэ талаар бичгээр мэдэгдээгүй ч шүүх түүнийг нэхэмжлэгчээр оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Хэргийн оролцогчдод хэрэг танилцуулсан тухай баримтаас үзвэл нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулаагүй байна. /хх-ийн 134 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх, 25.1.2-т заасан ... хэргийн матераилтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, мөн зохигч тэгш эрхтэй оролцож мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, маргааны үйл баримтад дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар

сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 900 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ