Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/01790

 

 

 

 

 

 

2021 06 11

101/ШШ2021/01790

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.З

 

Нэхэмжлэгч: Б.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б

 

Хариуцагч: Б.А

 

Хариуцагч: Л.Х,

 

Хариуцагч: Ө ХХК

 

Хариуцагч: Б.Н нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 15,364,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч Д.Б, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Л.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагч ӨХХК-ийн өмгөөлөгч Ж.С /№2150/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З, Б.Э нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжпэгч Б.З, Б.Э бид 2012 оны 5, 6 дугаар саруудад ӨХХК-тай Орон сууц барилга захиалгын гэрээ хийж, урьдчилгаанд Б.Э 6,000,000 төгрөг, Б.З 8,200,000 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс хойш барилга барьж ашиглалтанд орохыг хүлээсэн боловч барилгын ажил зогсож бидний мөнгийг өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэргийг шалгах ажиллагаа явагдсан боловч 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш энэхүү байрыг бариулж байсан хүмүүс болох Д.Б, түүний хүү Б.А нар огт олдохоо байсан бөгөөд бид шүүхэд хандаж 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эрэн сурвалжпуулах тухай шүүгчийн захирамж гарсны дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжпах ажиллагаа явуулж 2019 оны 6 дугаар сарын 10-нд эдгээр хүмүүс олдсон. Ингээд эдгээр хүмүүстэй уулзахад барилгын суурийг Үндэсний дээд сургуульд зарсан байсан бөгөөд гэрээний 4.1.3-т худалдан авагч 31 захиалагчид өгөх ёстой мөнгийг өгнө гэж заасан байсан. Гэвч үүнээс хойш эд нар утсаа дахин сольж, гэрийн хаалгаа онгойлгохгүй өдий хүрсэн. Ийнхүү бид 2012 оноос хойш урьдчилгаанд төлсөн мөнгөө авч чадахгүй 8 жилийн хугацаанд хохирч явна. Энэ хугацаанд улс орны эдийн засагт хүртэл өөрчлөлт орж мөнгөний ханш нэмэгдэхээс авахуулаад олон үр дагавар гарсан боловч эдгээр хүмүүс биднийг ингэж хохироож байгаад бид маш их гомдолтой байна.

Иймд орон сууц захиалгын гэрээний 3.4 дүгээр зүйлд зааснаар хугацаа хэтэрсэн cap тутамд 0.1 хувийн торгууль төлнө гэсний дагуу 2013 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар cap дуустал нийт 82 сарын торгууль болон үндсэн гэрээний мөнгөө нэхэмжилж байна. Үүнийг задалж үзвэл Б.Згийн хувьд үндсэн төлбөр 8,200,000 төгрөг, торгууль 672,400 төгрөг, Б.Э хувьд үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, торгууль 492,000 төгрөг, нийт 15,364,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж бидний хөндөгдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү. Хариуцагч Б.*******д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Д.Б, Б.А нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.З, Б.Э нарын гаргасан хариуцагч Д.Б, Б.Ат холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ӨХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг 2012 оны 5-6 сард Б.З, Б.Э нар байгуулсан байдаг. ӨХХК нь нэг үүсгэн байгуулагчтэй, нэг гишүүнтэй компани бөгөөд компанийн үүсгэн байгуулагч н.******* 2016 оны 7 дугаар сарын 15-нд нас барсан. ӨХХК-ийг 2018 оны 5 дугаар сарын 29-нд иргэн Б.******* эрх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан. Барилгын суурийг мөн өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 29-нд Л.Х худалдаж авсан болно. Барилгын суурь худалдан авах гэрээний 4.1.3-д ... Худалдан авагч нь 31 захиалагчид өгөх ёстой мөнгийг өгнө гэж үүрэг хүлээсэн тул Б.З, Б.Э нарын нэхэмжлэлийн хариуцагч нь Л.Х болно. Д.Б, Б.А нар хариуцагч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч Л.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.З болон Б.Э нарын нэхэмжлэлтэй Д.Б, Б.А, Л.Х, Б.******* нарт холбогдуулан гаргасан Орон сууц захиалгын гэрээ-ний 3.4-т зааснаар хугацаа хэтэрсэн сар тутамд 0,1 хувийн торгууль төлнө гэсний дагуу 2013 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарыг дуустал нийт 82 сарын торгууль болон үндсэн гэрээний мөнгө болох нийт 15,364,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Л.Х миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Б.З нь ӨХХК-тай орон сууцны барилга захиалах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ӨХХК нь орон сууц хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Энэхүү нэхэмжлэлийн хариуцагч нь ӨХХК гэж үзэж байгаа бөгөөд иргэн Л.Х намайг энэхүү хариуцагчаар татсан нь буруу гэж үзэж байна. ӨХХК нь улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа буюу хариуцлага хүлээх, нэхэмжлэлийг хариуцах боломжтой, нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан байх тул шүүхээс намайг хариуцагчаар татсаныг хүчингүй болгож өгөхийг хүсч байна. Нэгэнт миний бие тус иргэний хэргийн хариуцагч биш тул гэрээний нарийн асуудалд орж тайлбар өгөх боломжгүй байна. Мөн ӨХХК-тай миний бие харилцан хамааралгүй билээ. Миний үзэж байгаагаар тус асуудлыг ӨХХК хариуцах ёстой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч ӨХХК-ийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалах гэрээний дагуу Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандсан. Нэхэмжлэгч нарын гэрээнд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-ийг харахаар 2012 оны 4 дүгээр улиралд, нөгөө нь 2013 оны 1 дүгээр улиралд хүлээлгэж өгнө гээд гэрээний хугацаа дуусгавар болох огноог заасан ба гүйцэтгэгч хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. Ийм байхад гэрээний хугацаандаа шүүхэд хандах ёстой байсан. Шүүхэд бол 2020 онд нэхэмжлэл гарсан, цагдаагийн байгууллагад хандсан зүйлийг харахад 2016 онд байдаг. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгаа тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Компани худалдах-худалдан авах гэрээг компанийн хувьцаа эзэмшигч Д.Б болон н.******* нарын хооронд байгуулсан. Компанийг шилүүлэхдээ ямар нэгэн өр төлбөргүй компани шилжүүлнэ гэж гэрээнд заасан. Гэрээнд зааснаар ямар нэгэн өр төлбөргүй компанийг шилжүүлэх байсан. Иймд компанийн өр төлбөрийг тухайн үеийн захирал Д.Б хариуцах ёстой гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З, Б.Э нар нь хариуцагч Д.Б, Б.А, Л.Х, Б.******* нарт холбогдуулан Б.З нь 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2012/18 дугаартай Орон сууцны барилга захиалах гэрээ-ний үүрэгт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 8,200,000 төгрөг, торгууль 672,400 төгрөг, Б.Э нь 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2012/12 дугаартай Орон сууцны барилга захиалах гэрээ-ний үүрэгт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 6,000,000 төгрөг, торгууль 492,000 төгрөг, нийт 15,364,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ӨХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

 

Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.*******д холбогдох шаардлагаасаа татгалзсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Б болон Б.А нар нь барилгын суурь худалдан авах гэрээний дагуу 31 захиалагчид өгөх ёстой мөнгийг Л.Х хариуцахаар заасан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хувьд Л.Х хариуцах ёстой ба Д.Б болон Б.А нар нь хариуцагч биш этгээд тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Л.Х нь ӨХХК-тай гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг тус компани хариуцах ёстой гэж маргаж байна.

 

Хариуцагч ӨХХК нь компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ямар нэгэн өр төлбөргүй компанийг шилжүүлэхээр заасан ба компанийн өр төлбөрийг тухайн үеийн захирал Д.Б хариуцах ёстой, мөн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь ӨХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2012/12 дугаартай Орон сууцны барилга захиалах гэрээ-г байгуулж, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр давхар, 2 өрөө, 46,24 мкв талбайтай, нэг мкв нь 1,300,000 төгрөг, нийт 60,112,000 төгрөгийн орон сууцыг захиалан бариулахаар, гүйцэтгэгч нь орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр, гэрээ байгуулсан өдрөөс урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.З нь ӨХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2012/18 дугаартай Орон сууцны барилга захиалах гэрээ-г байгуулж, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар давхар, 2 өрөө, 44,78 мкв талбайтай, нэг мкв нь 1,300,000 төгрөг, нийт 58,214,000 төгрөгийн орон сууцыг захиалан бариулахаар, гүйцэтгэгч нь орон сууцыг 2013 оны 01 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 5,500,000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,700,000 төгрөг, нийт 8,200,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх гэрээнүүдэд заасан хугацаа болох 2012 оны 4 болон 2013 оны 01 дүгээр улиралд багтаан орон сууцыг гүйцэтгэгч нь ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү барилга ашиглалтад ороогүй тул нэхэмжлэгч Б.Э нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж, түүнийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан болох нь түүний өргөдөл, Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч тогтоох тогтоол, Хохирогчийг байцаасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

ӨХХК-ийн захирал Д.******* нар нь 2012 оны 02 дугаар сараас 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 27 иргэнтэй орон сууцны барилга захиалах гэрээ байгуулан гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг орон сууцны захиалагчаас авч бусдыг гэрээгээр халхавчлан төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн, итгэл эвдэн залилан мэхэлсэн гэх хэргийг шалгаад Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1392 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор сэжигтэн Д.*******, Д.Б, Б.А, Д.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн ба тус газрын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/1863 дугаартай албан бичгээр ...Захирамжид дурдсан 2012/18, 2012/12 дугаартай орон сууцны барилга захиалах гэрээ ******* дугаартай эрүүгийн хэрэгт байхгүй болно. Мөн нэхэмжлэгч Б.З нь уг эрүүгийн хэргийн оролцогчоор оролцоогүй байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00071 дугаартай шийдвэрээр Б.З, Б.Э нарын хүсэлтээр ӨХХК, Б.А, Д.Б, Д.******* нарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 25и-1-4/8083 дугаартай албан бичгээр хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн хаягийг олж тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/******* дугаартай захирамжаар Б.З, Б.Э нарын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан үндэслэлээр буцааж, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээ 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд дахин гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч нарын 2012 оны 5, 6 дугаар сард байгуулсан Орон сууцны барилга захиалах гэрээ-ний үүрэгтэй холбоотой шаардлагын хувьд хөөн хэлэлцэх тасалдсан эсэхийг шалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э нь гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар цагдаа, прокурорын байгууллагад гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн дараа хандаж, улмаар хариуцагч нар олдохгүй байсан тул тэднийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байсан зэргээс үзэхэд Б.Эгийн хувьд уг зохицуулалтын дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.З нь 2012 онд гэрээ байгуулагдсанаас хойш 7 жилийн дараа хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар Б.Эгийн хамт шүүхэд хандаж байснаас өөр байдлаар гэрээний үүрэгтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагад гомдлын шаардлага гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй буюу Б.Згийн хувьд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй буюу шаардах эрхээ алдсан байна.

 

Хариуцагч ӨХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс Д.*******, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс Д.Б, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс Б.******* нар улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Д.Б болон Б.******* нар нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-г байгуулж, ӨХХК-ийн эзэмшдэг 10,000 төгрөгийн үнэ бүхийн 1000 ширхэг хувьцааг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар, уг гэрээний 3.5-д Хувьцаа худалдан авахаас өмнөх иргэн, ААН төрийн байгууллагад төлөх төлбөрийг худалдагч тал бүрэн хариуцна. Мөн түүнчлэн хувьцаа худалдан авахаас өмнөх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаан гарвал худалдагч тал бүрэн хариуцах болно гэж харилцан тохиролцсон байна.

 

ӨХХК-ийг төлөөлж Д.Б нь Л.Хтай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 01 дугаартай Барилгын суурь худалдан авах гэрээ-г байгуулж, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, *******ы гудамжинд байрлах 42х13,5 м хэмжээтэй, 72 айлын 6 давхар орон сууцны зоорийн давхрын дутуу баригдсан барилгын суурийн хамт 400,000,000 төгрөгөөр худалдах, түүний өмчлөх эрхийг тус тус худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэхээр, уг гэрээний 3.1.10-т Орон сууц захиалах гэрээтэй холбогдох асуудлыг худалдагч тал бүрэн хариуцна гэж харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний үүргийг шаардаж байх бөгөөд мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж буй нь үндэслэлтэй ба дээрх эрх шилжүүлэх болон барилгын суурийн гэрээг Д.Б нь ӨХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувиар байгуулсан байх бөгөөд дээрх гэрээнүүдэд зааснаар тэрээр орон сууц захиалах гэрээтэй холбоотой асуудал болон өр төлбөрийн асуудлыг хариуцахаар тохирсон, гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар хариуцагч Д.Баас 6,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Эгийн ӨХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 2012/12 дугаартай Орон сууцны барилга захиалах гэрээ-ний 3.4-т А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутам 0,1 хувийн торгууль төлнө гэж заасны дагуу торгуульд 492,000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэхүү заалт нь гүйцэтгэгчийн зүгээс орон сууцыг ашиглалтад оруулахтай холбоотой хариуцлагын хэлбэр байх тул хариуцагч Д.Быг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.А, Л.Х, ӨХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хариуцах этгээд биш байх тул хариуцагч Д.Баас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлээс 492,000 төгрөгт холбогдох шаардлага болон нэхэмжлэгч Б.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч ӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* нь өөрийн биеэр оролцох боломжгүйгээ илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Баас 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлээс 492,000 төгрөгт холбогдох шаардлага болон нэхэмжлэгч Б.Згийн 8,872,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э, Б.З нарын хариуцагч Б.*******д холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ